Д.ОЮУНЧИМЭГ
“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцан тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор эдийн засагч С.Буяндэлгэрийг урилаа.
ЗОРИЛГО, БОДЛОГО, ХЭРЭГЖИЛТ
Монгол Улс 2030 он гэхэд ямар төвшинд хүрч хөгжих вэ гэдгийг тодорхойлох аргагүй. Учир нь Монгол Улс эдийн засгийн коридорт тодорхой дэд бүтцийг бүтээн байгуулж түүгээр дамжуулан экспорт, импорт, ре-экспортод голлох нөлөө үзүүлнэ.
Энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүний 40-50 хувийг эзэлнэ гэсэн хүлээлт, үр дүн харагдахгүй байгаа юм.
Цаашилбал, 2030 он гэхэд дэлхийд үгүй юм гэхэд бүс нутагтаа өрсөлдөхүйц дээд сургууль байгуулах бодлого, төлөвлөгөө алга. Дэлхийн эдийн засагт Монгол Улсын оролцоо болон эзлэх байр суурь хаана байх вэ гэдгээ тодорхойлох нь чухал. Үүнийг зорилго болгон тодорхойлж, бодлого болгон томъёолж, үйл ажиллагаа болгож хэрэгжүүлж байгаа зүйл одоогоор алга гэж болно. Хэдийгээр энгийн мэт боловч жижиг зүйлээс ихийг бүтээдэг гэдэг. Магадгүй урт хугацаанд хөгжүүлэх бодлогын бичиг баримт бий гэх байх. Гэхдээ түүнийг хэрэгжүүлэх хөрс, суурь нь хаана байна вэ. Хууль эрх зүйн орчныг хэрэгжүүлэх дагаж мөрдөх дүрэм журам нь батлагдсан уу гээд олон асуулт гарна. Монгол Улсын хөгжлийн гарцыг хэд хэдэн зүйлээр илэрхийлж болно. Нэгдүгээрт, мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэх боломжийг эрэлхийлэх учиртай.
Хоёрдугаарт, цахилгаан эрчим хүчний салбарыг хөгжүүлэх боломж бий. Монгол Улс нүүрсний баялаг нөөцдөө тулгуурлан “Орхон говь”, “Хэрлэн говь” төслөө амжилттай хэрэгжүүлбэл бүс нутгаа эрчим хүчээр бүрэн хангахын зэрэгцээ бүс нутагтаа экспортлож болно. Эхний ээлжинд урд хөршдөө экспортлох нөөц бий гэж хардаг. Улс орнууд хөгжсөн түүхийг эрдэмтэд судалж дүгнэлт гаргасан байна лээ. Тодруулбал, Өмнөд Америкийн нэг мужийг хоёр хувааж хөгжүүлсэн байгаа юм. Гэтэл Техас талд байгаа хэсгийн хөгжил асар дорой байсан бол Америк талынх нь сайн хөгжжээ. Үүнээс харвал газар зүйн байршил тухайн улсын хөгжилд нөлөөлдөг суурь хүчин зүйл биш гэдгийг тогтоосон байна. Харин боловсрол, эрүүл мэнддээ сайн анхаарал хандуулснаар улсын хөгжилд эерэгээр нөлөөлдөг суурь бүрддэг. Өөрөөр хэлбэл, хүртээмжтэй өсөлтийн үр дүн улс үндэстний хөгжлийн суурь болдог гэсэн дүгнэлтэд эрдэмтэд хүрчээ. Манай улсын хувьд ч үүнийг анхаарах нь зүйтэй болов уу.
360 ХЭМИЙН ӨӨРЧЛӨЛТ
Эрүүл биед саруул ухаан оршино гэдэг. Гэтэл манай улсын эрүүл мэндийн салбар хэдэн зуун жилээр хоцрогдсон дайны үеийн тогтолцоогоор ажилладаг. Өөрөөр хэлбэл, хүн өвдөөд эхлээд өрхийн эмнэлэгт хандана. Түүний дараа дүүргийн эмнэлэг, III шатлалын эмнэлэг рүү ханддаг шүү дээ. Энэ нь дайны үед галын шугам дээр шархдсан хүнд сувилагч анхны тусламж үзүүлэн ард талд хүргүүлнэ. Энд дараагийн шатны үйлчилгээ үзүүлэн хүнд хүмүүсийг төв суурин газар руу явуулдагтай адил байгаа юм. Олон нийтийн дунд эрүүл мэндийн салбарт итгэх хүмүүсийн итгэл суларсан тухай мэдээлэл нэлээдгүй түгсэн. Энэ нь оношлогоо, эмчилгээтэй холбоотойгоор үүсч байгаа асуудал. Тэгэхээр нэн тэргүүнд энэ салбарын тогтолцоог өөрчлөх шаардлагатай. Хоёрдугаарт, боловсон хүчнийг чадавхижуулахад анхаарал хандуулах ёстой. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн салбарт эрс шинэчлэл хийх цаг болсон гэсэн үг. Ер нь аливаа салбарт шинэчлэл хийхдээ ажиллах хүчтэй нь өөрчлөхгүй бол амжилт олдоггүй гэдгийг Скандиновын орны жишээнээс харж болно. Тус улс хуулийн салбартаа реформ хийхдээ гадны орноос экспертүүд авчирж зөвлөгөө авсан байдаг. Тэд шинэ систем дээр хуучин хүмүүс ажиллуулахгүй гэдэг шаардлага тавьжээ. Мэдээж энэ нь эсэргүүцэлтэй тулгарна. Түүнийг давж гарахын тулд зоригтой шийдвэр гаргах хэрэгтэй болсон байна. Тэгэхээр шинэчлэлийнхээ үр дүнг харуулахын тулд хошуучаас дээш цолтой хүмүүст таван жилийн цалинтай тэнцэх хэмжээний цалин, урамшуулал олгон тэтгэвэрт нь суулгасан байгаа юм. Ингээд гурван жилийн дараа улсынхаа хөгжилд тэргүүлэх салбар болсон түүхтэй. Манай улсын хувьд эрүүл мэндийн салбараа шинэчлэх зайлшгүй шаардлага тулгарсан. Тиймээс системийн шинэчлэлийг хийх бодлого боловсруулахын зэрэгцээ энэ салбарт ажиллах залуу боловсон хүчнийг чадавхижуулахад анхаарах хэрэгтэй. Шинэчлэл хийхийн тулд яах ёстой вэ гэх асуулт гарна. Тэгвэл урьдчилсан үзлэг оношлогоонд ач холбогдол өгч буй дэлхий нийтийн жишгийг дагах ёстой. Үүний тулд өвдсөний дараа эмчлэхээс илүү урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх учиртай. Жишээлбэл, өрхийн эмнэлэгт харъяалагддаг хүмүүсээ жилийн турш 1-2 удаа үзлэг, шинжилгээнд хамруулж хэвших. Энэ мэтчилэн одоогийн ажилладаг зарчмыг 360 хэмээр эргүүлэх хэрэгтэй гэж хардаг. ГУРВАЛСАН ХОЛБОО Манай улсад доктор, профессор цолтой хүн олон болжээ. Нэг талаас нь харвал сайн зүйл. Дэлхийн бусад улс оронд энэ хэрээр боловсролын чанарыг тодорхойлж болох юм. Нөгөө талаас нь харвал зэрэг, дэвийн хойноос хэт улайран хөөцөлдөж өөрийн оюун ухааныг уралдуулахгүйгээр авч байгаа тохиолдол гарч байна. Энэ бол харамсалтай зүйл. Доктор хамгаалсан хүн бол тухайн судалгааныхаа чиглэлийг нэг бүрчлэн мэддэг юм. Гэтэл бусдын хүчээр доктор хамгаалсан хүмүүст ямар ч мэдээлэл байхгүйгээс цолны нэр хүндийг унагаж байна. Түүнчлэн их сургуулийн статустай болохын тулд профессорын багтай байх ёстой. Зарим тохиолдолд боловсон хүчний хувьд хангалтгүй байгаа сургууль их сургууль гэдэг статуст багтах болсон харагдаж байна. Доктор болон профессор цолтой эрдэмтэн нэр хүндийн хувьд олонд хүлээн зөвшөөрөгдөж, хүндлэгдсэн байдаг. Хатуухан хэлбэл, магистр, доктор, профессорын ялгаа харагдахгүй болжээ. Уг нь эдгээр нь хоорондоо цуглуулсан мэдлэг мэдээллээрээ ялгаатай. Энэ мэтчилэн гажуудал байсаар байна. Бид боловсролын чанарыг сайжруулъя гэдэг ч сурган хүмүүжүүлэх албанд ажиллах хүнийг бэлтгэх талд хэт гоомой хандаж байна гэж хардаг. Багш мэргэжлээр суралцах хүүхдийн сургуульд орох босго оноог өндөр болгох шаардлагатай. Боловсролын салбарыг хөгжүүлэхийн тулд гурван талын хоорондын харилцан хамаарал чухал гэж үздэг. Засгийн газар зөвхөн бодлогоор дэмжинэ. Тухайлбал, Монгол Улс чацарганы салбараа хөгжүүлэхэд анхаарал хандуулжээ. Тэгвэл нөгөө талд нь хувийн хэвшил түүхий эд бэлтгэхээс эхлэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бүхий л үйл явцыг хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл, бут, сөөг тарихын тулд ямар алхам хийх вэ гэдэг мэдлэгийг их, дээд сургуулиас худалдаж авах хэрэгтэй. Энэ орлогоор их, дээд сургууль профессорын багаа ажиллуулах, судалгаа хийх эх үүсвэр болгон ашигладаг. Харин Засгийн газар энэ бололцоог бий болгохын тулд импортоор орж ирэх ижил нэр төрлийн бүтээгдэхүүнд татвар ногдуулах замаар хамгаалалт хийх учиртай. Энэ загвар ажиллаж эхэлснээр боловсролын салбарын зарим асуудал шийдэгдэнэ гэж хардаг. Манай улс боловсролын үнэлэмжийг сайн болгохын тулд суурь боловсролын системд хэрэгжүүлж буй цөм хөтөлбөрийг хувь, хувьсгалын гэж ялгалгүй бүх сургуульд хатуу баримтлах хэрэгтэй. ТЕХНОЛОГИЙН САЛБАРТ ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТАЙ БОЛОВСОН ХҮЧНИЙГ БЭЛТГЭХ Монгол хүний шинийг сурах эрмэлзлээс харвал мэдээлэл технологийн чиглэлээр боловсон хүчнийг бэлтгэснээр улсын хөгжилд тодорхой дэвшил гаргах боломжтой. Өнгөрсөн онд Японы хиймэл оюун ухааны чиглэлээр тэргүүлэх компани манай улсад салбараа нээх санал тавьж байсан юм билээ. Эндээс харвал манай улсад энэ салбарт ажиллах боловсон хүчний нөөц бололцоо байгаа гэсэн үг. Тиймээс бид энэ салбарыг хөгжүүлэхэд улсын бодлогыг чиглүүлэх хэрэгтэй юм. Монгол Улс хөгжихийн тулд бусад орны хөгжлийн загварыг судлах учиртай. Мэдээж дэлхийн чиг хандлага, шинэ технологийг эзэмшинэ, суралцана. Түүний дараагаар тэдэнтэй өрсөлдөх чадвартай болох юм. Израйл, Сингапур улсын хөгжсөн түүхийг судалж байхад авахуйц хоёр санаа харагдаж байсан. Тухайлбал, Израйл улс 16 насанд хүрсэн хүүхдүүдийг цэргийн сургуульд хамруулан найман жилийн хугацаанд давхар мэргэжил эзэмшүүлэн төгсгөдөг юм билээ. Ингэснээр хагас цэрэгжилтийн дор суралцсан оюутнууд өндөр өрсөлдөх чадвартай мэргэжилтнүүдийг бэлтгэж байгаа юм. Энэ загварыг Сингапурын удирдагч өөрийн орныг хөгжүүлэхдээ хэрэгжүүлсэн байна. Манай улсын хувьд технологийн салбарын мэргэжилтнүүдийг хагас цэрэгжсэн байдалтайгаар сургаж төгсгөснөөр өндөр төвшинд бэлтгэгдсэн, чадвартай боловсон хүчинтэй болох юм. Цаашилбал, бүс нутагтаа төдийгүй дэлхийд дээгүүрт тооцогдох IT-гийн инженерүүд зөвхөн Монголынх байх боломжтой гэж хардаг. Эцэст нь чадварлаг боловсон хүчнээ ашиглан улсын хөгжлийг түүчээлэх салбарыг бий болгохын тулд УИХ, Засгийн газар бодлого боловсруулж, ажиллах орчныг бүрдүүлэх хэрэгтэй. ЁС ЗҮЙ БА СУРТАХУУН Манай улсын эдийн засаг дэлхийд томоохонд тооцогдох “Apple” компанийн жилийн орлогоос долоо дахин бага гэсэн статистик гарсан байна лээ. Энэ үзүүлэлт бидэнд сургамж болох ёстой. “Чингисийн монголчууд, дэлхийн талыг эзэлж явсан түүхтэй” хэмээн цээжээ дэлддэг бидний хувьд ичмээр тоо шүү дээ. Бид нэг компаниас бага орлоготой байна гэдэг гутамшиг. Бид аливаа зүйлийг хуулиар шийдэх гэж оролддог. Зах зээлийн нийгэмд шилжих явцдаа бүх асуудлыг хуулиар шийдчих юм байна гэж харсан юм болов уу. Тэгвэл хүний амьдралын асуудал бүрийг хууль шийдэхгүй гэдгийг цаг хугацаа харуулж байна. Өөрөөр хэлбэл, суртахуун, ёс зүй хүний амьдралыг удирдаж, залдаг нэгээхэн хэсэг юм. Аливаа улс үндэстний хөгжлийг харвал суурь нь үндэсний хэл байдаг. Бичгийн хэлээр дамжин танин мэдэхүй болж түүнээс улбаалан судалгаа шинжилгээ хийсний үр дүнд үзэл баримтлал болж тогтож дэлгэрдэг замналтай байна. Хэл нь ахуйд хэрхэн тусдаг вэ гэвэл соёл, урлагаар дамжиж зан заншилд нөлөөлдөг. Энэ нь суртахуун болно. Үүнээс харахаар хүн гэдэг амьтан оюун санааны хувьд суртахуунаар удирдуулан үзэл гэдэг зүйлийг гүйцэлдүүлэхийн төлөө амьдардаг. Тэгэхээр ёс суртахууны суурь нь эх хэл болж байна гэсэн үг. Хэл гэдэг нь хүний сэтгэх арга барилын суурь учраас хүүхдийг эх хэлээ сайн судалж түүнд агуулагдах ёс заншил, уламжлалд суралцахад нь дэм болох учиртай. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонинБЛИЦ
Боловсрол: -МУИС-Эдийн засгийн сургуулийн бакалавр -МУИС-Боловсролын сургуулийн магистр Ажлын туршлага: -2004-2005 он: “Business Development Group” ХХК гүйцэтгэх захирал -2005-2006 он: “Алтайн зам” ХК төлөвлөлт хариуцсан менежер, стратеги хариуцсан менежер, ТУЗ-ийн даргын зөвлөх -2007-2012 он: “Төгс шийдэл” ХХК судлаач, стратеги шинжээч, гүйцэтгэх захирал -2012 оноос: “Улаан нум” ХХК захирал, Монголын мэтгэлцээний нэгдсэн танхимын Үндэсний хэмжээний шүүгч.