Д.Бямбасайхан: Хогийг шатааж биш боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэрэгтэй

2018-07-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ОЮУНЧИМЭГ “Бизнес, хөгжил” булангийн зочноор “COYOTE” компанийн ерөнхий захирал, Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны ерөнхийлөгч Д.Бямбасайханыг урилаа. -Агаар, хөрсний бохирдлыг бууруулах нэлээдгүй ажил хийж байгаа ч үр дүнгүй байна гэх шүүмжлэл бий. Тэгэхээр нэн тэргүүнд юу хийх ёстой вэ? -Нийслэлийн хэмжээнд жилд 1.5 сая тонн хог гардаг. Үүнийг ангилж дахин боловсруулах үйлдвэрлэлийн түүхий эд болгох хэрэгтэй. Үнэн хэрэгтэй агаарын бохирдлын тухай ярьж утааг бууруулна гэцгээх юм. Гэтэл хөрсний бохирдол нь түүнээс аюултай байдалд хүрснийг анхаарах цаг болсон. Хамгийн наад зах нь хогийн цэг дээр хогоо асгасан тээврийн хэрэгсэл ариутгал хийхгүйгээр замын хөдөлгөөнд оролцоно. Үүнийг нь хүний хөлөөр болон автомашинаар агаарт тоосонцор болгон тарааж байгаа юм шүү дээ. Тэгэхээр утаа болон хөрсний бохирдлыг бууруулахын тулд орон сууцжуулах хөтөлбөр боловсруулах нь зөв. Түүнийг хэрэгжүүлэхдээ нийслэлийг тэлж, дагуул хот байгуулах замаар шийдвэрлэх ёстой. Нэгэнт бохирдсон хөрсөн дээр байшин барилаа гээд хөрсний бохирдол арилахгүй. Харин түүнийг эрүүлжүүлэхийн тулд мод, ургамал тарих хэрэгтэй. Нөгөөтэйгүүр, орон нутгийг бүсчлэн хөгжүүлж, хотын төвлөрлийг бууруулах арга замыг эрэлхийлмээр байна. Аймгуудыг бүсчлэн хөгжүүлэхийн улсын их баяр наадмыг жил бүр өөр, өөр аймгуудад хийх төлөвлөгөө гаргачих. Тэгэхээр аймаг бэлтгэл ажлаа хийж, зам тээвэр, дэд бүтэц гээд бүтээн байгуулалт өрнөнө. Түүнийг дагаад ажлын байр нэмэгдэнэ. Цаашилбал, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах боломж бүрдэнэ. Орон нутгийн хувьд эдийн засгийн чадавх сайжрахын зэрэгцээ өрсөлдөх чадвартай болно. Адаглаад наадам сонирхож байгаа гадны жуулчид тухайн аймгийн онцлог газруудаар аялах болно. Тиймээс нийслэлийнхээ агаар, хөрсний бохирдлыг бууруулах ажлыг үр дүнтэй болгоё гэж байгаа бол бүсчилсэн хөгжлийн бодлогыг зөв төлөвлөж, хийх хэрэгтэй. -Хогийг ангилж хаях, хог хаягдлаар дахин боловсруулсан бүтээгдэхүүн хийх талаар ярьсаар байгаа. Зарим талаараа ажил хэрэг болж байгаа ч тулгамдсан асуудал байна хэмээх юм? -Манай улсын хувьд хогоо ангилж хаях хандлага төлөвшөөгүй. Ядаж гялгар уутанд хийгээд хаях дадалд суралцаж байгаа нь сайн хэрэг. Тиймээс хогныхоо уутыг үндэсний үйлдвэрлэгчдээс авах хэрэгтэй хэмээн нийслэлийн удирдлагуудад санал тавьж байсан. Ер нь хогийг ангилж хаях хэрэгтэй. Магадгүй дахин боловсруулах боломжтой хог хаягдлыг нь өнөөх хүмүүсийн адлаад байгаа хог түүдэг хүмүүс борлуулчихна. Одоогийн байдлаар бүх хогийг нэг саванд хийж байгаа учраас түүнээс нь хэрэгтэйг нь авахын тулд бусад хогоо тараасаар байгаа юм. Бид аливаа асуудлыг цаасан дээр буулгах төдийхнөөр харж бас ярьж байна. Өнөөдөр хог хаягдлын менежментийн тухай ярих болж. Гэтэл Монгол Улсад хог хаягдлыг цуглуулж булах менежмент илүү хөгжсөн болохоос дахин боловсруулах тухай хийх нь бүү хэл, ярьдаггүй. Зүй нь дахин боловсруулах боломжтой хог хаягдлыг өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн болгох нь хөрсний бохирдлыг бууруулах маш том алхам. Ерөнхий сайд У.Хүрэлсүх үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаатай танилцах үеэр би холбооныхоо ажлыг танилцуулсан юм. Тэр үеэр манай үйлдвэрүүд хог хаягдлын 20 хувийг боловсруулан эцсийн бүтээгдэхүүн хийж байгаагаа тайлбарласан. Ингээд Засгийн газар хогийг шатаах үйлдвэр барих нь буруу гэдгийг хэлсэн. Олон улсын хэмжээнд шатаах үйлдвэрлэлийг зогсоож байгаа. Манай улс ч энэ жишгийг дагаж хогийг дахин боловсруулан бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс гадна нэрж газ болгох боломж бий. Түүний дараагаар эрчим хүч болгоно. Энэ зарчмаар ажиллах хэрэгтэй гэдгийг санал болгосон. Гэвч урд хөршид айчлал хийх үеэрээ хогийг шатаах үйлдвэр хамтарч байгуулах гэрээнд гарын үсэг зураад ирж байгаа юм. Үүнд маш их харамссан. Учир нь хогийг шатаасныхаа дараа тонн тутамд 22 ам.долларыг Хятадын талд төлөх юм билээ. Үнэн хэрэгтээ үйлдвэрлэгчид болон мэргэжлийн хүмүүсийн үгийг сонсдоггүй. Түүнчлэн салбарын яам нь ажлаа хийхгүй байна. Хог хаягдлын тухай хууль 2012 онд батлагдсан ч журам нь гарахгүй байсаар өнгөрсөн онд шинэчлэгдэн батлагдсан. Огт хэрэгжээгүй хуулийг шинэчлэх хэрэг байсан уу гэдэг асуулт гарна. Хогийг булаад устгахад мөнгө зарцуулдаг. Тэгвэл дахин боловсруулж байгаа үйлдвэрүүдэд мөнгө хуваарилах санал оруулсан ч дэмжээгүй. Тэгчихээд агаар, хөрсний бохирдлыг бууруулах тухай ярих нь хэт өрөөсгөл. Нөгөөтэйгүүр барилгын хог хаягдлыг 100 хувь дахин боловсуулж болно. Гэтэл бид хогийн цэг дээр овоолго үүсгэн хаясаар л байгаа. -Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай ярьдаг. Гэвч энэ нь төдийлөн оновчтойгоор хэрэгжихгүй байна гэдэг шүү дээ. Ядаж хог хаягдлыг хэрхэх талаар төр хувийн хэвшил уялдаатай ажиллах хэрэгтэй юм байна? -Хогны асуудал ганц төр эсвэл үйлдвэрлэгчдийн ч асуудал биш. Бүх хүнд хамаатай зүйл. Сүүлийн жилүүдэд иргэдэд чиглэсэн сургалт, сурталчилгааны ажлыг хийж байна. Эхлээд сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд хогийг хэрхэн ангилж хаях вэ гэдэг суурь хүмүүжлийг төлөвшүүлэх хэрэгтэй. Үүний тулд сургуулийн хичээлийн хөтөлбөрт эко боловсрол олгох асуудлыг тусгах хэрэгтэй гэж боддог. Энэ хүсэлтээ Боловсролын сайд асан Л.Гантөмөрт тавьж байсан. Харамсалтай нь тусгаж өгөөгүй. Бид хогоо ангилж хаях талаар ярьж байна. Бас ч үгүй ангилах оролдлого хийж байна. Гэтэл хогийг ачихдаа бүгдийг нь нийлүүлчихэж байгаа нь ямар ч үр дүнгүй ажил болчихож байгаа юм. Тиймээс холбооны зүгээс ТҮК-уудтай хамтарч ажиллах талаар яриа хэлэлцээ хийж байна. Төр шийдвэр гаргадаггүй юм бол хувийн хэвшил, ТББ-ууд хамтраад үлгэрлэн дууриах загвар гаргая гэж бодсон. Тодорхой байгууллагууд дэмжин эхний ажлуудыг хийгээд эхэлсэн. -Хогийг ангилж хаях боломж бий. Гэхдээ гэр хороололд энэ нь хэрэгжих шатандаа замхраад байна уу гэж хардаг? -Энэ хэт өрөөсгөл ойлголт. Үнэндээ гэр хорооллын айл өрхүүдээс илүүтэй орон сууцныхан илүү хог тарьдаг ч ангилдаггүй. Харин гэр хорооллоос ихэнх хог нь үнс гардаг. Учир нь шатааж болох хогийг тэд бүгдийг нь шатаачихдаг хэрэг. -Нэг үеэ бодвол дахин боловсруулах боломжтой хогийг гудамж, талбайгаас цуглуулаад, зарим үед худалдаж аваад борлуулдаг нэг хэсэг бий? -Хэдийгээр хог цуглуулдаг хүмүүс гэдэг ч тэд хөрсний бохирдлыг бууруулахад өөрийн хувь нэмрийг оруулж яваа гэдгийг ойлгох учиртай. Гэхдээ үүнд анхаарах зүйл ч бий. Тухайлбал, архины шилийг үйлдвэр нь 30 төгрөгөөр худалдаж авдаг. Тэгэхээр хог цуглуулж яваа хүмүүс айлаас 10 төгрөгөөр авна. Түүнийгээ хоёрдогч түүхий эд авах цэгт 20 төгрөгөөр тушаана. Тухайн цэг үйлдвэрт 30-аар өгч байгаа юм. Магадгүй нэг нугалсан наймаа хийж байгаа мэт боловч их хэмжээний ашиг олохгүй. Зам тээврийн зардал болон хорогдол хасагдана. Дээрээс нь нэг хүн өдөртөө хэдэн зуун мянгаар олох шил, лааз цуглуулж амждаггүй. Тиймээс үйлдвэрүүдтэй ярьж байгаад нэг шилийг 50 төгрөгөөр авдаг болгосон. Үүний цаана монгол хүний үнэлэмжийн асуудал яригдана. -Манай улс үйлдвэрлэлээ хөгжүүлнэ гэдэг ч ахиц гарахгүй байгааг хүмүүс шүүмжилдэг. Гэтэл янз бүрийн төсөл хөтөлбөрүүд хэрэгжсээр л байгаа? -Үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогоо зөв тодорхойлж, гарцыг нь зааж өгөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, системчилсэн хөгжлийн загварыг бий болгож каластераар хөгжүүлэх нь илүү чухал. Солонгос улс гэхэд барилгын компани төсөл хэрэгжүүлэх үед банк болон туслан гүйцэтгэгч компаниуд хамтарч ажиллах санал тавин дугаарлаад зогсч байдаг. Гэтэл манайх газрын асуудлаа шийдвэрлэнэ. Дараа нь хөрөнгийн эх үүсвэрээ олно. Бас болоогүй өндөр хүүтэй мөнгө олдоно шүү. Харин Солонгост төсөл авсан барилгын компанид санхүүжилт өгөх банк борлуулалтаа хариуцдаг юм билээ. Хөрөнгийнх нь асуудлыг шийдвэрлэснээр хөгжихгүй гэдгийг цаг хугацаа харуулж байна. Үйлдвэрлэгчдийн хувьд эцсийн бүтээгдэхүүнийг борлуулах асуудал тулгамдаж байна. Аль ч салбарт ялгаагүй. Нөгөөтэйгүүр манайхаас бусад улс орны тэргүүнүүд үйлдвэрлэгчдийнхээ бараа бүтээгдэхүүнийг борлуулах ажлыг давхар хийж байна. Тухайлбал, манайх танай улсад тусламж үзүүлье. Үүний зэрэгцээ нийтийн тээврийг чинь сайжруулах боломж бий. Тэгэхээр манай улсын үйлдвэрээс автобус худалдаж ав. Урт хугацаатай зээлээр өгье гэдэг санал тавьдаг. Мэдээж тусламж авч байгаа учраас түүнийг нь зөвшөөрөх нь дамжиггүй шүү дээ. Нөгөөтэйгүүр орчин үетэй хөл зэрэгцэн алхахын тулд шинэ техник технологийг нутагшуулах хэрэгтэй. Ингэхдээ манай талаас худалдаж авсан технологийг мэргэжилтэнтэй авах санал тавихын зэрэгцээ эцсийн бүтээгдэхүүнээ борлуулах гарцыг ч гаргах ёстой. Учир нь танай улсын мэргэжилтний заасан аргачлалаар, танай технологийг ашиглан үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдаж авах болзол тавих нь зүйтэй. Манай талаас өөр бусад боломжийг давхар олгоно гэдэг зарчмаар үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг борлуулж болно. Тодорхой хугацааны дараа манай үйлдвэрлэгчид шинэ технологитой, үйлдвэртэй, мэргэшсэн боловсон хүчинтэй, экспортод гаргах бүтээгдэхүүнтэй болчихно. Энд бас нэг зүйлийг онцлох хэрэгтэй. Бид дангаараа бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс илүүтэй каластераар ажиллах зарчимд суралцах ёстой. Энэ нь ажлын байрыг олноор нэмэгдүүлэхээс гадна, тогтвортой ажиллах нөхцлийг бүрдүүлэх юм. -Та барилгын салбарт ажилладаг. Тэгвэл манай улс барилгын салбараа хэрхэн хөгжүүлэх ёстой вэ. Эдийн засагт жин дарах салбар хэдий ч одоогоор царцсан байгаа нь хүндрэл учруулж байна гэдэг? -Бизнесийнхний хувьд бүх зүйл бүрхэг байгаа нь хамгийн том бэрхшээл. Манай улсын хувьд Герман, Япон улстай стратегийн түнш болж тууштай ажиллавал ирээдүйд 50 жил хөгжих төлөвлөгөөг тодорхой болгож болно. Ингэснээр улсыг хөгжүүлэх, бизнес хөгжих гарц нээгдэнэ. Манай улсын хувьд бодлого нь тодорхойгүй учраас бизнесээ боомилж байгаа юм. Жишээлбэл, гэр хорооллын дахин төлөвлөлт хийх болсноор барилгын компаниуд тэр төсөл рүү орж эхэлсэн ч хөрөнгө царцах эрсдэл үүссэн. Үүнд нөлөөлж байгаа хүчин зүйл бий. Айлын газрын чөлөөлж байгаад барилга барьсан компани мөнгө олох борлуулат хийж чадахгүй байна. Нэгдүгээрт газрын эзэн байсан айл байранд орно. Хоёрдугаарт, ипотекийн зээл гарахгүй байгаа учраас хуримтлалгүй хүмүүс зээл гарахыг хүлээж байна гэдэг. Тэгэхээр ядаж дахин төлөвлөлт хамрагдан боссон орон сууцыг 100 хувь ипотекийн зээлээр санхүүжүүлвэл одоо үүссэн гацаа арилах боломжтой. Барилгын салбарын хувьд зах зээлийн зарчмаар явж байсан үе бий. Харамсалтай нь энэ салбарт төрийн оролцоо хэтэрснээс өнөөдрийн нөхцөл үүсчихээд байгаа нь гашуун үнэн. Хүмүүс орон сууц хэтэрхий үнэтэй байна гэдэг болсон. Яагаад гэвэл, Засгийн газар шийдвэр гарган нэг ам метрийг 1450000 төгрөгөөр борлуулж эхлэхээр энэ хэмжээнд байрны үнийг бууруулж болох нь гэдэг ойлголт ард түмний дунд тархсан. Өөрөөр хэлбэл, төр орон сууц барихдаа хүүгүй шахам санхүүжилтээр босгохын зэрэгцээ борлуулалтаа Засгийн газар нь хариуцсан. Мөн барилга барих газрыг үнэгүй олгосон юм. Харин хувийн хэвшил газраа худалдаж авна, өндөр хүүтэй, богино хугацаатай зээлээр босгодог. -Царцсан барилгуудыг төр худалдаж аван төрийн албан хаагчдыг оруулах тухай яриа гарч байгаа шүү дээ? -Энэ тийм ч таатай ажил биш. Ийм шийдвэр гаргахын оронд Төр татвар төлөгчдийн мөнгөөр орон сууц худалдаж авах тухай ярихын оронд Төрийн банкаа санхүүжүүлж иргэдэд сонголт хийх боломжийг нь олгох хэрэгтэй. Банк, иргэн хоорондоо нөхцлөө тохиролцон орон сууц худалдаж авна. Ингэснээр барилгын салбарын цусны эргэлт сайжрах боломж бүрдэнэ. Манайхан төр хувийн хэвшлийн түншлэл гэхээр концессийн гэрээгээр ажил гүйцэтгэх мэтээр ойлгох юм. Үнэндээ төр өөрөө гүйцэтгэх боломжгүй өргөн хүрээтэй ажлыг хувийн хэвшилд даатгах ёстой. Үүнийг л төр хувийн хэвшлийн түншлэл гэдэг. -Сүүлийн үед хувь лизинг гэдэг зүйл гарч байна. Ихэвчлэн барилгын компаниуд хувь хүмүүстэй гэрээ хийж байраа борлуулж байгаа бололтой? -Барилгын компанийн удирдлагууд ямар нэг аргаар байраа борлуулахыг л бодож байгаа. Гэхдээ хувь лизинг ашиглаж байгаа нь зөв шийдэл биш. Үүнийг санхүүгийн салбарын түгжрэл гэж болно. Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо уялдаа, холбоотой ажиллаж энэ салбарын цусны эргэлтийг сайжруулах алхмыг хийх ёстой. Үүний тулд судалгаа шинжилгээ хийх шаардлагатай. Сүүлийн үед манай улсад “бартер” гэдэг мөнгөн тэмдэгт гарчихсан байгаа. Монгол Улсын мөнгөний нэгжний хамгийн том нь 20000, цаашлаад 10000, 5000, 1000, 500, 100 гээд явна. Тэгвэл барилгын салбарт 20000-тыг дэвсгэрт нь арматур орлоно, элс хайрга 100-тын дэвсгэрттэй дүйцэх болов уу. Ингээд арматураар цемент, блок, тоосгоо авчихна. Харин ажлын хөлсөө байраар төлнө. Орон сууцныхаа угсралтыг хийлгээд хоёр өрөө байр, сантехникийг тавиулаад гурван өрөө байраар хийчихнэ. Энэмэтчилэн “бартер” гэдэг албажаагүй мөнгөн тэмдэгтээр хэдий болтол тооцоо хийх вэ. Гэтэл манай улсын төсөв тэлсээр байгаад хэдэн их наядаар тоологдож байна. Хүмүүсийн гар дээр мөнгө алга байгаа нь далд эдийн засагтай холбоотой. Тэгэхээр гарт баригдаж нүдэнд харагддаггүй мөнгийг ил гаргах хэрэгтэй юм. Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
"Монголын төр, засгийн бодлогоос бэлчээрийн асуудал орхигдсон"

Жамсрангийн Ундармаа гэж Хөвсгөл аймгийн Тариалан суманд дунд сургуулиа төгсгөөд

Өчигдөр 06 цаг 00 мин
Хүний эрхийн боловсролыг түгээхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд талархал илэрхийллээ

Хүний эрхийн боловсролыг түгээхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд талархал илэрхийллээ

Уржигдар 16 цаг 33 мин
Элчин сайд Дамбын Ганбат онц бөгөөд бүрэн эрхт элчин цол хүртлээ

Элчин сайд Дамбын Ганбат Онц бөгөөд бүрэн эрхт Элчин цол хүртлээ

Уржигдар 12 цаг 58 мин
“Зууны мэдээ” сонины Трэнд зочид 2024 оноо ингэж дүгнэв

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг

Уржигдар 06 цаг 00 мин
Хүүхдийн өмнөөс хэн ч гомдож болно

Амралтын өдрийг Хуягаагийн гэр бүл хамтдаа хөгжилтэй өнгөрөөж

Уржигдар 06 цаг 00 мин
Улстөрчийн хэн байсныг “улс төрийн тайз”-наас буугаад ард түмний дунд алхаж чадаж байгаа эсэхээс хар!

Сталин нэгэнтээ “Намайг үхэхээр миний шарил дээр баахан хог новш овоолох биз.

Уржигдар 06 цаг 00 мин
Монгол Улсын Ерөнхийлөгч асан “Цөмийн зэвсгийг хориглосноор гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ”

Цөмийн зэвсгийг хориглосноор илүү гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ.

2024-12-26
Ч.Оюунцэцэг: “Тугалчин хүү” коллагентай тос бол жинхэнэ гайхамшиг

“Тугалчин хүү” коллагентай тос үйлдвэрлэгч “Doctor Bai” компаниас ханиад

2024-12-26
2024 он: Монгол Улсад болсон онцлох 10 үйл явдал

-“Зууны мэдээ” сонин энэ онд Монгол Улсад өрнөсөн онцлох үйл явдлуудыг нэрлэж байна-

2024-12-26
М.Ганбаатар “Тавантолгой түлш”-ийн дөрвөн жилийн “түүх”-ийг ярих цаг иржээ

Утааны сонсгол удахгүй болно. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулсан 19

2024-12-26