
Р.ОЮУН
“Herbalife Nutrition” компанийн Шим тэжээлийн зөвлөлийн гишүүн, хүний их эмч, доктор Жулиан Альварез Гарсияатай ярилцлаа.
-Ярилцлагынхаа эхэнд спортын анагаах ухааны талаар асуухыг хүсч байна. Спортын анагаах ухаан гэж юу болох, хэрхэн хөгжүүлэх ёстой вэ?
-Спортын анагаах ухаан гэдэг нь дасгал хөдөлгөөнтэй холбоотой бүх зүйлийг хамардаг гэж хэлж болно. Нөгөө талаараа дасгал хөдөлгөөн нь хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байна, эрүүл мэндтэй хөдөлгөөн хэрхэн холбоотой байна вэ гэдгийг судалдаг. Мөн дасгал, хөдөлгөөн хийснээр хүний эрүүл мэндийг хэрхэн сайжруулах вэ гэдгийг судалдаг өргөн хүрээг хамарсан анагаах ухааны салбар.
-Тамирчдын хооллолт, спортын эмчилгээ, тэмцээний үеэрх бэртэл гэмтлийн үед шим тэжээлийг хэрхэн нөхөх ёстой вэ. Шинжлэх ухааны үндэслэлтэй судалсан зүйл байдаг уу?
-Ялангуяа, тамирчдын дасгал хөдөлгөөн, спорт, зөв зохистой хооллолт, шим тэжээлийн талаар хийсэн шинжлэх ухааны олон судалгаа бий. Зөв зохистой хооллолт гэдэг нь маш динамик зүйл байдаг. Хүн бүрийн онцлогт нь зориулж гаргасан. Энэ нь тухайн хүний биеийн жин, хэр их идэвхтэй амьдралын хэв маягтай, хэр их дасгал хөдөлгөөн хийдэг юм, эрүүл мэндийн ямар асуудалтай вэ гэдгээс хамаарч хүн бүрт зориулсан хоолны дэглэм өөр байдаг. Тухайлбал, чихрийн шижинтэй хүн гэхэд чихэр их агуулсан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж болохгүй гэдэг. Тухайлбал, хоол, хүнсийг тухайн хүний хийж байгаа дасгал хөдөлгөөн, амьдралын хэв маягтай уялдуулж зохицуулах хэрэгтэй байдаг. Ялангуяа, тэмцээнд орж байгаа мэргэжлийн тамирчдын хувьд тусгайлан өөрсдийнх нь биед зориулж боловсруулсан тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүн болон хоол хүнсийг хэрэглэдэг. Тамирчид гэмтэл бэртэл авах тохиолдол гардаг. Энэ үеэр хэрэглэх хоол, хүнсээс авах шим тэжээл нь өөр байна. Яагаад гэвэл тэр хүн өмнө нь шахуу бэлтгэлтэй байсан бол тэр өдөр авах илчлэгийн хэмжээ өөр байсан. Гэтэл гэмтэл бэртэл аваад дасгалаа хийж чадахгүй байгаа үед өмнөхтэйгөө адилхан илчлэгтэй хоол, хүнс хэрэглэж болохгүй. Тиймээс хоолныхоо хэмжээг өөрчлөхөөс гадна гаднаас авах шим тэжээлт бодисуудынхоо хэмжээг өөрчилж, нэмэгдүүлэх шаардлага гардаг.
-Спортын анагаах ухааныг зөвхөн тамирчидтай холбохоос илүү ЕБС, их, дээд сургуулийн хичээлийн хөтөлбөрт оруулж бусад хичээлтэй хэрхэн уялдуулах вэ. Бусад орны сайн туршлагаас хуваалцаж болох уу?
-Спортын анагаах ухааныг их, дээд сургуулийн хичээлийн хөтөлбөрт оруулж, уялдуулах гэдэг бол чухал. Ялангуяа, орчин үеийн нийгэмд зөвхөн Монгол Улс ч гэлтгүй дэлхий нийтээр хүмүүс суугаа ажил их хийдэг болсон. Монгол Улсын хувьд өмнө нь малаа хариулаад идэвхтэй амьдардаг байсан бол одоо хүн амын ихэнх нь суугаа ажил хийдэг болсон учраас идэвхтэй амьдрах, дасгал хөдөлгөөн хийх нь чухал. Бага, дунд сургуульд биеийн тамирын хичээлийг сургалтын хөтөлбөрт оруулж өгсөн байдаг. Долоо хоногт тодорхой цагаар биеийн тамирын хичээлд хамрагддаг. Зөвхөн биеийн тамирын хичээл ороод жаахан дасгал хийлгэж, сагс тоглуулахаас гадна боловсрол гэдэг үг маань явж байх ёстой. Зөвхөн хичээл хийгээд зогсохгүй. Яагаад цаашид амьдралынхаа туршид амьдралын зөв хэв маягийг хадгалж явах ёстой юм бэ гэдэг боловсролыг хүүхдүүдэд олгож байх ёстой. Үүнээс гадна зөв зохистой хооллолт, шим тэжээлт хүнсний талаар боловсрол олгох нь чухал. Тухайлбал, Испанид хэд хэдэн хотод бага насны хүүхдүүдийг бага наснаас нь эхлээд зөв зохистой хоол, хүнс хэрэглүүлж сургахад туслах сургалтыг зохион байгуулсан. Хүүхдүүдийг дагуулаад зах, дэлгүүрээр явж хоол, хүнсний зүйл худалдаж аваад ямар хоолонд хэрэглэж болох, ямар хоол, хүнснээс татгалзаж байх ёстой юм бэ гэдгийг заагаад төлөвшүүлээд өгчихвөл цаашид багаасаа сурсан зүйлээ үлдсэн амьдралынхаа туршид хэвшил болгоод зөв зохистой хооллоод, дасгал хөдөлгөөн хийгээд амьдралын зөв хэв маягаа хадгалаад явахад их чухал байдаг. Тиймээс багаас нь эхлэх хэрэгтэй.
[caption id="attachment_45944" align="alignnone" width="645"]
Жулиан Альварез Гарсияа спортын хэд хэдэн төрлийг сонирхож хичээллэдэг.[/caption]
-Эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийг бүрдүүлэхэд хүнс, тэжээлийн талаарх боловсрол чухал гэлээ. Тэгвэл жингээ хасч, хоолоо багасгахын хэрээр хүний бие махбодийн тэжээл алдагддаг. Үүнийг хэрхэн нөхөх ёстой вэ?
-Дэлхий нийтээр өмнөх зуунуудад өлсгөлөн их түгээмэл байсан. XIХ, XX, XXI зуунд үйлдвэрлэл хөгжихийн хэрээр хүнсний хангамж нэмэгдсэн. Зарим улсад хоол, хүнсний хангамж хэрэгцээнээс давсан байгаа. Гэхдээ орчин үеийн хоол, хүнсийг боловсруулж байгаа арга барил нь хүний биед хэрэгтэй шим тэжээлт бодисоор тааруухан хэрнээ өндөр илчлэгтэй байх тохиолдол байдаг. Өөрийн биед шаардагдах шим тэжээлт бодисыг авахын тулд илүү их калоритой, илчлэгтэй хүнс хэрэглэх шаардлагатай болдог. Тиймээс жингийн илүүдэлтэй хүн их байгаа ч жин ихтэй хэрнээ хэрэгцээтэй шим тэжээлт бодисоо авч чадаж байна уу гэхээр ихэнх нь үгүй байдаг. Жингээ хасаагүй байгаа хүмүүс ч гэсэн тодорхой чухал шим тэжээлийн дутагдалтай байх тохиолдол бий. Тиймээс хамгийн түрүүнд хоол, хүнсээ зөв тохируулахын тулд биед хэрэгтэй шим тэжээлт бодисоор баялаг хоол, хүнсийг түлхүү хэрэглэхийг хичээх хэрэгтэй. Үүнд сайн чанарын мах, загасны мах, төрөл бүрийн жимс, хүнсний ногоо, мөн хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүдийг хослуулан хэрэглэж болно. Сүүлийн үед хүмүүс яагаад хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүдийг үндсэн хоол, хүнсэндээ нэмж хэрэглэж байна вэ гэвэл өдрийн турш идэж байгаа хоол, хүнснээсээ шаардлагатай шим тэжээлтэй бодисоо авч чадаж байна уу гэдэгт хүмүүс эргэлздэг болсон учраас нэмэлт бүтээгдэхүүнүүдийг хэрэглэдэг болсон. Тухайлбал, өглөөд нэг шейк уух, өдрийн турш төрөл бүрийн витамин, аминдэмүүдийг хэрэглэдэг хүн олон байдаг. Жин хасах зарим хөтөлбөр, зарим хоол, хүнсийг шейкээр орлуулахыг санал болгодог. Тухайн шейк нь энгийн хоол, хүнстэй харьцуулахад бага илчлэгтэй хэрнээ хэрэгцээтэй шим тэжээлт бодисуудыг агуулсан байдаг учраас жингээ хасч байгаа хүмүүст багш, мэргэжилтнүүд зөвлөдөг.
-Эрүүл амьдралын хэв маягийг хэрхэн хэвшүүлэх талаар туршлагаасаа хуваалцахгүй юу?
-Эрүүл мэнд бидэнд төрөхөөс маань өгөгдсөн зүйл биш. Бид амьдралынхаа турш эрүүл байхын тулд зорилго тавиад түүнийхээ төлөө өөрсдөө хичээл зүтгэл гаргаж байх ёстой. Өдөр бүр эрүүл байхын тулд өөртөө цаг гаргах хэрэгтэй. ДЭМБ-ын зүгээс эрүүл мэндийн тодорхойлолт гаргасан байдаг. Түүнийг уншихад эрүүл мэнд гэдэг бол хүн бүр өдөр болгон цаг гаргаж, хичээж байж олж авдаг зүйл гэж бичсэн байдаг. Дадал, хэвшил болгох гэдэг маш чухал. Миний хувьд зөвлөх зүйл бол өглөө бүр сэрдэг цагаасаа 20-30 минутын өмнө босоод өлөн дээрээ хөнгөн дасгал хийгээрэй. Үүний дараа шим тэжээлтэй өглөөний цайг заавал уух хэрэгтэй. Ингэсэн байхад тэр өдрийн турш сэтгэл ханамжтай, стрессгүй, өдөр, оройн хоолоо гээд идэх зүйлээ бодож, сонголтоо хийдэг болно. Харин өглөөний цайгаа ууж амжихгүй, стресстэй гарангуут өдөржингөө стрессдэж гүйсээр байгаад нэг мэдэхэд орой болсон байдаг. Тиймээс өдөр бүр тодорхой хэмжээгээр дасгал хөдөлгөөн хийх, өглөө уураг, эслэг, сайн нүүрс усны агууламжтай чанартай цай ууж байх тал дээр анхаарах хэрэгтэй гэж зөвлөх байна.
-Илүүдэл жин зөвхөн бүсгүйчүүдийн асуудал байхаа болиод удаж байна. Сүүлийн үед бүх нийтээрээ таргалалтад сэтгэл зовж байна. Тэр хэрээр өндөр зардал гардаг. Жингээ эрүүлээр хасахыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хэрхэн авч үздэг вэ. Өөрөөр хэлбэл, богино хугацаанд хэрхэн үр дүнтэй турах вэ?
-Сонирхолтой, чухал асуулт байна. Шинжлэх ухааны судалгаанууд чухал том ололтуудыг нээсэн байна. Энэ нь хүмүүс идээд байдаг учраас тарган биш, тарган болохоороо идээд байдаг. Хүн таргалаад биед хуримтлагдсан өөхний хэмжээ нэмэгдэхийн хэрээр их иддэг болно. Ийм хүмүүст за одоо хоолоо багасгах хэрэгтэй гэж хэлэхээр дагаж мөрдөх хэцүү байдаг. Яагаад гэвэл их идмээр байгаа учраас идээд байгаа юм биш. Цаанаасаа өлсөөд, бие нь хоол нэхээд байгаа учраас иддэг. Тиймээс үүнд анхаарах хэрэгтэй. Гол шалтгаан нь стресс. Хүн их ачаалалтай, стресстэй болохоор юу идэхээ сайн бодохгүйгээр гартаа тааралдсан болгоноо авч идэх тохиолдол гардаг. Үүнээсээ болж жин нэмэх, таргалалт үүсэх нөхцөл бүрддэг. Тэгэхээр жингээ хасч, туръя гэж бодож байгаа үед хамгийн түрүүнд амьдралын хэв маягаа дэглэмд оруулах хэрэгтэй. Хүн өөрөө дэглэмийн амьтан гэж хэлж болно. Өглөө тогтмол цагт босч дасгалаа хийгээд араас нь сайн чанартай, шим тэжээлтэй өглөөний цайгаа ууна. Өдрийн хоолны үед хийж байгаа ажлаа зогсоогоод сайхан тайвшраад өдөр болон оройн хоолоо тогтмол цагт идэхэд бие маань өөрөө дэглэмд ороход ходоод агшаад турах үйл явц явагддаг байгаа. Заримдаа ажлын ачаалалтай үед өглөө, өдрийн цайгаа ууж амжихгүй тохиолдолд шим тэжээлээр баялаг шейкээ найруулаад уучихвал бага илчлэгтэй хэрнээ зөв зохистой хооллоно гэсэн үг.
-Та ямар спортоор хичээллэдэг, мөн компанийнхаа ямар бүтээгдэхүүнийг хэрэглэдэг вэ. Өөрийнхөө нэг өдрийн дасгал хөдөлгөөн, хооллолтоос хуваалцахгүй юу?
-Би спортын хэд хэдэн төрлийг сонирхож хичээллэдэг. Тухайлбал, сэлүүрт завины багийн спортоор хичээллэдэг. Багтайгаа тэмцээн уралдаанд их оролцдог. Үүнээс гадна триатлоны тэмцээнд ордог. Триатлон нь усанд сэлэлт, гүйлт, дугуй уналт гэсэн төрлөөс бүрддэг. Үүний хажуугаар фитнесст явдаг. Би өглөө босоод сэлүүрт завины спортын хөдөлгөөнийг дууриалгаж хийсэн фитнессийн төхөөрөмж байдаг. Энэ төхөөрөмж дээр дасгалаа хийнэ эсвэл дугуй унана, хэдэн минут гүйдэг. Дасгал хийснийхээ дараа өглөөний цайгаа ууна. Миний өглөөний цайнд “Herbalife Nutrition” компанийн маань Формула1 шейк байдаг. Яагаад үүнийг хэрэглэдэг вэ гэвэл маш хурдан хугацаанд ямар ч шингэнд найруулан ууж болдог. Гэхдээ тодорхой, онцлог тохиолдлоосоо шалтгаалаад өөр байж болно. Тухайлбал, сүүнд нэг халбагыг найруулдаг бол усанд арай илүү найруулна. Эсвэл шейкээ уусны дараа удаан хугацаагаар дасгал хийх бол жүүсэнд найруулж ууж болно. Яагаад гэвэл жүүс маань нүүрс усны агууламж өндөр учраас дараа нь удаан энергиэ хадгалж дасгал хийхэд хэрэгтэй. Шейкээ уусны дараа нэмэлтээр омега 3 болон витамины комплекс уудаг. Гадаадад томилолтоор явж байгаа тохиолдолд мөн л энэ дэглэмээ алдагдуулахгүй байхыг хичээдэг. Өнөөдөр өглөө 05:30 цагт босоод зочид буудлынхаа фитнесс зааланд дасгалаа хийсэн. Үүний дараа сунгалт хийх чухал байдаг. Булчингаа амрааж дасгал хийгээд шейкээ найруулж уусан. Хэрэв гэртээ байвал орой ажлаа тарж ирчихээд фитнесс зааланд хичээллэх ч юм уу эсвэл гэртээ байдаг сэлүүрт завьны дасгал хийдэг. Амралтын өдрүүдээр гадаа агаарт дасгал хийдэг байгаа. Өөрийнхөө хэлж, ярьдаг зүйлийг хэрэгжүүлэхийг хүсдэг учраас зөв зохистой хооллолт, дасгал хөдөлгөөнөө өдөр тутамдаа мөрдөхийг хичээдэг.
-Монголд айлчлах хугацаандаа ямар арга хэмжээнд оролцож, эрүүл амьдралын хэв маягийн талаар ямар ажил хийв?
-Монгол Улсад хийж байгаа томилолтоороо олон үйл ажиллагааг хийхээр төлөвлөсөн байгаа. Тухайлбал, Монголын ард түмэнд эрүүл зохистой амьдралын хэв маяг ямар чухал юм бэ гэдэг талаар мэдээлэл өгөхөд хэвлэл мэдээллийн хэрэгсэл маань чухал үүрэг гүйцэтгэдэг. Хэвлэл мэдээллээр дамжуулж хүмүүс мэдээлэл олж авдаг учраас таньтай уулзаад сууж байгаа нь бас их учиртай. Хүмүүст зөв зохистой мэдээллийг хүргэхэд оролцож байгаад танай хамт олонд баярлалаа гэж хэлмээр байна. Өнөөдөр телевизийн нэвтрүүлэгт орж зөв зохистой хооллолт, шим тэжээл, дасгал хөдөлгөөний талаар ярьсан. Мөн хэд хэдэн телевиз, сонины ярилцлагад орно. Ингэснээр олон хүнийг хамарч мэдээлэл маань хүрэх болов уу гэж бодож байгаа. Хоёр дахь айлчлалын зорилго нь мэргэжлийн хүмүүстэй спортын анагаах ухааны чиглэлээр сургалт, семинар зохион байгуулахаар төлөвлөсөн. Тухайлбал, Монголын хөлбөмбөгийн холбооны эмч, мэргэжилтнүүдтэй сургалт, семинар зохион байгуулна. “Herbalife Nutrition” компанийн шим тэжээлийн албан ёсны түншээр ажилладаг “Эрчим” багийнхантай уулзаж, тэдэнтэй зөв зохистой хооллолт, дасгал хөдөлгөөн, спортын гэмтлийн талаар мэдээлэл өгнө. “Эрчим” багийнхан манай компанийн бүтээгдэхүүнийг хэрэглээд хэдэн жил болж байна. Гуравдугаарт, “Herbalife Nutrition” компанийн гишүүдтэй хоёр өдөр сургалт зохион байгуулахаар төлөвлөсөн байгаа. Өмнөх ирэлтээрээ “Herbalife Nutrition” компанийн гишүүдэд дотоод сургалт зохион байгуулж 1000 гаруй гишүүн сургалтад оролцсон байгаа. Энэ сургалтаар хүмүүст эрүүл зөв зохистой амьдралын хэв маягийг хэвшүүлэхэд нь гишүүд маань хэрхэн тусалж чадах вэ. Хүмүүст яаж дасгал хөдөлгөөн хийхэд нь зааж, зөвлөж байх ёстой, зөв зохистой өглөөний цайгаа уух, Herbalife-ийн бүтээгдэхүүнийг яаж зөв зохистой хэрэглэх, ямар мэдээллийг хүмүүст өгөх ёстой юм бэ гэдэг талаар сургалт явуулна. Herbalife-ийн нэг онцлог нь хүмүүст мэдээллийг хүргэхэд ганцаараа зүтгэх их хэцүү учраас хүмүүс бие биедээ туслаад баг болж хамтарч ажиллахад үр дүнд хүрэх нь илүү байдаг.
-Таны одоо эрхэлдэг ажил буюу Аликанте их сургуулийн фитнессийн тусгай хөтөлбөрийн талаар асуухыг хүсч байна?
-Аликанте их сургуулийн фитнессийн тусгай хөтөлбөрөөр хүмүүсийн дунд идэвхтэй амьдралын хэв маягийг бий болгохын тулд тэднийг сургадага сургагч багш нарыг бэлтгэх хөтөлбөр гэсэн үг. Сургагч багш нар маань цаашид аэрбикийн чиглэлээр спининг, хувийн фитнессийн дасгалжуулагчаар ажиллах хүмүүс байж болно. Энэ хүмүүс цаашид иргэдийг сургах болохоор эхлээд өөрсдөө зөв зохистой хооллолт, эрүүл амьдралын хэв маягийн талаар сайн мэдлэгтэй байх ёстой. Ялангуяа, дасгал хөдөлгөөн хийж байгаагүй хүн эхэллээ гэхэд яаж бага багаар хөнгөн дасгал хийж байгаад хэрхэн шат ахиулах вэ. Ямар давтамжтайгаар яаж шат ахиулах ёстой вэ. Миний хэлдэг хамгийн чухал зүйл бол хүмүүсийг сонгосон фитнессийн төрлөөрөө тууштай хичээллэхэд нь анхаарах. Сурагчид маань “Бид юун дээр илүү анхаарах ёстой вэ” гэж асуудаг. Тэгэхээр нь хамгийн гол анхаарах зүйл нь маргааш дахин тэр дасгалаа хийдэг байх хэрэгтэй. Яагаад гэвэл амьдралынхаа хэвшил, дадал болгох нь хэцүү байдаг болохоор маргааш тэр хүн чинь дуртай эргэж ирээд дасгалаа хийдэг байх нь хамгийн чухал гэж хэлдэг. Яагаад гэвэл аливаа нэг дасгал хөдөлгөөн хийж байгаа нь ял үүрч байгаа биш өөртөө дуртай зүйлийг хийх хэрэгтэй.
-Та манай уншигчдад хандаж зөвлөгөө өгнө үү?
-Юуны өмнө олон нийтэд энэ мэдээллийг хүргэхэд оролцож байгаад баярлалаа гэж хэлмээр байна. Сонин болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгсэл зөвхөн дуулиан шуугиантай мэдээ, мэдээлэл рүү анхаарал хандуулахаас гадна олон нийтэд эрүүл зохистой амьдралын боловсрол олгох чиглэлээр ажиллах нь зүйтэй гэж боддог. Хүмүүс мэдээллээ хэвлэл мэдээллийн хэрэгслээс авдаг. Миний хэлэх гэсэн мессеж бол хүн бүр өөрийн амьдралын эзэн байж жолоодож чадна. Орчин үед суугаа ажил давамгайлдаг болсон. Олдож байгаа хоол, хүнс маань ийм юм чинь гэж бууж өгч болохгүй. Ямар ч орчин, нөхцөлд амьдарч байсан хүн бүр өөрийнхөө төлөө цагаа зориулаад хийж чадах зүйл байдаг. Хамгийн гол нь өөртөө итгэх хэрэгтэй. Өөрийгөө зоригжуулаад хийхэд урам өгөх хүн хэрэгтэй байж магадгүй. “Herbalife Nutrition” компанийн гишүүд маань энэ ажлыг хийдэг гэж хэлж болно. Зөв зохистой хооллолт, хүнс тэжээл хэрэглэх, дасгал хөдөлгөөнийг зөвхөн тамирчид, спортын хүмүүст хамааралтай зүйл гэж битгий ойлгоорой. Хүн бүр үүнд анхаарлаа хандуулж өөрийнхөө амьдралыг өөрчлөх боломжтой.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
