Ц.Өнөрбаян: Багш сайн байвал Монголын ирээдүй гэгээтэй байна

2018-10-01
Нийтэлсэн: Админ
 1 мин
Р.ОЮУН

МУБИС-ийн Монгол судлалын төвийн эрхлэгч, Ардын багш, Хэл бичгийн ухааны доктор, профессор Ц.Өнөрбаянтай ярилцлаа.

-Танд удахгүй болох багш нарын баярын мэндийг хүргэе?

-Баярлалаа. Багш хүн гэдэг бол бусад мэргэжлээс онцгой мэргэжил. Тиймээс дэлхий дахинд багш нарын өдрийг тусгайлан тэмдэглэдэг. Манай улс хоёрдугаар сарын эхний ням гаригт тэмдэглэж байгаад сүүлийн гурван жил дэлхийн жишигт нийцүүлэн жил бүрийн аравдугаар сарын 5-нд тэмдэглэдэг болсон. Ертөнцөд хоёр төрдөг амьтан нисдэг гэж. Нэг нь шувуу. Шувуу өндөг гаргасны дараа өндөг нь хагараад тэнгэрт нисдэг.

Хүн гэдэг амьтан ээжээс төрөөд дараа нь багш гэдэг буянтны ачаар эрдэм номын хишиг хүртэж тэнгэрт оюун ухаанаараа нисдэг гэсэн сайхан үг бий. Тиймээс багш сайхан мэргэжил. Багшаар хүмүүжээгүй, багшийн эрдмийн хишиг хүртээгүй хүн гэж байхгүй. Ийм их хишиг хүртээж байгаа агуу багш нартаа Монголын багш нарын баярын халуун мэндийг дэвшүүлье.

-Яагаад энэ мэргэжлийг сонгосон юм бэ?

-Би 1957 онд сурагч болж багш гэдэг хүнтэй анх танилцаж, энэ хүний агуу сайхан гайхамшигтай гараас хөтөлсөн. 1950-1960-аад оны багшийг одоогийн багш нартай харьцуулахад олон давуу чанар байсан.

Нэгдүгээрт, тухайн үед багшийн үнэлэмж өндөр байлаа. Хоёрдугаарт, их чадалтай хүмүүс багш болдог байсан. Энийг одоо үеийн багш нартай харьцуулж байгаа юм биш. Тэр үеийн багш нарын ихэнх нь эрэгтэй байсан болохоор дагуулах чадвар сайн байж дээ гэж боддог. Хоёрдугаарт, багш нарын үнэлэмж их өндөр байж. Багшийн үнэлэмж өндөр байна гэдэг багш сайн байхын нэг том шалгуур. Би VII ангиасаа багш болъё гэж бодсон. Хүүхэд байхдаа шүлэг, зохиол их уншдаг, бусад сурагчтай харьцуулахад уран зохиол их уншдаг байсан. Тэр үеийн монгол хэл, уран зохиолын багш нар гайхалтай хүмүүс байлаа. Миний бага ангийн багш Г.Дашцэрэн гэж уран зохиол, шүлэгт их дуртай хүн байсан. Концерт дээр надаар шүлэг их уншуулна. Увсын Баруунтурууны 10 жилийн дунд сургуулийн багш Готовсүрэн уран цэцэн үгтэй, Санжжав гэж сайхан хүн байлаа. Энэ мэтчилэн сайн багш нарыг дагаж монгол хэл, уран зохиолын багш болох юмсан гэж бодсоор яваад Х ангиа 1967 онд төгссөн. МУИС тэр үед их үнэлэмжтэй сургууль байсан болохоор энэ сургуулийн монгол хэл, уран зохиолын ангид орох юмсан гэж боддог байсан. Яагаад гэхээр тэр үеийн алдартай хэл шинжээч, алдартай багш нар ихэвчлэн МУИС-ийг төгссөн байсан болохоор энэ сургуульд оръё гэж бодсон.

-Тэгээд яагаад МУИС-ийг биш багшийн сургуулийг сонгосон юм бэ?

-Х анги төгсөхөд Багшийн дээд сургуулийн монгол хэл, уран зохиолын багшийн нэг хуваарь ирсэн. Монгол хэл, уран зохиолын багш бо­лох сонирхолтой хүүхэд олон байсан ч сурлагаараа гайгүй болохоор энэ хуваа­рийг шууд авсан. Тэр үед Багшийн дээд сур­гуулийн ганцхан хуваарь ир­сэнд одоо хүртэл баяр­лаж явдаг. 1967 онд энэ сургуулийнхаа алтан босгоор алхаж орсон доо. Их сургуулийн босгоор алхахдаа Хэн түүнийг эрдэм ухааны шилтгээн гэж бодохгүй байна тэр алдар нэр горилогч мөн гэсэн үг байдаг. Би яг л эрдэм ухааны шилтгээн мөн гэж бодож орж ирсэн. Одоо энэ сургуульд эрдмийн хишиг түгээгээд 48 жил багш гэдэг сайхан алдрыг хүртэж явна. Ийм сайхан мэргэжил эзэмшсэндээ баяртай байдаг. Энэ мэргэжилд анхнаасаа дуртай байсан. Би монгол хэл судлалын чиглэлээр мэргэшсэн.

[caption id="attachment_58486" align="aligncenter" width="750"]Унгарын нэрт монголч эрдэмтэн Кара Дьёрдь буюу Хар Доржтой хамт. Будапешт 1985 он. Унгарын нэрт монголч эрдэмтэн Кара Дьёрдь буюу Хар Доржтой хамт. Будапешт 1985 он.[/caption]

УРАН ЗОХИОЛ БАЙХГҮЙ БОЛ ХҮН БОЛЖ ХҮМҮҮЖИХ НЭГ ЖИГҮҮР АЛГА БОЛНО

-Тухайн үед уран зохиолын хичээлийн юу нь их таалагдав?

-Тэр үед их уншуулдаг байсан. Өнөөдөртэй адилхан мэдээлэлтэй орчинд амьдардаггүй байлаа. Мэдээлэл олж авахын тулд ном уншина. Ном уншихад ертөнцийг харах цонх гэж ойлгодог байсан. Уран зохиолын хичээлийг сайн заадаг байсан. Уран зохиол өөрөө үгийн урлаг учраас хүнийг татах агуу чадвартай. Тухайн үеийн багш нар шүлэг, зохиол их цээжлүүлдэг байж. Яруу найраг, шүлэг, зохиол цээжилнэ гэдэг хүний сэтгэл зүрхэнд эх хэл, эрдэм соёлоо хайрлах үзэл төрүүдэг болохоор уран зохиолын хичээлд дуртай. Зарим хүн монгол хэл, уран зохиолын хичээлийг тусдаа байх хэрэггүй гэж үздэг. Миний хувьд уран зохиол байхгүй бол хүн болж хүмүүжих нэг жигүүр алга болно гэж боддог. Уран зохиолыг сайн заавал гайхамшигтай. Сүүлийн үед уран зохиолыг үгийн урлагийнх нь талаас эх хэлний гайхамшигтай уран тансаг, яруу талаас нь заах хандлагатай болж байна.

-Уран зохиолын хичээ­лийн цаг бага байгаа та­лаар ярьж байгаа. Үүнийг та юу гэж бодож байна?

-Би боловсролын системд олон жил ажиллалаа. Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, монгол хэл, уран зохиолын сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг сүүлийн 30 гаруй жил хийлцэж, дотор нь хутгалдаж яваагийн хувьд цаг байна гэдэг. Гэхдээ бүх хичээлийг оруулахын төлөө багш нар цагаа нэмэхийн тулд байдаг. Цагийн бага, ихдээ чухал биш. Тухайн цагт нь уран зохиолыг хүнд нөлөөлж чадаж байна уу гэдэг нь л чухал учраас цагаар хөөцөлдье гэж боддоггүй. Тиймээс багш өгч байгаа цагт нь хичээлээ чанартай заах хэрэгтэй гэж боддог. Мөн хүүхдийн ачааллыг сайн бодох хэрэгтэй. Уран зохиолын цагийг нэмье гэж хөөцөлдөхөөсөө илүү чанартай заа гэж ярьвал зүгээр юм уу. Хэл бол уран зохиолыг илэрхийлэх зэвсэг нь. Тиймээс монгол хэл, уран зохиол гэдэг хоёр хичээлийг хооронд нь хоёр хана босгоод тусд нь заадаг биш хооронд нь холбоотой заадаг арга зүй сүүлийн үед нэвтэрч байна. Монгол хэлний хичээлд уран сайхны эх ашигладаг. Уран зохиолын хичээлд үгийн урлагийн талаас нь заадаг, хүний сэтгэхүйд нөлөөлдөг, хүн болгодог талаас нь заадаг холбоотой хоёр мэргэжил учраас нэгийг нь нөгөөгөөс нь салгах аргагүй. Тиймээс монгол хэл, уран зохиолын багш гэдэг мэргэжил бол хэзээ ч байх хос мэргэжил юм.

-Та сургуулиа төгсөөд эндээ багшилсан уу?

-Багшийн дээд сургуулийг 1971 онд төгсөөд шууд багшилсан. Тэр үедээ гайгүй оюутан байж. Миний багш нар намайг дээд сургуульд багшлах боломжтой хүн гэж бодсон байх. Би дунд сургуульд багшлаагүй ч ЕБС-ийн монгол хэлний бүх сурах бичгийг бичиж байгаа. Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө хийдэг болохоор дунд нь орсон юм шиг байдаг. Тийм болохоор ганцхан дээд сургууль ч төдийгүй ерөнхий боловсролын бүх шатны монгол хэлний сургалтын агуулга, арга зүйг боловсруулахад оролцсон учраас сайн байвал Ц.Өнөрбаянтай ямар нэг хэмжээгээр холбоотой. Муу байвал Ц.Өнөр­баянтай холбоотой. Би ер нь шүүмжлэлээс айдаггүй. Яагаад гэвэл аливаа юм сайн, муу хоёр талтай. Муу болсон, болохгүй, бүтэхгүй зүйлээ хүн гайгүй болгохын тулд шүүмжлэл сонсох ёстой. Гэхдээ монгол хэл, уран зохиолын сургалтыг доор орчихсон гэж боддоггүй. Манай монгол хэлний багш нар шиг зүтгэдэг, ачаалалтай явдаг багш ховор. Ямар ч гэсэн Монголын ард түмэн эх хэлээрээ сайхан ярьж байна. Монгол хэлний дархлааг хадгалж байна. Энэ нь монгол хэл, уран зохиолын багш нартай шууд холбоотой. Сайнтай, муутай байж юм хөгждөг. Дорно дахины номт гурван улсын нэгээр Монгол Улсыг нэрлэдэг. Нүүдэлчдийн дотор монголчууд шиг номтой ард түмэн тун ховор.

[caption id="attachment_58487" align="aligncenter" width="750"]Шадар гурван цэрэг буюу зүүн гараас шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Б.Пүрэв-Очир, гавьяат багш Ц.Өнөрбаян, профессор Ж.Санжаа нар. 1998 он. Шадар гурван цэрэг буюу зүүн гараас шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Б.Пүрэв-Очир, гавьяат багш Ц.Өнөрбаян, профессор Ж.Санжаа нар. 1998 он.[/caption]

КИРИЛЛ БИЧИГ МОНГОЛЫН АЛБАН ЁСНЫ БИЧИГ МӨН ГЭДГИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН

-Нэг хэсэг Монгол хэлний дүрэмд өөрчлөлт оруулж ь тэмдгийг и-гээр бичнэ гэж маргасан. Энэ талаар та юу хэлэхсэн бол?

-Би үүнтэй жинхэнэ холбоотой хүний нэг нь. Монголчууд түүхийнхээ туршид олон бичиг хэрэглэсэн. Бичиг үсэг нь үндэсний дархлааг авч явдаг чухал хүчин зүйл. Тиймээс нүүдэлчдийн дундаас 10-аад бичиг хэрэглэсэн гэж хүмүүс ярьдаг. Тэр дундаас монголчуудын хэрэглэсэн бичиг үсгийн дотроос монгол бичиг буюу үндэсний бичиг болтлоо дархлаажсан уйгаржин монгол бичиг байна. Уйгаржин монгол бичиг 1000 гаруй жилийн түүхтэй Монголын оюуны соёлыг өнөөдөр хүртэл тээж ирсэн. Монгол хэлний дархлааг хадгалж ирсэн сайн бичиг. Нөгөө нэг бичгийг ямар ч шалтгаанаар авсан байж болно. Энэ нь кирилл монгол бичиг. Кирилл монгол бичиг шиг монголчуудын оюуны соёлын ийм их баялаг санг тээж яваа бичиг өнөөдөр байхгүй. Хоёрдугаарт, Монголын ард түмнийг 100 хувь ертөнийг хардаг бичиг үсэгтэй болгосон. Тиймээс кирилл, монгол бичиг хоёр Монголын ард түмний оюуны соёлын гайхамшигт зэвсэг. Сүүлийн үед хүмүүс нэг нь босоо, нөгөө нь хэвтээ, шинэ, хуучин гэж ярьдаг. Бичиг, үсэгт ямар ч буруу байдаггүй. 1941 онд орос бичигт тулгуурласан бичгийг монголчууд анх авахдаа тэр үеийн оюуны соёлын гайхамшигт хүн Ц.Дамдинсүрэн гуай дүрмийг нь зохиосноос хойш 70 гаруй жил хэрэглэж байна. 70 гаруй жил хэрэглэсэн энэ бичиг үсгийг гайхамшигтай гэж боддог. Нэг дутагдал байсан. Ц.Дамдинсүрэн гуай үсгийн дүрэм зохиосноос хойш кирилл бичгийн зөв бичих дүрэмд олон маргаан, будлиан гарсан. Гэхдээ тийм ноцтой биш. Тодорхой үгнүүд дээр гарсан. 70 жил энэ бичгийг эрх зүйн хувьд баталгаажуулаагүй байсан. Ингээд 2015 онд Монгол хэлний тухай хууль гарч энэ хуулиар кирилл бичиг Монголын албан ёсны бичиг мөн гэдгийг хү­лээн зөвшөөрсөн. Хоёр­дугаарт, зөв бичгийн дү­рэм тольтойгоо журам­лагдаагүй, эрх зүйн хувьд батал­гаажаагүй байсан учраас энэ үгийг ингэж бичнэ гэж дурын хүн өөрийнхөөрөө бич­дэг байсныг 2018 онд Ерөн­хий­лөг­чийн дэргэдэх Хэлний бодлогын үн­дэсний зөвлөлөөс хоёр жи­лийн хугацаанд 20 МУИС, МУБИС, Шинж­лэх ухааны академийн эр­дэ­м­тэд нийлээд 1983 онд гарсан Ц.Дамдинсүрэн гуайн үсгийн дүрмийн толийг үндэслэж толь боловс­руулж, баталгаа­жуул­сан. Одоо ямар ч маргаан байхгүй.

-Багш болоод шантрах үе гарч байв уу?

-Багшийн дээд сургуульд орсноос хойш багш болох мэргэжилдээ дуртай байсан. Анхны хичээл, анхны жилүүдэд сурах зүйл их байлаа. Дэмий багш болов уу гэж бодох үе харьцангуй бага гарч байсан. Анхны хичээлүүд хэцүү байсан. Шинэ, залуу багш  их сургууль төгсөөд үеийн залууст хичээл зааж эхлэхээр шантрах, чадал хүрэхгүй зүйл их гардаг ч амьдралынхаа туршид суралцдаг юм. Манай зарим багш “Багш аа, хэзээ сайн багш болдог юм бэ” гэж асуухад нь “Тэт­гэ­вэрт гарахынхаа урьд орой гайгүй багш бол­сон гэж бодогддог юм” гэж хэлж байсан. Багш гэдэг насан туршдаа суралцдаг мэргэжил шүү дээ. Бэрхшээлтэй зүйлүүд бий. Хамт олны бүрдэл, уур амьсгал боловсролын их сургуулийг бусад их, дээд сургуультай харьцуулахад өөр. Яагаад гэвэл багш бэлддэг учраас хүнлэг уур амьсгалтай сургууль гэж боддог. Ийм бодолтой учраас магадгүй алдаа, дутагдлыг бага олж хардаг байж магадгүй. Нэг цаг үеийн шалгуурыг нөгөө цаг үетэй нь хэмжих дургүй.

-Тухайлбал?

-Социализмын үе, одоо үе хоёр шал өөр уч­раас энэ цаг үеийн шал­гуу­раар тэр үеийн оюутнууд сайн байсан. Энэ үеийн оюутнууд муу байсан гэж хэм­жих дургүй. Багш нарын чадвар, чансаа нэг дорой­тоод, өндийх юм байна. Ялангуяа, 1990  онд ардчилсан хувьсгалаас хойш 2005 он хүртэл гайгүй сайн багш нар гадагшаа гарсан. Тэр үед багш нарын чансаа дутагдалтай л байсан. Одоо сэргээд гайгүй болж байна. Төр, засаг цаашид төрийн их, дээд сургуулийн сургалтын төлбөрийг анхаарах хэрэгтэй. Тоо хөөцөлдөөд чанарт анхаардаг дутагдал байна. Яагаад гэвэл бид чинь оюутныхаа төлбөрөөр хөдөлдөг улс. Төрөөс урсгал зардлуудыг л өгдөг. Тиймээс энэ олон багшийг ца­лин­жуулахын тулд олон оюутан авах дуртай бол­сон. Оюутан олон боло­хоор сав нь жаахан. 10 хүнийг танхимд сургах, 40 хүнийг нэг танхимд сур­гахад шал өөр болохоор цаа­шид оюутан цөөхөн болж, чанар сайжраад багш нарын үнэлэмж өндөр болж ирэхээр гайгүй болох байлгүй. Багш сайн байвал Монголын  ирээдүй гэгээтэй байна гэсэн үг.

БАГШ ХҮН САЙН МЭДЛЭГТЭЙ, ӨӨРИЙН ГЭСЭН ЗААХ АРГАТАЙ, ХҮНИЙГ ХАЙРЛАДАГ БАЙХ ЁСТОЙ

-Тэгвэл багш сайн байхын тулд яах ёстой вэ?

-Төр, засгаас багшийн үнэлэмжийг өндөр байлгах хэрэгтэй. Цалин бага байна нэм гээд байгаа багш нар сайн ажиллах боломж байхгүй. Хоёрдугаарт, сургуулийн орчинд ажиллах нөхцөл нь сайн байх ёстой. Үүний дараагаар багшийг чанартай багш бол гэдэг шалгуурыг нь өндөр тавиад чанартай багш нараа олж авах хэрэгтэй. МУБИС Монгол Улсын өнцөг булан бүрт ажиллаж байгаа бүх багшийн 70 хувийг бэлтгэсэн байдаг. Тиймээс сайн багш очвол сайн, муу багш очвол муу хэлүүлдэг. Ихэвчлэн мууг нь хараад багш чинь их муу байна гэдэг. МУБИС-ийг 100 хүн төгсөхөд бүгдийг нь сайн төгсгөнө гэж байхгүй. Гэхдээ багшийг муу бэлтгэж болохгүй.

-Залуу багш болон энэ мэргэжлийг сонгож байгаа оюутнууддаа хандаж юу гэж зөвлөх вэ?

-Би дандаа залуучуудтай ажиллаж, хичээл зааж байгаа. Нэгэнт багш мэргэжлийг сонгосон бол багшид тавьдаг цаг үеийн биш мөнхийн шаардлага байдаг. Ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэж байгаа учраас өөрийнхөө заах гэж байгаа зүйлд данагар байх ёстой. Багш хүн нэгдүгээрт, сайн мэдлэгтэй, хоёрдугаарт, өөрийн заах аргатай байна. Өөрийгөө олоогүй хүн хичээл заахад төвөгтэй байдаг. Юмаа мэддэг хүн бол өөрийн заах аргаа олоход амархан. Тиймээс өөрийн заах аргатай бол. Энэ их чухал зүйл. Туршлага, заах арга гэдэг бол залхуу хүнд  амар эд. Хүн бүр өөрийн аргатай. Ямар ч аргаар заасан стандартын төвшинд боловсрол олгох хэрэгтэй. Гуравдугаарт, шавьдаа хайртай байх ёстой. Шавьгүй багш гэж хаа байх вэ. Юм мэдэхгүй хүн танд шавь орж байгаа учраас сайн заа. Тиймээс шавийг хүндлэх хэрэгтэй. Хүнийг хүнийх нь хувьд хөгжүүлэх нь чухал. Өнөөдөр хүүхдийг гэр бүлээс нь холдуулаад багшид бүх ачааллыг өгдөг систем байж болохгүй. Гэр бүл хүүхдээ хүмүүжүүлэх ёстой. Гэтэл хүүхэд сахилгагүй бол багш муу гэдэг.

Харин багш болж байгаа оюутнууддаа хичээлийн шинэ жил эхлэхэд “Энэ сургуулийн босгоор алхахдаа яг багш болно гэсэн сонирхолтой орж ирж байгаа биз. Ийм сонирхолтой орж ирээгүй бол замын эхнээс буц. Багш гэдэг мэргэжил дурын хүн орж ирдэг юм биш. Эмч хүн хүнийг дор нь алдаг. Харин багш хүнийг насан турш нь алдаг гэж үг байдаг. Тиймээс сайн багш болохын тулд эхлээд сэтгэл зүйтэй, бэлтгэлтэй байх хэрэгтэй. Хоёрдугаарт, багш болох хугацаанд өөрийгөө дайчил. Гуравдугаарт, хүнтэй ажиллана шүү. Ирээдүйн хүнийг бэлтгэх гэж байгаа гэсэн сэтгэл зүйн бэлтгэлтэй байх. Мөн болж өгвөл гадаад хэл олныг сур. Гэхдээ эх хэлнээсээ илүү сурвал гадаад руу яв. Эх хэлнээсээ дутуу сурвал эх хэлээрээ ярьж бай” гэж хэлдэг. Багшийн гол сурах зүйл нь мэдлэгтэй, өөрийгөө олсон заах аргатай, хүүхдүүдээ хайрладаг байвал болно.

-Залуу багш нараасаа суралцах зүйл байна уу?

-Байлгүй яах вэ. Мэдээллийн технологитой хэрхэн харилцах, мэдээлэл олж авах аргаас суралцаж байна. Бид ихэвчлэн номноос мэдлэг олж авдаг байсан. Тиймээс залуучуудаас сурах юм их байдаг. Орчин үеийн хүмүүсийн хоорондох харилцааны соёл бидний үеийнхээс өөр болохоор манай үе тийм байсан гэж болохгүй. Тиймээс цаг үе бол цаг үеийн шалгуур. Тухайн цаг үедээ ажиллаж, амьдарч байгаа бол тэр үеийнхээ шалгуураар амьдар гэсэн бодолтой явдаг.

-Таныг Унгарт багагүй хугацаагаар ажилласан гэж сонссон. Энэ талаар?

-Их, дээд сургуулийн багш сайн сурган хүмүү­жүүлэгч байх, хоёрдугаарт, эрдэм шинжилгээний бүтээлч ажил хийх ёстой. Энэ хоёргүйгээр их, дээд сургуулийн багш хол явдаггүй. Тиймээс би багш болсон цагаасаа эхлээд зааж байгаа хичээлтэй холбоотой эрдэм шинжилгээний ажил хийсэн. Тэр үеийн монгол хэлний багш нар гадаад руу явж ажиллах боломж олддог байсан болохоор Унгарын Будапештэд дөрвөн жил ажиллаж докторантур, аспирантурт суралцсан. Унгарын алдартай монголч эрдэмтдийн шавь болж тэндээ эрдмийн зэрэг хамгаалсан. Би МУБИС-д 47 жилээс 28 жилд нь дарга хийсэн. Даргадаа их том дарга биш. Тэнхимийн даргаар 10, Монгол судлалын сургуулийн захирлын албыг 18 жил хашсан. Зарим нь Өнөрөө багш та ийм олон жил дарга хийлээ гэдэг. Дарга байснаас багш байсан нь дээр юм байна гэдэг бодол надад төрсөн. Яагаад гэвэл 28 жил дарга хийчихээд ажлаа өгөөд тайлангаа тавих гэсэн дандаа хүний хийсэн ажил байсан. Тиймээс дарга бололгүй сайн багш болоорой гэж залуучууддаа захьдаг. Би Ардын багш цол аваад “Миний ажлыг Ардын баг­шийн шаардлагад нийцжээ гэж үзсэн Төр, засагтаа баярлалаа” гэж хэл­сэн. Түүнээс миний өчүү­хэн хөдөлмөр гэж хэлээгүй.

-Таны нэрэмжит Ардын багшийн танхимтай болно гэж байсан?

-Би 2016 оны арван­хоёрдугаар сард Ардын багш болсон. Манай сур­гуульд олон Ардын багш байдаггүй. Монгол суд­лалын чиглэлээр Ардын багш цол хүртсэн анхны хүн. Тэтгэвэрт гарсан ч гэрээгээр Монгол суд­лалын төв байгуулаад ажил­лаж байна. Тэр үеийн захирлын ту­шаал гарч Ардын багш Ц.Өнөрбаянгийн нэрэм­жит Монгол судлалын танхим байгуулна гэсний дагуу төлөвлөгөө хийж байна. Танхимтай болох байх. Болохгүй бол энд болон гэрт байгаа ном­нуудаа авчраад энэ сууж байгаа өрөөгөө танхим болгож болно. Миний цуглуулсан ном бүх хүнд хүрч байх ёстой учраас ийм зорилгоор танхим байгуулна гэж хэлсэн байх гэж найдаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

"Монголын төр, засгийн бодлогоос бэлчээрийн асуудал орхигдсон"

Жамсрангийн Ундармаа гэж Хөвсгөл аймгийн Тариалан суманд дунд сургуулиа төгсгөөд

6 цаг 10 мин
Хүний эрхийн боловсролыг түгээхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд талархал илэрхийллээ

Хүний эрхийн боловсролыг түгээхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд талархал илэрхийллээ

19 цаг 37 мин
Элчин сайд Дамбын Ганбат онц бөгөөд бүрэн эрхт элчин цол хүртлээ

Элчин сайд Дамбын Ганбат Онц бөгөөд бүрэн эрхт Элчин цол хүртлээ

23 цаг 12 мин
“Зууны мэдээ” сонины Трэнд зочид 2024 оноо ингэж дүгнэв

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг

Өчигдөр 06 цаг 00 мин
Хүүхдийн өмнөөс хэн ч гомдож болно

Амралтын өдрийг Хуягаагийн гэр бүл хамтдаа хөгжилтэй өнгөрөөж

Өчигдөр 06 цаг 00 мин
Улстөрчийн хэн байсныг “улс төрийн тайз”-наас буугаад ард түмний дунд алхаж чадаж байгаа эсэхээс хар!

Сталин нэгэнтээ “Намайг үхэхээр миний шарил дээр баахан хог новш овоолох биз.

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол Улсын Ерөнхийлөгч асан “Цөмийн зэвсгийг хориглосноор гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ”

Цөмийн зэвсгийг хориглосноор илүү гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ.

Уржигдар 18 цаг 55 мин
Ч.Оюунцэцэг: “Тугалчин хүү” коллагентай тос бол жинхэнэ гайхамшиг

“Тугалчин хүү” коллагентай тос үйлдвэрлэгч “Doctor Bai” компаниас ханиад

Уржигдар 06 цаг 00 мин
2024 он: Монгол Улсад болсон онцлох 10 үйл явдал

-“Зууны мэдээ” сонин энэ онд Монгол Улсад өрнөсөн онцлох үйл явдлуудыг нэрлэж байна-

Уржигдар 06 цаг 00 мин
М.Ганбаатар “Тавантолгой түлш”-ийн дөрвөн жилийн “түүх”-ийг ярих цаг иржээ

Утааны сонсгол удахгүй болно. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулсан 19

Уржигдар 06 цаг 00 мин