Э.АРИУНЖАРГАЛ
Хууль сахиулахын их сургуулийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн тэргүүн дэд захирал, доктор, профессор Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
-Хууль сахиулахын их сургууль дэргэдээ ахлах сургууль байгуулах хэрэгцээ, шаардлага хэдийнээс гарч ирсэн бэ. Мэдээж тооцоо судалгаа багагүй хийсэн байх?
-Хэрэгцээ шаардлага үнэхээр бий. Бусад их сургууль дэргэдээ ахлах, лицей сургууль байгуулж буй туршлагыг тодорхой хугацаагаар судалсан. Ахлах сургуулиар дамжин оюутан болж буй сурагчид мэргэжлийн чиг баримжаагаа зөв олж чадахаас гадна ирээдүйд эзэмших мэргэжлийнхээ талаар зөв, цэгцтэй ойлголттой болдог. Хамгийн гол нь сургуулийнхаа орчин, уур амьсгалыг мэдэрч их сургуульд ороод суралцах арга барилаа аль хэдийнэ олж авсан байдаг.
Монголын төрийн өмчийн томоохон их сургуулиуд бүгд дэргэдээ лицей сургуультай болсон. Тухайн сургуулиудын сургалтын үйл явц, оюутнуудын сургалтын чанарт дүн шинжилгээ хийж үзэхэд лицей сургуулиар дамжин оюутан болсон сурагчид илүү амжилттай суралцдаг зүй тогтол харагдаж байна. Тиймээс бид сургалтын чанараа шинэ шатанд гаргахын тулд их сургуулийнхаа дэргэд ахлах сургуультай болох нь зүйтэй хэмээн үзээд сүүлийн хэдэн жил бэлтгэлээ хангасан. Энэ хүрээнд өнгөрсөн хичээлийн жилд Хо Ши Миний нэрэмжит 14 дүгээр сургуульд туршилтын анги нээж хичээллүүлж үзсэн. Энэ ангид суралцаж байгаа хүүхдүүдийн сургалтын чанар, сонирхлыг судлаад үзэхээр үнэхээр оновчтой юм байна гэсэн дүгнэлтэд хүрч ахлах сургуулиа их сургуулийнхаа кампус дотор хичээлийн төв байрандаа байгуулж байна. Ахлах сургууль байгуулах бас нэг шалтгаан нь Хууль сахиулахын их сургууль бол төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагын албан хаагчдыг бакалавр, магистр, докторын шатлалаар, түүнчлэн удирдах ажилтнуудыг хүртэл бэлтгэдэг онцлогтой. Мөн ахлагчийн сургуульд цагдаа, хилчин, хянагч, аврагч гээд аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх тэргүүн эгнээнд ажиллладаг албан хаагчдыг бэлтгэдэг. Энэ их олон шатлалын сургуульд сурахын тулд элсэгч хүсэл тэмүүлэл, эрмэлзлэлтэй, энэ мэргэжилд дурласан байх ёстой. Гэтэл санамсаргүй байдлаар элсэх тохиолдлууд байна. Мэдээж тухайн хүний чин хүсэл тэмүүлэл биш учраас үр дүн, бүтээмж муу байдаг. Харин ахлах сургуулиар дамжиж ирээдүйд эзэмших мэргэжлийн чиг баримжаатай болоод ирэхээр мэргэжилдээ дурлана, бэлтгэгдэнэ, сурах арга барилаа олно.
-Сургалтын орчин материаллаг баазаас гадна сургалтын хөтөлбөрт цэргийн мэргэжлийн хичээлүүд нэмэгдэх үү. Сонсогчдын хэмжээнд бэлтгэгдэнэ гэж ойлгож болох уу?
-Ахлах сургуулиа төгсөөд заавал хууль сахиулагч биш өөр мэргэжилтэй ч болж болно. Багагүй түвшинд бэлтгэгдсэн элсэгчид ямар ч сургуульд амжилттай суралцах болно. Ахлах сургууль тусгай зөвшөөрлөө аваад элсэгчдээ бүртгэж, багш нараа сонгон шалгаруулж байна. ЕБС-ийн ахлах сургуулийн ерөнхий эрдмийн хичээлүүдээс гадна хууль сахиулах, эрх зүй, аюулгүй байдлын чиглэлийн хичээлүүд орно.
Цөөнгүй жил тус их сургуульд удирдах ажил хийсэн мэргэжилтнийг ахлах сургуулийн захирлаар томилсон. Нэгэнт их сургуулийн дэргэд байгуулагдаж байгаа учраас анги танхим, сургалтын орчин, материаллаг бааз сайн бэлтгэгдсэн. Их сургууль маань сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж материаллаг бааз, багшлах бүрэлдэхүүн, сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны хувьд тэргүүлэх хэмжээнд хүрсэн. Энэ нь ахлах сургуулийг үр дүнтэй ажиллах давуу тал болно гэж харж байгаа.
Ахлах сургуулийн сургалтын хөтөлбөрийг сурагчиддаа бүрэн эзэмшүүлнэ. Хууль сахиулахын ахлах сургууль учир хууль сахиулагчдын мэдсэн байвал зохих зарим суурь мэдлэг чадвар, хандлагад суралцуулна. Ирээдүйн мэргэжилд нь шаардагдах наад захын мэдлэгүүдийг өгнө гэсэн үг. Мэдээж хэрэг зарим тусгай хэрэгсэл, техник ашиглах гээд мэргэжлийн чадварт суралцуулна. Сонсогчидтой адил гүйх, зэвсэг, техник хэрэглэх, хээрийн сургалтанд гарах зэргээр ирээдүйн ажлынх нь онцлогийг таниулна. Мөн сэтгэлзүйн хат, тэсвэр тэвчээр олгох сургалт ч явагдана. Энэ үед магадгүй зарим сурагч няцаж шантарч болно. Хууль сахиулагчийн мэргэжлийн үнэт зүйл болох багаар ажиллах, хүнлэг, энэрэнгүй байх зэрэг олон чанарыг ойлгохгүйгээр төрийн тусгай албанд ажиллах боломжгүй. Энэ чанаруудыг ахлах сургуульдаа олж авах нь чухал. Төгсөгч заавал хууль сахиулагч болохгүй ч тухайн үедээ олж авсан мэдлэг, чадвар, хандлага насан туршид нь түүнд туслах болно.
-Элсэгчдэд квот тогтоож байгаа юу. Ялангуяа хөдөөнөөс ирж суралцах хүсэлтэй хүүхдүүдийг дотуур байраар хангах уу?
-Дээр хэлсэнчлэн сургалтын орчин анги танхим хангалттай ч цөөн тооны чанартай сурагч бэлтгэх бодлого баримтална. Эхний ээлжинд бүртгэлийн байдлаас хамаарах байх. Ямар ч байсан X, XI, XII анги бүрт хоёр бүлэг авах бэлтгэл хангаж байна. Гэхдээ энэ тоо яаж өөрчлөгдөхийг мэдэхгүй. Элсэгчдийн бас нэг онцлог гэвэл улсын хилийг манаж байгаа хилчдийн хүүхдийг түлхүү сургах зорилготой. Тэд чанартай сургууль олж ерөнхий боловсрол эзэмшихэд хүндрэлтэй байдгаас ерөнхий боловсролын эзэмшвэл зохих мэдлэгийг олж авч чаддаггүй. Энэ талаар нухацтай ярилцсаны үндсэн дээр хилчдийн хүүхдийг түлхүү элсүүлж дотуур байранд байлгана гэж төлөвлөсөн. Дан ганц хилчид ч биш аврагч, алслагдсан аймаг сумдад ажиллаж байгаа цагдаагийн албан хаагч, хорих ангиудад ажиллаж байгаа албан хаагчдын хүүхдүүдэд чанартай боловсрол олгохыг зорьж байна.
Сонгон шалгаруулалтаар бид өөрсдийн квот, хүчин чадалдаа тааруулж л хүмүүсээ элсүүлнэ. ХСИС-д сурах эрмэлзлэлтэй маш олон залуучууд байдаг. Манай их сургууль шиг нэг хуваарь дээр 15 хүүхэд өрсөлддөг сургууль байхгүй. Суралцахыг хүссэн бүхэнд манай үүд хаалга нээлттэй ч шилдэг нь л элсэх учиртай. Тиймээс шалгалтаас гадна сэтгэлзүй, бие бялдар, эрүүл мэнд гээд цөөнгүй шалгуур бий.
-Ахлах сургуулийн төгсөгчид шууд ХСИС-д орох уу. Ахлах сургуулийг байгуулж байгаа алсын бодлого төлөвлөгөө юу вэ?
-Манай ахлах сургуулийг төгссөн гэдгээрээ элсэхэд давуу эрхтэй ч шалгалтаа заавал өгнө. Ахлах сургууль, их сургууль гэдэг өөр. Дан ганц ахлах сургуульд элсээд их сургуульдаа орно гэвэл өрөөсгөл ойлголт. Төрийн тусгай албаны ажилтнуудыг бүх талаас нь судалдаг. Тэгэхээр ахлах сургуулийн гурван жилийн хугацаанд тухайн хүнийг таних хангалттай хугацаа. Алсдаа ХСИС-д элсэгчид санамсаргүй байдлаар биш ахлах сургуулиар дамжаад элсдэг тогтолцоо руу бага багаар шилжих байх гэж харж байна. Манай сургуулийг төгсөгчид гадаад хэлний сайн мэдлэгтэй байх ёстой гэж үзэж их сургуулийн удирдлага бодитой ажлуудыг шат дараатай хийж байна. Ахлах сургуульд мөн энэ шаардлага тавигдана. Бие бялдрын бэлтгэлжилт мөн чухал.
-Ахлах сургууль байгуулах зардлаас эхлээд төсөв хөрөнгө нэлээд шаардагдаж байгаа байх?
-Манай боловсролын систем сүүлийн жилд цэгцэрч байгаа. Мэдээж төр бодлогоор дэмжиж ЕБС-ийн ахлах сургуулийн төсвийг өгч байна. Мөн сургалтаа илүү чанартай байлгахын тулд тус их сургууль тодорхой хэмжээний хөрөнгө гаргаж байна. Төсөвт хуваарилсан хөрөнгө ялангуяа багш ажилчдын цалин бидний хүсэн хүлээсэн хэмжээнд хүрэхгүй ч чадварлаг багш нарыг цалингаар нь татаж чанартай сургалт явуулахыг зорино. Тэгэхээр тодорхой хэмжээгээр төлбөртэй байж чанартай сургалт явна гэж тооцоолж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Эмэгтэй хүүхэд сурч болохуу.Маш их сонирхолтой байгаа.