Х.ОЮУНБОЛД
Эквадорын нийслэл Китод Латин-Америкийн 11 орны төлөөлөгч Венесуэльд нүүрлээд байгаа эдийн засгийн хямралын улмаас эх орноосоо дүрвээд байгаа иргэдийн тухай хэлэлцсэн байна. Тэд олон улсын байгууллага болон хандивлагч орнуудаас иргэдэд зориулж байгаа тусламжийг нэмэгдүүлэхийг хүсч байгаагаа уламжилсан Китогийн тунхаглалд гарын үсэг зуржээ. Баримтад дурдсанаар улс орон болон олон улсын мэргэжлийн байгууллагууд чухал үүрэг гүйцэтгэж байгааг хүлээн зөвшөөрсөн байна. Мөн Венесуэлээс Латин-Америкийн бусад орон руу дүрвэсэн хүмүүст шаардлагатай тусламжийн эд материалыг нэмэгдүүлэхийг уриалжээ. Түүнчлэн Венесуэлийн дүрвэгсэдтэй холбоотой энэ тунхаглалд хэлэлцээрт оролцсон орнууд Венесуэлиэс дүрвэхийг хүссэн иргэдэд паспорт, бусад шаардлагатай бичиг баримтыг яаралтай олгохыг тус улсын эрх баригчдаас шаардсан тухайгаа онцолсон байна. Үүнээс гадна “Китогийн тунхаглал”-ын 14-18 дугаар заалтад зааснаар “Хэлэлцээрт оролцсон орнууд өөрсдийн иргэддээ үйлчлэх зорилгоор хамтран ажиллахаар тохиролцсон. Мөн Венесуэльд үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлэхийн тулд тус улсын Засгийн газраас олон улсын хамтын байгууллага болон бусад оронтой хамтран ажиллахыг хүлээн зөвшөөрөхийг шаардаж байгаа юм байна. Тунхаглалд Аргентин, Бразил, Коста Рика, Колумби, Чили, Эквадор, Мексик, Панама,Прагвай, Перу болон Уругвай улс гарын үсэг зурсан байна. Харин Засгийн газраасаа тушаал заавар авсан Боливийн төлөөлөгч тунхаглалд гарын үсэг зурахаас татгалзаж Бүгд найрамдах Доминиканы төлөөлөгч эрүүл мэндийн асуудлын улмаас гарын үсэг зурсангүй гэж “El Comercio” сонинд бичжээ. Энэ хэлэлцээрт оролцсон орнууд Венесуэлийн дүрвэгсэдтэй холбоотой асуудлын ахиц хөгжлийг дүгнэж хэлэлцэх хоёр дахь удаагийн хурлыг арваннэгдүгээр сарын хоёр дахь долоо хоногт хийхээр төлөвлөсөн байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин