Ч.ҮЛ-ОЛДОХ
Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, доктор, профессор Г.Билгүүдэйтэй ярилцлаа.
-Та монгол хэлний өнөөгийн байдлыг ямар байна гэж дүгнэдэг вэ?
-Монгол хэлний өнөөгийн байдал гэдэг өнөөгийн монголчууд ямар байна, бид ямар байгаад ямар болчихсон бэ гэдэг асуудал юм. Монгол хэлний асуудал монгол хүн болж төрсөн бүхэнд эмзэг тусдаг шиг байгаа юм. Энд монгол хэл устаад алга болсон гэсэн яриа гарч л байдаг, идэвхтэй устаж байгаа гэх нь ч бий. Миний ойлгож байгаагаар монгол хэл байдгаараа байгаа, цаашид ч байна. Монголчууд ХХ зуун гараад үндэсний, ардын, ардчилсан хувьсгал гээд лав гурван хувьсгалыг хийлээ.
Нийгэм, үндэсний хөгжлөө улам сайжруулах гэж олон хувьсгал хийсэн байх. Энэ хувьсгалуудын дүнд Монгол Улс XXI зуунд туурга тусгаар улс, НҮБ-ын нэг гишүүн болсон. Тэгвэл монгол хэлний байдал ямар байна вэ гэвэл, Монгол Улс 1961 онд НҮБ-д элсэхэд бид өөрийн гэсэн утга зохиолын хэлтэй, албан ёсны хэл нь монгол хэл, хүн амын 90 гаруй хувь нь үндэсний хэлээрээ ярьдаг байсан. Монгол олон үндэстний улс биш, өнөөдөр ч хүн амын дийлэнх нь монгол хэлээр ярьдаг. Монгол хэл хөгжлийнхөө жамаар явсаар өнөөдөр тодорхой шатанд явж байна. Манай хэлний томчууд, тухайлбал та бид хоёрын яриад сууж байгаа энэ гэр музейн эзэн болох Ц.Дамдинсүрэн гуай 1941 онд шинэ үсгийг зохион хэрэглэх шийд гарснаар шинэ үсгийг зохиох ажилдаа оржээ. Тэгээд үндсэндээ 1946 оноос шинэ үсгээр албан хэргийг хөтлөх болсон юм. Түүнээс хойш 60-70-аад жил явж байна. Шинэ үсгийн Монгол Улсад авчирсан ололттой тал гэвэл орчин цагийн Монголын утга зохиолын хэл бүрэлдэхэд асар их үүрэг гүйцэтгэсэн бөгөөд авч хэрэглэснээс хойш 20 гаруй жилийн дотор Монголын хүн амын дунд бичиг үсэг үл мэдэх явдал бүрэн арилж, асар богино хугацаанд бичиг үсэгтэй улс орон болж чадсан.Энэ бол маш том амжилт байлаа. Тиймээс ч НҮБ-ын ЮНЕСКО-гоос Н.К.Крупскаягийн нэрэмжит алтан медалийг БНМАУ-д олгож байсан нь одоо манай Хэл зохиолын хүрээлэнд хадгалагдаж байна.
Монгол хэлний өнөөгийн байдлыг арай өргөн хүрээнд харвал монгол туургатны хувьд янз бүрийн байдалтай байна. Өнөөдөр ОХУ-д байгаа халимаг, буриад хоёрт монгол хэлний байдал асуудалтай байна. Халимагт ч тэр, Буриадад ч тэр залуучууд төрөлх хэлээрээ ярихаасаа орос хэлээр ярих нь элбэг. Буриад хэл бол монгол хэлний хойд нутгийн нэгэн аялгуу болно. Тэнд хойч үеэ хэрхэн монгол хэлний халимаг аман аялгуу, буриад аман аялгаар яаж яриулах вэ гэдэг асуудал болоод байна.
Өвөр Монголын зарим нутагт ийм асуудал байна. Хүүхдүүд нь хар нялхаасаа л хятад хэлээр амлаад хэлд орчихдог. Монгол хэл, хятад хэлний хүрээлэл дотор байна. Ийм нөхцөлд залуу хүмүүс монгол хэл гэхээсээ хятад хэлийг сайн сурахгүй бол ажил албанд орох, зэрэг дэв ахих боломжгүй болдог. Өвөрмонголчууд маань уламжлалт монгол бичиг үсгээ хэрэглэж байна.
Үсэг бичгийг дагаад утга зохиолын хэл найруулгад өөрчлөлт ордгийг бид манай улсад шинэ үсэг авсанаас хойш тогтсон утга зохиолын хэлний хэм хэмжээ, 1940-өөд онд уламжлалт монгол бичиг үсгээ хадгалж үлдсэн Өвөр Монголын утга зохиолын хэлний хэмжээнд асар их ялгаа гарсан байгаагаас харж болно. Энэ голдуу нэр томъёоны зөрүүгээс үүдэлтэй зүйлс байна.
Монгол Улсын хувьд монгол хэлний өнөөгийн байдлыг би яадгаа алдчихсан, хэцүүдсэн гэж хэлж чадахгүй.
- Гэхдээ монгол хэл маань болохоо байлаа гээд түгшдэг хүн цөөнгүй. Гадаад хэлээр сургалт явуулдаг сургуулиуд, гадны элдэв сүм хийд олон болсон, залуучууд гадаад үг хэллэг хэрэглэх нь олширлоо?
- Тийм үг, яриа байнаа байна. Монгол хэлнийхээ цэвэр ариун байдалд санаа зовдог иргэд олон байна. Монгол хэлэнд цаг үеэ дагаад гадаад үг нэлээд орж ирж байна. 1980-аад оноос хувь хүний ширээнд тавигдсан PC /personal computer/ буюу компьютер, 1990 оны дунд үеэс хүмүүсийн гар дээр очсон mobile phone /үгчилбэл хөдөлгөөнт ярих төхөөрөмж/-ыг орж ирэхэд монголчууд маш хурдан гар утас гэж нэрлэж хэвшсэн байдаг.
2000 оноос хойш дэлхий нийтэд түгээмэл болсон интернетийг дагаад гадаад нэр томъёо, үгс орж ирэх болсон.
Шинэ зүйлсийг дагаж гадаад үг, нэр томъёо орж ирэхэд ямар ч хэлэнд түүнээс авахыг нь авч, хаяхыг нь хаях тийм үйл явц явагдаж байдаг. Монгол хэлэнд ч тийм үйл явц явагдаж байна. Интернет сүлжээнд Facebook гэж зохиогчид нь нэрлэсэн зүйл даян дэлхийд асар богино хугацаанд дэлгэрэн түгэв. Үүнийг манайх уг үгээр фэйсбүүк гэж нэрлэхийн хамтаар нүүр ном, нүүр хуудас гэхчилэн утгачлан орчуулж хэрэглэх хандлага бий болж байна. Тиймээс гадаад үг их орж ирлээ гээд төрөлх хэлээ мартчихаад гадаадаар яриад байна гэсэн үг биш юм.
Нөгөө талаас, Монгол Улс дэлхий нийтэд ХХ зуунд маш хүчтэй дэлгэрсэн төвлөрөх хотших үзэгдлийг нийслэл Улаанбаатар хотдоо хүн амын тал хувь нь бөөгнөрөн төвлөрөн аж төрөх болсноор дэмжсэн юм. Энэ нь ахуй амьдрал, хэвшлийн тал дээр асар их өөрчлөлтийг бий болгов. Одоо Монгол Улсад хүн амын 30 гаруй хувь нь хөдөө орон нутагтаа уламжлалт мал ахуйгаа эрхлэн аж төрөх болсон байна. Хүн амын энэ янз бүрийн хэсгүүдийн хэлний байдал ахуй амьдралаа дагаад өөрчлөгдөж байна. Хот хөдөөгийн хэл ярианд ч энэ байдал мэдрэгдэх болсон. Хотын хүүхдүүдэд “Хэнз хурга”-ыг уншуулахад хэнз гэдэг үгээ ойлгохгүй байна гэх мэтийн яриа гарах болсноос үүнийг мэдэж болно.
Хүүхэд хот, хөдөөгийн хаана нь өсч торниж байгаагаас хамаарахгүйгээр монгол хүнийг монголоор нь байлгах гэдэг асуудал Монгол Улсын бүх шатны, бүх насны сургалтын байгууллагын чухал асуудал болоод байна. Үүнд урд байсан ясли гэж яриад яахав, ямартаа ч цэцэрлэгээс эхлээд хүүхдүүд монгол хэлнийхээ орчинд монгол хэлээрээ ярьж хэлд ороод, цаашилбал сургуулийн бага, дунд, ахлах ангидаа монгол хэлнийхээ мэдлэг чадварыг улам ахиулаад сурч хүмүүжих ёстой юм.
-Гэтэл орчин үеийн хүүхдүүд ном уншихаа байчихсан шүү дээ?
-Уншиж сураагүй, эсвэл уншуулдаггүй байсан ч юм уу тийм нэг номтой нөхөрлөх орчинд өсөөгүй хүүхдүүд нас биенд хүрээд ажлын талбарт гарахад сурч мэдсэн зүйл бага, бичиг үсгийн чадвар муу, аливаа ажил төрлийг хийх чадвар дорой байх эрсдэл өндөр байдаг. Ном зохиолд дуртай болгоход айл өрх бүр номын сантай байх, бүх шатны сургууль номын сантай байх, олон хүчин зүйл нөлөөлөх ёстой л доо.
Бүх шатны сургалтын байгууллага эх хэлээ сургах, Монголынхоо сайн сайхан найруулгатай зохиол бүтээлийг хүүхэд багачуудад хүргэх, унших дур хүсэлтэй болгох, ухамсарлуулах талаас ажилладаг “байх ёстой. Газар бүр тийм байж чаддаггүй нь хэцүү л дээ. Энэ талаас түгших зүйлүүд байна.
Сүүлийн үед монгол хэлний боловсролд төр, засгийн зүгээс ч, ер нь хаа хаанаа анхаарал их тавьдаг болсон. Ийм ч учраас манай улс Монгол хэлний тухай хуультай болоод байна. Уг хуульд “Монгол хэл нь үндэстний оюуны соёлын үнэт өв, үндэсний соёл иргэншлийн язгуур үндэс, улс орны нэгдмэл байдал, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын нэгэн баталгаа мөн” гэж заасан. Энэ хуульд бас манай хүрээлэнг “эрх бүхий судалгааны байгууллага” гэж нэр зааж оруулсан байгаа. Монгол хэлний асуудлаар шийдвэр гаргахад эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авна гэж хуульчилсан. Хэлний тухай хуулийн зорилго нь 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн “албан хэргээ кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулна” гэсэн заалт орсон байгаа. Тэр хугацаа ойртож байна. Энэ талаар янз бүрийн ажил зохиогдож байна. Монгол улсын Ерөнхийлөгч “Эх хэлний өдөр зарлах тухай”, “Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай” гэсэн хоёр ч зарлиг гаргаад байна. Хэл зохиолын хүрээлэн тухайн зарлигийг хэрэгжүүлэх ажлын хэсэгт орж ажиллаж байна.
Ахуй амьдрал дээр монголчууд маань гурван ч үсэг бичиг хэрэглэж байна. Энэ нь албан ёсны шинэ үсэг \кирилл\, үндэсний монгол бичиг хоёр юм. Албан бус өөр нэг үсэг хэрэглээд байгаа нь латин үсэг. Эдгээрийг хэрэглээгээр нь байр эзлүүлбэл нэгд шинэ үсэг, хоёрт латин үсэг, гуравт нь үндэсний монгол бичиг орж байна.
-Энэ юунаас болж байна вэ?
-Сүүлийн үед ахуйн хэрэглээнд компьютер, гар утас орчин үеийн бүх төрлийн мэдээлэл харилцааны хэрэгслүүдийн суурь хэлийг шууд англиар авч хэрэглэж байгаа. Иймээс “форматлах”, “канселдах”, “копийдох” гэх мэтийн үгс хэрэглэж байгаа нь англи хэлний үндэст монгол хэлнийхээ дагаврыг залгаж үүсгээд ярьдаг, хэрэглэдэг болчихжээ.
Энэ мэт хэрэглээнээс, гар утаснаасаа бие биедээ илгээлт зурвас явуулахдаа латин \англи\ үсгээр “bn” гэж бичээд байна, “sn” гэж хоёр үсэг тавиад сайн гэж уншиж ойлгож байх жишээтэй. Латин үсгээр бичиж буй зурваст тогтсон дүрэм журам байхгүй хүссэнээрээ л бичиж байна. Шинэ үсгээр дүрэм журмаар бичихээс төвөгшөөх хандлага байна.
Бэлээхэн мөрдөх ёстой дүрэм журам нь байхад тэрийг мөрддөггүй, түүгээр ч зогсохгүй олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр алдаатай мэдээ мэдээлэл, урсдаг зарыг ямар ч хяналтгүй явуулж байна. Эдгээр газруудад хариуцдаг редакторууд гэж баймаар. Телевизээр ч байнга буруу зөрүү бичсэн юм явуулж байдаг. Тэгээд дараа нь энийг хэн хянах вэ, танай хүрээлэн юу хийж байгаа юм бэ гэж асуудаг. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд туузан зараа мөнгөөр авдаг шүү дээ. Түүнийг оруулж байгаа хүн үг, үсгийг хянах ёстой. Өгч байгаа хүн тэгж бичиж өгөөд байна уу, авч байгаа хүн тэгж шивээд байна уу, энд хяналт байх ёстой. Эх хэлнийхээ манаанд зогсох ёстой. Тэнд хянагч, редакторууд байх ёстой. Ийм хүмүүс сонин хэвлэлд байдаггүй шиг байна.
Сонин дээр буруу зүйл гараад байна гэдэг яах вэ. Сэтгүүлч хүн өөрөө буруу бичээд байна гэдэг юу гэсэн үг вэ. Хуучин үүнийг хянадаг газар байсан, одоо алга. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд ажиллаж байгаа хүмүүс, сэтгүүлчид, сонины дугаарыг гаргаж байгаа хүмүүс ядахдаа бэлэн байж байгаа үсгийн дүрмийг хараад алдаагүй юм гаргадаг болмоор байна. Алдаагүй сонин, сэтгүүл уншиж байгаа хүмүүс ирээдүйд алдаагүй юм хийнэ шүү дээ. Ингээд ярихаар өөдөөс тэгмээр байна, ингэмээр байна гээд зөндөө юм хэлдэг. Тэр ярьж хэлж байгаа зүйлээ хэрэгжүүлэх дээрээ болохоор дүрмээ мөрддөг хүн алга болж хариуцлагагүй байдал газар авсан байна. Үүнийг бүгд л дор дороо залруулж засч авах үүрэгтэй.
Асуудлыг бие бие рүүгээ чулуудаад байвал чулуудаад л байна шүү дээ. Эх хэлээрээ ярьж байгаа атлаа, дээр нь зөв бичих дүрэм нь байсаар атал түүгээр нь бичдэггүй. Буруу биччихлээ гэхээр “Юун сүртэй юм бэ?” гэж өөдөөс бараг уурлах хүн цөөнгүй таарах. Энэ сөрөг хандлагыг өөрчлөх хэрэгтэй байна.
Бэлээхэн утга зохиолын хэл байсаар байтал түүнийгээ хэрэглэдэггүй, түүгээрээ бичдэггүй байж таарахгүй.
Хөтлөгч нар ч бас адил, зөв ярихгүй байна. Ганц жишээ хэлэхэд л хөтлөгч, телевизийн нэвтрүүлэгт оролцогчдоос тэр энэндээ “баярлалаа гэж хэлмээр байна” гэсэн буруу хэв маяг яваад байх юм. Үүний утгыг бодвол “огт баярлах юм болоогүй хүн баярлалаа” гэж албадан шахалтаар хэлжээ гэж ойлгомоор. Хүн аав ээждээ баярлаж байгаагаа хэлэхдээ “Танд баярлалаа гэж хэлмээр байна” гэх зүйлийг ярьдаггүй шүү дээ. Энэ гадаад хэлний дулимаг орчуулгаар дамжиж орж ирсэн буруу хэллэг юм.
Энэ бүхнээс үзэхэд манайд сургууль боловсролын салбарт сургалтын чанарыг сайжруулж сурагчдыг монгол хэлээрээ, монгол сэтгэхүйгээр хэлж ярьж сургахад хүртэл үнэхээр ахиц гаргах шаардлага байна.
- Монгол хэлний үсгийг хасах гэж байна, хатуу, зөөлний тэмдгийг хэрэглэхгүй болох нь гэсэн мэдээлэл байсхийгээд нийгмийг бухимдуулдаг. Сая хэсэгтээ л шуугилаа?
-Хэдэн жилийн өмнөөс ингэж шуугих болсон. Тийм зүйл байхгүй шүү дээ. Сая Ерөнхийлөгчийн дэргэд хэлний шинэ зөвлөл байгуулагдаад анхны хуралдаанаараа “Монгол хэлний журамласан толь”-ийг өргөн барьсан. Тэр мэдээ явангуут “Монгол нийгэм” гэдэг нэрийн дор 4-5 жилийн өмнө болж байсан бичлэгийг санаатай тавиад хүмүүсийг төөрөгдүүлсэн. Тэр бол худал мэдээ. Морь гэхийг “Мори” гэж унших юм уу гэж бичээд л, тэрийг нь уншсан хүмүүс нь хятад хэл заах нь гээд шуугих жишээтэй. Цаанаа ямар зорилготойг мэдэхгүй, хүмүүсийг төөрөгдүүлж, улсыг хагалах гэж байгаа юм уу. Аливаа юм шинэ үсгийн тогтсон дүрмээрээ бичигдэх ёстой.
- Гадаад үг орж ирснээр хэл мөхөх биш хөгждөг гэлээ. Гэтэл хэн нэг хүн, жишээ нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж кофег “боргол”, компьютерийг “цахимбар” гэнэ гэж сурталчилж байсан шигээр хэрэглээд явах юм уу, хэлний тухай хуулиар яаж журамлах ёстой вэ?
- Хэл гэдэг өөрөө нийгмийн үзэгдлийн нэг. Монгол хэлээрээ сонсч, ярьж, ойлгож байгаа хүмүүсийг монгол гэнэ гэж байгаа шүү дээ. Ийм хүн дэлхий дээр 10 сая орчим байна. Тэр дотроо янз бүр, түүнээс зөвхөн гурван сая гаруй нь Монголд амьдарч байна. Монгол хэл ямар ч хэлний нөлөөг авахгүй өөрийн тогоондоо буцалж байдаг юм биш. Манай толь бичгүүдийг харьцуулаад үзэж байхад үе үед янз бүрийн соёл, шашныг дагаад гадны нэр томъёо орж ирж байсан. Түүнээс авахыг нь авч, хаяхыг нь хаяад л явж ирсэн. Тухайлбал, харь хэлнээс орсон үгийн толь гээд байж байна. Түүнийг харж байхад уйгараас орсон олон үг байна, төвд санскрит хэлний нөлөө ч байна. Шарын шашны ном судар бүгд төвд хэлээр байх тул энэ хэлний нөлөө монгол хэлэнд лам нарын үг яриагаар дамжин нэлээд орж ирсэн байдаг.
Орчин үед соёлын нөлөөгөөр олон нэр томъёо орос хэлээр дамжин орж ирсэн. Ер нь бол хэрэглээнд орж ирээд яваад байгаа үгсийг толиор журамлах ёстой доо. Зарим нь толиор журамлаж болохгүй үгс ч бас байна. Жишээ нь компьютер гэдэг олон улсын нэршил манайд анх орж ирэхдээ орос хэлнээс дамжсан, манайхан электрон тооцоолон бодох машин гэж орчуулж байсан. Сүүлдээ цахим гэх болсон, тэр нь яг электрон гэсэн үг мөн үү, биш үү. Цахим гэдэг үг монгол хэлний загвараар үүсээд тодорхой зүйлийг тэмдэглэсэн. Хэл тухайн цаг үеийнхээ хамгийн хэрэгтэй зүйлүүдийг авч баяждаг, тэрийг нь толь бичгээр журамлах нь зүйтэй. Нэр томъёог онооно, орчуулна, утга дүйлгэн нэрлэнэ, зарим нь үг зохиодог л доо. Ингэхэд үнэхээр оносон монгол үг гарч ирвэл идээшүүлээд хэрэглээд хэл баяжаад явдаг. Тэгэхдээ зуун хувь таардаг юм гэж байхгүй. Гол нь хэрэглээгээр шийднэ.
- Яг үүнтэй адил нэршлийн асуудлаар Хэл, зохиолын хүрээлэнд ханддаг хүн хэр олон бэ?
- Манай Хэл зохиолын хүрээлэнд хүмүүс их ханддаг, тухайлбал “Хаски нохойн холбоо” гэж нэрлэж болох уу гэх мэтээр. Гэтэл хаски гэж нэрлэхээс биш ямар умардын цэнхэр нүдтэй нохой гэж орчуулалтай биш. Манай хүрээлэнд нэр томъёо тогтоох, оноох асуудлаар олон хүн ханддаг.
- Бидний ярилцлага энэ хүрээд өндөрлөж байна. Эх хэлээ цэвэр ариун байлгахын тухай юуг онцолж хэлэхсэн бол?
- Аль ч салбарын, ямар ч мэргэжлийнх байсан монгол хүн л бол эх хэлээ цэвэр ариун байлгах манаанд мөнхийн зогсох ёстой. Энэ талаар эрдэмтэн мэргэд маань алдартай шүлэг, зохиолоо хэдийнээ биччихсэн. Бид Монголд төрснөөрөө бахархдаг шигээ, монгол хэлээрээ ярьж, бичиж байгаагаа бахархал болгох ёстой. Монгол хүн бүгд л өөрсдөө чармайвал монгол хэл минь цэвэр тунгалаг оршсоор байх юм шүү дээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин