Д.ОЮУНЧИМЭГ
“Бизнес, хөгжил” булангийн зочноор “Моннис моторс” компанийн ТУЗ-ийн гишүүн П.Баярыг урилаа.
-Таны хувьд ганзагын наймаанаас бизнесээ эхэлж байсан гэж сонссон. Тухайн цаг үеийг одоогийнхтой харьцуулбал?
-1990-ээд оны эхээр Монгол Улсын эдийн засаг ганзагын наймаан дээр тогтож байсан. Үйлдвэрүүдээ дампууруулчихсан, картын бараагаар ард түмнийхээ хүнсийг залгуулж байлаа. Тэр үед би ч мөн л ганзагын наймаанд явж байлаа. Урд хөршөөс бараа авч хойд хөрш рүү гаргаж байсан юм шүү дээ.
Үүнийг ярьж байгаагийн учир нь тухайн үед наймаачдаа дэмждэг байсан бол үндэсний хэмжээний хөрөнгөтнүүдийг төрүүлэх боломж байсан шүү дээ. Тухайн үед мөн ч их чирэгдэл учруулдаг байж билээ. Алхам бүрт шалгалт, тэр бүрт авлига. Мэдээж шалгуулах нь зүйн хэрэг боловч хэрээс хэтэрсэн зүйлс ч гарч байсныг тухайн үед наймаанд явж байсан хүмүүс мэдэх байх. Хэрэв тэр цаг үед төрийн бодлогоор дэмжсэн бол олон бизнесийн эхлэл тавигдах бүрэн боломж байсан юм.
Үйлдвэрлэлийн салбарыг унагасан хамгийн гол хүчин зүйл нь өмч хувьчлал гэж боддог. Түүнчлэн экспорт, импортын гаалийн татварыг буулгасан нь ч нөлөөлсөн. Орос, Хятад, Монгол Улсын хооронд бараа таваар эргэлтийг чөлөөтэй болгоё. Монголтой хийх худалдааг гаалийн татвараас чөлөөлөх хүсэлтийг тухайн үеийн Ерөнхий сайд гаргаж анхны алхам нь гээд манай улс гаалийн татвараа чөлөөлсөн юм. Ингэснээр хоёр хөршийн бараа бүтээгдэхүүн ямар ч татваргүйгээр орж ирэх нөхцөл бүрдэж үйлдвэрлэлийг унагах хөшүүрэг болсон гэж үздэг.
Бид улсаа хөгжүүлье гэж байгаа бол эдийн засгаа чадавхжуулах хэрэгтэй. Үүний тулд үндэсний үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчдээ дэмжих нь зүйтэй. Сүүлийн үед Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой маргаан гарч байна. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед Эрдэнэт үйлдвэр 100 хувь Монгол Улсын эзэмшилд шилжсэн. Гэхдээ хэн нь хэн бэ гэхээс илүүтэй бид “саалийн үнээ”-гээ өөрсдөө мэддэг болсон нь хамгийн чухал. Энд бас нэг зүйлийг тэмдэглэмээр байна. Зах зээлийн нийгэмд шилжсэний дараа ОХУ-д төлөх их өрийг Н.Энхбаяр гэдэг хүн тэглүүлж байсан нь үнэлж баршгүй гавъяа гэж боддог. 1990-ээд оны эхээр төмөр замыг манай улсад бүрэн шилжүүлэх тухай ярьж байсан. Тэр үед тухайн үеийн удирдлагууд нь бие дааж ажиллуулах чадваргүй гэдэг шалтгаанаар хувь нийлүүлсэн нийгэмлэг хэвээр үлдээсэн. Тэгээд үр дүн нь ямар байгааг бүх хүн харж байгаа. Улсын гэх тодотголтой бизнес хөгждөггүй, явдаггүй, ашиггүй ажилладаг гэдгийг хүн бүр ярьж, шүүмжилдэг. Түүнтэй адил гадныхантай хамтарсан үйлдвэр болоод байгууллагууд нь ямар төвшинд явж байна вэ гэдгийг харах тод жишээ Төмөр зам.
-Манай улсын хувьд хоёр хөршөө түшиж хөгжих нь зайлшгүй гэдгийг эдийн засагчид хэлдэг. Мэдээж салбар бүрт бизнесийн онцлог гэж бий. Тэгэхээр бид чухам юуг, хэрхэн хийх ёстой вэ?
-Орос, Хятад хоёр улсын бараа тээвэрлэлтийн дийлэнх нь манай улсыг тойроод явж байгаа. Тухайлбал, Казахстан улс Хятадын төмөр замыг хөгжүүлэх хөрөнгийг өөрийн улсын хөгжил дэвшилд зарцуулж байна. Гэтэл бид хаяа дэрлэж оршчихоод хоосон хоцорч байгаа нь харамсалтай. Гэхдээ энэ бол бидний муугаас болсон асуудал. Хэрэв бид аливаа зүйлийг хэт улстөржүүлдэггүй, төрийн бодлого нь тогтвортой, хууль эрх зүйн орчноо ягштал мөрддөг байсан бол гадны хөрөнгө оруулалтыг үргээхгүй байсан гэдгийг санах хэрэгтэй.
-Автомашины зах зээлд бизнес эрхлэхэд тулгамдаж буй асуудал бий юу?
-Манай зах зээл дээр төдийлөн тулгамдсан асуудал байхгүй гэж болно. Монголчууд тал газар амьдардаг учраас эрт үеэс эхлэн унаа, хөсөг ашиглаж сурсан хүмүүс. Тиймээс унаа зайлшгүй хэрэгцээ байх учраас энэ салбарт бизнес эрхлэхэд боомилсон шийдвэрийг Засгийн газраас гаргах үндэслэл байхгүй. Харин хүмүүсийн дунд автомашин тансаг хэрэглээ гэсэн буруу ойлголт байдаг. Тиймээс онцгой албан татвар ногдуулдаг. Мэдээж татвар байх нь зайлшгүй боловч машин айл бүрийн хэрэгцээ учраас ялгавартай байх шаардлагатай. Гэхдээ хуучин, шинэ болон моторын багтаамжаас шалтгаалан татварын хэмжээ ялгаатай байдаг. Өнгөрсөн онд 50 мянга орчим машин импортоор орж ирсэн байдаг. Үүнээс 95 хувийг нь хуучин машин эзэлдэг. Тэр дундаа приус машин их хэмжээгээр импортлогдож байна. Түүнчлэн нийт оруулж ирсэн автомшины тав орчим хувь нь шинэ машин байхын сацуу дийлэнх жийп маркийн машин байгаа юм. Хэдийгээр хүмүүс шинэ машин худалдаж авахыг хүсч байгаа ч үнийн хувьд өндөр байгаа учраас худалдаж авч чадахгүй байна. Тэгэхээр 1.5-аас бага багтаамжтай мотортой машины онцгой албан татварыг тэглэх хэрэгтэй. Ингэснээр хүмүүс шинэ машин худалдаж авах боломж нээгдэнэ. Манай компани аль болох хүмүүсийн худалдан авах чадварт нийцүүлэх үүднээс Францын “Рено” компанитай хамтарч ажиллахаар нэлээд хугацаанд хөөцөлдсөний эцэст ажил хэрэг болголоо. Бид худалдан авагчиддаа лизингийн үйлчилгээ үзүүлдэг. Мөн засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгслийг нь албан ёсны эрхтэйгээр борлуулж байна. Манай компаниас машин худалдаж авсан тохиолдолд 10000 км-ын батлан даалт гаргадаг.
-Сүүлийн үед машин тансаг хэрэглээ биш хүний хэрэгцээ болсноор хүн бүр машин барьдаг болсон. Гэхдээ мэргэшсэн жолооч гэдэг агуулга алдагдаад байгаа юм болов уу гэж хардаг. Таныхаар?
-Жолооч бэлтгэж байгаа сургалтын газрууд тухайн хүнийг механик машин дээр сургаж байгаа боловч бодит амьдралд дээр автомат хроптой барьж байгаа учраас тодорхой хугацааны дараа механик машин барьж чадахгүйд хүрдэг болов уу. Ер нь аливаа сурсан зүйлийг байнгын хэрэглэсний үр дүнд дадлагаждаг шүү дээ. Гэхдээ энэ бол асуудал биш. Ирээдүйд бид ямар машин унах вэ гэдэг асуудлын талаар ярих цаг болсон. Манайд орж ирж байгаа машины дийлэнхийг хосолсон хөдөлгүүртэй машин эзэлж байна. Бүр тодруулбал, приус маркийн машин. Энэ нь дотоод шаталтын хөдөлгүүр, цахилгаан мотор хоёрыг хослуулсан хэлбэр. Дотоод шаталтын хөдөлгүүр ажиллаж байх үедээ тог үйлдвэрлэн цахилгаан хөдөлгүүрээ цэнэглэнэ. Түүнчлэн газ, устөрөгч, цахилгаан хөдөлгүүртэй машин ч бий. Тэгэхээр эдгээрийн аль нь манай нөхцөлд илүү тохиромжтой вэ гэдэг сонголт хийх шаардлагатай.
-Өнгөрсөн хавраас эхлэн шатахууны чанарын асуудал яригдаж эхэлсэн. Гэтэл шинэ машин авсан боловч чанар муу шатахуунаас үүдэн эвдрэх магадлалтай гэдгийг ярьж байсан?
-Мэдээж шатахууны чанар сайн байх зайлшгүй шаардлагатай. Хөдөлгүүрээс ялгарч байгаа утаанд нүүрс хүчлийн давхар исэл, тугалга байдаг. Эдгээр нь хүний биед хамгийн хортой элементүүд. Тугалгыг бензинд нэмснээр шаталт сайжрахын сацуу хөдөлгүүрийг хамгаалах зорилготой. Гэхдээ тодорхой хэмжээ байдаг. Түүнчлэн дизель хөдөлгүүртэй машин хүч чадлын хувьд илүү боловч сүүлийн үед дэлхийн томоохон хотуудад нийтийн хэрэглээнд дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл ашиглахыг татгалзаж байгаа. Экологийн асуудал хурцаар тавигдаж байгаа энэ цаг үед цахилгаан хөдөлгүүр хүчээ авч байна. 2030 он гэхэд автомашин үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний 80 орчим хувь нь цахилгаан хөдөлгүүртэй болно гэсэн таамаг байдаг боловч үндэслэлтэй гэдгийг судлаачид тэмдэглэсэн байна лээ. Бид ч энэ жишгээс хазайхгүй болов уу. Өмнө нь яагаад цахилгаан хөдөлгүүртэй машин хэрэглэдэггүй байсан бэ гэвэл, аккумлятортой холбоотой. Нэг удаа цэнэглэгдсэн аккумлятор хэдэн км зам туулах вэ гэдэг асуудал гарч байсан хэрэг. Одоо бол автомашины аккумляторыг түргэн цэнэглэх технологи нэвтэрсэн учраас асуудал үүсэхгүй болов уу.
-Автомашины зах зээлийг хөгжүүлэхийн тулд юу хийх шаардлагатай вэ?
-Засгийн газар, парламентын дэмжлэг манай салбарт дутаж байна. Нэн тэргүүнд шатахуунаа үйлдвэрлэх боломжийг бүрдүүлэхэд анхаарах учиртай. Сайншандад үйлдвэр барих суурь тавьсан гэж байсан. Мөн Дорнодоос нефть дамжуулах хоолойгоор үйлдвэр лүүгээ дамжуулна гэж ярих юм. Энэ мэтчилэн маш олон жил ярьж байгаа боловч ажил хэрэг болсон нь хараахан алга. Зөвхөн манай салбар гэлтгүй бусад салбарт ч гэсэн хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудаа яриад байхын оронд бодит ажил болгоосой гэж боддог.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин