Б.ЭНХТУУЛ
“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжуудын талаар ярилцдаг билээ. Энэ удаа бид хичээлийн шинэ жил эхлэж байгаатай холбогдуулан дээд боловсролын хөгжлийн чиг хандлага, улсын тэргүүлэгч сургууль МУИС-ийн сургалтын бодлого шинэчлэл, багш, оюутны хөгжил, тэтгэлгээр суралцах боломжуудын талаар МУИС-ийн Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирал, доктор, профессор Ч.Ундрамыг урьж, ярилцлаа.
МУИС 76 ДАХЬ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛЭЭ УГТАЖ БАЙНА
-Юуны өмнө ярилцлагынхаа эхэнд Монголынхоо нийт багш, сурган хүмүүжүүлэгч, боловсролын салбарын ажилтнууд, оюутан, сурагч нартаа хичээлийн шинэ жилийн мэнд хүргэж, ажлын өндөр амжилт хүсье! МУИС нь Монгол Улсын ууган их сургууль, шинжлэх ухааны суурь салбаруудыг хамарсан сургалт, судалгааны төв бөгөөд энэ жил 76 дахь хичээлийн шинэ жилээ угтаж байна. Манайх 1000 орчим багш, 600 ажилтан, 20 000 оюутантай том айл болж, хүрээгээ тэлсээр байна.
Улаанбаатар хотод таван бүрэлдэхүүн сургуультай, Орхон, Завхан аймагт хоёр салбар сургуультай, нэг ахлах сургууль, 45 тэнхим, хоёр заах аргын нэгдэл, дөрвөн хүрээлэн, 14 төв, судалгааны 30 лаборатори, сургалтын 61 лабораторитой, материаллаг баазын хувьд багш, оюутнуудын ажиллах, сурах таатай орчныг бүрдүүлээд байна. Мөн энэ жил хичээлийн жилд элсэлтийн үйл ажиллагаагаа амжилттай зохион байгуулж, оюутныг чиглүүлэх сургалтаа хийж, хичээлийн байр, сургалтын танхимуудаа бэлдээд хичээлийн шинэ жилээ эхлэхэд бэлэн болоод байна.
Аж үйлдвэрийн дөрөвдүгээр үе эхлэхтэй уялдуулаад, боловсролын салбар бүх үе шатандаа шинэчлэл, сайжруулалт хийх шаардлагатай тулгараад байна. Боловсролын салбарт хамгийн чухал зүйл бол хөтөлбөр, түүнийг зохиож бас хэрэгжүүлж, үнэлж сайжруулах ажлыг гүйцэтгэдэг багш нарын чанарын асуудал бас чухал байдаг. Хөтөлбөрийг сайжруулаад хэрэгжүүлэхэд үр дүн нь урт хугацааны дараа гардаг. Жишээлбэл, Ерөнхий боловсролын сургуульд шинэ хөтөлбөр хэрэгжүүлэхэд эхний үр дүн нь 12 жилийн дараа уг хөтөлбөрөөр суралцаж дууссан төгсөгчдийн мэдлэг, ур чадвар, дадал, хүмүүжлийн төвшингөөс харагдана. Үүнтэй адил их сургуулиудын хувьд, 4-5 жилийн дараагаас үр дүн харагдаж эхэлдэг. Бид дөрвөн жилийн өмнө хөтөлбөрийн шинэчлэл хийж, либераль урлагийн уламжлалд суурилсан боловсролын системтэй болоод өнгөрсөн жил анхны төгсөлтөө хийсэн. Төгсөлтийн шалгалтын үеэр зарим тэнхимийн шалгалтын комиссоос ажиглагдсан өөрчлөлтийг асуухад оюутнуудын мэдлэг, чадвар мэдэгдэхүйц, жигд сайжирсан байгаад сэтгэл хангалуун байна гэсэн хариултыг өгч байв. Тиймээс цаашид бид төгсөгчдийнхөө ажлын байр болон ажил олгогчдоос хөдөлмөр эрхлэлтийн талаарх судалгааг авч шинэ хөтөлбөртөө дүгнэлт хийж, сайжруулах асуудлуудаа ярилцана.
