Д.ЭНХЭЭ
Оросын Ерөнхийлөгч Владимир Путин, америкийн ерөнхийлөгч Дональд Трамп нарын уулзалт долдугаар сарын 16 – нд Хельсинкид болно.
Финляндын Ilta-Sanomat сонин энэхүү уулзалтыг Хельсинкид хийх болсон дөрвөн шалтгааныг нэрлэв хэмээн РИА Новости мэдээлжээ.
Финляндын гүйцэтгэсэн түүхэн үүрэг
1975 онд АНУ-ын ерөнхийлөгч Жеральд Форд, ЗХУКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Леонид Брежнев нарын хийсэн хэлэлцээ Финляндад болсон анхны уулзалт байв. Энэхүү хэлэлцээний үр дүн нь коммунист болон капиталист улс орнуудын хоорондын харилцааг сайжруулахыг тунхаглаж, 35 улсын тэргүүн гарын үсэг зурсан Хельсинкийн хэлэлцээр байсан. Уг хэлэлцээрийг хожим нь хүйтэн дайныг “зогсоох” үйл явцтай зүйрлэх болсон.
ЗСБНХУ задрахаас хэдхэн сарын өмнө 1990 онд том Жорж Буш, Михаил Горбачев нар Персийн булангийн хямралын асуудлыг Хельсинкид хэлэлцсэн.
1997 онд Финляндын Ерөнхийлөгч Мянтюниемигийн албаны өргөөнд АНУ-ын Ерөнхийлөгч Билл Клинтон, ОХУ-ын Ерөнхийлөгч Борис Ельцин нар Орос-Америкийн хэлэлцээ хийсэн.
Удахгүй болох уулзалт Орос-Америкийн харилцааг сайжруулна хэмээн өнөөдөр Цагаан ордон, Кремль хоёр итгэж найдаж байна хэмээн тус сонинд бичжээ.
Финлянд улс НАТО-д ордоггүй
Финлянд улс НАТО-д ордоггүй учир “завсрын бүс” болсон нь дараагийн шалтгаан гэж тус сонин үзжээ. Финлянд улс Европын холбооны гишүүн байснаар Баруунтай холбогдохоос гадна тус улс АНУ, ОХУ-ын хоёрын аль алинтай нь сайн харилцаатай ажээ.
Логистикийн шалтгаан
Түүхэн шалтгаанууд дээр нэмээд логистикийн хувьд Хельсинки уулзалт хийхэд тохиромжтой газар. Трамп Орос-Америкийн уулзалтын өмнө эхлээд Брюссельд очиж, долдугаар сарын 11-12- нд НАТО-гийн чуулга уулзалтад оролцоно. Дараа нь долдугаар сарын 13-нд Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй, хатан хаан хоёрдугаар Елизавета нартай уулзана. Долдугаар сарын 15-нд хөлбөмбөгийн ДАШТ Москвад өндөрлөнө. Хельсинки, Москва хоёрын хооронд нэг цаг гучин минутын нислэг оросын лидерт хялбар дөхөм байх болно хэмээн тус сонинд бичжээ.
Хувийн шалтгаанууд
Уг сонины үзэж байгаагаар эдгээр үйл явдлын хоорондын цаг хугацаа богино байх нь дэлхийн нийтийн анхаарлыг дээд зэргээр татахад оросын ерөнхийлөгчийн хувьд сайхан боломж ажээ. Путин спортын том арга хэмжээнд оролцсоныхоо маргааш нь Трамптай уулзана.
Нөгөө талаар, Ilta-Sanomat бичсэнээр Финляндад болох уулзалт олон улсын харилцаанд чухал ач холбогдол бүхий бэлгэ тэмдгийн утга агуулах юм байна. Трамп Путинтэй уулзахаар НАТО-гийн уулзалтаас явж байна гэсэн үг. Энэ нь түүний саяхан Хойд Атлантын альянсын лидерүүдийг шүүмжилснийг тодотгож байгаа хэрэг. Трамп НАТО-гийн лидерүүдэд хандаж цэргийн зардлаа нэмэгдүүлэх хэрэгтэй хэмээн мэдэгдсэн билээ. Завсрын бүсэд хийх энэхүү уулзалт альянсын лидерүүдэд батлан хамгаалахын зардлаа нэмэгдүүлэхэд нөлөө үзүүлж, улмаар АНУ-ын санхүүгийн ачааллыг хөнгөлнө хэмээн тус сонин үзэж байгаа юм байна.
Эх сурвалж: www.polit.mn
Путин, Трамп нар Хельсинкид уулзах дөрвөн шалтгааныг Финляндын сонин ийнхүү нэрлэв
2018-07-06
Нийтэлсэн: Админ
 1 мин