Д.ЭНХЭЭ
Алексей Осиповын www.kp.ru сайтад бичсэнийг орчуулан хүргэж байна.
Америкийн номын дэлгүүрүүд Дональд Трампын тухай янз бүрийн номоор дүүрчээ. Эдгээр номын зохиогчид үнэний хувьд их, бага ямар нэг хэмжээгээр Цагаан ордны эзний янз бүрийн балагтай паянгаас уудлан илчилдэг. Гэхдээ АНУ-ын Ерөнхийлөгчийн нэр хүндийг нэгмөсөн шаварт хутгахуйц айхтар сүрхий “бөмбөг тэслэх” хэмжээний зүйл хараахан гараагүй байна. Харин 75 настай, Пулитцерийн хошой шагналт, Америкийн нэртэй сэтгүүлчдийн нэг Боб Вудвордын явуулсан мөрдлөг онцолж үзүүштэй байж болох юм. Тэрээр 1974 онд илрүүлсэн баримтаараа Ричард Никсоныг огцроход хүргэсэн нэгэн билээ. Одоо харин Трампын ээлж болсон юм биш байгаа даа.
Түүний бичсэн “Айдас: Цагаан ордон дахь Трамп” ном есдүгээр сарын 11-нд худалдаанд гармагцаа Америкийн ном борлуулдаг томоохон сүлжээний Barnes and Noble дэлгүүрүүдэд үдээс өмнө гэхэд зарагдаж дуусчээ. Яаралтай нэмэлт захиалга хийхэд хүрсэн байна.
Номоо бичихийн тулд ерөнхийлөгчийн захиргааны өндөр дээд албан тушаалын, түүний дотор одоо ажиллахаа больчихсон хүмүүстэй олон цагийн турш уулзсан ярианы бичлэгт тулгуурласнаа зохиогч нотолж байгаа аж. “NBC” телевизийн сувагтай ярилцахдаа тэрээр “Ерөнхийлөгч хүн болж байгаа үйл явдлын бодит байдлаас ийм хол хөндий тасарсан байхыг би өмнө хэзээ ч харж байгаагүй” хэмээн гал дээр тос нэмжээ.
Номын талаар Цагаан ордны хэвлэлийн алба мэдээжээр тэр даруйд нь л энэ бол “зохиомол баримтын цуглуулга” хэмээн буруутгав. Харин Трамп шүүхэд гомдол гаргах санаатай байгаагаа өөрийн твиттерт “Хэн нэгэн хүн бодит байдлаас огт өөр хүнийг дүрсэлж, байхгүй юмыг бий болгон өгүүлэл, ном зохиож бичих нь гунигтай биш гэж үү. Тэгээд үүнийхээ төлөө ямар ч шийтгэл хүлээхгүй шүү...” гэжээ. Энэ нь ч ойлгомжтой. Вудвордын мөрдлөг АНУ-ын засаглал дахь хямралыг биш юм гэхэд Цагаан ордон дахь дэндүү эмх замбараагүй байдлыг гэрчилж байгаа нь яаж ч түүнд аятайхан байх билээ.
Номын зарим хэсгээс танилцуулъя.
(Гурван цэгийн оронд (...) – тэр чигээрээ эвгүй муухай үг хэллэг бий. –“КП”.)
АСАДЫГ ХӨНӨӨ
“Түүнийг хөнөөцгөөе. (...)! Алив (...) хөдлөөрэй! Тэднийг (...) бүгдий нь хөнөөцгөөе”, хэмээн Сирид болсон химийн халдлагын тухай, гол буруутан нь Башар Асад гэж илтгэсэн Пентагоны удирдагч Жеймс Мэттис рүү Трамп ийнхүү хашгирчээ. Тушаалыг нэн даруй ёсоор болгохоо улсынхаа тэргүүнд Мэттис амлаад, утсаа тавимагц туслахдаа (адъютантад) “Ийм юм бид огт хийхгүй шүү. Бид илүү нухацтай бодож байж үйлдэнэ” гэжээ. Харин Солонгосын асуудлыг хэлэлцсэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааны дараа ажиллагсдад хандаж Мэттис “Ерөнхийлөгч дунд сургуулийн 5-6 дугаар ангийн хүүхэд шиг л бодож сэтгэх юм” хэмээн өгүүлжээ.
БИЧИГ БАРИМТЫГ ХУЛГАЙЛЖЭЭ
Өмнөд Солонгостой хийсэн худалдааны хэлэлцээрийг дангаар цуцлах шийдвэрийнхээ талаар Трамп зарлажээ. Үүнтэй холбоотой баримт бичгийг боловсруулж бэлтгэсэн боловч хожим нь ... уг баримт бичгийг Трампын ажлын ширээн дээрээс түүний эдийн засгийн ерөнхий зөвлөх асан Гэри Кон хулгайлж авсан байна. Сөүлтэй эдийн засгийн болон гадаад улс төрийн харилцааны хямралд орох вий хэмээн сэргийлэх үүднээс үүнийг үйлдсэн аж. Трамп алга болсон бичиг баримтыг ч эрж хайсангүй, гаргасан шийдвэрийнхээ талаар дахиж санаа ч үгүй байна.
“ЗОХИОЛЧИЙН АВЬЯАС”
Өөрийнхөө санаа бодлыг бараг өдөр бүр твиттерээр илэрхийлэхдээ Трамп нэг удаагийн мэдээллийн дээд хэмжээг нийгмийн сүлжээ хоёр дахин их болгоно (280 тэмдэгт хүртэл) хэмээн ойлгож “Энэ бол сайн хэрэг. Гэхдээ би 140 тэмдэгт бүхий Эрнест Хемингуэй байгаа нь жаахан тийм байна” гэжээ. Үндэсний аюулгүй байдлын шинжээчдийн үнэлгээгээр Трампын твиттер-аккаунт дэлхийд дайн дэгдээж ч мэдэх аж.
ДООД ТУШААЛТНУУДДАА ХАНДАХ ХАНДЛАГА
“Энэ залуу оюуны хомсдолтой юм байна. Өмнө зүгийнхний байдаг л нэг мулгуу. Өөрийнхөө Алабамад тэр хөдөөгийн өмгөөлөгч ч болж чадахгүй байсан даа” ийм аман тодорхойлолтыг АНУ-ын ерөнхий прокурор Жефф Сешнс Трампаас авчээ. Цагаан ордны аппаратын удирдагч Райан Прибасын авьяас чадварын үнэлгээ бүр товчхон “Хөл дор холхисон өчүүхэн харх”.
АЖИЛТНУУДЫН САНАА БОДОЛ
“Түүнийг (Трампыг. – “КП”) итгүүлж үнэмшүүлнэ гэдэг бүтэшгүй зүйл. Тэр ёстой “буруу ишилсэн сүх шиг”. Бид ч солиорсон юм шиг л уур амьсгалд амьдарч байна даа” хэмээн Цагаан ордны аппаратын удирдагч Жон Келли халаглаж байна. Вудворд түүнээс авсан бас нэг эшлэл “Энэ бол галзуугийн байшин л гэсэн үг. Яах гэж бид энд байгаагаа ч би мэдэхгүй байна. Энэ бол миний амьдрал дахь хамгийн муу ажил”. Цагаан ордны аппаратын нарийн бичгийн дарга Роб Портер түүний хэлснийг давтаж “Энэ бол ерөнхийлөгчийн засаглал биш ээ. Энэ бол Цагаан ордон ч биш. Энэ бол одоо байгаа чигээрээ ганц л хүн” гэжээ.
“Өнөөдрийн Цагаан ордон бол нэг ширээний ард цугласан махчингууд. Ханаар тусгаарлаагүй амьтны хүрээлэнд могой, харх, шонхор шувуу, аварга загас, далайн нохойг оруулбал тун таагүй цуст зодоон болох байх” хэмээн Райнс Прибус дүгнэж хэлжээ.
ҮҮГЭЭР БҮХ ЗҮЙЛ ДУУСААГҮЙ
Номоо нийтэд гаргасны дараа хэрэв шүүхээр асуудал шийдэгдэхэд хүрвэл номонд дурдсан баримт нэг бүрийг баталгаажуулсан уулзалт ярианы мянга мянган хуудас дэлгэрэнгүй тэмдэглэл, дуу бичлэгийг дэлгэхэд бэлэн хэмээн Боб Вудворд мэдэгджээ. Мөн тэрээр гар бичмэлийг хэвлэлд шилжүүлсний дараа ерөнхийлөгчийн санаачилгаар Трамптай утсаар ярьсан ярианы дэлгэрэнгүй тайлбарыг нийтэлжээ. Трамптай нухацтай ярилцалгүйгээр номоо гаргахыг Вудворд зохистой гэж үзээгүй. Түүний нарийн бичгийн даргатай уулзаж ярилцах хүсэлтээ олон удаа илгээсэн боловч бүгдэд нь татгалзсан хариу авчээ. Утсаар ярилцахад Вудвордын хүсэлтийн талаар Трампад огт танилцуулаагүй болох нь тодорхой болжээ.
Аравдугаар 2-нд болох Трампын эсрэг дуулианы үргэлжлэлийг Цагаан ордны эзэн яаж хүлээж авах нь сонин байх. Порно жүжигчин Стефани Клиффордын өгүүлснээр чухам энэ өдөр түүний бичсэн “Бүрэн дүүрэн илчлэл” хэмээх ном худалдаанд гарах ажээ. Зохиолч болж мэргэжлээ сольсон Клиффорд номондоо 10 жилийн өмнө болж өнгөрсөн Трамптай холбоотой янаг амрагийн явдлаа илчилж бичсэн юм байна.
Хэсэгхэн хугацааны өмнө Цагаан ордны ажилтан байсан бүсгүйн бичсэн Трампын тухай дуулиан тарьсан дурсамж ном гарсан билээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ерөнхийлөгч Трампын тухай дуулиан тарьсан шинэ ном АНУ-д гарчээ
2018-09-26
Нийтэлсэн: Админ
 1 мин