МУИС-ийн хувьд, Азийн шилдэг 100 их сургуулийн нэг болно хэмээн Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогын бичиг баримтад Монгол Улсын дөрвөн их сургуулийг Азийн тэргүүлэх их сургуулиудын эгнээнд нэгдэнэ хэмээн тусгасан үүргийн дагуу зорилт тавин ажиллаж байна. Үүний хүрээнд стратегийн төлөвлөгөөгөө 2016 онд батлаад судалгаа, сургалт, нийгэмд үйлчлэх үйл ажиллагаа болон байгууллагын менежментийн гэсэн дөрвөн чиглэлээр төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Энэ хүрээнд сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны орчныг сайжруулах, багш нарын судалгааны ажлыг дэмжих, багшийн хөгжлийн хөтөлбөр боловсруулах, шилдэг оюутнуудыг элсүүлэх, сургалтын хөтөлбөрийн чанарын асуудлыг анхаарах, бодлогын судалгааг дэмжих, оюутны үйлчилгээг сайжруулах, улсын төсвийн санхүүжилтийг нэмэгдүүлэх, ISO 9001 стандарт нэвтрүүлэх гээд олон чухал ажлыг эхлүүлээд, хэрэгжүүлээд явж байна.
ШИНЭ ҮЕИЙН БОЛОВСОН ХҮЧИН ХЭР БЭЛТГЭГДЭЖ БАЙНА ВЭ? Бид 2014 онд хөтөлбөрийн шинэчлэл хийхдээ нийгэмд ямар хүн бэлдэх ёстой вэ гэсэн үүрэг, хариуцлагаа тодорхойлохоос эхэлсэн. Бид олон ургалч үзэлтэй, бүтээлч, байгаль, нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны өргөн мэдлэгтэй нарийн мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэх зорилгоор хөтөлбөрийн бүтэц, агуулгад томоохон өөрчлөлт хийж, либерал арт уламжлалд суурилсан боловсрол олгох болсон. Үүнтэйгээ уялдуулаад элсэлтийн бодлогоо ч өөрчилсөн. Өнөөдөр бид хөтөлбөрүүдээ улам сайжруулж чанаржуулах ажлыг Хөтөлбөр, чанарын хэлтэс, Багшийн хөгжлийн төв болон бусад үйл ажиллагаагаараа дэмжээд явж байна. Өнгөрсөн хичээлийн жилд манай программ хангамжийн хөтөлбөр ХБНГУ-ын “ASIIN” байгууллагаар магадлан итгэмжлэгдсэн бөгөөд манай Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн Мэдээлэл компьютерийн ухааны тэнхимийн хамт олон гайхалтай сайн ажилласны үр дүн юм. Энэ мэтээр тэнхим болгон сургалт, судалгааны чанартаа анхаарч ажиллаж байна. МУИС стратеги төлөвлөгөөнийхөө зорилтын хүрээнд Багшийн хөгжлийн төвийг 2016 онд байгуулаад багш нарт заах арга зүй, дидактикийн болон бусад шаардлагатай сургалтуудыг жил бүр зохион байгуулдаг болсон. Мөн 2018 онд Багшийн хөгжлийн хөтөлбөр боловсруулсан бөгөөд энэ хичээлийн жилээс эхлэн тус хөтөлбөрийн дагуу багш нараа дэмжих ажлыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөөд байна. Мөн 2014 оноос багш, ажилчдыг дэмжих зардал төсөвт суулгаж жил бүр багш нарын хөгжлийг дэмжихэд тэнхимийн саналын дагуу зарцуулж байна. Оюутны хөгжлийг дэмжих тал дээр академик үйл ажиллагаанаас гадна тэнхим, элсэлт, бүртгэлийн хэлтэс, оюутан, төгсөгчийн хэлтсээр дамжуулан олон төрлийн үйл ажиллагаа явуулж байна. Хөтөлбөр таниулах өдөрлөг, чиглүүлэх сургалт, эрүүл мэндийн үзлэг, үйлчилгээ, сургалт, олны танил амжилттай ажиллаж яваа мэргэжилтнүүдийн илтгэл, ярилцлага гээд хичээлийн жилийн турш оюутны холбоотойгоо хамтраад олон үйл ажиллагааг зохион байгуулдаг. Мөн оюутан, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлын хүрээнд томоохон аж үйлдвэр, компани, байгууллагуудад III, IV түвшний оюутнуудаа зочлуулан ажил олгогч болон ажлын байрны шаардлага, эрэлт хэрэгцээтэй танилцуулах, ажлын байртай болох, практик дадлага хийх боломжийг нэмэгдүүлэх арга хэмжээг зохион байгуулж байна. Мөн хэрхэн CV-гээ бичих, ажилд орох ярилцлагад хэрхэн бэлтгэх зэрэг сургалтуудад хамруулсан. Оюутнуудад гарааны бизнес эрхлэх сургалтыг Кембрижийн их сургуулийн хөтөлбөртэй дүйцэхүйц агуулгаар боловсруулж, МУИС-ийн Бизнесийн сургуулийн судлаач багш нар хичээлийг удирдан явуулж шилдэг бизнес эрхлэгч нар ментороор оролцсон онцлог үйл ажиллагааг зохион байгуулдаг болсон. Энэ ажлын хүрээнд оюутнуудаар төсөл бичүүлж, шалгарсанд нь санхүүжилт олгож байна. Энэ мэтчилэн багш, оюутан руу чиглэсэн шинэлэг, санаачилгатай ажлуудыг хэрэгжүүлэхийг манай баг хамт олон хичээн ажиллаж байна. “WEB OF SCIENCE”-Д БҮРТГЭЛТЭЙ БҮТЭЭЛИЙНХЭЭ ТООГООР УЛСДАА ТЭРГҮҮЛСЭЭР БАЙНА -МУИС нь судалгааны их сургууль болох зорилго тавин ажиллаж байгаа учраас энэ чиглэлээр багш нарыгаа дэмжих бодлого хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүний дагуу ч “Web of Science”-д бүртгэлтэй бүтээлийнхээ тоогоор улсдаа тэргүүлдэг болоод хэдэн жил болж байна. Судалгаа тогтмол хийдэг тэргүүлэх судлаачийн тоог нэмэгдүүлэх зорилгоор зочин судлаачийн грант, өндөр түвшний төсөл, залуу судлаачийг дэмжих болон профессор, дэд профессорын суурь зардлыг өөрсдийн дотоодын санхүүжилтээр олгодог. Мөн номын сангийн шинэ байранд маань 20 гаруй лабораториуд байрлан судалгаа хийж байна. Эрдэм шинжилгээ, судалгаа, гэрээт ажил, технологи дамжуулалт, инновацийн орлогыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд үндэсний болоод гадаад хамтын ажиллагааны хүрээнд нийт 3 тэрбум гаруй төгрөгийн өртөгтэй судалгааны ажлыг манай эрдэмтэн багш нар хийж байна. Мөн гарааны компаниуд байгуулагдаад эхэлсэн. Эрдэмтэн багш нар маань эхнээсээ шинэ бараа бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлж байгааг хараад өөрийн эрхгүй бахархаж байна. Энд онцлон дурдахад манай Ж.Батхүү профессорын батганы эсрэг тос худалдаанд гарсан байгаа. Монгол хүний батганы үүсгүүрийг судалж, түүнд тохирох тос гарган аваад бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэсэн. МУИС-ийн брэнд дэлгүүрт ч зарагдаж байгаа байх. МУИС-ИЙН ТӨСӨВ ХЭРХЭН ЗАРЦУУЛАГДДАГ ВЭ? -МУИС-ийн Удирдах зөвлөлийн хуралдааны шийдвэрээр сургалтын төлбөрийг бид долдугаар сард өөрчлөн тогтоосон. Сүүлийн хэдэн жил инфляцийн түвшинд хүртэл сургалтын төлбөрийг өсгөөгүй, суурь хураамжийг байхгүй болгож зарим хөтөлбөрүүдээр төлбөр буурч байсан гэдгийг онцлон хэлье. Энэ удаад сургалтын төлбөрөө хөтөлбөрийн бүтэц, онцлогтой уялдуулж өөрчилсөн бөгөөд зарим нэг сургуулийн сургалтын төлбөр нь тодорхой хэмжээгээр буурч зарим нь өссөн. Сүүлийн жилүүдэд оюутны дотуур байрны төлбөрийг тогтвортой байлгаж байгаа. МУИС-ийн үйл ажиллагаа өндөр өртөгтэй гэдгийг оюутан, олон нийт ойлгох хэрэгтэй. Бид өндөр өртөгтэй лабораториуд байгуулж байна, тэнд хэрэглэгдэж байгаа химийн урвалж бодисуудаас авахуулаад тоног төхөөрөмж бүгд үнэтэй. Багш нарын судалгаандаа хэрэглэж байгаа ном, эрдэм шинжилгээний бүтээлүүд, тэдний цалин гээд зардал өндөртэй. Мөн 1946 оноос авахуулаад ашиглалтад орсон барилгуудын насжилт өндөр болж урсгал засварт өндөр зардал гаргадаг. Бид сургалт, судалгааныхаа чанарыг нэмэгдүүлэх, оюутны сурч, амьдарч байгаа орчин болоод багш нарын оюуны хөдөлмөрөө эрхэлж байгаа орчныг сайжруулах, шилдэг оюутнуудыг сурахад дэмжлэг үзүүлэх, оюутнуудыг ном товхимол, бусад шаардлагатай зүйлсээр хангах, сургалтын тоног төхөөрөмжөө илүү сайжруулахад чиглэн хөрөнгөө зарцуулдаг. Манай оюутнуудын төлөөлөл Төлөөлөн удирдах зөвлөлд байдаг бөгөөд мэдээллийг тухай бүрт нь авч байдаг. МУИС нь, сургалтын цар хүрээгээ тэлэх, сургалтын орчноо сайжруулахад анхаарч томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг эхлээд явж байна. Өнгөрсөн жил МУИС-ийн Номын сангийн шинэ барилга ашиглалтад орсныг хүмүүс мэдэж байгаа байх. Бидний хувьд МУИС-ийн багш, үе үеийн удирдлагууд болон санхүүгийн баг бүрэлдэхүүний хүчин чармайлтаар ийм сайхан барилгатай болсондоо бахархаж байгаа. Тус хичээлийн жилд хичээлийн 6 дугаар байрыг шинээр барих ажлыг эхлүүлнэ. Засгийн газар хоорондын гэрээгээр Өрсөлдөх чадвартай дээд боловсрол төслийн хүрээнд бид томоохон барилга, лабораториудтай болно. Мөн нэг оюутны дотуур байраа шинэчлэхээр улсын төсөвт санал оруулаад явж байна. УИХ-аар батлагдвал МУИС нэг байраа шинэчлээд орчин үеийн стандартад нийцсэн оюутны байртай болно. БИД 240 ГАРУЙ ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА Монгол Улсын их сургууль нь одоогоор 32 орны 240 гаруй их сургууль, судалгааны хүрээлэнтэй албан ёсны хамтын ажиллагаатай ажиллаж байна. Профессорууд маань ч мэргэжил нэгтэй гадаад профессоруудаараа дамжуулан гадаадын их сургууль, судалгааны хүрээлэнтэй холбогдож сургалт, судалгааны ажил, эрдэм шинжилгээний хурал, бүтээл хамтран хэрэгжүүлдэг. МУИС-ийг анх үүсгэн байгуулж байхад ОХУ-аас эрдэмтэд ирж тусалж дэмжин хичээл орж байсан бөгөөд бид одоог хүртэл Москвагийн улсын их сургуультай маш сайхан хамтын ажиллагаатай. Түүнчлэн ХБНГУ-ын Халле Виттенбергийн Мартин Лютер их сургуультай хамтын ажиллагааны 50 жилийн ойгоо өнгөрсөн жил хийсэн. Тус сургуультай манай биологийн салбар хамгийн ойр ажиллаж, Монголд минж нутагшуулахаас авхуулаад олон судалгаа, төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн. Энэ хичээлийн жилд гэхэд л манай хоёр багш маань докторын дараах сургалтад тус сургууль руу явахаар бэлтгэл базаагаад байна. Мөн БНХАУ, Япон, Солонгосын их сургуулиудтай их ойр ажилладаг. Наймдугаар сард МУИС-ийн бүрэлдэхүүн сургууль, хүрээлэн, тэнхимүүд Олон улсын эрдэм шинжилгээний хурал хэд хэдийг зохион байгуулсан бөгөөд эдгээр хурал тус бүрд гадаадын 10 гаруй орны эрдэмтэд ирсэн. Энэ нь манай сургуулийн гадаад харилцааны чанар чансааг тодорхойлж буй юм. Үүнээс гадна бид хэд хэдэн Нобелийн шагналтай эрдэмтдийг урьж илтгэл тавиулж байсан түүхтэй. Жишээлбэл, 2005 онд Эдийн засагч, профессор Роберт Мундел, 2011 онд физикч Клаус Вон Клицинг, 2012 онд мөн физикч Тошихидэ Масакава, химич Юан Ли нар ирж байсан. 2019 онд энэ үйл ажиллагааг үргэлжлүүлэх бодолтой байна. БАГШ, ОЮУТНУУДЫН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ БОЛОМЖУУД МУИС-ийн багш, оюутнуудыг дэмждэг чиглэл бол тэтгэлэг, солилцооны хөтөлбөрүүд байдаг. Бид жилд ойролцоогоор 300 орчим оюутанд өөрийн болон гадаад, дотоодын байгууллага, сангийн тэтгэлэг олгодог. Байгалийн шинжлэх ухаан, инженерийн чиглэлээр сурч байгаа оюутнуудыг бодлогоор дэмжин тэтгэлэг өгч байна. Мөн олимпиадад түрүүлсэн, ЭЕШ-д тодорхой хэмжээнээс дээш оноотой оюутан МУИС-д тодорхой хөтөлбөрүүдэд элсвэл тэтгэлэг авна. Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг, МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг, МУИС-ийн шинэ элсэгчийн тэтгэлэг, Докторантурт суралцаж байгаа МУИС-ийн багшийн тэтгэлэг, Япон улсын “Мицубиши UFJ” корпорацийн нэрэмжит тэтгэлэг, Поско сангийн тэтгэлэг, Намъянжу боловсролыг дэмжих сангийн тэтгэлэг гэх зэрэг олон тэтгэлэг байгаа. Тэтгэлэг олгохдоо тодорхой шалгуур, шаардлагуудыг бусад орны жишгээр тавьдаг. Мөн Оюутны хөгжлийн зээлд МУИС хамгийн өндөр квоттой сургууль буюу 3000 гаруй оюутанд сургалтын зээл Сургалтын төрийн сангаас өгөхөөр төлөвлөсөн. Энэ бол хүүгүй, барьцаа хөрөнгө шаардахгүй маш зөөлөн нөхцөлтэй зээл учраас оюутнуудад том дэмжлэг болж байгаа Засгийн газрын бодлого юм. Бид хамтын ажиллагааны гэрээтэй сургуулиудын оюутан солилцооны хөтөлбөр, бүрэн тэтгэлэгт хөтөлбөр, богино хугацааны зуны сургалтад оюутнуудаа хамруулдаг. Үүнээс гадна хотын болон орон нутгийн сургууль хоорондын солилцоог зохион байгуулж Завхан, Эрдэнэт салбар сургуулийн оюутнуудыг хотод байгаа бүрэлдэхүүн сургуульдаа тодорхой хугацаагаар сургасан. Багшийн хувьд гадаадад мэргэжил дээшлүүлэх, зочин судлаач, багшаар ажиллах, докторын дараах сургалтын программд хамрагдах, гадаадад эрдэм шинжилгээний хуралд оролцох зэрэг багш, оюутнаа дэмжсэн олон арга хэмжээг хэрэгжүүлж байна. Төгсгөлд нь хэлэхэд, их сургууль хөгжин дэвжих, хүчирхэг байхын үндэс нь багш, оюутны хөгжлөөс шалтгаалдаг учраас тэднийг урамшуулан дэмжих, хөгжлийн бодлого боловсруулах, эрх зүйн орчныг бүрдүүлэх, ажлын сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, тасралтгүй хөгжих эрмэлзлийг бий болгох, боломж нөхцлөөр нь дэмжиж ажиллахад анхаарч байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонинБЛИЦ
-2015 онд: МУИС-ийн Дэд профессор цол хүртсэн. -2010 онд: Япон улсын Нагоя их сургуулийн Эдийн засгийн сургуульд Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр болох MONBUKAGAKUSHO-р суралцаж, Эдийн засгийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. -2007 онд: Япон улсын Нагоя их сургуулийн Эдийн засгийн сургуульд Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр болох MONBUKAGAKUSHO-оор Зочин судлаач. -2005 онд: Лондон хотын Олон улсын Амеркийн их сургуулийн Бизнесийн сургуульд Бизнесийн удирдлагын Магистрын зэрэг хамгаалсан. -2004 онд: Лондон хотын Олон улсын Амеркийн их сургуулийн Бизнесийн сургуульд Бизнесийн удирдлагын Бакалаврын зэрэг хамгаалсан.