
С.УЯНГА
Өнгөрсөн амралтын өдөр Дулааны IV цахилгаан станцад осол гарч нийслэлчүүд цахилгаангүй өнжсөн юм. Энэ талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн өчигдөр тайлбар өглөө.
-Нийслэлчүүд нэг өдөр цахилгаангүй өнжлөө. Эрчим хүчний салбарт шинэчлэл хэрэгтэйг харуулав уу?
-Энэ явдал манай эрчим хүчний систем бие даасан систем биш гэдгийг харууллаа. ТЭЦ-IV дээр осол гарахад бүгд зогсож байна. Үүнийг савалт гэдэг. Дулааны IV цахилгаан станцад өнгөрсөн хавар мөн осол гарсан. Аюулгүй ажиллагааг хангаж чадаагүй ерөнхий инженертэй нь хариуцлага тооцох талаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт албан бичиг хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариуцлага тооцоогүй байтал ийнхүү дахин том гэмтэл гарлаа. Тиймээс станцуудыг яамны мэдэлд авч, яам хариуцлагаа хүлээдэг болж, бие даасан эрчим хүчний системтэй байх нь чухал.
Эрчим хүчний сүлжээнд ийм савалт үүсэх учраас салхины эрчим хүчийг хязгаарлаж, Багануурын цахилгаан станцыг 150 мВт-тай байлгах шаардлага тавьсан. Наргүй болж, салхи зогсоход эрчим хүч дагаад унана. Багануур 350 мВт-аар баригдвал тэр станцад доголдол гарахад одоогийнх шиг бүх систем дагаад унах учраас эсэргүүцээд байгаа юм. Тиймээс яаралтай усан цахилгаан станцаа эрчимжүүлэх хэрэгтэй. Усан цахилгаан станцтай байсан бол бид товчлуур дараад л эрчим хүчээр хангах байсан.
Бие даасан эрчим хүчний системтэй болохын тулд усан цахилгаан станцын төслүүдээ хурдан хийх хэрэгтэй. Амгаланг 50 мгвт, ТЭЦ-3-ыг 75 мгвт-аар өргөтгөх шаардлагатай. Боломж ч хангалттай бий. Гэтэл саяын ослоор дөрвөн цагийн турш галлаж байж генераторыг дахин ажиллуулсан. ОХУ-ын нөөц шугамтай тулдаа л хэрэглээг зохицуулж байна.
-Та салбарын сайдын хувьд энэ ажлуудыг хийх ёстой биш үү?
-Бид яриад, хийгээд л явж байна. Жишээ нь, бид нарны эрчим хүчний 21 компанийн ажлыг зогсооход над руу дайрч байна шүү дээ. Би нэг ширхэг ч лиценз олгоогүй. Миний өмнөх хүмүүс 1500 мВт-ын зөвшөөрөл өгчихсөн байгаа юм. Нар, салхины эрчим хүч 300 мВт-аас дээш хэтэрч болохгүй учраас зогсоосон. Багануурыг мөн зогсоосон. 350 мВт-ыг 150, 150 болго гэхэд эсэргүүцээд л байгаа.
-Ослын шалтгааныг тодруулж, бүрэн засварлаж дууссан уу?
-Ослоос үүдэн хоёр генератор дээр гэмтэл гарсан. Түүнийг нь нягталж үзэх ёстой. Өнөөдөр гурван генератор ажиллаж байна. Маргааш дөрөв дэх генераторыг ажиллуулна. Уг нь сая ТЭЦ-4 дээр дөрвөн генераторыг өргөтгөх ажил эхэлчихсэн, ОХУ-ын мэргэжилтнүүд ирчихсэн ажиллаж байтал харамсалтай нь ийм осол боллоо. Тийм болохоор шинэчлэлийн ажлыг зогсоохоос өөр аргагүй боллоо.
-Хэдий хэмжээний хохирол учраад байна вэ?
-Тодорхойлоход түвэгтэй. Жишээ нь, талх үйлдвэрлэж байсан газар 2-3 цаг саатахаар тэр болгон хохирол болж таарна. Станцын хувьд тоног төхөөрөмж гэмтсэн асуудал байхгүй учраас дотоод боломжоо ашиглан асуудлыг шийдэж байгаа.
-Хүйтний улиралд эрчим хүчний хэрэглээ нэмэгддэг. Цаашдын аюулгүй, найдвартай үйл ажиллагааг хэрхэн хангах вэ. Дахин ийм осол гарах эрсдэл бий юү?
-Дахин ийм осол гаргахгүйн төлөө ажиллах ёстой. Хүйтний улиралд ийм зүйл болбол Улаанбаатар хөлдөнө. Тиймээс л цэгцлэх гээд байна. Техникийн хувьд шинэчлэх шаардлага байгаа учраас бид ОХУ-аас зээл аваад, дөрвөн генераторын засварыг эхлүүлж байсан юм. Гэтэл ийм осол болсон тул өвлийн ачааллыг давахын тулд засвар шинэчлэлийг түр зогсоохоос аргагүй боллоо. Генераторуудын насжилтын хугацаа дууссан.
-Гэмтлийн шалтгааныг урьдчилсан байдлаар тогтоосон уу?
-Хүний буруутай үйл ажиллагаанаас болсон. Тиймээс би удирдлагуудыг нь яамныхаа мэдэлд авмаар байна гээд байгаа юм. Учир нь үүнээс болж мэргэжлийн бус хүмүүс салбарыг удирдаж, хариуцлага хүлээхгүй яваад ийм байдалд хүргэлээ.
-Эрчим хүчний салбарт цаашид ямар ажлууд хийх вэ?
-Яамны зүгээс нар салхины эрчим хүчний асуудлыг цэгцэлнэ. Нар салхины станцын хүчин чадлыг 300 МВт-аас дээш хэзээ ч байж болохгүй. Их ачаалал тавьснаар наргүй болсон үед ийм төрлийн осол гарвал юу болох вэ гэдгийг бодох хэрэгтэй. Тиймээс бид бие даасан эрчим хүчний системтэй болохын тулд усан цахилгаан станцын төслүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Мөн Багануурын станцыг шинэчлэх ажлыг хийнэ. Багануурт байж боломгүй хүчин чадалтай генератор тавиад баахан ачаалал үүрүүлчихвэл доголдол гарах эрсдэл үүснэ. Дээр нь эрчим хүчний салбарын төрийн өмчийн байгууллагуудын эрх мэдлийг яаман дээрээ авах ажлыг хийх хэрэгтэй. Эрчим хүчний салбарт доголдол гарлаа гэхэд олон нийтийн зүгээс сайд болон яамыг буруутгадаг. Гэтэл тэр компаниудын удирдлагыг томилдог, баталдаг бүх эрх мэдэл нь Төрийн өмчийн хороонд байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин