Д.Сүндий: Улсаа хөгжүүлнэ гэвэл өрсөлдөөнт зах зээлийг бий болго

2018-09-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ОЮУНЧИМЭГ Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж байгаа билээ. Тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэж байна. Энэ удаагийн зочноор“Нэт капитал” санхүүгийн нэгдлийн ТУЗ-ийн дарга Д.Сүндийг урилаа.   ЦАРЦСАН ХӨГЖЛИЙГ ГЭСГЭЭХИЙН ТУЛД...   -Ардчилсан хувьсгалд шилжээд 30 жил болох гэж байна. Гэтэл сүүлийн 10 жилд зогсонги маягтай болчихлоо. Энэ нь зургаан хүчин зүйлээс хамааралтай гэж үздэг. 1990-ээд оны үед улсын эдийн засгийг худалдаа эрхлэгчид авч явсан гэж болно. Тухайн үед худалдаа эрхлэгчдээ дэмжин өмч хувьчлалыг хийсэн байдаг. Одоогийн томоохон бизнес эрхлэгчид хувийн өмчтэй болсон хэрэг. Үүний дараагаар газар өмчлүүлж эхэлсэн нь мөн л хувийн өмчийг дэмжих бодлого байсан болов уу. Газартай болсон компаниуд барилга барьж эхэлсэн нь барилгажилтыг дэмжсэн бодлого байсан. Ингээд тусгай зөвшөөрөл, лиценз олгож эхэлснээр аж ахуйн нэгжүүдийг дүрмийн дагуу тоглох заавар байсан гэж болно. Өөрөөр хэлбэл, салбар бүрт үйл ажиллагаа эрхлэх компаниуд тусгай зөвшөөрлөөр ажиллах эрхээ баталгаажуулж байлаа. Түүний дараагаар уул уурхайн бизнес хөгжиж эхэлсэн. Энэ салбарын хөгжлийн нэг хэсэг нь гадаадын хөрөнгө оруулалт байсан юм. Эдгээр нь нийлснээр эдийн засгийг хүчтэй хөдөлгөгч хүч болсон хэрэг. Энэ хугацаанд эдийн засаг ч өсч, хүмүүсийн хэрэглээ, амьжиргааны төвшин ч өөрчлөгдсөн. Харамсалтай нь гадаадын хөрөнгө оруулалт орж ирснээс хойшхи хугацаанд эдийн засгийн эргэлт саарч царцсан байдалд шилжсэнийг бид харж байна. Энэ нь шинэ төсөл хэрэгжихгүй байгаатай холбоотой. Өөрөөр хэлбэл, Монгол Улс байгалийн баялгаа түшиглэн хөгжих учиртай хэмээн тодорхойлж байгаа ч шинээр төсөл хөтөлбөр хэрэгжихгүй байна. Хайгуул, судалгаа хийх боломжийг нь боомилсонтой шууд холбоотой гэж хардаг. Одоогийн бидний ашиглаж байгаа том уурхайнууд өмнөх нийгмийн үед илрүүлж байсан орд газрууд. Гэхдээ олон улсын стандартад нийцсэн нарийн судалгаа шинжилгээ хийгдээгүй байсныг хүн бүр мэдэж байгаа. Нөгөөтэйгүүр, гадны хөрөнгө оруулагчид орж ирэхгүй байгаагийн нэг шалтгаан нь түрүүлж орж ирсэн хөрөнгө оруулагчид тухайн зах зээлийг хүмүүсийн анхаарлын төвд оруулахын зэрэгцээ өөрийнхөө ашгийг хийчихсэн байдаг. Боломж байгаа юм байна гэдэг мэдээллийн дагуу орж ирсэн дараагийн хөрөнгө оруулагчдад маш бага боломж бий учраас сэтгэл дундуур байгаа хэрэг. Энэ нь манай улсыг сонирхох томоохон хөрөнгө оруулагчдыг эргэлзэхэд хүргэх шалтгаан гэж болно. Энэ тохиолдолд монголчууд юу хийх ёстой вэ гэвэл, орлогоо нэмэгдүүлэхэд анхаарах учиртай. Учир нь нэг тавагнаас бялуугаа хувааж идэх болсон нь муудалцах гол үндэс болж байна. Тодруулбал, хэн нь том зүсмийг авах вэ гэдэг тулаан явж буй хэрэг. Хэрэв, тухайн бялуунаас тал зүсмийг авчихаад түүнийг бүтэн бялуу болгох боломж зах зээл дээр байгаа бол ийнхүү муудалцах шалтгаан байхгүй. Тэгэхээр бялуугаа томруулж чадахгүй байгаагаас үүдэн “зодоон” үүсч байгаа юм. Энэ байдлыг сааруулахын тулд нийгмийн зөвшилцлийг бий болгох учиртай.   ТЭГШ БОЛОМЖ БА НИЙГМИЙН ДАВХАРГА

БЛИЦ

Доржрэнцэнгийн Сүндий ТӨГССӨН СУРГУУЛЬ: ШУТИС, ХоМТС АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
  • 2009 оноос одоог хүртэл: “Нэткапитал санхүүгийн групп” үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга
  • 2017-2018 он: Грейпсити технологийн группын ТУЗ-ийн дарга
  • 2008-2010 он: ХХМТГ, Ахлах мэргэжилтэн, Албаны даргын орлогч
  • 2008-2009 он: МТҮП, ТУЗ-ийн гишүүн
  • 2006-2008 он: ХХМТГ, Бизнес хөгжил хариуцсан мэргэжилтэн.
  • 2005-2006 он: “Зи Ти И” корпораци, Төслийн менежер
  • 2004-2005 он: Герман, Берлин, DIA Labor, Эрдэм шинжилгээний ажилтан
  • 2002-2004 он: Худалдаа хөгжлийн банк, программ зохиогч, системийн эрхлэгч
СОНГУУЛЬТ АЖИЛ:
  • 2012-2017 он: Монголын банк бус санхүүгийн байгууллагын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн
  • 2015 он: Дорноговь аймгийн нутгийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүн
  • 2015 он: Дорноговь клубын ерөнхийлөгч
  • 2016 он: Дорноговь аймгийн Морин спорт уяачдын холбооны дэд тэргүүн
Гадаад хэл: Англи
-Нийгмийн давхаргыг ялгааг баян, ядуу гэдгээр хэмждэггүй. Аливаа улсын хөгжилд дорвитой хувь нэмэр оруулдаг хэсэг нь тухайн орны оюунлаг элит давхаргынхан байдаг. Гэтэл манай улсад оюунлаг элит давхарга байхгүй болсон гэхэд хилсдэхгүй. Өөрөөр хэлбэл, нийгмийн боломжоос сүүлдэж хүртсэн, тэгш бус өрсөлдөөнд оролцож буй хэсгийг өнөөгийн элит давхаргынхангадуурхаж эхэлсэн. Магадгүй хатуу сонсогдож болох ч бодит үнэн. Нийгмийн өрсөлдөөн хэрхэн явдаг вэ гэвэл, түрүүлж боломжийг хүртсэн хэсэг нь дараагийнхдаа зааж сургахын сацуу ажлын байраар хангах, соёл, суртахуунд сургахад чиглэн ажиллаж дэмжих учиртай. Хэрэв боломж бүх хүнд тэгш байдаг бол нийгмийн давхаргын ялгаа гарахгүй. Тодруулбал, Доржид гадаад, Бат дотоодын сургуульд сурчээ. Энэ залуус яг ижил мэргэжлээр суралцсан. Гэхдээ ажлын байранд гарч ирэх үед Дорж удирдах албан тушаал хаших боломжийг олсон бол Бат түүний удирдлага дор ажиллах болжээ. Хэдийгээр нас, бие чацуу, мэдсэн сурсан нь ижил боловч хоёр өөр албан тушаал хаших болсон нь тухайн хүний сайн муу суралцсанаас болоогүй. Өөрөөр хэлбэл, Дорж гадаад хэл сурсан давуу талаа ашиглан даргын алба хаших болсноороо хариуцлагыг үүрэх чадвартай болж буй хэрэг. Гэтэл одоогийн нийгэмд үүсч буй нөхцөл байдлаас харвал, бидний элит давхарга, боловсролтой удирдагч хэмээн санаж буй хүмүүс оюуны мухардалд орчихсон байгаа харамсалтай зүйл. Нийгмийн хөгжилд түүчээлэн, соён гэгээрүүлэх их үйлсэд зүтгэх учиртай хүмүүс чадамжгүй байгаа нь нийгмийн завхралыг бий болгодог учраас үүнээс сэргийлэх ёстой. Нөгөөтэйгүүр, аливаад цаг хугацааны ялгаа зайлшгүй гардаг. Хэрэв бид нийгмээ өөрчилж, улсаа хөгжүүлнэ гэвэл үүнийг тооцоолох нь зүйтэй. 1980, 1990-ээд оны залуус энэ цаг үед хүчтэй гарч ирснээр нийгэмд өөрчлөлт гарна гэж боддог. 6-7 жилийн өмнөөс эхлэн залуус гарааны бизнес эрхлэх болсон. Гэхдээ эдийн засаг, нийгмийн байдлаас шалтгаалан туйлдах, цөхрөх хандлага ажиглагдаж байна. Үүний сөрөг үр дагавар нь улсаа хөгжүүлэх шинэ үеийн залуус шантрах байдал анзаарагдаж байгаа юм. Тэгэхээр бид улсаа хөгжүүлж дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай болохын тулд тодорхой бодлогыг төрөөс хэрэгжүүлэх нь зүйтэй.   ӨРСӨЛДӨӨНГҮЙ ЗАХ ЗЭЭЛ БА ХӨГЖЛИЙН ГАЦАА   -Бизнесийг дараагийн шатанд оруулахын тулд өрсөлдөөн хэрэгтэй. Гэтэл манай улсын бизнесийн салбарт монопол байдал давамгайлах болсон нь эдийн засгийн эргэлтийг гацаах суурь шалтгаан болж байна. Хэрэв бид улсаа хөгжүүлнэ гэвэл, өрсөлдөөнт зах зээлийг бий болгох ёстой. Зах зээлийн нийгэмд шилжсэн цагаас хойш бизнес эрхэлж эхэлсэн. Анх тухайн бизнесийг эхлүүлсэн хүн өөрөө захирал болж удирддаг байсан. Үүний дараагаар хөрөнгө оруулагч гүйцэтгэх захирал томилон ажиллуулах болсноор нэг алхам дэвшсэн юм. Одоо бид өрсөлдөөнт зах зээлийг бий болгохыг зорьж хөрөнгө оруулалтыг төгс утгаар нь бий болгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, тухайн салбарт хөрөнгө оруулалт хийж компани үүсгэн байгуулсан бол бүх зүйлийг чадвартай, мэдлэгтэй боловсон хүчнээр удирдуулах ёстой гэсэн үг. Ингэснээр хөрөнгө оруулагчийн хөрөнгө өсөхийн зэрэгцээ бизнест өрсөлдөөн бий болно. Жишээлбэл, газрын тосны магнат Рокфеллер тухайн үеийн ерөнхийлөгчийн улс төрийн бодлого шүүхийн шийдвэрээр “Стандарт ойл” компаниа задалж өөрөө хөрөнгө оруулагч болсон. Ингэснээр давуу эрхтэй байснаасаа ч илүү ашиг олсон байдаг. Монопол байхын сул тал нь бүтэц томрохын хэрээр гарч буй зардлыг бүтээгдэхүүнийхээ үнэд шингээнэ. Энэ нь борлуулалтад нөлөөлснөөр хүртэх ашиг буурна. Манай улсын хувьд энэ байдал барилгын салбарт илүү ажиглагдсан. Нэг ам метр талбайг 1.5-аас дээш сая төгрөгөөр үнэлсэн. Гэтэл бодит үнэ нь нэг сая төгрөг байх боломж бий. Орон сууцны үнэ өсөхтэй зэрэгцэн газар болоод барилгын түүхий эдийн үнэ өссөн. Мэдээж ажиллах хүчнийхээ хөлсийг өсгөсөн. Эцсийн дүндээ энэ нь төгрөгийн ханшийг сулруулах шалтгаан болсон юм шүү дээ. Америкт үл хөдлөх хөрөнгийн татвар нь энэ мэт хөдөлгөөнд ордоггүй барилгыг хөдөлгөх хөшүүрэг болдог юм. Хэрэв тухайн байшинг түрээслэх, борлуулах замаар ашиглахгүй бол татвар төлсөөр байна. Магадгүй энэ нь барилгад оруулсан хөрөнгөөс давж алдагдалд оруулах эрсдэлтэй. Тиймээс барилга барьсан бол түүнийгээ худалдаж борлуулах, түрээслэх зэргээр хөрөнгийн хурдан эргэлтэд оруулахаас өөр аргагүй болдог. Харин манай улсад байдал өөр. Зах зээл дээр борлуулагдаагүй олон барилга байсаар. Эзэд нь зах зээлийн үнээр борлуулах гэж төдийлөн мэрийхгүй эдийн засаг сайжрахыг хүлээж байх шиг. Энэ бүхэн эдийн засгийг эргэлтэд оруулж байдаг хөрөнгийн урсгалыг түгжих бас нэг шалтгаан болдог. Бид энэ мэт эрсдэлээс сэргийлж, өрсөлдөх чадварыг сайжруулахад анхаарах хэрэгтэй.   ТӨРИЙН ОРОЛЦОО БА ХҮНД СУРТАЛ   -Төрийн оролцоо гэдгийг зөв талаас нь харж, ойлгох ёстой. Бизнес болоод бусад салбарт төрийн оролцоо хэрэгтэй. Гэхдээ төр оролцохдоо бизнесийнхэнтэй зэрэгцээд компани байгуулан ажиллахыг хэлдэггүй. Харин тоглоомын дүрмийг нь тодорхой болгож, хяналт тавьж ажиллах учиртай. Өөрөөр хэлбэл, тухайн салбарынхан хууль дүрмийг биелүүлж байгаа эсэх. Түүнчлэн төрийн данхар бүтцийг багасгах хэрэгтэй. Хүнээс хэт хамааралтай байх тусам хүнд суртал байсаар л байна. Ер нь хүнд суртал бизнесийн салбарт хүнд цохилт болдог. Тиймээс улсын эдийн засгийг нуруундаа үүрч яваа бизнесийн салбарыг хөгжүүлэхийн тулд хүнд суртлыг арилгах ёстой. Үүний тулд төрийн албан хаагчдийн тоог бууруулах алхмыг хийх хэрэгтэй гэж боддог.   ЭДИЙН ЗАСАГ БА ЦУСНЫ ЭРГЭЛТ   -Таван ам бүлтэй айл байжээ. Хүн бүр өөр, өөр мэргэжилтэй. Гэвч тэнд ямар ч өрсөлдөөн байхгүй. Учир нь тэр айлд байх ганц эмчийг сайн эсвэл муу байгааг тодорхойлох аргагүй. Үүнтэй адилаар манай улс эдийн засгаа бэхжүүлэхийн тулд солонгоруулах хэрэгтэй гэдэгтэй санал нийлдэггүй. Миний дээр дурдсан жишээтэй адил хөгжиж дэвжихгүйгээр барахгүй бүр царцаж орхино. Тодруулбал, эдийн засагт мөнгө тасралтгүй эргэлдэж байх хэрэгтэй. Үүнд мөнгөний урсгал хамгийн чухал нөлөөлнө. Гэтэл өрсөлдөх чадваргүй эдийн засагт мөнгөний урсгал байхгүй шүү дээ. Нэг хэсэг үйлдвэрлэлийг хөгжүүлэх тухай ярьж бас тодорхой төслүүдийг хэрэгжүүлсэн. Гэхдээ энэ нь манай улсыг хөгжүүлэхгүй. Яагаад гэвэл, дэлхий нийтээр үйлдвэрлэлээс илүүтэй брэндинг зүйлд илүү анхаарлаа хандуулж байгаа. Бид чадвартай инженерүүдээ, боловсон хүчнээ ашиглан дэлхийн зах зээлд борлуулагдах боломжтой. Монголын үндэсний брэндийг бий болгохын төлөө ажиллах ёстой. Хүмүүсийн сайн мэдэх “APPLE” компани загвар болон техник, технологийн шинэ санаачлагыг Калифорнид байрлах төв байрандаа гаргадаг. Харин үйлдвэрлэлийг нь Хятад улсад хийж байна. Тэгэхээр бид брэнд хөгжүүлэхэд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Нөгөөтэйгүүр, брэндийг борлуулагдах эсэхийг нь тандалт судалгаагаар тодорхойлох учиртай. Бидний хувьд эхлээд бүтээгдэхүүнээ олноор үйлдвэрлэснийхээ дараа зарж, борлуулах тухай ярьдаг. Тэгвэл дэлхийн чиг хандлага эхлээд борлуулагдах эсэхийг нь тандасны эцэст үйлдвэрлэх эсэхээ шийддэг юм байна. XX, XXI зуунд үйлдвэрлэл эдийн засгийн хөшүүрэг байсан бол орчин цагт мэдээллийн технологид суурилсан программ хангамж илүү эрэлттэй байна. Манай залуус энэ салбарт дэлхийд танигдах хэмжээнд хүрч чадвартай болсон. Тиймээс бид энэ салбарт хүч түрэн гарч ирэх арга замыг эрэлхийлэх нь зүйтэй. Харин үүн дээр төрийн бодлогын дэмжлэг, хөшүүрэг хэрэгтэй болно.   ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖИЛ   -Санхүүгийн салбарын нэг багана нь хөрөнгийн зах зээл. Харин манай улсын хувьд энэ салбар маш сул хөгжилтэй. Америкийн хөрөнгийн захаас хувьцаа худалдаж авсан нэг тэрбумтан луйвардуулсан түүхий бий. Тухайн үед хувьцаа гаргагч маань хувьцаа эзэмшигчдээ огт хэлэхгүйгээр нэмэлт хувьцааг хэвлэсээр байсан юм билээ. Хэдийгээр энэ нь гэмт хэрэг боловч хөрөнгийн захад эргэлдэх мөнгөний хэмжээ өсөх хэрээр зохицуулалт нь улам нарийссан байдаг. Гэтэл Америкт олон жилийн турш засч сайжруулж ирсэн тоглоомын дүрмийг манай улсад суулгасан. Гэтэл энэ нь дөнгөж эхэлж буй зах зээлд таараагүй хэрэг. Өөрөөр хэлбэл, “Sonata”загварын машинд “Benz”-ийн моторыг суулгах гэж оролдвол огт таарахгүй. Үүнтэй агаар нэг зүйл. Хөрөнгийн захад тоглогчид мөнгөө хийгээд богино хугацаанд өсгөнө эсвэл алдаж болно. Гэвч энэ шинж чанарыг нь хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалж байна гээд хаачихсан. Тэгэхээр энэ захад орж тоглох сэдэл огт төрөхгүй. Энэ мэтчилэн аливаа зүйлд таарсан дүрэм журам үйлчилж өсч, хөгжих боломж бүрдэнэ. Тиймээс бид улсын эдийн засгийг чадавхитай байлгахын тулд бизнесийн орчноо дэмжих учиртай. Үүний тулд санхүүгийн салбарын хөгжлийг зөв зарчмаар ажиллуулж, хөшүүрэгдэх хэрэгтэй. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

6 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

9 цаг 43 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

12 цаг 44 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

12 цаг 57 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

14 цаг 3 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

14 цаг 4 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

20 цаг 23 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

20 цаг 23 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Уржигдар 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Уржигдар 15 цаг 31 мин