Л.САЙХАНСАНАА
Хөдөө аж ахуйн бирж Хятадын Боханы биржтэй хийсэн гэрээний хүрээнд нэг тонн ноолуур арилжжээ. Энэ жилийн ноосны арилжаа, цаашдын зорилтын талаар Хөдөө аж ахуйн биржийн гүйцэтгэх захирал Х.Баатартай ярилцлаа.
-Хөдөө аж ахуйн бирж өнгөрсөн хавар Хятадын Боханы биржтэй ноос, ноолуур арилжах түншлэлийн гэрээ байгуулсан. Энэ хүртэл хэдий хэмжээний ноос, ноолуур экспортолсон бэ?
-Эхний ээлжинд нэг тонн ноолуур арилжаад байна. Ирэх жилээс хэмжээг нь нэмэгдүүлэхээр төлөвлөсөн. Мөн дотооддоо борлуулалт муу, үнэ хүрэхээ байсан түүхий эд, тухайлбал арьс ширийг Боханы биржэд хагас боловсруулан арилжих санал тавиад байна. Одоогоор дотоодынхоо үйлдвэрүүдтэй уулзаж судалгаа явуулж байгаа, ирэх сарын эхээр тодорхой хариу өгнө гэсэн хариу ирүүлсэн. Мөн самнасан ноос арилжих санал тавьсан.
-Гадны биржтэй арилжаа хийхэд хүндрэлтэй асуудал байдаг уу?
-Самнасан ноос арилжихад гаалийн татвар нь угаасан ноосныхоос өндөр ханштай байдагт хүндрэл гарч болох юм. Түүнээс өөр асуудал байхгүй.
-Малчид хоршоо, биржээр түүхий эдээ борлуулахаас илүү ченжүүдэд үнэ тохироод өгчихдөг. Үүнээс болж үнэ ханш нь хэлбэлздэг. Энэ байдал ямар байна?
-Энэ жил ноос, ноолуурын үнэ өмнөх жилүүдийнхээс харьцангуй өндөр байгаа. Түрүү жил хамгийн доод ханш нь 60 мянгад хүрч байсан бол энэ жил ихэнх аймагт 100 мянгаас доош буугаагүй. Хоршоодын хувьд үйл ажиллагаагаа бэхжүүлж, санхүүгийн бололцоогоо нэмэгдүүлэх, өөрсдөө ноосоо угаах болон самнаж арилжих боломж бүрэн бий. Тэдний самнасан болон угаасан ноосыг зөвхөн Боханы биржэд гэхгүй гадны өөр улс руу шимтгэлгүй үнээр арилжих нь бидний цаашдын зорилт юм.
-Бирж дээр хэчнээн хоршоо бүртгэлтэй байгаа вэ?
-Одоогийн байдлаар 56 хоршоонд биржээр дамжуулж түүхийн эдээ борлуулах итгэмжлэл олгосон. Гадаадын болон дотоодын санхүүжилтийн эх үүсвэртэй стандартын агуулах, ноолуурын микроныг шалгадаг зориулалтын багажтай малчин гишүүнтэй хоршоодыг бий болгох, бэхжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Бид юун түрүүнд тэдний санхүүжилтийн эх үүсвэрийг шийдэж чадвал эхний жишигт нийцсэн хоршоог бий болгоно. Ирэх жилээс энэ тал дээр анхаарч ажиллахаар төлөвлөсөн. Материаллаг баазаар бүрэн хангагдсан хоршоод гадаадын болон дотоодын зах зээлд самнасан ноосоо арилжвал ашиг нь 10 хувь байсан бол 40-50 хувьд хүрэх бололцоотой юм.
-Хоршоод бирж дээр бүртгүүлснээр давуу тал үүсэх үү. Малчид энэ талаар мэдээлэлгүй байгаа болов уу?
-Манай бирж өөрсдийн агуулахыг аль болох нийслэлтэй ойр барихаар газрын зөвшөөрөл хөөцөлдөж байгаа. Сум бүрт нэг малчин хоршоо, аймгуудад зориулалтын агуулах барьж итгэмжлэл олгох нь бидний ойрын зорилт. Түүнчлэн ноос боловсруулалт дээр техникийн шинэчлэл хийх, блокчейн технологид суурилсан платформ авах чиглэлийн судалгааг манай төвөөс явуулж байна. Өөрсдийн платформтой болбол манай арилжаанд дэлхийн хаанаас ч дурын хүн өндөр нууцлалтайгаар дундын брокероор дамжихгүйгээр нэвтрэх боломжтой. Эдгээр зорилтуудыг хэрэгжүүлэх судалгаагаа дуусгачихаад биржийн ТУЗ болон Төрийн өмч, бодлого зохицуулалтын газраас зөвшөөрөл авах асуудлыг ирэх жилээс хэлэлцэхээр төлөвлөөд байна. Гэхдээ биржийн үйл ажиллагаа дан ганц биднээс шалтгаалахгүй. Харин дотоодын үйлдвэрүүд, банк санхүү гээд олон зүйлээс хамаардаг учир өргөс авахтай адил хурдан хугацаанд сайхан болох магадлалгүй боловч бид бага багаар өөрсдийн үйл ажиллагааны зорилтоо хэрэгжүүлнэ.
-Гадагшаа түүхий эд экспортлоход ноос, ноолуурын чанарын стандарт гэж бий байх. Манай улс тэр шаардлагад нь нийцэж байгаа юу?
-Бид Боханы биржтэй ноолуур арилжихдаа чанарын тухайд нэлээд судалсан. Чанарыг бүтээгдэхүүн боловсруулах стандартаар хэмждэг. Боханы биржээс арилжаа хийхээс өмнө төлөөлөгчид нь заавал ирж ноолуурын чанарыг шалгана гэдгээ мэдэгдсэн. Бид эхний чанарын стандартад нийцсэн гэсэн тодорхойлолтыг авсан учир асуудал гараагүй. Бид бүтээгдэхүүн дээр өөрсдийн стандартыг тогтоож, түүндээ нийцсэн чанартай байхад анхаарах нь чухал.
Эх сурвалж: www.polit.mn