Х.Бадамсүрэн: Эрдэнэт үйлдвэрт дахиад 60 жил ажиллах нөөц бий

2018-10-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА  “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнтэй ярилцлаа.   -Инженерүүд Эрдэнэт хотод дөрөв дэх удаагаа зөвлөлдлөө. Тэд уул уурхайн салбарын хөгжлийг инновацид суурилсан үйлдвэрлэл гэж тодорхойлж байна. Тэр дундаа “Эрдэнэт үйлдвэр”-ийн хөгжлийн чиг хандлагыг түлхүү ярилаа?   -Газрын доорх баялгийг газрын гадаргуу дээр гаргаж үндэсний баялаг болгон хувиргах нь уурхайчдын ажил юм. Энэ утгаараа “Эрдэнэт үйлдвэр”-ийн бааз суурь дээр уул уурхайн салбарын асуудлыг цогцоор нь ярих нөхцөл бүрдлээ. “Эрдэнэт үйлдвэр” баригдаж үйл ажиллагаа явуулснаар Монгол Улсын уул уурхайн салбарын эрчимтэй хөгжлийн он жилүүд эхэлсэн. Мэдээж улс орны хөгжил дэвшилд инже­нерүүдийн үүрэг оролцоо өндөр. Аливаа ажлыг инженерийн ухаа­наар тэтгэж, боловс­руу­лах, шийдлийг олох нь чухал. Тиймээс “Эрдэнэт үйлдвэр”-ийнхээ 40 жилийн ойн арга хэмжээний хү­рээнд үйлдвэрийн хөг­жил дэвшил, техник технологийг боловсронгуй болгох төдийгүй уул уурхайн салбарыг байгаль орчинд халгүйгээр илүү хур­дацтай оновчтой хөг­жүүлэх үүднээс онол, практикийн бага хурал, 1000 инженерийн зөвлөгөөн хийж байна. Хамгийн гол нь үйлдвэрлэл сургалтын ажлын уялдаа холбоог сайжруулахад онцгой ач холбогдол өгч байна. Нөгөө талаас үйлдвэрлэл шинжлэх ухааны амьд холбоог дээшлүүлэхэд анхаарч байна. Үйлдвэрлэлд бүтээмжийг дээшлүүлэх асуудлыг яаж хэрэгжүүлэх, инновацид суурилсан үйлдвэрлэлийг үр дүнтэй явуулж эдийн засгийн үр ашгийг дээшлүүлж улс орны хөгжил дэвшилд оруулах хувь нэмрийг дээшлүүлэх нь хүнээс хамаарах учраас мэргэжлийн боловсон хүчнээ бэлтгэх талаар хоёр өдөр ухаанаа уралдуулж тал бүрээс нь хэлэлцлээ. “Эрдэнэт үйлдвэр”-ийн зэс молибден төдийгүй төмөр жонш зэрэг бусад ашигт малтмалын гаралтай түүхий эдийг боловсруулах металлург, гүн боловсруулсан нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх талаар ярьж байгаа юм. Бүхэл бүтэн салбарын асуудлыг тэр дундаа инновацид суу­рил­сан үйлдвэрлэлийг эрчим­жүүлэхэд онцгой анхаарч буйгаараа онцлог юм. Онолын мастерууд, бодлого боловсруулагчид зөвхөн “Эрдэнэт үйлдвэр”-ийн хөгжил дэвшил бус уул уурхайн салбарын анхаарах асуудлыг өргөн хүрээнд ярилцсан нь салбарын хөгжил дэвшилд дорвитой хувь нэмэр оруулна гэж харж байна. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 40 жил бол бүтээн байгуулалтын түүх юм. Энэ хугацаанд үйлдвэрийн хамт олон үнэ цэнийг бүтээж чадсан. Хамгийн гол нь оюунлаг 6000 ажилтантай армийг бүрдүүлж чадсан явдал юм. 40 жилийн түүхийг бүтээсэн, үнэт зүйлийг бий болгосон хамт олноороо бахархаж байна. -“Эрдэнэт үйлдвэр” өнгөрсөн 40 жилээ дүгнэж байна. Цэвэр ашгийн үзүү­лэлт хамгийн өндөр гар­сан гэлээ. Зэсийн үнэ унаж бай­гаатай холбоотойгоор эдийн засагт нөлөөлж байна уу? -Үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн тас­ралтгүй, өндөр үр ашигтай үргэлжилж байна. “Эрдэнэт үйлдвэр” оны  эхний найман сарын байдлаар техник технологийн бүх үзүүлэлтүүд 100-гаас дээш хувиар биеллээ. Улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх мөнгө төлөвлөгөөнөөс давсан. Өнгөрсөн жил 40 жилийн түүхэнд хамгийн өндөр орлоготой ажилласан. Тэр ч утгаараа улс, орон нутгийн төсөвт 620 орчим тэрбум төгрөг төвлөрүүллээ. Энэ оны эхний найман сарыг өнгөрсөн онтой харьцуулахад 90 орчим хувийг бүрдүүлчихээд байна. Цэвэр ашгийн үзүүлэлт ч  мөн адил өнгөрсөн жил түүхэндээ хамгийн өндөр байлаа. Зэсийн үнэ сүүлийн саруудад унасан ч түүнээс үл хамаарч өртөг зардлаа төлөвлөн ажиллаж байна. -Улсын эдийн засгийг бүрдүүлдэг үйлдвэр цаашид хэдэн жил ажиллах бол. Тооцоо судалгааг хамгийн сүүлд хэзээ хийсэн бэ? -40 жилийн ойгоо бүтээлч байдлаар угтаж,  хүрсэн төвшингөө үнэлж дараагийн 15 жилийнхээ үйл ажиллагааг төлөвлөж байна. Энэ онд бас нэг том алхам хийсний нэг нь сүүлийн үед 40 орчим жил ажиллаад “Эрдэнэт үйлдвэр”-ийн нөөц баялаг дуусах вий гэсэн болгоомжлол байсан бол өнгөрсөн хугацаанд хийсэн уулын ажил, ашиглалтын хайгуул, судалгаа шинжилгээнд  дүгнэлт хийлээ.  2016 онтой харьцуулахад 2017 онд геологийн хайгуулыг хоёр дахин,  энэ онд 3.2 дахин нэмэгдүүлсний үр дүнд төрөлх үйлдвэрээ наанадаж 60 жил ажиллуулах боломжтой боллоо. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 40 жилд явуулсан уулын болон геологи хайгуулын ажилд дүн шинжилгээ хийж санал дүгнэлт хийсний үр дүнд “Эрдэнэт үйлдвэр”-ийн ашиглалт, нөөц наанадаж 60 жил ажиллах боломж нөхцөл бүрдсэн. Бидэнд хийх ажил их, хамт олон маань ч бэлэн байгаа. Зөвлөгөөнөөр өнгөрснөө дүгнэж цэгнэхээс гадна хөгжлийн чиглэлээ улам том тодруулан болголоо. Монгол Улс хүний хүч, оюун ухаан, инженерийн сэтгэлгээ шийдэлд тулгуурлаж хөгжих ёстой. -Дараагийн 15 жилийн хөгжлөө хэрхэн төлөвлөж, ерөнхий зураглалыг юу гэж харж байна вэ? -Ирэх 15 жилийн үндсэн чиглэлээ бод­лого, хөтөлбөр, тө­лөв­лө­гөөтэйгөөр хэрэг­жүү­­лэхээр эхлээд явж байна. Харилцан уялдаа­тайгаар хэрэгжих техник технологи, байгаль орчинд ээлтэй байх, хөрөнгө мөнгө, санхүү, эдийн засгийн бодлогыг боловсруулсан. Гэхдээ хамгийн гол үр дүн инженерүүдээс шалтгаалах учраас хүний нөөц боловсон хүчний бодлогод анхаарч байна. Үйлдвэрлэл шинжлэх ухаанд тулгуурлаж дэлхий нийтийн хувьсан өөрчлөгдөж байгаа хурдтай хөл нийлүүлэх учиртай. 40 жил ажиллана гэдэг багагүй хугацаа учраас үйлд­вэрийн техник технологи нэлээдгүй хуучирсан байна. Тиймээс ирэх 15 жилийн үндсэн чиглэлд техник технологийг шинэчлэн, сайжруулах, боловсронгуй болгоход илүү анхаарна. Дэлхийд тэргүүлж байгаа технологийг үе шаттайгаар нэвтрүүлэхийг зорьж байна. Юуны өмнө нөөц баялгаа өсгөх томоохон төслүүдийг хэрэгжүүлнэ. Ил уурхай гүнзгийрэх тусам өртөг зардал нэмэгдэж, хүдрийн агууламж багасч байна. Ил уурхайн хүдрийн агууламж ашиглаж эхэлснээс хоёр дахин буурчихлаа. Одоо  0.0480 орчим байгаа нь эхэлж байсантай харьцуулахад нэлээдгүй багассан үзүүлэлт. Тиймээс мөчлөг урсгалт тээврийн технологийг нэвтрүүлнэ. Том даацын автомашинаар хүдрээ зөөж, хөрс хуулалт хийж байгааг туузан дамжуулга, каневерын системд шилжүүлэхээр олон ажил төлөвлөж байна. Мөн тэсэлгээний материалын үйлдвэр шинээр барина. Баяжуулах фабрикт иж бүрэн шинэчлэл хийх зэрэг нь техник технологийг боловсронгуй болгоход чиглэж байгаа юм. Баяжуулах фабрикын ажил эхэлсэн. Баяжуулах фабрикын гол үзүүлэлт болсон металл авалтыг өнгөрсөн онд түүхэндээ 89 хувьд хүргэсэн нь өндөр үзүүлэлт. Энэ хүрсэн төвшингөө хадгалж, илүү сайжруулж байж одоогийн бууралтаа нөхнө. Ингэж байж төсвийн орлогын бүрдүүлэлтээ тэнцвэртэйгээр барьж байх юм. -Боловсон хүчний хувьд үе солигдож байна гэж та хэлж байсан. Залгамж халааг нь хэрхэн бэлтгэж байна вэ? -Үйлдвэрийн үндсэн боловсон хүчнийг бэлтгэх шаардлага бий болж байна. Хамтарсан үйлдвэр байхад олон тооны Орос мэргэжилтнүүд ажиллаж байсан бол одоо үндэсний үйлдвэр болсонтой холбоотойгоор гадаадын мэргэжилтнүүдийн тоо цөөрч байна. Гэхдээ гэрээгээр ажиллах боломжийг олгохоос гадна боловсон хүчнийг тасралтгүй бэлтгэхийн тулд хэдийгээр өртөг зардалтай ч үйлдвэрийн дэргэд орос цэцэрлэг, сургууль ажиллуулж байна. Боловсон хүчний хувьд бүх төрлийн нарийн мэргэжлийн ажилчин, инженерүүдийн үе солигдож байна гэж хэлж болно. Түүнчлэн үйлдвэрийг бүхэлд нь өртөг зардлыг нь бууруулж сайн засаглалыг бий болгох, менежментийг сайжруулах шаардлагатай. Үндэслэл, тооцоололтой шинжлэх ухаанч байдлаар асуудалд хандаж, шинжлэх ухааны үйлдвэрлэлийг бэхжүүлж, инновацид суурилуулж чадвал үр дүнтэй ажиллана гэж үзэж байгаа. -Эрдэнэтийн 49, 51 хувийн эзэмшилтэй холбоотой асуудал маргаан дагуулж байна. Саяхан 49 хувьтай холбоотой шүүх хурал боллоо. Үйлдвэрийн удирдлагын хувьд та ямар байр суурьтай байна вэ? -Үйлдвэрийн удирд­лагын байр суурь гэж хэлэхэд хэцүү. Холбогдох хууль хяналтын байгууллагууд хууль журмын дагуу маргааныг шийдвэрлээд явах ёстой. Бидний хувьд ямар ч нөхцөл байдалд энэ үйлдвэр тасралтгүй хэвийн ажиллах ёстой. Үр ашиг өндөр байх ёстой. Хамт олны уур амьсгал, нөхцөл байдал хэвийн байх нь чухал. Гүйцэтгэх удирдлагын хувьд миний барьж байгаа зарчим бол энэ. Тиймээс өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр” юунаас ч үл хамааран хэвийн жигд, тасралтгүй, үр ашигтай ажиллаж байна. Бас хэтийн төлөв тодорхой байна. Энэ бол миний болоод манай хамт олны зорилго юм. Харин ч манай хамт олон үйлдвэрлэлээ илүү сайжруулахаар чармайн ажиллаж байна. -Стандарт банктай хол­б­оотой өр зээл яригдаад удлаа. Үйлдвэрийн удирдлагууд ямар оролцоотой байна вэ? -Арбитрын шүүхийн асуудал хүчтэй яригдаж байгаа нь бидний сэтгэлийг эмзэглүүлж байна. Стандарт банктай холбоотой арбитрын маргааны талаар үйлдвэр дээр асуудал хариуцсан тусгай ажлын хэсэг ажиллаж байна. “Эрдэнэт үйлдвэр”-т яаж хор хохирол багатайгаар асуудлыг шийдэх вэ гэдэг арга зам, боломжийг эрэлхийлж байна. Үйлдвэрийн ач холбогдол, улс орны эдийн засагт үзүүлж байгаа нөлөөг бодож Засгийн газар, УИХ-аас  багагүй анхаарч ажиллаж байгаа. Одоогийн байдлаар “Эрдэнэт үйлдвэр”-т арбитрын маргаантай холбоотойгоор нөлөөлсөн зүйл алга. Бид хэвийн ажил үүргээ гүйцэтгэж байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
"Монголын төр, засгийн бодлогоос бэлчээрийн асуудал орхигдсон"

Жамсрангийн Ундармаа гэж Хөвсгөл аймгийн Тариалан суманд дунд сургуулиа төгсгөөд

5 цаг 37 мин
Хүний эрхийн боловсролыг түгээхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд талархал илэрхийллээ

Хүний эрхийн боловсролыг түгээхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд талархал илэрхийллээ

19 цаг 4 мин
Элчин сайд Дамбын Ганбат онц бөгөөд бүрэн эрхт элчин цол хүртлээ

Элчин сайд Дамбын Ганбат Онц бөгөөд бүрэн эрхт Элчин цол хүртлээ

22 цаг 39 мин
“Зууны мэдээ” сонины Трэнд зочид 2024 оноо ингэж дүгнэв

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг

Өчигдөр 06 цаг 00 мин
Хүүхдийн өмнөөс хэн ч гомдож болно

Амралтын өдрийг Хуягаагийн гэр бүл хамтдаа хөгжилтэй өнгөрөөж

Өчигдөр 06 цаг 00 мин
Улстөрчийн хэн байсныг “улс төрийн тайз”-наас буугаад ард түмний дунд алхаж чадаж байгаа эсэхээс хар!

Сталин нэгэнтээ “Намайг үхэхээр миний шарил дээр баахан хог новш овоолох биз.

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол Улсын Ерөнхийлөгч асан “Цөмийн зэвсгийг хориглосноор гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ”

Цөмийн зэвсгийг хориглосноор илүү гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ.

Уржигдар 18 цаг 55 мин
Ч.Оюунцэцэг: “Тугалчин хүү” коллагентай тос бол жинхэнэ гайхамшиг

“Тугалчин хүү” коллагентай тос үйлдвэрлэгч “Doctor Bai” компаниас ханиад

Уржигдар 06 цаг 00 мин
2024 он: Монгол Улсад болсон онцлох 10 үйл явдал

-“Зууны мэдээ” сонин энэ онд Монгол Улсад өрнөсөн онцлох үйл явдлуудыг нэрлэж байна-

Уржигдар 06 цаг 00 мин
М.Ганбаатар “Тавантолгой түлш”-ийн дөрвөн жилийн “түүх”-ийг ярих цаг иржээ

Утааны сонсгол удахгүй болно. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулсан 19

Уржигдар 06 цаг 00 мин