Ч.ҮЛ-ОЛДОХ
Польшийн иргэн, монгол судлаач Павел Шчантай монголч эрдэмтдийн ээлжит хурлын үеэр уулзаж ярилцлаа. Тэрээр Варшавын их сургуулийн Дорно дахины их сургуулийн залуу эрдэмтдийн нэг юм. Улаанбаатар хотын газрын нэр, хаяг нь монгол хэлний хөгжилд нөлөөлж байна хэмээн үзэж, энэ талаар сонирхолтой судалгаа хийсэн нь анхаарал татлаа.
-Монголчууд нийслэл хотынхоо хаягжилтад шүүжлэлтэй хандан ярьж, бичдэг ч судалгаа хийж асуудал дэвшүүлсэн нь ховор. Энэ талаар судлах болсон чинь сонирхол татлаа?
-Монголч эрдэмтдийн судалгааг харж байхад ихэнх нь эртний түүх рүү хандсан байдаг. Би залуу хүн болохоор тэр үү, орчин үе рүү хандсан судалгаа хийх сонирхолтой.
Энэ үгээр би өнгөрснийг үгүйсгэх гэсэн юм биш, заримдаа хүмүүс хэтэрхий тэр тал руу хандаад одоо юу болж байгааг анхаарахгүй, дэргэдүүр нь өнгөрөөд явчихдаг. Жишээлбэл, миний судалгаанд авсан Улаанбаатар хотын асуудал байна. Улсынх нь хүн амын талаас илүү хувь нь амьдарч байгаа газар, нийслэл хот нь шүү дээ. Хүн амын талаас илүү хувь нь амьдарч байгаа учир нийгэм, соёлын үйл явдлын ихэнх нь тэнд явагдаж байгаа гэж хэлж болно. Гэтэл Улаанбаатарын талаарх сэдэв судалгааны хувьд нэлээд гологдсон байх жишээтэй.
-Тухайлбал?
-Улаанбаатар хотынхоо эргэн тойрон, өнөөгийн байдалд асуудалд ач холбогдол өгдөггүй, таны асуусан шиг нэг зүйлээс үүдсэн шүүмжлэл өрнүүлж байснаа тэгсхийгээд орхичихдог ч юм уу, гүнзгийрүүлж судалдаггүй. Иймэрхүү асуудал байгаа учраас энэ талаар тэр бүр судалгаа хийж байгаагүй байх.
-Яагаад ингэж ханддаг болчихсон юм бол. Та юу гэж үзэж байна?
-Яагаад ийм болов. Яаж энэ мухардлаас яаж гарах вэ гэсэн чиг хандлага ерөөс алга. Мэдээж судалж байж л цаашид яах вэ гэдэг дүгнэлтүүд гарна шүү дээ. Улаанбаатарын орчин тойрноос гадна ч зөндөө асуудал бий. Монголчууд соёлын өв гэдэг утгаар л хандаад байдаг, гэтэл өөрчлөх зүйл нэлээд байна. Тэгэхээр хотын асуудал үүнтэй холбоотой байж ч магадгүй юм. Өв, соёл гээд заавал өнгөрснийг судлаад байх биш өмнөө байгаа зүйлүүдийг анхаарч, өнөөгийн байдлаа ажиглаж, судалж шинжлэх хэрэгтэй юм. Тэгэхгүйгээр цаашаа явахад учир дутагдалтай. Хотын иргэдийн стресс, уур бухимдал ч гэсэн юунаас болж байна гээд судлаад үзэхэд хариу заавал гарна.
-Тэгэхээр та зөвхөн хотын нэр, хаяг ч биш олон асуудлаар цогц судалгаа хийж байгаа гэсэн үг үү?
-Судалгаа олон асуудлыг хамарч байгаа. Албан ёсоор судалж байгаа, сэдэв болгоод явж байгаа нь Улаанбаатар хотын хаяг, орчин, тойрны газрын нэр юм. Газрын байршил, чиг зүг, чиг баримжааны асуудал, энэ талаарх хөдөөгийнхний ойлголт, түүнийг дагаад сэтгэхүй, үг яриа, түүнийг илэрхийлэх буюу дүрслэх үг хэллэг ямар байна. Тэр нь юугаараа ялгаатай вэ, өнгөрсөн цагт ямар байсан бэ, одоо яаж өөрчлөгдөв гэх зэргийг харьцуулсан судалгааг ч мөн хийж байна. Түүнчлэн тэдгээр нь монгол хэлний үгийн санд ямар нөлөө үзүүлж байгаа нь сонирхол татдаг. Цаашид газрын нэрийн талаар бодлого шийдвэр ямар байх вэ, ямар гарц шийдэл байна вэ, ямар арга хэмжээ авах нь зүйтэй вэ гэдэгт судалгаа бага ч гэсэн хэрэг болох болов уу гэж найдаж байна.
-Судалгааны явцад сонин, содон санагдсан ямар нэр, хаяг байна?
-Жишээлбэл, миний анзаарч судалснаар бол газрын нэрсийн бүлэгт тооны нэр их байна. Тэддүгээр хороолол, эмийн сан, дэлгүүр, ийм,тийм гудамж гээд байдаг. Энэ нэр нь хоёр хэсгээс бүрдэж байгаа. Нэгдэх нь дэвсгэр нэрийн хэсэг, нөгөөх нь тоо. Тухайлбал, 3-4 дүгээр хороолол гэж нэрлэдэг. Ямар хороолол гэж асуухад төддүгээр хороолол гэж тодорхой зааж байгаа. Хотын хүмүүс зарим тохиолдолд газрын нэрийг заахдаа дэвсгэр нэрийг орхиод тоог хэлчихдэг. Автобусанд суугаад нэг зогсоол өнгөрөнгүүт “32 буух хүн байна уу”, “за 64 буух уу” гэх жишээтэй. Такси бариад “16 явнаа” гэх юм уу, эсвэл “19 орноо” гэхчлэн чиглэлийг тоогоор хэлэх нь ч байна. Гудамжны нэр дээхнэ үедээ ихэнхдээ тоогоор нэрлэж байсан, “Хятадын есөн гудамж” гэх мэт. Одоо бараг алга. Гэхдээ “Рашаантын 18” гээд тогтсон нэр бас байна. Сүүлийн үед ихэнх хороолол, эмийн сан, сургууль, дэлгүүр бүгд тоогоор нэрлэгдсэн байна. Тооны нэрийн систем Монголд хуучнаар ЗХУ, одоогийн ОХУ-ын нөлөөгөөр орж ирсэн байх. Тэр нь улс төр, соёлын нөлөөллөөс илүү хот төлөвлөлттэй хосолсон нь миний сонирхлыг татсан. Хот хурдацтай тэлсээр, ямар нэг зохиосон нэр өгөхөөс илүү дараалалтай юм уу, дараалалгүйгээр тоогоор дугаарлаад явчихсан нь амар байсан байж мэдэх юм. Энэ нь нэг талаас, монголчуудын сэтгэхүйтэй холбоотой байж магадгүй. Яагаад гэвэл, монголчуудын газар нутгийн нэрийг авч үзэхэд тухайн газар орны хүмүүс л мэддэг. Гадны хүн ирээд тэр бүр мэдэхгүй. Их л олон удаа ирж байж тогтоож авах байх. Хэлбэр, дүр төрх нь харагдаж байгаа атлаа нэрийг нь санах гэхээр ойр биш ч байж болохоор. Тооны нэрээр өгснөөс нь ч тэр байдал бас харагдаж байгаа гэж болно. Тухайн дүүргийнхэн “32” гэдгээ мэдэхээс өөр дүүргийнхэн юуны “32”, аль “32” вэ гэж асуух жишээтэй. Тэр нь дэлгүүр юм уу, эмийн сан юм уу тодорхой биш, шууд мэдэхгүй байж магадгүй.
-Энэ байдал хөдөө ямар байна вэ?
-Хөдөө нутагт газрын гадаргууны байдлыг ярихдаа дүрслэх үг их хэрэглэдэг. Тухайн зүйлийн хэлбэр, дүрсээс хамаарсан нэршлээс хүний санаанд шууд буух жишээтэй. Тухайлбал, Мэлхий хад байна. Гэтэл ихэнх хад, чулуу дөрвөлжин хэлбэртэй байдгаас дүрслэх үг тэр бүр зохихгүй. Тэгсэн хэрнээ хотын газрын байршил, хэлбэрийг ярихдаа динамик байдлаар ханддаг. Жишээ нь, чиглэл, байршлыг заахдаа “Баруун эргээд нэг баг тулаад, тэгээд зүүн эргээд нэг хашаа тулаад, аркаар ороод” гэхчлэн зааж ярьдаг. Орон зайн аргаар ингэж зааж байгаа нь бас сонирхолтой.
-Шүүмжлэлтэй зүйлүүд хэр тааралдаж байна?
-Мэдээж, хаягийн зохицуулалт асуудалтай санагдаж байгаа. Энэ талаар Засгийн газар болон Нийслэлийн захирагчийн алба, Засаг даргын Тамгын газраас бодлого шийдвэрүүд гаргаж, түүний мөрөөр арга хэмжээ авдаг. Тэр ажлыг шүүмжилж буй юм биш, гагцхүү сайжруулах, илүү нарийсгах шаардлагатай. Хүмүүс хичээж байгаа нь анзаарагддаг л даа. Нэг хэсэг дэлгүүр, зоогийн газрууд гадаад нэр авч хаяг, зар сурталчилгааны самбар байршуулдаг байсан бол одоо англи, монголоор бичээд тавьсан байх жишээтэй. Энэ мэтчилэн өөрчлөлт гарч байгаа нь сайн хэрэг.
-“Монгол Улсын нийслэл атал нэр, хаягаа гадаад үгээр бичлээ. Хаанахын нийслэл юм бэ гэж төөрмөөр болчихлоо” гэхчлэн зөндөө шүүмжлэл өрнүүлдэг. Зарим нь туйлширлаа гэлцдэг. Тэр байтугай, монгол бичгээр бичих ёстой гэх нь ч бий. Манай улс дотооддоо бишгүй ярьж байгаа ч нэг мөр болохгүй байна?
-Зөндөө асуудал байгааг мэдэж байна. Зарим нь хаягийн самбарыг латин үсэг хэрэглэхгүйгээр гадаадын улс орнуудын жишээгээр хоёр галигаар бичиж хийж болно гэж ярьдаг. Нөгөө хэсэг нь дан кирилл үсгээр болон уйгаржин бичгээр байх нь зүйтэй гэсэн асуудал дэвшүүлдэг. Миний хувьд шүүмжлэл хэлмээргүй байна. Гэхдээ мэдээж үндэсний хэл бичгээрээ кирилл үсгээр бичсэн байх ёстой. Хэрэв хаяг, зар байршуулах л гэж байгаа бол тэр талаас анхаарч бодох нь зүйн хэрэг. Сүүлийн үед энэ асуудал бас ч гэж өөрчлөлт гарч байна. Одоогоос нэлээд хэдэн жилийн өмнө хятад ханзаар бичсэн зоогийн газрын хаяг нэлээд байсан. Хаяг, нэрээ англи, монголоор ч юм уу, хослуулж бичиж тавьж болох юм. Тухайн хүн хятад, солонгос үсэг мэдэхгүй ч хаяг зараа тэдгээр үсгээр хослуулж бичээд тавьсан байвал энэ нь хятад зоогийн газар, тэр нь солонгос зоогийн газар юм байна гэсэн ойлголтыг авах боломжтой. Хаяг, зар гэдэг тухайн газрыг хүмүүст таниулах зориулалттай байгаа учраас гол хэсгийг монголоор бичсэн бол туслах үүрэгтэйгээр өөр хэл дээр бичиж болох байх.
-Өвөрмонголчууд уйгаржин монгол бичиг, үсгээ хэрэглэдэг. Нэг хэсэг хаяг самбарыг монгол бичгээр бичиж тавих ёстой гэсэн хөдөлгөөн хүртэл гарч байсан. Манай улсад ч гэсэн ийм санаачилга гарч байсан ч жуулчид болон гадаадын зочид ойлгохгүй гэж эсэргүүцэх хүн олон гарч байсан. Та дуулсан байх?
-Үндэсний хэл бичгээ сэргээх зорилготой тийм байр суурь баримталж буй бол тийм ч зүйтэй арга биш байх. Энэ асуудлыг дунд сургуулиас авч үзэх ёстой. Ер нь бол төрөөс гаргаж байгаа тогтоол, шийдвэр, албан бичгүүд хоёр бичгээр гарах нь хэрэгтэй, үгүйг би хэлж мэдэхгүй. Ямартай ч тийм утгатай билэгдлийн шийдвэр гарч байсан. Монгол хэл бичгийг таниулах, хэрэглээг сэргээх явдал том ажил байх. Мэдээж монгол хүн бүр үндэсний бичиг, соёлоо дээдэлж, сайтар эзэмшсэн байх нь чухал. Аль талаас хандах нь монголчуудын өөрсдийнх нь шийдвэр юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин