Д.АРИУН
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Европын холбоонд хандан “шударга худалдаа”-г бий болгохын тулд гаалийн татварыг зэрэг цуцлахыг санал болгосон талаар РИА-Новости мэдээлжээ. Еврокомиссын тэргүүн Жан-Клод Юнкер Вашингтонд АНУ-ын Ерөнхийлөгчтэй худалдааны асуудлаар хэлэлцэхээр очиж байгаа юм. Түүний айлчлалаас өмнө өчигдөр АНУ-ын Ерөнхийлөгч Twitter хуудастаа Европын холбоотой уулзахдаа ямар санал тавьж байгаагаа бичжээ. Дональд Трампын үзэж байгаагаар АНУ болон Европын холбоо гаалийн татвар, худалдааны саад, улсын татаасаас нэгэн зэрэг татгалзах ёстой гэнэ. “Үүнийг чөлөөт зах зээл, шударга худалдаа гэж нэрлэж болно. Тэднийг ийм алхам хийнэ гэж найдаж байна. Бид бэлэн байгаа, харин тэд бэлэн биш байна” гэж тэрээр бичжээ.
Өмнө нь Трамп үүнтэй төстэй саналыг Их-7-гийн орнуудад санал болгож байсныг хэвлэлүүд онцолж байна.
Энэ оны сарын сүүлчээр АНУ нь импортын ган, хөнгөн цагаанд 25 болон 10 хувийн гаалийн татвар ногдуулж байгаагаа зарласан. Харин Европын холбоо, Канад, Мексикийг арай өөрөөр авч үзэж, хугацааг түр хойшлуулж байгаад өнгөрсөн зургадугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжүүлж эхэлсэн юм. Вашингтон гаалийн өндөр татвар ногдуулах энэ шийдвэрээ үндэсний аюулгүй байдлаа бэхжүүлэх алхам хэмээн тайлбарладаг. Харин АНУ-ын худалдааны олон түнш үүний эсрэг байгаа бөгөөд Европын холбоо хариу арга хэмжээ авч, Америкт үйлдвэрлэсэн 2.8 тэрбум еврогийн өртөг бүхий бараа бүтээгдэхүүнд гаалийн татвар ногдуулж байгаагаа зарласан билээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Д.Трамп гаалийн татварыг зэрэг цуцлахыг санал болголоо
2018-07-26
Нийтэлсэн: Админ
 1 мин