Ш.Наранчимэг: Сайхан хоолойдоо бардаж бага хөдөлмөрлөсөн хүн сонгодог урлагт амжилт олохгүй

2018-07-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
Н.САРАНГЭРЭЛ Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Ширмэнгийн Наранчимэгийг анх хараад дэлхийн сонгодог урлагийн оргил бүтээлүүдийг Монголын тайзнаа уянгалуулдаг гайхалтай дуучин минь мөн үү гэж эргэлзмээр. Энгийн даруухан, эгээ л жаахан охин шиг тачигнатал инээх түүнийг дуулж эхлэхэд сэтгэлд нэг юм огшиж зүрх догдлох тэр мэдрэмжийг авсан хойноо энэ жижигхэн биеэс хаанаас нь гарч байна аа гэж гайхмаар. Эргэлзүүлж бас гайхуулж бишрүүлж чадсан дуучин Ш.Наранчимэгтэй баяр наадмын бэлтгэл их ажлынх нь заваар уулзаж ярилцлаа.   -Наадмын нээлтэд дуулах гэж байгаа гэсэн. Өмнө нь Төв цэнгэлдэхэд дуулж байсан уу? -Төв цэнгэлдэхэд болох наадмын нээлтэд гоцлол дуучны хувиар анх удаа оролцох гэж байна. “Хурд” хамтлагтай “Эх орон” гэж сайхан дууг дуулна. Өмнө нь ардын жүжигчин Дамчаа гуайтай дуулсан энэ дуугаа рок поп, сонгодог урлагийг хослуулж шинээр найруулсан юм билээ. -Дуурийн дуучдад зохиолын дуу амархан санагддаг болов уу? -Амархан гэж хэлж чадахгүй ээ. Яаж дуулах вэ, дуулж буйгаа хүнд яаж хүргэх вэ гээд бодно, ажиллана. -Сонгодог урлагийнхан хэдхэн бадаг биш бүхэл бүтэн дууриар нь цээжилж дуулдаг, тэгээд голдуу гадаад хэл дээр. -Амаргүй л дээ. Ялангуяа дэлхийн сонгодог дуурийг эх хэл дээр нь дуулах учраас. Нэгэнт дүр авчихсан бол түүнийг яаж сайн амилуулах вэ гэж сэтгэл зүрх, оюун бодлоо бүгдийг нь дайчлах хэрэгтэй болохоор өглөөнөөс орой хүртэл тэр дүрээрээ л амьдарна. Орой унтахдаа ч толгой дээрээ ноотоо дэлгээд өглөө нүдээ нээхэд шууд харагдахаар тавьчихдаг юм. Тэгээд орноосоо бостол харна, дараа нь эхнээс нь дуустал бүтнээр нь давтана. Том дүр авсан үед дуулах, унтах, идэхээс өөр ажил хийхгүй дээ. Дуурийн хувьд нэг онцлог бий. Зөвхөн өөрийн дуулахыг цээжлээд сайхан дуулчих биш шүү дээ. Хамт дуулах хүмүүс, найрал хөгжимтэйгөө нэг цул болж байж тайзан дээр дуулж амьдардаг өвөрмөц урлаг. -Өмнө нь дуулсан дүрдээ хэдийд ч тоглосон бэлэн байдаг уу? -Манай театр уран бүтээлийн төлөвлөгөөг жилээр гаргаад хэдийд ямар дуурь, балет тоглохыг тогтчихдог. Мөн хажуугаар нь өөр бусад ямар уран бүтээлд оролцохоо ч товлочихдог учраас өмнө нь бэлтгэлээ хангаад өөрийгөө бэлэн байлгах нь уран бүтээлчийн үүрэг. Өмнө нь дуулж байсан дуурь бол хоёр гурван сарын өмнөөс бэлтгэж эхэлдэг. Шинэ уран бүтээлийн бэлтгэлийг жилийн өмнөөс эхэлдэг юм. Түүнээс гадна хоёр гурван цаг үргэлжлэн дуулахын тулд хоолойдоо суулгана гэж том ажил бий. Үүний тулд бэлтгэлээ сайн хийж, ажрахгүй ард нь гарч байж л санаа амарна. Ямар нэг алдаа гаргавал дуучны карьер дуусч ч болно шүү дээ. -Сайн дуучин бурхны бэлэг үү, эсвэл хөдөлмөрийн үр дүн үү? -Авьяас, сайхан хоолойг бурхнаас бэлэг болгож авсан байж болно. Гэхдээ тэр хоолойг  хөдөлмөрлөхгүйгээр хадгалж чадахгүй л дээ. Би хувьдаа бүх амжилтын 90 хувь нь хөдөлмөрийн үр шим гэж боддог. Сайхан хоолойдоо бардаж бага хөдөлмөрлөсөн хүн сонгодог урлагт амжилт олохгүй. Зохиолын дуу, уртын дууг бодвол хүнд хүрэхдээ ч өөр шүү дээ, дуурь. Дуурийг сонсоод гоёыг нь мэдэрч чадахгүй хүн байхад дээд, доод өнгө, хоолойны сайхныг ялгаж сонсч чаддаг мундаг үзэгч олон болсон. Тэгээд ч энэ урлагт дурлаж, бүхнээ зориулахаар зүтгэсэн хүн жирийн нэг дуучин байхгүйн төлөө чармайж таарна биз дээ. Улсынхаа тэргүүн театрт шилдэг нь байхын төлөө л хичээдэг. -Зохиолын дуучид олонд танигдаж тэр хэрээр илүү хангалуун амьдардаг юм биш үү. Тантай хамт СУИС төгссөн С.Жавхлан, Т.Баясгалан гээд олон хүн нийтийн дууны урлагт хэдийнэ од болчихсон байна? -Тэд маань уран бүтээлээ ард түмэнд хүргээд түүнийгээ худалдаад сайхан амьдарч байна. Би нийтийн дуу биш дуурийн урлагийг сонгосон. Үүгээрээ л явж байна. Сонгодог урлагийнхны хувьд театрын уран бүтээлээс уран бүтээлийн хооронд байнгын бэлтгэл сургуулилалт хийж гүйсээр яг үнэндээ зав зай ч гардаггүй. Дэлхийн сонгодгийг тэр хэмжээнд нь хүртэл хийхийн төлөө амьдрал, ар гэр, зугаа цэнгэлийг ч хойш тавих хэрэгтэй болдог юм. -Дүрийн судалгааг хэр сайн хийхээс их зүйл шалтгаалдаг байх. Таны хувьд хамгийн их судалсан дүр тань ямар дуурийнх бол? -Театрт ороод удаагүй байхдаа хамгийн анх “Чингис хаан” дуурийн Хадаанд дуулахаар болсон. Тэгээд Хадаан гэж хэн юм бэ гэдгийг судлахын тулд “Монголын нууц товчоо”-г дахин дахин уншиж, Монголын болон Өвөр Монголын “Чингис хаан” киног хэд ч үзсэн юм бүү мэд. Эрдэнэбулган найруулагч дүрийн тухай заавал асууна. Тэгэхэд нь оновчтой зөв хариулахгүй л бол судлаад ир гээд явуулчихна. Тийм болохоор найруулагчдаа гологдохгүй, бусдаас дутуу байхгүйн тулд том жижиг ямар ч дүрийг тултал нь судлахыг хичээдэг. “Ламбугайн нулимс”-ын Цэрэнлхамд анх дуулах үед манай театрт дандаа мундагчууд байлаа. Ардын жүжигчин Долгор эгч, Жавзандулам эгч, Дашпэлжээ ах, гавьяат жүжигчин Цэцэгээ эгч, Гантөмөр ах гээд. Тэдний өмнө яасан арчаагүй юм, уншаад ирэхгүй гэж хэлүүлэх вий гэхээс үхтэлээ айдаг байсан. Тэгээд хүн амьтнаас асууна, уншиж судлах зүйл хайна. Театрын архиваас хуучин либерэт авч судална. Хайгаад л гүйчихнэ шүү дээ. -Х.Билэгжаргалын “Ламбугайн нулимс”-ын Цэрэнлхам таны анхны гол дүр биз. Юу нь хэцүү санагддаг байв, тэр үед? -Цэрэнлхам бол “Ламбугайн нулимс”-ын гол дүр. Лодон гэвшид талийгаач Гантөмөр ах тоглосон. Уншиж судлахаас илүү тэр дүрд хэцүү зүйл нь тайзан дээр цээжээ нүцэглэх байсан. Залуу болохоор ичээд яаж хийхээ мэдэхгүй, дуулмаар байдаг, жүжиглэмээр байдаг тэгтэл нүцэглэх болоод байдаг. Айхавтар их биш ч загнуулсан. “Нүгэл буян” киноноос сэдэвлэж цомнолыг нь Бавуугийн Лхагвасүрэн гуай бичсэн. Тэр үг, аялгууных нь тансаг гэж яана. Сонсоход л яаж ийм гоё хэлж чаддаг байна аа гэж биширмээр. Өөрөө тоглож байхдаа тэр тансагийг бас гүйцэд мэдэрч чаддаггүй юм билээ. Нэг хэсэг дублёргүй бүх тоглолтод гардаг байсан болохоор бүтэн үзэх боломжгүй. Нэлээн хэдэн жилийн дараа манай нэг дуучин Цэрэнлхамд гараад би үзэгчдийн танхимд сууж бүтэн үзсэн. Ямар гайхалтай байсан гээч. Ялангуяа Цэрэнлхам өөрт нь ухаангүй дурласан Лодон гэвшийг хаяж байгаа тэр төгсгөл хэсэгт хөөрхий гэвш “Өөр хүнтэй ханилах хамаагүй Гагцхүү намайг бүү орхи” хэмээн хашгиран газарт унаж байгаа хэсгийг үзэхэд дотор нэг юм өгсөөд л ирж байсан. -Дуучдаас дуулахаас гадна жүжигчний өндөр ур чадвар, хөгжимчдөөс илүү нарийн мэдрэмж, техник шаарддаг В.А.Моцартын “Дон Жуан”-д тоглоод австри найруулагчаас гадны театрт дуулах урилга авсан ч яваагүй тухай яриа байдаг? -“Дон Жуан” миний хувьд анхны сонгодог дуурь. Дон Жуаны хартай эхнэр Дона Эльвирад тоглосон. Өмнө нь Хадааныг дуулчихсан, Цэрэнлхамд тоогдчихсон ч дэлхийн сонгодгуудад тоглох замыг минь тавьж өгсөн энэ дүрдээ би их хайртай. Тэр жил манайх “Дон Жуан”, “Богема” хоёрыг зэрэг нэг шугамаар явуулсан. Дажгүй сайн тоглосон болохоор ч тэр үү найруулагч, удирдаач хоёроос өндөр үнэлгээ авсан төдийгүй Австрид очиж дуулах урилга хүртэл авсан. Гэхдээ явж чадаагүй юм. Залуу ч байж, хүү минь жаахан болохоор өөрөө ч зүтгээгүй, театр ч нэг их тоогоогүй өнгөрсөн. -Тэр үед манайхнаас гадны театрт урилгаар дуулж байсан юм уу? -Ер нь тэр бараг эхлэл байсан юм билээ. Одоо бол манайхан гадны театруудад урилгаар дуулах энгийн үзэгдэл болсон. Манай Амартүвшинг хар л даа. Дэлхийн одуудтай нэг тайзнаа эн тэнцүү гайхуулж байна шүү дээ. -Дэлхийн сонгодог дууриудын ноён оргилын нэг Ж.Вердийн “Аида” ч мөн таны урын сангийн гол бүтээлд нэрлэх байх. Өөрийгөө хэр мундаг Аида болж чадсан гэж үнэлдэг вэ? -Дэлхийн сонгодог гранд опера гэж хүлээн зөвшөөрөгдсөн “Аида” дуурийг анх тайзнаа амилуулсных нь 140 жилийн ойгоор 2011 онд манай Монголын театрт тавьсан. Азиас анхны орон болсон. Дэлхийн 200 гаруй улс орон 40-өөд нь Дуурь бүжгийн эрдмийн театртай. Тэдний нэг нь бид. “Аида”-г тавих гэж, түүнд дуулах, хөгжимдөх гэж бүх театр, дуучид, хөгжимчид, найруулагчид мөрөөддөг. Манайхаас өмнө  нь Хятадад нэг удаа тоглосон. Гэхдээ тэр нь театрт биш, цэнгэлдэх хүрээлэнд. Уран бүтээлчид нь янз бүрийн улс орноос ирсэн дэлхийн топ дуучид байсан юм билээ. Манайх яг өөрсдийн хүчээр босгосон. Найруулагч нь ОХУ-аас ирсэн удирдаач Анатолий Петрович Чепурной. “Аида” дуучнаас их зүйл шаарддаг дуурь. Бүтэн гурван цаг тасралтгүй дуулна. Манайхыг анх тавих гэж байхад өөр бусад газрынхан чадах  болов уу даа гэсэн өнгөөр харж байсан гэдэг. Олны хэсэгт гарах хүнээс эхлээд маш олон хүний хүчээр боссон. Ийм уран бүтээлийг намайг ид дуулж буй энэ цаг үед тайзнаа амьдруулж, надад гайхамшгийг хамтран бүтээх боломж олдсонд маш их баярладаг. Тэр хэрээр өөрийгөө маш их дайчилсан. Хэр сайн Аида вэ гэдгийг би өөрөө биш найруулагч, удирдаач, хамтран зүтгэгчид минь, үзэгч олон л хэлнэ шүү дээ. -“Турандот”-д л дуулчих юмсан гэсэн мөрөөдлөө орхиогүй биз? -Яалаа гэж дээ. Энэ гайхамшигтай бүтээлд дуулчих юмсан гэж хэчнээн хүсдэг гээч. Даанч намайг театрт ирснээс хойш энэ дуурийг манайх дахиж тавиагүй юм. Мөрөөдлөө биелүүлэхийн төлөө дуурийг сэргээх ивээн тэтгэгч хүртэл хайж олж байлаа. -Энэ дуурийг манайх өмнө нь тавьсан болохоор сэргээхэд гайгүй л санагдах юм? -Пуччиний “Турандот” дуурийг манай театр 1990 онд тайзнаа анх тавьсан. Намайг театрт ирэхэд хятад гүнж Турандотод ардын жүжигчин Жавзандулам эгч, Монголын ханхүү Калафт гавьяат жүжигчин талийгаач Дамдинсүрэн ах дуулж байсан. Жавзандулам эгчээс өөр нэг ч сопрано одоогоор энэ дүрд дуулаагүй байна. Мөн монгол ханхүүгийн дүрд тохирох драматик тенор алга гэдэг. Уг нь Амартүвшин байгаа ч түүний цаг завыг харах болчихоод байдаг юм билээ. Надад бол Турандотод дуулчихмаар, сэтгэлд багтаад байгаа юм. -Чухам юу нь тэгтэл татаад байгаа хэрэг вэ? -Монгол угсаатай минь, монгол хүн болж төрснөөрөө омогших сэтгэлтэй минь холбоотой байх. Дуулна гэж бодоод судалгаа ч хийж байлаа. “Турандот” анх тавигдсанаасаа хойш дэлхийн томоохон театруудын тайзнаас буугаагүй гайхамшигтай бүтээл. Хүн төрөлхтний амьдралд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж, түүхийг бүтээж явсан монголчуудыг дэлхийн урлагийн томчууд бүтээл туурвилдаа мөнхлөн үлдээсний нэг нь “Турандот” шүү дээ. -Та Италид мэргэжил дээшлүүлсэн гээд гадагшаа нэлээд явсан байх. Очсон газрынхаа театраар ордог байлгүй. Хамгийн таалагдсан нь хаана байв? -Гадагшаа явах бүртээ яаж ийгээд театраар нь орохыг хичээдэг. Москвагийн Их театрт дуурь үзчих юмсан гэж хүсдэг ч намайг очиход тоглолт таарахгүй бас нэг хэсэг урт хугацаагаар засвартай байсан үе давхцаад амжаагүй л байгаа. Гэхдээ Москвад “Евгений Онегин”-ийг үзсэн. Гайхалтай байсан. Бүтэн дуурийн хугацаанд нэг ч хүний толгой хөдлөхгүй, юун утас дуугарч хоорондоо ярих. Бүгд тайз руу яг л номхон команд авчихсан мэт суугаад үзэж дуусгадаг юм билээ. Бас Америкт 2000 хүний суудалтай сүмд 100 гаруй хүний найрал хөгжим, 100 найрал дуучинтайгаар Ж.Вердийн “Реквием” дуулсан. Ороод сүрдсэн. Яана аа дуу минь сонсогдох байгаа гээд л. Солонгост, Хятадад гээд олон театрт очиж байсан. Италийн театр бол яг музей. Хаалгаар орохоос эхлээд алмайрсаар байтал таардагсан. -Монгол дуурийн ноён оргил “Учиртай гурван толгой”-д хэр олон дуулав гэдэг дуучдын хувьд нэг шалгуур болдог уу? -Миний хувьд “Ламбугайн нулимс”, “Үүлэн заяа”-г үндэсний сонгодгуудын ноён оргил гэж боддог. Гэхдээ “Учиртай гурав” яах аргагүй манай үндэсний бүтээл. Оюутан байхдаа “Учиртай гурван толгой” улсын уралдаанд тусгай байрт орж байлаа. Би тэгэхэд 20 ч хүрээгүй байсан бөгөөд Дуурийн театрын том дуучидтай өрсөлдсөн шүү дээ. Дараа нь 2005 онд тэргүүн байрт орсон гээд энэ бүтээлтэй залуугаасаа холбогдсон. Театрт, наадмын үеэр төв талбайд “Учиртай гурван толгой”-г тоглоход Нансалмаад олон удаа дуулсан. Надад олон дуурьт тоглох нь гол биш, авсан дүрээ надаас илүү дуулах хүн гарахааргүй болтол нь хийх ёстой гэсэн бодолтой явдаг. Дуулалтын хувьд мэдээж бүгд сайхан хоолойтой, бүгд л сургууль номыг нь төгсчихсөн мэргэжлийн улс. Миний хувьд өөрийгөө том амьсгаан дээр л илүү тодотгож өгөхийг хичээдэг. Үүнийг Бүтэд багш минь л сургасан хэрэг шүү дээ. -Гавьяат жүжигчин А.Бүтэд багштайгаа анх яаж таарсан юм бэ? -1995 онд Хөгжим бүжгийн сургуульд орно гээд аавтайгаа Баянхонгорын Богдоос 53 машинтай нь хотод ирж байв. Элсэлтийн шалгалтаас хоцроод ирсэн ч дуулуулаад үзье гээд. Тэгснээ уг нь материалтай хүүхэд юм, хоолойны диапазон сайтай юм гэж ярьж байгаад намар ирээрэй, орон тоо гарвал авъя гэсэн. Буцахдаа ааваасаа намар ирнэ биз гэж шалсаар явж билээ. Намар нь хичээл цуглангуут ирсэн ч орон тоо гардаггүй ээ. Аав намайг үлдээгээд явлаа. Би ч өглөө бүр сургууль дээр очоод жижүүрийн хажууд, Бүтэд багшийн өрөөний ойрхон зогсч байна. Сар цөхрөлгүй зогссон доо. Тэгж тэгж нэг өдөр багш намайг дуудаад “За чи 28 мянган төгрөг тушаагаад хичээлд сууж болно. Сургуулийн захиргаа тэгж шийдсэн” гэхэд нь би ч бараг нисэх шахаж байгаа юм чинь. Ингэж л 16-хан настай багш дээрээ ирж байлаа. Тэр цагаас хойш багшаасаа салаагүй, хормойдсоор л яваа хүн дээ, би. -Одоо ч заалгасаар л уу? -Багшаас ер нь салахгүй дээ. Өглөө сургууль дээр хичээллэчихээд өдөр гэрт нь очиж давтаад орой харьдаг. Багш ч төвөгшөөдөггүй харин ч бүр онгирооно, намайг. “Миний охин ийм зүтгэлтэй юм чинь сайн дуучин болно оо” гэхээр нь би баярлаад л улам сайн давтахсан гэж боддог байж билээ. Гэхдээ өөртөө том зорилго тавьсан охин байв. Нэгэнт дуурийн дуучин болохыг зорьж байгаа юм чинь Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин л болно гэж. Намайг Хөгжим бүжиг төгсөөд СУИС-д ороход багш “Охиноо хүнд өгөхгүй ээ” гээд дагаад ирсэн, цагийн багшаар. Тэнд намайг дөрвөн жил чирээд Дуурийн театрт хүлээлгэж өгсөн. Тэгээд удалгүй театрт дуучдын дасгалжуулагч багшаар ажиллах болж бид дахиад л хамтдаа. Ажлынхаа хажуугаар долоо хоногт гурван удаа ирж биднийг бэлтгэл хийлгэдэг байсан. Багш “Миний охин багшийгаа театрт буцаагаад авчирлаа. Намайг ийм шавь төрүүлсэн болохоор дуудлаа шүү дээ” гэхэд гоё санагдаж байсан сан. -Театртаа хэр удаан дуулна гэж боддог вэ? -Би театрт 2003 онд ирсэн. Найрал дууны ангид хоёр жил болохдоо Хадаан, Цэрэнлхам зэрэг дүрээр өөрийгөө харуулж чадсаных 2005 онд гоцлол дуучин болсон. Санаагаар минь болдог бол чадлаа барагдтал л дуулмаар байна. Гэхдээ сонгодог урлаг залуу насны ажил. Тиймээс ирээдүйгээ төлөвлөж Хөгжим бүжигт багшилна гэсэн бодолтой төгөлдөр хуурын ангийн хүүхдүүдтэй хичээллэж байгаа. Тэдэнд дуучидтай яаж ажиллахыг заадаг гэсэн үг. Хувийн сургуулиудаас ч санал ирдэг л юм. Гэхдээ одоохондоо арай залуу байна. Театртаа дуулмаар байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
"Монголын төр, засгийн бодлогоос бэлчээрийн асуудал орхигдсон"

Жамсрангийн Ундармаа гэж Хөвсгөл аймгийн Тариалан суманд дунд сургуулиа төгсгөөд

Өчигдөр 06 цаг 00 мин
Хүний эрхийн боловсролыг түгээхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд талархал илэрхийллээ

Хүний эрхийн боловсролыг түгээхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд талархал илэрхийллээ

Уржигдар 16 цаг 33 мин
Элчин сайд Дамбын Ганбат онц бөгөөд бүрэн эрхт элчин цол хүртлээ

Элчин сайд Дамбын Ганбат Онц бөгөөд бүрэн эрхт Элчин цол хүртлээ

Уржигдар 12 цаг 58 мин
“Зууны мэдээ” сонины Трэнд зочид 2024 оноо ингэж дүгнэв

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг

Уржигдар 06 цаг 00 мин
Хүүхдийн өмнөөс хэн ч гомдож болно

Амралтын өдрийг Хуягаагийн гэр бүл хамтдаа хөгжилтэй өнгөрөөж

Уржигдар 06 цаг 00 мин
Улстөрчийн хэн байсныг “улс төрийн тайз”-наас буугаад ард түмний дунд алхаж чадаж байгаа эсэхээс хар!

Сталин нэгэнтээ “Намайг үхэхээр миний шарил дээр баахан хог новш овоолох биз.

Уржигдар 06 цаг 00 мин
Монгол Улсын Ерөнхийлөгч асан “Цөмийн зэвсгийг хориглосноор гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ”

Цөмийн зэвсгийг хориглосноор илүү гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ.

2024-12-26
Ч.Оюунцэцэг: “Тугалчин хүү” коллагентай тос бол жинхэнэ гайхамшиг

“Тугалчин хүү” коллагентай тос үйлдвэрлэгч “Doctor Bai” компаниас ханиад

2024-12-26
2024 он: Монгол Улсад болсон онцлох 10 үйл явдал

-“Зууны мэдээ” сонин энэ онд Монгол Улсад өрнөсөн онцлох үйл явдлуудыг нэрлэж байна-

2024-12-26
М.Ганбаатар “Тавантолгой түлш”-ийн дөрвөн жилийн “түүх”-ийг ярих цаг иржээ

Утааны сонсгол удахгүй болно. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулсан 19

2024-12-26