Х.ОЮУНБОЛД
“ОХУ болон БНХАУ нь ам.долларыг олон улсын зах зээлд гүйцэтгэх үүрэг, эзэлсэн байр сууринаас нь унагаахыг хичээж байна. Харин энэ хоёр орны зүгээс гаргаж байгаа хүчин зүтгэл биелэлээ олвол АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп их сэтгэл хангалуун байх болно. Гэхдээ одоогоор энэ бүхэн нь тун магадлал багатай байна” гэдгийг “Форбес” сэтгүүлийн шинжээч Чарльз Уоллес онцолжээ. Тэрээр “Доллар олон улсын төлбөрийн валют байхаа больсон тохиолдолд Дональд Трампын хүссэнээр АНУ-ын худалдааны алдагдал хурдан буурна” гэж бичжээ. Мөн Йельсийн их сургуулийн эдийн засагч Роберт Тиффин 1950 онд нэг улсын мөнгөн тэмдэгт олон улсын валютын нөөц болвол, тус улсын харилцах дансанд зайлшгүй хохирол учруулна гэж үзэж байжээ. Харин ерөнхийлөгч Дональд Трамп “1920 онд стерлинг фунтыг доллар орлосон шиг долларыг орлох мөнгөн тэмдэгт гарч ирсэн тохиолдолд доллар худалдааны ашиг олж эхэлнэ” гэж хэлээд ийм тохиолдол үүсэхийг үгүйсгэхгүй гэж хэлжээ. Үүний шалтгаан нь их энгийн аж. Дэлхийн улс орнууд хоорондоо худалдаа наймаа хийхийн тулд ам.доллар цуглуулах хэрэгтэй болдог. Жишээлбэл, БНХАУ газрын тос Иранаас худалдаж аваад төлбөрийг нь ам.доллараар төлнө. Ингэснээр АНУ-ын эдийн засгийн салбарт хөрөнгө болж орохоосоо илүү их хэмжээний ам.доллар тус улсаас гарна. Энэхүү үйлдэл нь АНУ-ын харилцах данснаас их хэмжээний алдагдал гаргахад хүргэдэг байна. Нөгөө талаар, ам.долларыг олон улсын валютын нөөц маягаар хадгалах нь мөнгөний эрх мэдлийг бий болгодог. Вашингтонд мөнгөн тэмдэгт хэвлэх бол асуудал биш. Гэхдээ БНХАУ, ОХУ болон бусад орнууд бүх үйлчилгээ, барааныхаа төлбөр тооцоог энэ үнэт доллараар төлдөг. Одоог хүртэл олон улсын валют болсон долларыг өөр мөнгөн тэмдэгтээр орлуулж, солихыг хичээж ирсэн БНХАУ 2008 онд үүссэн олон улсын эдийн засгийн хямралд доллар их үүрэг гүйцэтгэсэн хэмээн буруутгажээ. Учир нь ам.долларыг өөр мөнгөн тэмдэгтээр орлуулж солиход шаардлага хангах мөнгөн тэмдэгт гараагүй нь энэ асуудал биелэлээ олоогүйн гол шалтгаан гэж шинжээч Чарльз Уоллес хэлсэн байна. Харин саяхан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ам.долларыг бусад оронд хориг тавих шалтгаан болгож ашиглахаар шийдсэн байна. Тухайлбал, Иранд дахин хориг тавих үеэр “Ирантай доллараар гэрээ хийсэн ямарч компанид хориг тавина” гэдгийг сануулжээ. Гэсэн ч ОХУ-ын олон компани АНУ-ын тавьсан хоригийг үл ойшоож байгаа аж. Түүнчлэн ерөнхийлөгч Дональд Трамп Туркийн гангаас авах импортын татварыг хоёр дахин нэмсэн бөгөөд үүний улмаас Туркийн мөнгөн тэмдэгт, лирийн ханш долларын ханштай харьцуулахад 20 хувиар буурчээ. Гэтэл ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Туркт айлчлах үеэр АНУ-аас тавьсан хоригтой холбоотойгоор олон улсын гэрээ хэлэлцээрт ганц орны зүгээс хэрэгжүүлсэн арга хэмжээ нь хууль бус гэсэн мэдэгдэл хийсэн байна. Тэрээр “Энэ хууль бус хоригийг эсэргүүцэх шалтгаан нь бид хоёр орны солилцоонд үндэснийхээ мөнгөн дэвсгэртийг ашиглах эрхтэй” гэсэн байна. ОХУ нь Иран, БНХАУ-тай солилцоо хийхдээ үндэснийхээ мөнгөн тэмдэгтийг ашигладаг. Энэ жишгийг өөр бусад орнууд дагана гэдэгт итгэлтэй байна гэжээ. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров хэлэхдээ “АНУ-ын доллар олон улсын валютын хувиар гүйцэтгэж байгаа үүргээ буруугаар ашиглаж байгаа нь олон улсын зах зээл дээр долларын ханшийг унагаахад нөлөөлнө” гэдгийг онцлон тэмдэглэжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин