ОРОСЫН СУДЛААЧИД “ТРАМПЫН НАЙРСАГ, БИЕЭ БАРЬСАН БАЙДАЛД ХЭТ ИТГЭХ ХЭРЭГГҮЙ” ГЭЖЭЭ

2018-07-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ҮЛ-ОЛДОХ ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, дэд профессор Д.Аюуштай ярилцлаа. -ОХУ, АНУ-ын төрийн тэргүүн нар уулзлаа. Уулзалтын улс төр, эдийн засгийн ач холбогдлыг та юу гэж дүгнэж байна? -ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын уулзалт, яриа хэлэлцээ ерөнхийдөө амжилттай, харилцан ашигтай боллоо гэдэгтэй санал нэгтэй байна. Энэ уулзалт хүндхэн нөхцөл байдалд болж өнгөрлөө. Учир нь Д.Трампын ойрын хүрээлэл нь түүний эсрэг бодол санаатай байгаа нь АНУ-ын Ерөнхийлөгч түүнийг өөрөө эрсдэлтэй, хариуцлагыг дангаараа үүрсэн алхмыг хийхэд хүргэсэн. Уулзалтын  дүнд тодорхой шийдвэрт хүрээгүй ч гэсэн олон улсын харилцааны хэд хэдэн салбарт, тухайлбал стратегийн тогтвортой байдал, үй олноор нь хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх салбарт хамтран ажиллах, Сирид болж буй хүмүүнлэгийн хямралын асуудлыг шийдвэрлэх, Сири, Израилийн хооронд гал зогсоох дэглэмийг сэргээн тогтоох болон эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар төвлөрч ажиллахын чухлыг харилцан ойлголцож  зөвшилцөлд хүрснээрээ чухал ач холбогдолтой боллоо гэж үзэж байна. -Трампын хийж алхмууд, тухайлбал их гүрний удирдагчидтай хийж буй уулзалтыг “Трамп бодлогоо хэрэгжүүлж эхэллээ” гэж дүгнэх нь  ч байна?  ?  - Юуны өмнө хэлэхэд, Д.Трамп бол маш их туршлагатай бизнесмэн, харин  улстөрчийн хувьд түүнийг туршлага багатай гэж үздэг. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх өрсөлдөөний үеэр Д.Трамп хэрвээ сонгуульд ялж чадвал хамгийн гол зорилго нь АНУ-ыг агуу гүрэн гэдгийг сэргээнэ гэж амалсан байдаг. Чингэхийн тулд гадаад харилцаанд, үүний дотор эдийн засгийн гадаад харилцаанд оршиж буй алдаатай бодлогыг засна, АНУ-ын гадаад худалдааны алдагдлыг арилгана, гаалийн татварыг нэмэгдүүлж, улсынхаа дотоодын үйлдвэрлэгчдийг хамгаална, НАТО-гийн гишүүн орнуудын аюулгүй байдлыг хамгаалж ирснийхээ төлбөрийг НАТО-гийн гишүүн орнуудаас нөхөж авна, батлан хамгаалах салбартаа хэтэрхий бага зардал гаргаж буйг нь хурцаар шүүмжилж, тэднээс илүү мөнгө гаргуулна, мөн ОХУ-тай харилцаагаа хэвийн болгож, сайжруулах зэрэг бодлогыг явуулна гэж мэдэгдэж байв. АНУ-ын Ерөнхийлөгч болонгуутаа Д.Трамп өгсөн амлалтуудаа биелүүлж эхэлсэн. Тэрээр холбоотон орнууд гэлтгүйгээр хөнгөн цагаан ба гангийн гаалийн татварыг 10, 25 хувиар тус бүр нэмэгдүүлснээс гадна, АНУ-БНХАУ-ын худалдааны тэнцвэргүй байдлыг арилгахын тулд Хятадын барааны  экспортын хэмжээг багасгах, гаалийн татварыг нэмэгдүүлэх шийдвэр гаргаад байгаа. Энэ нь худалдааны түншүүдийнх нь дургүйцлийг ихэд хүргэж, тэднээс хариу арга хэмжээ авах, ялангуяа Хятад улс худалдааны дайн хийж эхэлсэн зэрэг сөрөг үйлдлүүдийг хийхэд хүргээд байгаа. Хельсинки рүү явах замаараа АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп долоо хоног Баруун Европод саатаж, НАТО-гийн гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалтын үеэр тус байгууллагын дарга Йенс Столтенбергтэй болон гишүүн орнуудын тэргүүн нартай уулзаж, гишүүн орон бүр батлан хамгаалах салбарт оруулах зардлаа нэмэгдүүлэх шаардлагыг тавьсан нь бас л тэдгээрийн дургүйцлийг төрүүлсэн. Мөн ХБНГУ-ын канцлер Ангела Меркельтэй хийсэн уулзалтынхаа үеэр Герман улс шатдаг хийн импортоороо ОХУ-аас 70 хувийн хараат байдалд байгааг шүүмжилж, хэмжээг нь багасгах шаардлагыг тавьсан нь мөн германчуудын дургүйцлийг төрүүлсэн. Харин маргааш нь А.Меркельтэй хаалттай хаалганы цаана уулзаж, эдийн засгийн хөгжил, гадаад худалдаа, цагаачлалын асуудлыг хэлэлцжээ. Дараах өдөр нь Д.Трамп Лондонд хүрэлцэн ирж, Ерөнхий сайд Тереза Мэйтэй уулзсан. Брекзитийн асуудлаар санал зөрүүтэй байгаагаас түүний толгойлсон засгийн газар хямралтай байгаа. Иймд эдгээр ажлын айлчлал ба хийсэн уулзалтыг ач холбогдлоор нь гэхээсээ илүүтэй зам дагуу хийсэн бүгд л чухал ач холбогдол бүхий бүр сонгуулийн өмнө төлөвлөсөн ажлын айлчлалууд байсан гэж хэлж болно.   ГАНЦААРЧИЛСАН УУЛЗАЛТ НЭГ ЦАГААР ХОЦОРЧ ЭХЭЛСЭН      -ОХУ-ын тэргүүнтэй хийсэн  уулзалтаар тодорхой зүйл шийдээгүй гэж дүгнэж  байгаа шүү дээ, зарим нь? - Энэ удаагийн уулзалтаар маш олон асуудлыг хэлэлцсэн гэж байгаа ч  яг тодорхой шийдвэрлэсэн асуудал байхгүй. Ийм  боловч АНУ ба ОХУ-ын харилцаанд эрс өөрчлөлтийг хийх анхны алхмыг хийсэн түүхэн уулзалт болсон гэж мэдэгдсэн. Болсон үйл явдлын  дарааллыг харвал, В.Путин Хельсинкид ирэхдээ саатсан учраас хоёр улсын ерөнхийлөгч нарын нүүр тулан ганцаарчилсан (зөвхөн орчуулагчтай) уулзалт нь төлөвлөснөөсөө нэг цагаар хойшилж, 14.10  цагт эхэлсэн. Путин, Трамп хоёр хаалттай хаалганы цаана хоёр  цаг гаруй ярилцсан. Ганцаарчилсан уулзалтын өмнө Д.Трамп сэтгүүлчидтэй уулзаж ярилцахдаа,  Оросын Ерөнхийлөгчтэй зөвхөн худалдаа болон цэргийн хамтын ажиллагааны талаар төдийгүй, мөн БНХАУ-тай хэрхэн харилцаж буй талаар бас ярилцана гэж хэлжээ. Тэрээр “Бид бидний нийтлэг найз ерөнхийлөгч Си [БНХАУ-ын дарга Си Жиньпинь] – ийн талаар бага зэрэг ярилцана гэжээ. В.Путин болохоор Америкийн ерөнхийлөгчид “Москва-Вашингтоны харилцааны талаар болон дэлхийн янз бүрийн эмзэг цэгүүдийн талаар дэлгэрэнгүй ярилцах” саналыг тавьсан. Хоёр ерөнхийлөгчийг ганцаарчилсан уулзалт хийж байхын зэрэгцээ АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео болон ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров нар мөн түүхэндээ анхныхаа уулзалтыг хийлээ. Хоёр ерөнхийлөгчийн уулзалт ажлын зоог хэлбэрээр үргэлжилсэн бөгөөд тэдэнтэй хамт ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров, ОХУ-ын  ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков, ОХУ-ын төрийн тэргүүний туслах Юрий Ушаков, ОХУ-д суугаа АНУ-ын элчин сайд Жон Хантсман, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео, АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын туслах Жон Болтон болон АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай туслах Фиона Хилл нар байлцсан. Зоогийн үеэр Д.Трамп В.Путинтэй хийсэн ганцаарчилсан уулзалтыг “бүгдийнхний хувьд маш сайн эхлэл” боллоо гэж үзэж буйгаа мэдэгдсэн. Хэвлэлийн бага хурал дээр эхлээд Ерөнхийлөгч В.Путин хэлсэн үгэндээ АНУ-ын Ерөнхийлөгчтэй хийсэн уулзалт “маш амжилттай бөгөөд ашигтай”, мөн “илэн далангүй, ажил хэрэгч байдалд” болж өнгөрсөн гэж хэлжээ. Тэрээр Ерөнхийлөгч Д.Трампад стратегийн тэнцвэртэй байдлыг хангах болон цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх санал бүхий албан бичгийг гардуулсан гэдгээ хэлжээ. В.Путин цааш нь хэлэхдээ, болж өнгөрсөн яриа хэлэлцээ нь Ерөнхийлөгч Д.Трамп тэр хоёрын “хоёр талын  харилцаанд оршиж буй сөрөг төлөв байдлыг засч, залруулах, харилцаагаа эрүүлжүүлэх эхний алхамыг төлөвлөх, итгэмжлэлийн боломжийн төвшинг сэргээж, улмаар урьдын төвшний хамтын ажиллагаандаа буцан очих хамтарсан хүсэлтэй байгааг харууллаа” – гэж мэдэгдэв. Үүнээс гадна  В.Путин хэлэхдээ, ОХУ ба АНУ-ын тусгай албад хөл бөмбөгийн ДАШТ-2018-ын үеэр хамтран ажилласныг тэмдэглэв. В.Путины үзэж буйгаар хоёр улсын харилцаанд бий болсон хүндрэлтэй, хурцадмал байдал нь бодитой шалтгаангүй. Тэрээр хүйтэн дайн аль хэдийн дууссаныг сануулав. Хоёр улсын хоорондын үзэл суртлын хурц сөргөлдөөний үе ард хол хоцорсон бөгөөд дэлхий дээрх байдал үндсээрээ өөрчлөгдсөн гэв. Өдгөө Москва болон Вашингтоны өмнө огт өөр сорилтууд тулгараад байна. Эдгээрийн дотор олон улсын аюулгүй байдлыг тэнцвэржүүлэх, мөн алан хядлага дэлгэрэх аюул улам бүр заналхийлж буй асуудлууд байгаа тул эдгээр асуудлыг ОХУ ба АНУ хамтын хүчин чармайлтаар шийдвэрлэх ойлголтод хүрнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн байна. В.Путин цэрэг-улс төрийн ба зэвсэг хураах цогц асуудлыг боловсруулах талаар цаашид хамтран ажиллах шаардлагатай байгааг цохон тэмдэглэсэн байна. ОХУ терроризмын эсрэг ажлын бүлгийг дахин сэргээхийг АНУ-д санал болгов. “Тусгай албадын шугамаар гүйцэтгэдэг хамтын ажиллагааг системийн үндэстэй болгох нь ашигтай”- гэж В.Путин мэдэгдэв. Крымыг ОХУ-д нэгтгэсэн асуудлаар Д.Трамп оросууд хууль бусаар нэгтгэсэн гэж үзэн, санал зөрүүтэй байгаа бөгөөд  В.Путин хэлэхдээ бид “бид олон улсын хууль, НҮБ-ын дүрмийн дагуу ард түмний санал асуулгыг авсан, бидний хувьд буюу ОХУ-ын хувьд энэ асуудал хаалттай”- гэв. Үүний зэрэгцээ Сирийн асуудлаар хоёр ерөнхийлөгч харилцан тохиролцож чадсан бөгөөд Д.Трампы хэлснээр “хоёр улсын цэргийнхэн үргэлж хэл амаа ололцдог. ОХУ нь Ираны зүгээс Израилийг түрэмгийлэх явдлыг хязгаарлана гэж амалсан” – гэв. Мөн В.Путин хоёр орны “бизнесийн ахлагч нарын” оролцоотой ажлын бүлгийг байгуулахаар тохиролцсон тухай, мөн хоёр улсад  Сирийн хямралыг зохицуулахад хамтран ажиллах бүх талын боломж байгааг цохон тэмдэглэв. Дональд Трамп хэлэхдээ “дипломат болон хамтын ажиллагаа нь сөргөлдөөн болон дайсагналцсан харилцаанаас  дээр, мөн үр өгөөжтөй харилцан яриа хэлцэл нь зөвхөн АНУ болон ОХУ-ын хувьд сайн төдийгүй, мөн даян дэлхийн хувьд ч сайн юм” гээд, ОХУ нь АНУ-тай цуг БНАСАУ-ыг цөмийн зэвсэггүй болгоход хамтран ажиллана гэсэн.  Ерөнхийдөө уулзалт ийм дарааллаар явсан.   ЯМАР НЭГ БИЧИГ БАРИМТАД ГАРЫН ҮСЭГ ЗУРСАНГҮЙ   -Донольд Трамп, В.Путин нар өмнө нь уулзаагүй ч бас таарч байсан шүү дээ. Тэр талаар нэхэн сануулбал? - Финляндын нийслэл Хельсинки хотод уулзахаасаа өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар зөвхөн хоёрхон удаа буюу  2017 оны долоодугаар сард ХБНГУ-ын Хамбург хотноо болж өнгөрсөн “Их 20”-ийн бүлгийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд, мөн 2017 оны арваннэгдүгээр сард БНСВУ-ын Дананг хотноо зохион байгуулагдсан Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтын үеэр гар барилцан уулзаж байв. Харин энэ сарын 16-ны өдөр болсон уулзалт бол хоёр улсын ерөнхийлөгч нарын олон улсын дээд хэмжээний арга хэмжээний хүрээнд бус,  анхных нь бүрэн хэмжээний уулзалт боллоо. Энэ удаагийн уулзалт нь АНУ болон ОХУ-ын харилцаа нь урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр, бүр хүйтэн дайны үед ч байгаагүйгээр бие биенээсээ ихэд хөндийрч, хөрсөн үед болсноороо онцлогтой юм. 600 мянга гаруй оршин суугчтай Хельсинки хотод өндөржүүлсэн аюулгүй байдлыг хангаж, зарим гудамжийг түр хааж, Финлянд- Европын Холбооны улс орнуудын хил дээр түр хугацаагаар паспортын хяналт тавьсан байв. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Хельсинкид ням гарагт хүрэлцэн ирж, Финляндын Ерөнхийлөгч Саули Ниинистётой уулзсан аж. Оросын Ерөнхийлөгч В.Путин даваа гарагт орон нутгийн цагаар 13.00 цагт ирж,  Ерөнхийлөгчийн ордонд очсон бөгөөд 20 хоромын дараа Д.Трамп иржээ. -Хоёр улсын хоорондын харилцаанд  өмнө  нь байсан үл ойлголцол, хардлага энэ уулзалтаар арилсан, эсвэл нааштай болж зөөлөрч   гэж үзэж болох уу? - Сая болж  өнгөрсөн уулзалтын үеэр хийсэн яриа хэлэлцээг хоёр улсын  ерөнхийлөгч нар амжилттай боллоо гэж дүгнэсэн боловч, гол үр дүн нь гэвэл тодорхой тохиролцсон зүйлгүй, ямар нэгэн баримт бичигт гарын үсэг зураагүй, харин хоёр талаасаа хэд хэдэн саналыг тавьсан уулзалт боллоо.                                  Уг нь хоёр ерөнхийлөгчийг “Стратегийн давшилтын зэвсэгийн тухай” гэрээний хугацааг сунгах талаар харилцан тохиролцож, “Дунд ба ойрын тусгалтай пуужин”-гийн гэрээний тухай асуудлыг шийдвэрлэх болов уу хэмээн харж байв. Уулзалтын үеэр Д.Трамп АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр оросууд хакердаж, хөндлөнгөөс нөлөөлсөн гэсэн асуудлыгтавьсан аж. Энэ талаар хэвлэлийн ярилцлагын үеэр америкийн сурвалжлагчийн тавьсан асуултанд хоёр ерөнхийлөгчийн хэн хэн нь үүнийг үгүйсгэсэн хариулт өгч байв. В.Путины хэлснээр “ОХУ нь АНУ-ын дотоод хэрэгт оролцдоггүй, америкийн ард түмний саналд бид хөндлөнгөөс нөлөөлсөн гэж юу байхав, энэ чинь инээдэмтэй хэрэг байна. Одоо энэ оросууд америкийн ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн гэсэн хогийн үгийг тархи толгойноосоо гаргаж хаях хэрэгтэй”- гэв. Сонгуулийг хакердсан гэгдээд байгаа оросын 12 тагнуулчийн хувьд В.Путин “Эрүүгийн гэмт хэргийн талаар харилцан туслалцах тухай” 1999 оны гэрээнийхээ дагуу прокурор Мюллер байцаалт авах хүсэлтээ ирүүлэх боломжтой, оронд нь ОХУ-ын нутаг дэвсгэр дээр гэмт хэрэг үйлдсэн гэх АНУ-ын зарим иргэдийг мөрдөж, хохирлыг нөхүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг америкийн талаас хүслээ. Шатдаг хийг Европ руу Украинаар дамжуулан экспортлох гэрээний хугацааг Украины “Нафтогаз” ба оросын “Газпром”-ын маргааныг Стокгольмын шүүхээр зохицуулсаны дараа сунгахад гэж В.Путин мэдэгдэв. Харин Дональд Трамп АНУ нь ОХУ-тай Европын эрчим хүчний зах зээл дээр өрсөлдөнө, “Умард урсгал-2” хий дамжуулах хоолойг барихын эсрэг байгаа гэдгээ мэдэгдэв. Д.Транп мөн Германы хийн импортын асуудлаар А.Меркелийг арай хатуу шүүмжилж, дэгсдүүлсэн байна гэдгээ хүлээн зөвшөөрөв. Харин В.Путин ОХУ болон АНУ дэлхийн эрчим хүчний зах зээл дээр хамтран ажиллах боломжтой гэсэн байгаа. -Цаашид хоёр улсын харилцаанд   ямар өөрчлөлт гарах бол? - Хоёр ерөнхийлөгч нүүр тулан, хаалттай хэлбэрээр уулзаж, яриа хэлэлцээгээ хийсэн учраас  яг нарийн ширийн ямар асуудлуудыг авч хэлэлцсэнийг бүгдийг нь мэдэх боломжгүй байгаа боловч, яваандаа олон нийтэд ил болох буй заа. Иймд цаашид юу болохыг хүлээх л үлдээд байна. Уулзалтын үр дүнг АНУ-д болон гадаадын орнуудад янз бүрээр хүлээн авч байна. Талархан дэмжиж, ихээхэн итгэл найдвар тавьж буй хүчнүүд байхад, тухайлбал, америкийн өрсөлдөгч улс төрийн хүчнийхэн маш таагүйгээр хүлээн авч, Д.Трампыг В.Путинд буулт хийлээ, хэт аядуу  зөөлөн байлаа, тагнуулын албанаас АНУ-ын сонгуулийн үйл явцад оросууд  хөндлөнгөөс оролцон, нөлөөлснийг баталчихаад байхад чинь В.Путинтэй нийлж, үүнийг үгүйсгэлээ, бараг эх орноосоо урвалаа гэх зэргээр хатуу, ширүүн шүүмжилж байна. Харин Д.Трамп иймэрхүү шүүмжлэлд өртөнө гэдгээ урьдчилан мэдэж байсан агаад, зүгээр сууснаас оросуудтай яриа хэлэлцээ хийж, дэлхий нийтээрээ энх тайван, амар амгалан байх талаар харилцан тохиролцох нь зүйн хэрэг гэж энэхүү эрсдэлтэй алхамыг хийж буйгаа хэлж байсан. АНУ-ын улс төрийн намуудын өрсөлдөөн ид өрнөж байгаа тул зарим хүчнүүдийн хувьд АНУ ба ОХУ-ын хоорондын харилцааг сайжруулах ашиг сонирхолгүй байгааг илтгэн харуулж байгаа болов уу. -Тэр нь бусад улс орны хувьд яаж нөлөөлөх бол? -АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хоёр улсын дээд хэмжээний уулзалтыг “эрс өөрчлөлтийн цаг мөч” байлаа гэж мэдэгдсэн нь уулзалтын үр дүн бусад орны хувьд сөрөг гэхээсээ илүүтэйгээр эерэгээр нөлөөлж, итгэл найдварыг төрүүлсэн, цөмийн болон ердийн зэвсгийг хурааж, алан хядлагыг зогсоож, улмаар дэлхий дээр энх тайвныг тогтоож, улс орнуудын хоорондын худалдаа, эдийн засгийн харилцааг эрх тэгш, харилцан ашигтайгаар хөгжүүлэхэд тус дөхөм болохоор анхны алхамыг зориглон хийсэн гэдгээрээ түүхэнд тэмдэглэгдэх болов уу. ТЭД ЮУ ЯРЬСАН НЬ УДАХГҮЙ ИЛ БОЛОХ БАЙХ -Дараагийн уулзалт  хаана болох бол, сая хөндөлгүй үлдсэн сэдэв, магадгүй дараа ярих сэдэв, хэлэлцэх асуудал нь юу байх бол? -Дараагийн уулзалтын талаар товлосон хугацаа яригдсан, үгүй нь тодорхойгүй байгаа бөгөөд ямарч байсан Д.Трамп “сайн эхлэл тавигдлаа” гэж дүгнэсэн нь дараа дараагийн алхамуудыг хийх нь тодорхой боллоо гэж үзэж болно байх. Ганцаарчилсан уулзалтаараа хоёр ерөнхийлөгч маш өргөн хүрээтэй олон асуудлыг авч хэлэлцсэн гэж мэдэгдсэн болохоор эрт, орой хэзээ нэгэн цагт тэдний ярилцсан сэдвүүд нь олон нийтэд илт болсоноор тэр хоёр чухам юуг гэж ярилцан тохирсон, ямар сэдвийг хараахан хөндөж яриагүй байгаа нь харагдах байх. -Дэлхийн улс төр, эдийн засгийн газрын зургийг зурж байгаа хоёр их гүрний уулзалтын үр дүн, бусад орон тэднээс юу  хүлээж байгаа  талаар та юу хэлэх бол? - Түрүүн хэлсэнчлэн, мэдээжийн хэрэг энэ хоёр гүрний харилцаанаас, тэдний  хоорондын яриа хэлэлцээний үр дүнгээс ихийг хүлээж байгаа  нь ойлгомжтой. Гэвч, тухайлбал, Оросын зарим судлаачдын үзэж буйгаар Дональд Трампын уулзалтын үеэр хэлсэн үг болон найрсгаар биеэ авч явсан байдалд хэтэрхий их итгэж, найдахын хэрэггүй болов уу. Яагаад гэвэл, сонгуулийн өмнөх сурталчилгааны үеэр тэрээр мөн Оростой харилцаагаа хэвийн болгохоор амалж байсан боловч сонгогдсоныхоо дараа бараг л хүйтэн дайн зарлах шиг болсон. ”Д.Трамп Москвад хандаж олон сайхан зүйлийг хэлж, дохио зангаа өгч байсныгаа юугаар ч баталгаажуулдаггүй учраас Трампын хэлсэн үгэнд  болгоомжтой хандаж, бүрэн итгэхийн аргагүй. Өнөөдөр  тэрбээр нэг юм хэллээ, харин маргааш АНУ-даа очоод юу гэж хэлэхийг нь хэн мэдлээ”- гэж Франклин Рузвельтийн нэрэмжит АНУ-ыг судлах Сангийн тэргүүн Юрий Рогулев өгүүлжээ. Ямар ч байсан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Баруун Европод долоо  хоног ажлын айлчлал хийгээд, Хельсинки хотноо ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хийсэн уулзалт болон түүний дараах хэвлэлийн бага хурлын үр дүнгээс харвал, хэдийгээр АНУ ба түүний түншүүдийн хоорондын харилцаанд ан цав гараад байгаа хэдий ч, тэд холбоотнууд хэвээрээ байгаа, ОХУ-ын хувьд явуулж буй бодлого, харилцаа нь хамгийнхаа доод төвшинд байгаа байдал нь бараг бүхий л асуудлыг нэгд нэггүй нарийвчлан  авч хэлэлцэх нь НАТО-гийн түншүүдтэйгээ санал зөрөлдөөнтэй байхаас ч илүү чухал гэдэг нь харагдаж байна. Ганцаарчилсан уулзалтын яриа, хэлэлцээний сэдвийг гадагш задруулсан явдал маш байсан гэх боловч гадаадын төрийн тэргүүн нартай хийсэн уулзалтын ярианы сэдвийг түүний зөвлөхүүд хэвлэл мэдээллийнхэнд нууцаар тараадаг явдалд дургүйцлээ илэрхийлжээ. Д.Трамп уулзалтын үеэр ихэд найрсаг бөгөөд биеэ барьсан байдалтай байв. Ийнхүү АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар хоёр улсын ба олон улсын харилцааны нэлээд олон асуудлаар санал солилцож, харилцан зөвшилцөлд хүрсэн анхны алхамаа амжилттай хийлээ. Хамгийн дээд  төвшинд гаргасан  шийдвэр албан тушаалын шатаар доошилсоор олон нийтэд ил болж, хэрэгжиж эхэлтэл зай байна. Одоо цаашид үргэлжлүүлэн юу болохыг хүлээх л үлдлээ. Эх сурвалж: www.polit.mn  
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

4 цаг 28 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

4 цаг 29 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

4 цаг 31 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

6 цаг 26 мин
“Ардчилсан орны Үндсэн хуульд байдаг зохицуулалтууд манайд байхгүй байна”

Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

7 цаг 48 мин
Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

8 цаг 47 мин
Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

9 цаг 19 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

9 цаг 40 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

13 цаг 14 мин