Х.ОЮУНБОЛД
“Пусси Риот” оросын панк хөгжмийн хамтлаг ерөнхийлөгч Владимир Путин олон улсын хүний эрхийг зөрчиж байгааг мэдэгдэхийн тулд ОХУ-д болсон хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр Хорват, Францын тоглолтыг үймүүлж шуугиан тарьж байлаа. Тухайн үед зохион байгуулагчид тэднийг хүч хэрэглэн тоглолтын талбайгаас гаргасан. Одоогоор хамтлагийн гишүүн Петр Верзилов Берлиний эмнэлэгт эмчлүүлж байна. Түүнийг эмчилж байгаа Берлиний эмнэлгийн эмч нар “хордсон байх магадлалтай” гэж үзжээ. “Шарите” эмнэлгийн эмч Кай Убэ Экардт “Одоогоор бид хийсэн шинжилгээний үр дүн болон Москвагийн эмч нарын өгсөн мэдээллээс үзвэл түүнийг хордуулсан байх магадлалтай” гэв. Учир нь Петр Верзиловыг өнгөрсөн долоо хоногт Москвад эмнэлэгт хордуулсан байж болзошгүй гэсэн оноштойгоор хэвтүүлсэн байна. Түүний найз бүсгүй Ника Никулшина эхлээд Петр Верзилов харах, ярих болон хөдлөх чадвараа алдсанаас гадна таталт өгч эхэлсэн. Харин ухаан орсных нь дараа Берлиний эмнэлэгт яаралтай шилжүүлснээр өнгөрсөн бямба гаригт Германд ирсэн” гэв. Тэнд хэдэн өдөр тусгай өрөөнд хоносных нь дараа түүнийг эмчилж байгаа эмч нар, өвчтөний биеийн байдлыг сайжруулна гэжээ. Эмнэлгийн дарга Карл Маркс Эйнхаупл “Түүний бие өдрөөс өдөрт сайжирч байна. Амь насанд нь аюулгүй болж ухаан орсон ч эрчимт эмчилгээний тасагт хяналтад байгаа гэж ярьжээ. 30 настай Канад болон ОХУ-ын давхар иргэншилтэй Петр Верзиловыг хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр үйлдсэн хэргийнх нь улмаас орон нутгийн эрх баригчид баривчилж 15 хоног шоронд хорьсон юм. Тэрээр хоёр сарын дараа шүүхэд очих ёстой байсан ч очоогүй. Үүнээс хойш долоо хоногийн дараа бие нь муудсанаар Москвагийн эмнэлэгт хэвтсэн юм. Дараа нь түүний бие муудсан шалтгааныг тодорхойлох болон аюулгүй байдлаа хангахаар Германд очсон байна. Түүний эхнэр байсан хамтлагийн гишүүн Надежда Толоконникова Германы “The Bild” сонинд өгсөн ярилцлагадаа “Петр Верзиловын амь насыг хөнөөхийг зорьж хордуулсан” гэж ярьжээ.Эрчимт эмчилгээний тасагт тав хоносны дараа ухаан орсон Петр Верзиловыг найзууд, гэр бүлийнхэн нь “Энхтайвны төлөө кино” сангийн дэмжлэгтэйгээр Москвагаас Берлин рүү шилжүүлсэн байна.Хамтлагийн ахлагчийн зүгээс хийсэн мэдэгдэл нь Их Британийн Солсбери хотод Оросын тагнуулч асан Сергей Скрипаль болон охиныг нь хоёр орос хүн хордуулсан гэж Английн Засгийн газраас буруушааж байгаатай давхацжээ.
Гэвч ОХУ-ын Засгийн газар энэ хэрэгт оролцсоноо үгүйсгэсэн байна. Дашрамд дурдахад Петр Верзилов ОХУ-д төрж Канадад хүүхэд насаа өнгөрүүлсэн. Харин ОХУ-д дээд боловсрол эзэмшихээр буцаж ирсэн. Гэхдээ “Пусси Риот” хамтлаг байгуулагдсанаас хойш тэрээр хамтлагийн албан бус хэвлэлийн төлөөлөгчийн үүргийг гүйцэтгэж байв. Түүнчлэн ОХУ-д 2012 онд ерөнхийлөгч Владимир Путины Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаалд оролцож хамтлагийнхаа хоёр гишүүнтэй баривчлагдан саатуулагдаж байжээ. Энэ талаар АНУ-ын “New Yorker” сэтгүүлийн сэтгүүлч Маша Гессенийн бичсэнээр хамтлагийн гишүүн Надежда Толоконникова, Мариа Алехина нар баривчлагдаж хоёр жил шоронд суусан байна. Харин Верзиловт саяхан тохиолдсон асуудлын талаар сэтгүүлч бичихдээ “Тэр хамтлагийнхаа хоёр гишүүнд хорих ял оноосон тогтоолыг сонсохоор дагаж явсан гэдгийг би мэднэ. Тэнд түүний бие муудсан. Энэ явдал энэ сарын 6-нд болсон. Үүнээс хойш бид түүнтэй холбоо барьж чадаагүй” гэжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Петр Верзиловыг хордуулсан байж магадгүй гэв
2018-09-20
Нийтэлсэн: Админ
 1 мин