Ч.ҮЛ-ОЛДОХ
Ногоон намын дарга О.Бум-Ялагчтай ярилцлаа.
-Танай нам энэ зун гадаад, дотоодын улс төрийн намуудтай хамтран Оюутолгойн асуудлаар акц зохион байгуулсан. Ямар үр дүн, шийдэл гарсан бэ?
-Манай нам Оюутолгойн асуудлыг 2008 оноос ярьсан. Анх усны нөөц нь батлагдаагүй байхад төслөө эхлүүлснийг эсэргүүцэж байлаа. Дээр нь Австралийн Ногоон намын дарга асан Боб Браунаас ирүүлсэн баримтаар “Оюутолгой төслийг Монголын хууль зүйн орчинд нийцүүлэхэд нэг тэрбум ам.доллар зарцуулахаар болсон” талаарх тухайн үеийн Айвенхоу Майнз компанийн хурлын тайланд гарсан материалыг олон нийтэд дэлгэж байлаа. Өнөөдөр У.Хүрэлсүхийн Засгийн газар дээр Оюутолгойн талаар хүчтэй яригдаж, ажлын хэсэг байгуулсан. Яагаад ингэх болов гэвэл, МАХН,ИЗНН, МҮАН, Ногоон нам нэгдэж шинэ Үндсэн хуулийн талаар Дээд хуулийн төсөлд хамтарч ажилласан.
Энэ хүрээнд Оюутолгой байгалийн баялгийг ашиглачихаад Монголд төлбөр төлөхгүй байгаа нь Монгол Улсын өнөөгийн Үндсэн хууль болон бидний шинээр боловсруулж буй дээд хуулийн үзэл санаанд нийцэхгүй байна. Энэ асуудлыг намууд төр, засагт өргөн барьж, олон нийтэд хандсан. Бидний ойлгосноор энэ дагуу УИХ –аас Оюутолгойн гэрээг эргэж харах, шалгах ажлын хэсэг байгуулж, түүнд нь намуудын төлөөлөл орж ажиллалаа. Оюутолгойн гэрээ англи хэл дээр байдаг учраас хоёр талд өөр ойлголттой явдаг. Монголын тал хууль эрхзүйн орчиндоо ойлгоод байдаг, Оюутолгой компани болохоор өөрсдийн олон улсын жишигт байгуулж ирсэн гэрээ, түүндээ нийцүүлж ойлгож ирсэн. Зарчмын зөрүүтэй ойлголттой явж ирсэн учраас татварын асуудал тавигддаг юм байна гэж бид ойлгосон. Тиймээс манай нам “Олон улсын шүүхэд ханд. Хоёр тал олон улсын гэрээний заалтуудыг тодорхой болгож нэг мөр болгож цэгцлээч” гэсэн асуудлыг тавьсан. Нэг нь гэрээг цуцлая гэхээр нөгөө нь цуцлах боломжгүй гэдэг. Цаашилбал, хөрөнгө оруулалтын асуудал зөрчигдөж байгаа. Үүнийгээ тодорхой болгож, ойлголтоо нэг мөр болгоод дараа нь хэрэгжилтийн талаар ярих хэрэгтэй юм.
-“Оюутолгойн гэрээ луйвар болсон гэдэг ойлголтыг нэг мөр болгосон” гэлээ. Үүнийгээ тодруулна уу?
-Манай улс энэ гэрээнээс болж өдөрт гурван сая ам.долларын өрөнд орж байдаг гэж ярьсаар ирсэн. Тэгвэл ийм төсөл зогсох ёстой. Төслийг эдийн засгийн үр ашигтай болгох ёстой. Энэ үүднээс Оюутолгойн гэрээг цуцлах асуудлыг УИХ-ын ажлын хэсэгт тавьж, дөрвөн намаас гарын үсгээ зураад өгчихсөн. Ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва гишүүнтэй уулзах хүсэлт тавьсан. Монголын Ногоон нам УИХ-ын ажлын хэсэгт орж ажилласны хувьд “Оюутолгойн гэрээ үнэхээр луйврын гэрээ болсон юм байна” гэдэг ойлголтыг нэг мөр болгож чадлаа. Өмнө нь гаднаас хардаад, яриад явдаг байсан. Тэгвэл энэ удаа улс төрийн намууд, намын гишүүд, хувь хүмүүс нэгдсэн ойлголттой боллоо.
-Тавантолгойг хөдөлгөе, эдийн засгийн үр ашигтай болгоё, хувьцаа тараана гэхчлэн Засгийн газар ярьж байна. Энэ талаар дүгнэлт хийж үзэв үү?
-Ингэж ярьж буй нь нэг талаар нүүрсний үнэ өссөнтэй холбоотой байх. Нөгөөтэйгүүр, Тавантолгойд хэдий хэмжээний луйвар нүүрлэсэн нь харагдаж байх шиг. Ямар ч ашиггүй ажиллаж байсан байгууллага нэг мэдсэн 100 хувийн ашигтай ажиллаад эхлэхээр өмнө нь алга болоод байсан мөнгө хаашаа урсч байсан юм бэ гэсэн асуултыг судлаач, сэтгүүлчид хөндөх ёстой байх. Шинэ ТУЗ нь ашигтай ажиллуулна гэж ярьсан. Цаашид энэ хэвээр явах уу, яах вэ гэдэг асуудал ч гарна. Улс төрд байсан өмнөх туршлагаас харахад эдийн засгийн үр ашигтай ажиллаад эхлэнгүүт тэнд ажил алба хашиж буй хүмүсийг зайлуулах бодлого явагддаг нь харагддаг. Өөрөөр хэлбэл, манайд төрийн удирдаж байгаа компани ашигтай ажиллах ёсгүй гэсэн бодлого яваад байдаг. Ялангуяа, АН-ынхан, Баабар нар ингэж их ярьдаг. Төр муу менежер гээд л. Тэгэхээр төр ашигтай ажиллахаар тэрийг зогсоох сонирхолтой номлогчид улс төрийн хүрээнд байна. Төрийн компани хэзээ ашиггүй ажилладаг вэ гэвэл хулгай нүүрлэсэн цагт. Хэрэв ашигтай ажиллаад, захирал нь хулгай хийхгүй байвал хулгай хийдэг хүнээр солих зохион байгуулалттай үйл ажиллагаа явдаг бололтой. Мэдээж хувь хүмүүс дотор алдаа эндэгдэл байж таарна. Түүгээр нь нээнтэглэж, ажил албан тушаалаас нь зайлуулах үйл ажиллагаа явдаг. Тавантолгойд ч ийм зүйл гарч болзошгүй.
-Оюутолгойн асуудлаар С.Баярыг, Дубайн гэрээтэй холбогдуулж Ч.Сайханбилэгийг АТГ-аас баривчлан хорьсноо сулласан. Энэ шоу юу эсвэл асуудал шийдэгдэх шатанд орж байна гэсэн ойлголт төрүүлж уу?
-Энэ асуудал анх С.Баярцогтын хэрэг Швейцарийн прокурорт очсоноос эхэлсэн. Сайн прокурорын үйл ажиллагаа олон улсын хэмжээнд очдогийн жишээ. Прокурор нь бүх улсын мэдээллийн санд оруулах эрхтэй, үүргийнхээ дагуу Монголоос асуулга авах эрхтэй. Энэ хүрээнд наад хүн чинь Монголын хуулийн тодорхой заалтууд, Олон улсын гэрээ, конвенцуудыг зөрчсөн байна гэдэг асуудал тавихаар хүсэн, хүсээгүй тэр хүнийг нь баривчилна шүү дээ. С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарыг баривчлахаас өмнө М.Энхсайханыг Швед улсаас дуудаж авчран байцаагаад, тодорхой мэдээллүүд авсан шиг байгаа юм. Тэр дагуу баривчлан шалгах ажиллагаанууд явагдлаа. Ингэхдээ асуудлыг илрүүлэхээс илүү ард түмнийг тайвшруулах, нэг ёсондоо цаг хожих ажиллагаа явагдаад, тэр хүмүүс буцаад гарч ирсэн.Миний ойлгосноор 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хүнийг гэрт нь хорьж байцаадаг ажиллагаа эхлэх бололтой. Тэр хууль нь хэрэгжээд эхлэхээр тэр хүмүүс мөнхийн гэртээ байх бололтой. С.Баярцогт үер усанд автсан сумандаа очиж тусламж үзүүлж байна гэж сошиалд гарсан. Шоронд байх ёстой хүн тэнд тийм ажил хийж яваагаас харахад, нэг талаар хүнд туслаж байгаа нь сайхан. Нөгөө талаас, улс орныг ямар хэмжээний өрөнд орууллаа. Өдөрт гурван сая ам.долларын өрөнд оруулчихаад 20 сая хувьсагч ярьдаг хүн шүү дээ. Иймэрхүү хошин шог зөвхөн Монголд л байна байх. Дээр нь авлигатай тэмцэж, төрийн төмөр нударга үзүүлэх, тэрийг илэрхийлэх ёстой хүн маань хоол өгч ая тал засаад явж байдаг. Ийм хүмүүс төрийг хүчгүйдүүлж байна.
-Энэ байдлаас гарах гарц нь юу байх бол?
-Манай нам Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ярьж буй бусад намтай хамтран ажиллаж байх явцдаа Монголд хувьсгалт өөрчлөлт хийхгүй бол болохгүй юм байна” гэсэн дүгнэлтэд хүрсэн. Ингэхгүйгээр энэ байдал өөрчлөгдөхгүй. Би энд гурван жилийн өмнөх зүйлийг ярьж байна, тэгэхэд энэ байдал засагдахгүй удвал нийгэм тэр чигээрээ доройтно гэдгийг ярьж байсан. Тэр нь өнөөдрийн нийгэмд харагдаж байна. Төр ялзарч, улс төрийн намыг толгойлж байгаа хүмүүс бүлэглэл үүсгэж, тэр нь цаашаа бие биеэ хамгаалдаг мафи болчихлоо. Оросын судлаачид “Монгол бол дэлхий дээр байгаа цөөхөн улсын онцлог байна” гэж хэлсэн. Тэр нь юу вэ гэвэл, төр нь гэмт хэргийн сүлжээнд орчихсон. Өөрөөр хэлбэл, Монголын төр өөрөө мафийн байгууллага болсон. Ийм төр зөвхөн Монголд байна гэдгийг судлаачид ярьж байна. Гэтэл Африкийн улсууд ч ийм байдаггүй бололтой. Жишээ нь, манайд цагдаагийн нэг хурандаа хүүдээ 600 сая төгрөгөөр, өөртөө 300 саяар нэг дор байшин авчихсан байгааг үл хөдлөх хөрөнгийн компани нь баярлаад тайлан мэдээндээ тавьсан байна.Нэг дор бараг хоёр тэрбум төгрөгийн байр бөөндчихдөг, тэрийг нь хэвлэл, мэдээлэл бичээд бахархаад байгаа юм уу, дооглоод байгаа юм уу, ийм байдалд хүрчихсэн. Лениний онолоор дээдчүүд нь хуучныгаа удирдаж чадахгүй, доодчууд нь амиа зогоох бололцоогүй болсноор хувьсгал гарсан гэдэг. Манайд энэ хэзээ болох вэ гэдэг л байна. Энэ тогтолцоо бүрдэхэд Монгол Улс хувьсгалт өөрчлөлт хийнэ. Майданы хувьсгалын үеэр эрх баригчид нь зугтсан. Мөнгөтэй болчихсон улс тэгж зугтдаг юм байна. Бужигнаан, тэмцэл үүсгэж, цус урсгалгүйгээр “Та нарын арга барил болохгүй байна. Шинэ хүмүүс гарч ирэх ёстой” гэдгийг улс төрийн намууд нэгдэж ойлгуулах ёстой. Өнөөдрийг хүртэл төрд гарч баяжсан хүмүүсийн мөнгийг хураана гэж ярих хаашаа юм, энд бидний, хөндлөнгийн хяналт дутсан байх. Тэгэхээр идсэн хөрөнгө нь тэдэнд үлдэнэ биз, цаашид хулгай хийлгэхгүй гэсэн зарчмаар улс төрийн хувьсгалт хийх зорилтыг бид тавьж байгаа. Бас хэн нэгэн гарч ирээд сайхан болгочихно гэж хүлээх дэмий. Зөндөө л харлаа шүү дээ. Иймд иргэд маань өөрсдөө тэмцдэг, хөдөлдөг байх хэрэгтэй байна.
-Зарим нам сонгуулийн өөрчлөлтийг санал болгодог шүү дээ?
-Сонгуулийн хувьсгал хийх, сонгуулиар өөрчлөх гэдэг гэнэн санаа. Үүнийг зарим нам хадгалж яваад байгаа нь харамсалтай. Нэгэнт болохгүй юмыг шийдэмгий өөрчлөлт хийхээс аргагүй. Олон нийтийн санаа бодол ч энд чиглэж байна. Ахмадууд нас ахисан, амьдралын зовлон үзсэн учир хувьсгалт өөрчлөлтөөс татгалзаж, аядуу зөөлөн замаар хийе гэж байх шиг байна. Өнөөдөр зээлтэй, түүнийгээ төлөөд яваад байгаа атал хонгилын үзүүрт гэрэл харагдахгүй, яаж ч ажиллаад амьдрал нь өөрчлөгдөхгүйг ойлгосон дунд давхаргынхан хувьсгал хийх чиглэлтэй байх шиг байна. Тэгэхээр бид нийгмийн дунд давхаргынханд суурилж хувьсгалт өөрчлөлт хийх зорилтыг тавин ажиллаж байна.
-Австралтийн Ногоон намын төлөөлөл хавар ирэхдээ Зүүнбаян дахь Газрын тосны үйлдвэр барих орчныг очиж үзсэн гэсэн. Хэдийгээр Ерөнхий сайд очиж тууз хайчилсан боловч тийм найдлага алга, ирээдүй бүрхэг байна гэсэн мэдээлэл байна?
-Манай төрд байгаа нөхөд монголчуудаа хошгируулаад зогсохгүй хаа байсан Энэтхэгт очиж хошгируулдаг болж. Энэтхэгийн тэрбумтанг хошгируулаад говийн цөлд нефтийн үйлдвэр барина гээд ирүүлчихсэн. Тэр хүн ирээд эвгүй байдалд орлоо. Нефть боловсруулахад маш их хэмжээний ус ордог. Гэтэл тэнд нь ус байдаггүй. Сонгинохайрхан дүүргийн бохироос гарч байгаа саарал усыг урагш нь татаж зөөх юм яриад байгаа. Тэгээд Энэтхэгээс 1.7 тэрбум ам.долларын хөрөнгө нэмж авах тухай ярьж байна. Иймд Энэтхэгийн тал гайхаж байна. Нөгөөтэйгүүр, японууд Засгийн газрынхаа мөнгөөр “Жайка” төслийн хүрээнд Дарханд судалгаа хийж, 10 жилийн өмнө нефть боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ хийчихсэн байдаг. Түүнийгээ Энэтхэгийн тэрбумтанд танилцуулсан байгаа юм. Бид 1993 онд “гурван гол” төслийнхөө хүрээнд наадахыг чинь судалсан. Говьд ийм юм хийх бололцоогүй. Хэрэв хийж болдог байсан бол бид аль хэдийнэ хийчих байсан. Таныг жаахан хилсдүүлсэн байна шүү, монголчууд иймэрхүү онцлогтой улс шүү гэж сануулсан бололтой. Нөгөө энэтхэг тэрбумтан нь гайхаж хоцорч. Тэрбум ам.доллар нь Засгийн газрынх нь мөнгө байсан учраас сэргэлэн эр ажиллачихъя гэж бодсон байх. Гэтэл ус байхгүй болохоор хоосон байшин бариад орхих болчихоод байдаг. Цааш төсөл хэрэгжүүлэх ажил юу болох билээ. Усны асудулаа шийдээч гэхээр дээр нь нэмж 1.7 тэрбум ам.доллар яриад сууж байдаг.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин