Г.Амарсанаа: Биологийн шинжлэх ухаанд болохгүй зүйл гэж байдаггүй, болгох чадваргүй хүмүүс л бий

2018-10-01
Нийтэлсэн: Админ
 1 мин
М.ЗҮЙР

Арабууд идлэг шонхорыг машинаар хөөн барьж байгаа нь Монгол Улсын Амьтны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.1.11, 6.2., 10 дугаар зүйлийн 10.1,10.1.5., 34 дүгээр зүйлийн 34.1 дэх заалтыг зөрчиж байгаа явдал юм. Үүнийг таслан зогсоохын тулд Монголын амьтан, ургамлын оюуны өмч эзэмшигчдийн инноваци холбоо “Шонхор шувуудыг машинаар хөөж бахардуулахгүй барих хялбар аргууд”-ыг боловсруулан оюуны өмчийн гэрчилгээ авчээ. Тус холбооны тэргүүн Г.Амарсанаатай ярилцлаа.

-Өнгөрсөн хугацаанд БОАЖЯ Амьтны тухай хуулиа зөрчиж арабуудаар шонхор бариулж байсан болж таарч байна. Иймээс Н.Цэрэнбат сайдад ёс зүйн хариуцлага тооцох ёстой юу?

-Ийм учиртай юм. Н.Цэрэнбат сайд өнөөдөр манай улс түүхэндээ байгаагүй цөөн амьтан, ургамлын нөөцтэй, олон зуун гол, горхио ширгээж, газар нутгийнхаа 76.8 хувийг цөлжүүлчихээд байгааг “Яам шинжлэх ухаанаас зөрж ажилласнаас болсон” гэж маш зөв оношлосон хүн. Яг үнэндээ арга боловсруулах үүрэгтэн нь яам биш, гол буруутан нь судлаачид бид өөрсдөө. Харин бидэнд буруугаа засах боломжийг энэ Засгийн газар гаргаж өгсөн гэж ойлгох нь үнэнд илүү нийцнэ.

Учир нь Засгийн газар 2017 оны аравдугаар сарын 26-нд “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 01 тоот албан даалгавар гаргасан. Энэ албан даалгаврын 1.1-д Иргэндээ ээлтэй хуулийн засаглалыг бэхжүүлэх: Төрийн бүх шатны байгууллагын албан хаагчид шударга ёс, хууль дээдлэх зарчим баримтлан ажиллах гэж заасан. Мөн Засгийн газраас 2018 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр 2018 оныг “Хариуцлагын жил” болгон зарлах тухай 32 тоот тогтоол гаргасан. Энэ тогтоолын 4-т “Хариуцлагын жил”-ийн хүрээнд иргэн бүр хууль тогтоомжийг судлан мөрдөж, хувь иргэний эрх, үүргийг нийтийн эрх ашиг, үндэсний язгуур ашиг сонирхолтой зөв хослуулах замаар байгаль орчноо хайрлан хамгаалах болон эрхэлсэн ажилдаа хувь нэмэр оруулж ажиллахыг уриалсугай гэж заасан. Тэгэхээр энэ чинь дээрх заалтууд л хэрэгжиж байгаа хэрэг. Тиймээс Н.Цэрэнбат сайд яаж буруутан болох билээ. Өнөөдөр Засгийн газрын 2012 оны 101 дугаар тогтоолоор идлэг шонхорыг “Үндэсний бахархалт шувуу” хэмээн тогтоож худалдаалахыг хориглож зөвхөн бэлгийн журмаар экспортолж байгаа нь Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн хоёр дахь заалт болон CITES (Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенци)-ийн 14 дүгээр зүйлтэй бүрэн нийцэж буй учир хуулийн ямарваа маргаан байхгүй.

Харин яагаад идлэг шонхор манай бахархалт шувуу болсныг яам иргэддээ шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарлах ёстой байсан. Мөн Засгийн газрын тогтоолоор идлэг шонхорыг хэнд, хэдийг өгч байгаагаа яагаад нууцлах болсон шалтгааныг CITES-ийн Нарийн бичгийн газарт тайлбарлах ёстой байсан. Манай холбоо зайлшгүй шаардлагатай болоод байсан эдгээр ажлыг хийж гүйцэтгэсэн. Энэ бүхэн ч гэсэн Н.Цэрэнбат сайдаас өмнөх асуудал. Харин энэ дашрамд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2-т Төр нь байгаль орчныг хамгаалах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ дараах зарчим баримтална. Байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг ашиглах шийдвэр, үйл ажиллагаа ил тод байх гэж заасан учир хэнд өгсөнөө нууцалдаг юм гэхэд жилд идлэг шонхорын экспортын хэдэн зөвшөөрөл олгосноо иргэдэд нээлттэй болгохгүй бол та нар хууль зөрчөөд байгаа юм биш үү гэдгийг анхааруулах нь зүйтэй байх. Өнгөрсөн долоо хоногт мөн Төрийн ордонд болсон Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөнд ирүүлсэн, Монгол Улсын Ерөнхий сайдын илгээлтэд “Төрийн байгууллагын хөшүүн хойрго үйлчилгээ, албан хаагчийн чадваргүй, ёс зүйгүй, хариуцлагагүй байдал иргэдийн тэвчээрийг барж байгааг та бид мэдэрч мэдэж байна. Энэ байдлыг өөрчлөхийг нийгэм шаардаж байна. Төрд тавих нийгмийн хяналт, шударга ёсны төлөөх иргэдийн шаардлага цаашдаа ч нэмэгдэнэ. Иймээс манай Засгийн газар эхнээсээ л сахилга хариуцлагыг шаардсан. Бид төрийн албаны шинэ соёл, дэг журмыг тогтоохыг хичээж байна. Байр сууринаасаа бид ухрахгүй хүчин чармайлтаа улам эрчимжүүлэх болно” гэсэн билээ. Иймээс Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.2.32-т Оюуны өмчийн үнэлэмжийг нэмэгдүүлж... 4.1.3-т Байгаль орчны багц хуулийг хэрэгжүүлэх цогц арга хэмжээ авч,… байгалийн нөөцийн хууль бус ашиглалтад тавих хяналтыг сайжруулна, Засгийн газрын албан даалгавраас гадна 32 тоот тогтоолын 2.2-т яам... хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүргээ хэлбэрэлтгүй биелүүлж байгууллага, иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдлыг хугацаанд нь шийдвэрлэн, төрийн үйлчилгээг хүнд суртал, чирэгдэлгүй зохион байгуулж, ахиц дэвшил гаргах арга хэмжээ авах гэж заасны дагуу шонхор барьж буй арабуудад учир, байдлыг ойлгуулж, хэлэлцээний ширээний ард хамтран суух ажлыг яаралтай зохион байгуулж өгнө үү гэдгийг энэ ярилцлагаар дамжуулан яамнаас албан ёсоор хүсэх нь зөв байх.

-Танай холбооны зорилго юу вэ?

-Маш товчоор Засгийн газрын манай холбоотой хамааралтай мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бүх хүчээ дайчлан ажиллана. Учир нь урд хөршийн ДНБ 11.9 их наяд ам.доллар болж 40 жилд 58 дахин өсч дэлхийн рекорд тогтоогоод байна. Бид энэ рекордыг эвдэх гэж үзнэ дээ.Тэд энэ хугацаанд 800 сая хүнийг ядуурлаас гаргасан байна. Бид хэдэн хүнтэй билээ. Дэлхий дээр хөдлөх, үл хөдлөх гэсэн хоёрхон өмч байдаг. Үл хөдлөх хөрөнгийн дээд нь унаган байгаль. Энэ нь манай орон нутгийнханд бэлэн байна. Хөдлөх хөрөнгийн дээд нь оюуны өмч. Энэ нь манай холбоонд хангалттай байна. Энэ хоёрыг нийлүүлбэл юу болох бол гэдэг нь сонин байгаа биз. Хөөрхий мөнгө энэ хоёр хөрөнгийг үнэлэх гээд сачий нь хүрдэггүй юм. Энэ нь бэлэн байгаа байгаль, хувьцаа гаргаагүй оюуны өмчийг мөнгөөр үнэлж болдоггүй гэсэн үг.

Стив Жобс, Билл Гейтс, Цукерберг, Жек Ма гэх мэт тэрбумтнууд чинь бүгд оюуны өмчийн эзэд шүү дээ. Блокчейн технологийн ачаар аж үйлдвэрийн IV хувьсгал гарч олон мэргэжил хэрэггүй болж, олон сая хүн ажилгүй болно гэж дэлхий нийтээр ид шуугиж байна. Тэр Блокчейн технологи гэдэг чинь ч оюуны өмч. Ер нь оюуны өмчийг инноваци болгож амьдралд тасралтгүй нэвтрүүлж чадсан улс л хөгжлөөр тэргүүлдэг юм байна. Үүнийг “Их долоо” гэгддэг улсын түүх бэлхэнээ баталдаг. Иймээс энэ оны наймдугаар сарын 1-нд Засгийн газар “Төрөөс инновацийн тухай баримтлах бодлого”-ыг баталлаа. Бид энэхүү бодлогын хүрээнд нөхөгддөг баялаг болох амьтан, ургамалтай холбогдсон өөрийн байгууллагын оюуны өмчүүдийг амьдралд инноваци болгон нэвтрүүлж ИТХ, Засаг даргатай нь Хамтран ажиллах гэрээ байгуулан хоёр жилийн дотор Ховд, Увс болон Хэнтий, Сүхбаатар аймгуудад ажилгүйдлийг арилгах зорилт тавин ажиллаж байна. Өөрөөр хэлбэл эхний хоёр жилд иргэдээ бүгдийг нь ажилтай, орлоготой, амьтан, ургамлын хангалттай нөөцтэй болгож дараагийн хоёр жилд нь орон нутагт гадаадын тэргүүний технологи бүхий үйлдвэрүүд байгуулан орон нутгийнханд давуу эрхээр хувьцаа эзэмшүүлэхээр зорин ажиллах болно. Эхний ээлжинд эдгээр аймаг, сумдыг газрын гүний дулааны цахилгаан станц, цэвэрлэх байгууламжтай болгох юм. Ийм дэд бүтэцгүй бол бидний зорилго ээлжит хагас, хугас үлгэр болно. Үүний эхний санхүүжилтийг Хас банкинд удахгүй төвлөрөх 100 сая ам.доллараас санхүүжүүлэхээр төлөвлөж байна. Энэхүү хөрөнгө нь нүүрсхүчлийн хийг багасгах ажилд зарцуулах зориулалтаар та бидэнд өгч буй олон улсын мөнгө юм. Энэ бол Д.Оюунхорол гишүүний сайд байхдаа бидний төлөө хийсэн нэг ажил нь. Харин бид инноваци нэвтрүүлж олсон орлогын 60 хувиар аймгуудад “Орон нутгийг хөгжүүлэх валютын сан” байгуулна. Энэ хөрөнгөөс жил болгон тодорхой хэсгийг нь цахилгаан станц, цэвэрлэх байгууламжийн өрийг төлөөд явна. Ингэснээр бүх сум, баг халуун хүйтэн устай болж хотоос ялгарах юмгүй болно. Мөн 20-30 хувиар нь орон нутгийн иргэдэд мэргэжлийн мэргэшсэн хүмүүсээр сургалт явуулна. Ингэснээр инновцийн бүх орлогын 70-80 хувь нь орон нутагт үлдэх нөхцөл бүрдэнэ. Сумдын иргэдэд оюуны өмч авч инноваци болгоход нь мэргэжлийн туслалцаа үзүүлж валютын хадгаламж, сумаа хөгжүүлэх сантай болгоно. Инноваци нэвтрүүлэхэд монгол хүн шиг хэрэгтэй зүйл байхгүй.

Учир нь манайхаас бага ургамал, амьтны биомасстай Европын холбооны улсуудын иргэд жил болгон нөхөгддөг баялгаасаа хэдэн тэрбум еврогийн орлого олж үүнийхээ тодорхой хэсгээр амьтан, ургамлынхаа нөөцийг өсгөж байна. Бид юугаар дутсан гэж тэдний дор орох билээ. Өнөөдөр байгалийн амьтан, ургамал дэлхийн зах зээл дээр мал аж ахуй, газар тариалангийн бүтээгдэхүүнээс 10-800 дахин илүү үнэтэй байна. Хамгийн гол нь шууд валютаар зарагдаж байна. Үүнийг Амараа гуай ч олоод харчихсан юм биш. Ийм болно гэдгийг алдарт Адам Смит аль 300 жилийн өмнө “Үндэсний баялаг” номондоо биччихсэн байгаа. Гадныхан манай мал, тарьсан ургамлыг яг ямар үүлдэр, сорт болохыг эхлээд сонирхдог. Яг үнэндээ манайханд хэлэх үг олддоггүй. Ялангуяа мал дээр худлаа туухаас өөр аргагүй болдог. Харин байгалийн амьтан, ургамал дээр зүйлийн нэрийг нь дэлхий нийтээр мэдэж байдаг учир ийм шаардлага огт гардаггүй...

Орон нутагт дэлхийн технологид суурилсан үхэр, адуу, ноолуур, мах, сүүний чиглэлийн ямааны аж ахуй бий болгож бэл­чээрийн ямааны тоог эрс цөөрүүлнэ. Ингэсэн цагт цөлжилт богино хугацаанд арилж илүү үнэтэй ан амьтны тоо толгой өсч, аялал жуулчлал нэмэгдэнэ. Энэ бүхэн чинь нөхөгддөг баялаг. Дуусашгүй үнэт баялаг. Товчоор бид орон нутгийнхны “нүд, чих” нь болж тэд энэ бүхнийг хийнэ.

-Та оюуны өмчийг инноваци болгож буй тодорхой нэг жишээ авбал уншигчдад илүү ойлгомжтой болох байх?

-Амьтан, ургамалтай шууд холбоогүй ч багагүй ач холбогдолтой нэг жишээ авъя. Жил болгоны зургадугаар сарын 5-нд Дэлхийн байгаль хамгаалах өдрийг тодорхой уриан дор тэмдэглэдэг. Энэ жил бид “Хаягдал хуванцар, гялгар уут ашиглан авто зам засварлах бага зардалтай хялбар арга ” оюуны өмчийн гэрчилгээ авсан. Учир нь 2018 онд энэ өдрийг байгальд 100-4000 жил болж байж задардаг “Хуванцар хог хаягдлын эсрэг тэмцье” уриан дор дэлхий нийтээрээ тэмдэглэсэн. Харамсалтай нь бидний энэ арга хар замын 0,85 см-1м диаметрээс илүүгүй цоорхойд л нөхөөс хийх боломжтой байсан учир энэ аргаа сайжруулж “Хаягдал хуванцар материал болон хаягдал автомашины дугуй ашиглан хямд зардалтай, өндөр чанартай авто зам засварлах, тавих хялбар арга” оюуны өмчийн гэрчилгээ нэмж авлаа. Ингэснээр одоогийн зардлаар 0.5-1 дахин их хэмжээтэй, 10-15 дахин их эдэлгээний чанартай авто замыг жилийн аль ч улиралд засварлах, тавих боломжтой болж байгаа юм. Хамгийн гол нь аймаг, сум хүртэл ийм боломжтой болж байна гэсэн үг. Том оврын техник хэрэгсэл шаардлагагүй учир хот, аймаг төдийгүй сум, баг өөрсдөө хямд зардлаар авто зам засварлах боломжтой болж байгаа хэрэг.

Мөн дэлхийн биологичдын “шүдний өвчин” болчихоод байгаа байгаль, орчинд ихээхэн хөнөөлтэй хаягдал хуванцар, машины хаягдал дугуйг үр ашигтай зарцуулах асуудлыг монголчууд зохистой шийдэж “ногоон технологи” бий болгосон гэсэн үг. Бас УИХ-аас баталсан Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.225-ын Автозамын засвар арчлалтын хугацааг уртасгах, чанарыг сайжруулах, хөрөнгийн эх үүсвэрийг үе шаттай нэмэгдүүлнэ гэсэн заалт бүрэн хэрэгжих боломжтой болж байна гэсэн үг. Бид цаашид ч орон нутагтай хамтран нөхөгддөг баялгаа зохистой ашиглах замаар хамгаалж, өсгөхтэй холбогдсон олон оюуны өмч авч инноваци болгон амьдралд нэвтрүүлнэ. Манайхны урьдчилсан тооцоогоор манай холбооны ажлын дүнд Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 40 гаран заалт хэрэгжих боломжтой болох юм билээ.

-Нэн ховор амьтдыг гадаадын анчдаар агнуулж валют олохыг олон улсад шинжлэх ухааны яг ямар үндэслэлээр зөвшөөрөөд байдаг юм бэ?

-Биологийн шинжлэх ухаанд “биохог” гэсэн ойлголт бий. Монгол анчид хамгийн түрүүнд үр төлгүй, сувай амьтдыг агнадаг байсан нь сүргийн нөхөн үржилд хамгийн том аюул учруулах “биохог”-ийг устгадаг байсан гэсэн үг. Мөн нэгэнт үржилд орж үр төлөө үлдээсэн аль ч эр амьтан генийн хувьд “биохог” болдог. Ийм хөгшин том амьтан (биохог)-ыг гадаадын анчдаар агнуулах нь залуу амьтад саадгүй үржилд орж, сүрэг эрүүл чийрэг бодьгалуудаар сэлбэгдэн сүргийн тоо толгой олшрох нэг гол нөхцөл болдог. Иймээс байгалийн өмнөөс хүмүүс зохицуулалт хийн валют олох боломжтой байдаг гэсэн үг. Жишээ нь сүргийн эзэн арсланг ганцаараа дийлэхгүй учраас хос залуу арслан нийлж ноцолдон сүргийн эзнийг хөөж явуулаад сүргийн эзний бүх нялх үр төлийг устгадаг. Мөн олон зүйл шавьж, аалз үр тогтонгуут том биетэй эм нь жижиг биетэй эрийгээ шууд бариад идчихдэг. Энэ нь мөн л гаднаас нь харахад зэрлэг мэт харагдавч үнэндээ сүрэгт нэг төрлийн ген хэт олширохоос сэргийлж буй байгалийн ердийн зохилдлого юм. Эр шавьж, аалзны хувьд үр төлийнхөө төлөө өөрийгөө хүртэл зольж буй нь үнэхээр “баатарлаг” үйлс мөн. Тэр байтугай, нийт сүргээ золих тохиолдол ч бий.Та телевизээр сая сая загас далайгаас гарч гол өгсөн Аляскийн олон баавгайд бариулж байгааг харсан байх. Энэ загаснууд голын эхний ширүүн урсгалтай хэсэгт очиж дүрсээ шахаад бүгд үхдэг. Догшин, ширүүн урсгал гэдэг нь ус агаартай шүргэж хүчилтөрөгчөөр илүү баяждаг гэсэн үг. Энэ бол үр төл нь эрүүл өсөх гол нөхцөл. Мөн энэ ширүүн урсгалд үр төлийг нь идчих дайсан амьтан байхгүй. Бүр үр төлд нь хоол болох ч юм байхгүй. Иймээс эдгээр загас дүрсээ шахсаны дараа бүгд үхэж ялзмагаараа үр төлөө хооллодог. Иймээс нэгэнт үр төлөө үлдээсэн аль ч нэн ховор эр амьтан биохог болдог учраас байгалийн өмнөөс цэвэрлэж валют олох боломжийг олон улсад хүлээн зөвшөөрдөг. Өөрөөр хэлбэл хэд хэдэн удаа үр төлөө үлдээсэн арслан, ирвэс, заан гэх мэт нэн ховор амьтдыг гадаадын анчдаар агнуулж валют олж байгаа нь манай хуульд бичээстэй байдаг ч огт хэрэгждэггүй нөгөө зохистой ашиглалт гэдгийн бодит жишээ юм. Өөрөөр хэлбэл энэ нь эдгээр амьтдын тоо толгой өсөх нэг гол нөхцөл болдог юм.

-Өнөөдрийн Монголыг Шинжлэх ухааны тэргүүний ажилтны нүдээр харвал...?

-Маш товчоор шинэ цаг, шинэ үе ирж байна л гэж хэлнэ дээ.”Төрийн бусчууд” төрийн яам, гадны баячуудыг Монголын хуулийг мөр­дүүлдэг болгож эхэллээ. Мэ­р­гэж­лийнхэн орон нутагт ажилгүйдлийг бүрэн арилгана. Энэ ажилд төрөөс татвар төлөгчдийн мөнгийг авахгүй харин сайн дуруураа сан хэлбэрээр их хэмжээний татвар төлье гэж байна. Нэг нам дотор “идэж ууж” сурчихсан хэсгээ “идэж уухгүй” гэсэн шинэ үеийнхэн “шахаж” байна. Өөрөөр хэлбэл нэг хэсэг нь бус нийт Монголоороо сайхан амьдаръя гэсэн шинэ үеийнхэн ирчихээд байна. Зүүний хүчний бодлого тунхаглагддаг бус хэрэгждэг болж байна. Энэ бүхэн чинь шинэ цаг, шинэ үе эргэж буцахгүйгээр ирчихсэний бодит бас амьд баталгаа. Үнэндээ Монголд “Ардын II хувьсгал” бодитоор болж байна. Зөвхөн монголд ч ийм байгаа юм биш. Бүр дэлхий нийтээр ийм байгаа юм шүү.Үүнийг зарим судлаачид системийн хямрал гэдэг. Ардчилал бүх иргэдийн тэгш байдлыг зарлан тунхагладаг ч үүнийгээ хэрэгжүүлж чаддаггүй “дотоодын”, бүх тусгаар улсууд тэгш эрхтэй гэдэг ч үүнийгээ хэрэгжүүлж чаддаггүй “гадны” гэсэн хоёр том зөрчилтэй нийгэм. Өнөөдөр энэ нийгэм энэ хоёр том зөрчилдөө “идэгдээд” дуусаж байна гэсэн үг. Үүнийг товчоор “Иргэний нийгэм” гэсэн цоо шинэ тогтолцоо урган соёолж байна гэж ойлгож болно. Занданшатар гишүүний Монголд инноваци болгон нэвтрүүлж буй “Зөвшөлцөх ардчилал”-ын мөн чанар нь үнэндээ “Иргэний нийгэм” шүү дээ. Ямааг яаж ч янзалж нэрлээд тэмээ болохгүй биз дээ. Гэхдээ өнөөдөр нэр нэг их ач холбогдолтой зүйл биш. Иймээс монголчуудыг маш сайхан маргааш хүлээж байна гэж хэлж болно. Учир нь Монголын Засаг, иргэн хоёр нэг зүгт харчихлаа. Ерөнхийлөгч ялангуяа УИХ-ыг “пүү, паа” гээд байх юм үндсэндээ алга.

У.Хүрэлсүх Ерөнхий сайд болохдоо юу гэж хэллээ. Одоо юу хийж байна.Цэвэрлэх байгууламж, чөлөөт бүс, нефтийн үйлдвэр гээд олон жилийн үлгэрүүд бодит ажил болж байна. Монгол, Орос, Хятад, Америкийн харилцааг нэг бүтэн шатаар ахиулчихлаа. Энэ чинь монголчууд үйлдвэрлэсэн бараагаа эдгээр улсуудын худалдан авах өндөр чадвартай том зах зээлд татваргүй экспортлох маш том боломж. Визний хөнгөлөлт, хөнгөлөлттэй зээл, технологи, буцалтгүй тусламж бусад улсаас илүүтэй Монголд шууд орж ирэх боломж. Бас бидэнтэй ижил бусад улс монголчуудтай барьцаж чадахгүй боллоо гэсэн үг. Ч.Хүрэлбаатар сайд л гэхэд жинхэнэ баатрын зангараг гаргаж дээгүүр суудалтай “Цагаан захтнуудын идэж, уудаг замууд”-ыг хааж ганц жилийн дотор л улсынхаа төсвийг алдагдалгүй болгочихлоо. Манай үе үеийн ГЯЯ үнэхээр сайн ажиллаж байсан. Гэхдээ Д.Цогтбаатар сайд бүр шилдгийн шилдэг нь юм байна. Ганц жишээ хэлэхэд Аргентин улс руу монголчуудыг визгүй зорчдог болголоо. Аргентин гэдэг чинь бэлчээрийн мал, махны бизнесийн дэлхийн тэргүүн технологи гэсэн үг шүү дээ. Одоо бид энэ улсад очиж технологийг нь инноваци болгох л үлдлээ. Ц.Нямдорж сайдыг яаж ч муулсан иргэдийн дунд нэр хүнд нь нэмэгдэнэ үү гэхээс буурахгүй байна. Энэ чинь иргэд, улсынхаа төлөө гэсэн түүний сэтгэл, зүтгэл, эрсдэл даах чадварынх нь үр дүн шүү дээ. Маш товчоор монголчууд хөгжиж буй улсаас хөгжингүй улс болох нь тов тодорхой болчихлоо гэсэн үг. Харин явц нь Г.Занданшатар сайдын “Зөвшөлцөх ардчилал”-ыг нийгмийн бүх салбарт хэрхэн хурдан, зөв хэвшүүлэх вэ гэдгээс шууд хамаарах болчихоод байна. Учир нь монголчууд Швейцарьт ийм байхад бид ийм байна гэдэг үнэхээр “зовхи нь өөдөө” ард түмэн. Ер нь ний нуугүй хэлэхэд монголчууд шууд дээд боловсролтой төрдөг дэлхийн орь ганц үндэстэн. Биднээс өөр түүхэндээ өлсөж үхэж байгаагүй ард түмэн алга. Түүхийн аль ч үед өөрсөдтэйгөө адилхан байгаа бусад улсуудаас байнга илүү байж чаддаг. Бусдыг эзэлсэн ч, эрхэнд нь орж эрх мэдлээ багасгасан ч эе эвийг эрхэмлэж чаддаг. Өнөөдөр 240 тусгаар улсаас бидэн шиг бусадтайгаа эвтэй байгаа улс, үндэстэнг үзээд өгье гэсэн ч алга. Өнөөдөр шиг ийм олон улстай найрсаг харьцаатай байсан түүх Монголын өөрийнх нь түүхэнд ч байгаагүй байх юм. Ядаж л дөрвөн зүг найман зовхист монголчууд шиг газар нутгийн маргаангүй улсыг хайгаад хайгаад олдохгүй байна. Монгол цэргүүд харуулд гарч байгаа үед л НҮБ-ын Энхийг сахиулагчид тайван, амгалан байж чаддаг гэцгээн дэлхийгээр нэг шаагиж байна. Гуравхан сая монголчуудаас ихэр охин очоод, тэрбум дөрвөн зуун гучин сая хүнээс шалгарсан эрэгтэй хүүхдийг дундаа оруулан дэлхийд оюун ухаанаараа тэргүүлж, Геннисийн номд бүртгэгддэг та бидэн шиг ард түмэн энэ бөмбөрцөг дээр л лав алга. Тэрбум 400 саяыг нь болъё яршиг. Үлдсэн 30 саяыг нь гуравхан сая монголтойгоо харьцуулаад хар даа. Үүнийг л төрөлхийн дээд боловсрол гэхгүй юм бол тэгээд өөр юуг дээд боловсрол гэх билээ. Бидний Швейцарт ийм байхад бид ийм муу байна гэдэг өөдрөг араншингаас болоод л муухай байгаа юм шиг мэдээлэл тараад байгаа болохоос биш монголчууд бид үнэхээр сайн байгаа шүү. Ер нь “Болж бүтэхгүй байна гэдэг гуниж гутрах бус харин ч баярлах ёстой зүйл. Яагаад гэвэл энэ нь болж бүтэхийн эхний алхам. Харин болж бүтэж байна гэдэг ерөөс баярлах бус харин ч болгоомжлох ёстой зүйл. Яагаад гэвэл энэ нь болж бүтэхгүй болохын эхний алхам” гэдгийг монгол хүн бүр байнга санаж явмаар санагддаг. Учир нь үүнийг ойлгосон хүн өөрсдийн муу муухай, бусдын сайн сайхныг нууж хаалгүй үнэн мөнөөр нь хэлэх чадвартай болно. Ингэж гэмээ нь бид богино хугацаанд хөгжингүй улс болж, иргэн бүр сайн сайхан амьдарах үүд хаалга нээгдэнэ. Ер нь биологийн шинжлэх ухаанд болохгүй юм гэж байдаггүй юм. Харин болгох чадваргүй буюу оюуны өмчгүй хүмүүс гэж л бий. Монгол тэр аяараа биологи шүү дээ.Нямкаа гишүүний хэлдэгээр “Энэ нэг юм хэлээд байгаа биз”.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

5 цаг 40 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

5 цаг 40 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

5 цаг 40 мин
Эрчим хүчний үнэ нэмэгдлээ, одоо шинэ эх үүсвэр, хэмнэлтийн бодлого хэрэгтэй

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд яг өнөөдрийн байдлаар 928 гкал/цаг

5 цаг 40 мин
Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 100 жилээр юуг онцлов

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуул

5 цаг 40 мин
Тавантолгойг 100 жилээр “зуучилж” 17 хувийг нь хүртэх хүсэлд Төрийн шууд хэлэлцээр хясал болсон уу?

Улс төр заавал нэг шалтгаантай бужигнадаг. Тэр нь голдуу том төсөл, томоохон хулгай луйврыг хамгаалж үлдэхтэй холбоотой байдаг.

5 цаг 40 мин
“Чингис хаан” Олон улсын нисэх буудал хоёр сая дахь зорчигчоо хүлээн авлаа

2024 оны арвандүгээр сарын 25-нд Монгол Улсын агаарын тээврийн салбарын түүхэн

5 цаг 40 мин
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

15 цаг 50 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

15 цаг 52 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

15 цаг 53 мин