Ц.МЯГМАРБАЯР
“Монголдоо бүтээцгээе” булангийн энэ удаагийн дугаарт хонины нэхийг уламжлалт болон үйлдвэрийн аргаар элдэж зах зээлд нийлүүлж буй Д.Амарсайхан захиралтай “Их Мэргэн” компанийн үйл ажиллагааг онцолж байна.
Хонины нэхийгээр доторлож, гадарласан гарааш гэхээр хүн бүхэн сонирхож буй байх. Тэгвэл хог дээр хаягдсан хонины нэхийг үйлдвэрийн аргаар элдэж барилгын дулаалгын материал болгон өөрийнхөө автомашины гараашны дулаалгыг шийдвэрлэсэн “Их Мэргэн” компанийн захирал Д.Амаржаргал нь малчин айлын хүү. Тэрээр бага наснаасаа адуу, малтай ноцолдож өссөн нэгэн. Түүний аав арьс шир, сур, нэхий элдэх ажилд гаргууд нэгэн байсан аж. Алтны дэрэгдэх гууль шарлана гэгчээр арьс шир, нэхий элдэх уламжлалт аргуудыг гойд эзэмшжээ. Тэр эдүгээ зах зээлийн нийгэмд энд тэндгүй хаягдсан нэхий, арьс ширийг хараад буянт малынхаа үр шимийг ингэж ч алдах гэж хэмээн бодож харуусдаг байж. Аймгийн төвд жолооч байсан тэрээр хөдөө гарч мал маллаж эхэлснээс хойш арьс шир нэхийгээ элдэн гэрийнхээ туурга, дээвэр зэргийг хийж эхэлжээ. Нутгийнханаас нь элдсэн нэхийний захиалга ирэх болсноор үйлдвэрлэл эрхлэе хэмээн шийдсэн аж. Компаниа тэрээр энэ оны эхээр байгуулж улмаар ажлын байртай болжээ.
Хүүгээсээ гадна сумын ажилгүй гурван залууг ажилтнаар авч, тэдэнд нэхий элдэх аргаас зааж сургажээ. Эднийх гурван аргаар нэхийгээ элддэг юм байна. Уламжлалт арга болох тараг, хужир, шар сүү зэргийг хольж исэлдүүлсэн ганганд хийж зөөлрүүлэх. Мөн үйлдвэрийн арга болох тусгай зориулалтын машинд элдэх. Хүйтэн болохоос өмнө гурил, угаалгын нунтаг түрхэж сүүдэр газар хадаж уринд идүүлж зөөлрүүлэх зэргээр элдэж хагас боловсруулдаг ажээ. Ингэж зөөлрүүлсэн нэхийг элдэхгүйгээр гэрийн дээвэр, туурга, барилгын дулаалгын материал болгон ашигладаг ажээ. Хог дээр хаягдсан хаягдал нэхийг угааж цэвэрлэн элддэг учраас түүхий эдийн зардалгүй. Зөвхөн үйл ажиллагааны зардал гардаг. Тус цех өдөрт 20-30 нэхий элдэх хүчин чадалтай. Нэхий элдэх машинаа найз Отгонбаяраараа хийлгэсэн аж. Цаашид өдөрт 100-г элдэх боломжтой машин хийхээр ярьж байна хэмээсэн юм. Бэлэн болсон нэхийг 60-70 см хэмжээтэй зүсч оёод барилгын дулаалгын материал болгон нийлүүлдэг хэмээн Д.Амаржаргал хуучилсан. Өдөр бүр 10-15 элдсэн нэхий нийлүүлдэг. Мөн хувь хүмүүс дээл, хувцасны зориулалтаар элдүүлдэг бол сүүлийн үед арьс ширний үйлдвэрүүд сувинерийн бэлэг дурсгал хийх зориулалтаар захиалга өгдөг болжээ. Монгол үндэсний дээл, хувцас хийж гадаад руу гаргадаг гэнэ. Энэ жил 400-500 нэхий дарж нөөцлөөд урь идүүлээд хавар гаргаж ирэхээр төлөвлөжээ. Тэрээр өөрийнхөө машины гараашийг хонины нэхийгээр бүрсэн байв. Бүрэхдээ үсийг нь гадагш харуулдаг юм байна. Ингэснээр бороонд хонины үс нордоггүй онцлогтой. Хонины нэхийгээр бүрсэн гараашинд галлагаа, халаалт шаардлагагүй. Гадаа -40 хэм хүрч байсан ч гарааш дотор дулаахан байдаг аж. “Нэхий цэвэр эко барилгын дулаалгын материал болдог. Тиймээс манай компани Азийн хөгжлийн банкнаас олгож буй эрчим хүчний хэмнэлт авчрах төсөлд хамрагдахаар болсон. Мөн агаарын бохирдлыг бууруулахад нөлөөлнө. Нэхийний эрэлт хэрэгцээ их байна. Нөөцөлж чадахгүй байна. Нэг нэхийг зориулалтаас нь хамаараад 30-35 мянган төгрөгөөр борлуулдаг” гэж Д.Амаржаргал ярьсан юм. Тэрээр мөн “Өвлийн хүйтэнд Нарантуул зах дээр даарч байгаа хүмүүст торго шиг элдсэн нэхийгээ аваачиж өгнө гэж бодож байгаа. Хүмүүст буян болъёо. Хар багаасаа бодож, мөрөөдөж байсан ажлаа, ажил хэрэг болгосонд ах нь баяртай байгаа” гэж байв. Хогийг баялаг болгож байгаа туршлагаа ч харамгүй хуваалцана гэлээ. Угаалгын нутаг түрхсэн нэхийнд хорхой шавьж үрждэггүй гэдгийг тэр тодотгож байлаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин