С.Үнэн: Төв цэвэрлэх байгууламж архаг, хууч өвчтэй хүн шиг болсон

2014-03-12
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ОЮУНЧИМЭГ

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй цэвэрлэх байгууламж тойрсон асуудлуудыг энэ хаврын онцлох сэдэв болгож буй талаар өмнө нь уншигч танд хүргэсэн билээ. Энэ удаа “Төв цэвэрлэх байгууламж” болон шугам хоолой ямар хэмжээнд ажиллаж байгаа, мөн тулгамдаж буй асуудлын талаар Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газрын дарга С.Үнэнтэй ярилцлаа.

-Төв цэвэрлэх байгууламжийн одоогийн байдлын талаар та юу хэлэх вэ?

-Хүн хэдий хэмжээний хоол, хүнс хэрэглэсэн түүнийхээ 90 хувийг гадагшлуулдаг. Түүнтэй адил хот өдөрт хэдийчинээ цэвэр ус хэрэглэнэ тэр хэрээр цэвэрлэх байгууламжийн ачаалал ихэснэ гэсэн үг. Өнөөдрийн байдлаар манай газраас 55 сая шоо метр усыг олзворлож, ариутгаад ундны усанд нийлүүлдэг. Үүн дээр гүний худгаас авч буй усны хэрэглээ бий. Нийслэл өдөрт 300 мянган куб метр ус хэрэглэдэг. Тэгэхээр 2020 онд ундны усны хэрэглээ хоёр дахин их болно. Энэ хэрээр цэвэрлэх байгууламжийн ачаалал ихэснэ. Гэтэл цэвэрлэх байгууламжийг 20-30 жил ажиллана гэж тооцсон гэвэл 1990 оны үед ашиглалтын хугацаа дуусч байна. Гэхдээ Улаанбаатар хотын хүн ам хамгийн их үедээ 650-700 мянган хүн амьдарна гэж тооцсон байдаг. Тэр үед хүнсний хэрэглээ нь эрүүл бүтээгдэхүүн байсан. Нөхцөл байдлыг харвал одоо нийслэлийн хүн ам 1.3 сая болсон байна. Хүмүүсийн хүнсний болон бусад хэрэглээ нь шал өөр төвшинд очсон. Энэ бүгд усыг асар их хэмжээгээр бохирдуулдаг. Яг одоогийн байдлаар төв цэвэрлэх байгууламж маань архаг хууч өвчтэй хүн шиг болсон байгаа.

-Төв цэвэрлэх байгууламжийн техно­логийн шинэчлэлийн ажлыг хэдийд хэрхэн хийж байсан бэ?

-Төв цэвэрлэх байгууламж нь анх хүний ахуйн хэрэглээний бохирыг цэвэрлэхээр байгуулагдсан. Тиймээс технологи нь өөр зориулалттай гэсэн үг. Гэтэл одоогоор бохир ус гэдэг нь ахуйн хэрэглээнийхээс гадна үйлдвэр аж ахуйн нэгжийн бохир ч цэвэрлэх байгууламж руу цутгаж байгаа. Тухайлбал, нефть бүтээгдэхүүн, машин угаалгын газар, том үйлдвэрүүд орно. Өнөөгийн байдлаар бидний хэрэглээнээс шалтгаалан усны бохирдол маш ноцтой хэмжээнд байгаа гэвэл хилсдэхгүй. Харин төв цэвэрлэх байгууламж нь анх байгуулагдсан хэвээрээ байгаа шүү дээ. Бидний хамгийн муу зуршил бол 00-ын суултуурт юу ч хийж болно гэж ойлгодог. Бохирын шугамаар хүний цогцос хүртэл ирдэг болж. Тэгэхээр бид ахуйн муу зуршлаа өөрчлөхгүй бол цэвэрлэх байгууламж ачааллаа дийлэхгүй байна.

-Тэгвэл үүнийг хэрхэн сайжруулж, шинэчилж болох вэ?

-Анх механик болон биологийн цэвэрлэгээ хийх зориулалтаар барьсан байгууламж байгаа юм. Манай улсын тэр үеийн шаардлагад тохируулж хийж байсан ажил. Механик цэвэрлэгээ гэдэг нь бохирын 170 км шугамаар ирж байгаа хатуу эд юмсыг ялгаж авна. Тухайлбал, үс ноос, элс, шороо, чулуу болон бусад бүх хог хаягдал орно. Мөн усан дотор ууссан асар их бохирыг цэвэрлэдэг процессыг биологийн цэвэрлэгээ гэдэг. Биологийн цэвэрлэгээнд бичил бактерийг ашигладаг. Манай төв цэвэрлэх байгууламжид түүнийг үржүүлж байдаг. Харамсалтай нь химийн хэт их хортой бодис бохироор дамжиж ирдэг учраас бактерийг маань устгадаг. Одоогийн байдлаар шинэ цэвэрлэх байгууламж байгуулах шаардлага зайлшгүй тулгарч байна. Гэхдээ хэдийд хийж эхлэхийг мэдэхгүй. Ямартаа ч бид алдагдалтай ажиллаж байгаа ийм үед техник, технологийн шинэчлэл ч хийх боломжгүй.

-Төв цэвэрлэх байгууламжийг шинэчилж сайжруулахад хэдэн төгрөг хэрэгтэй вэ. Энэ жилийн улсын төсөвт хөрөнгө суулгасан уу?

-Энэ жилийн улсын төсөвт суулгасан хөрөнгө байхгүй. Харин нийслэлийн төсөвт зургаан тэрбум төгрөгийг төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, зураг төсөл, ТЭЗҮ боловсруулах чиглэлээр суулгаж өгсөн. Одоогийн байдлаар улс хөрөнгө гаргахгүй, Засгийн газар зээл авах боломжгүй байгаа энэ үед концессийн гэрээгээр хөрөнгө босгож болно. Тэгээд жагсаалтад нь төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэхээр оруулсан байгаа. Гэхдээ үүнд хоёр муу тал бий. Нэгдүгээрт, цаг хугацаа алдах. Хоёрдугаарт үнэ тарифын дарамтад оруулдаг. Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх талаар нэлээд хэдэн санал ирсэн. Тухайлбал, Япон улсын “Жайка-Эн-Жи-Эс” компаниас хоногт 233 мянган куб метр ус цэвэрлэх хүчин чадалтай, саарал ус ашиглах болон лагийг бүрэн боловсруулах технологийг хийхээр төлөвлөсөн байдаг. Энэ төсөлд 316 сая ам.доллар шаардлагатай бөгөөд есөн жилийн хугацаатай зээлээр барьж өгөх юм. Харин Франц улсын тухайд VEOLIA  компани 250 мянган куб метр ус цэвэрлэх хүчин чадалтай, үйлдвэрийн бохир ус урьдчилан цэвэрлэх байгууламж, сараалж, элс баригч, анхдагч тунгаагуур биологи цэвэрлэгээ, хоёрдогч тунгаагуур халдваргүйжүүлэх төхөөрөмж болон лаг бүрэн боловсруулах ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ. Үүнд 264.4 сая ам.доллар хэрэгтэй бөгөөд гурван жилийн хугацаатай хөнгөлттэй зээлээр хийх юм. Ер нь нийслэлийг тойрсон 10-аад цэвэрлэх байгууламж бий. Бүгд хүнд байдалтай байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй.

-Хотыг тойрсон цэвэрлэх байгууламжууд нэлээд хүнд байдалд байгаа тухай тодруулаач?

-Урьдчилсан цэвэрлэх байгууламж нь ноос ноолуур, арьс ширний үйлвэрүүдийн бохирыг цэвэрлэдэг, арга ядсан технологитой газар бий. Хэдийгээр шинэчлэх ажил хийсэн боловч буруу технологитой учраас шинэчлэгдээгүй талаар яригдсаар байгаа. Нисэх, Биокомбинат, Налайх, Найрамдал, Багануур, Багахангай, Дамбадаржаа гээд бүгд ил задгай, айхтар үнэртэй, технологи муутай газрууд байна. Тэд бүгд үнэр гаргахаас гадна хөрсний бохирдол гэдэг аюул бас бий.

-Хавар болж урь ороод ирэхээр бохирын асуудал хаа сайгүй яригддаг. Бүх зүйл цэвэрлэх байгууламжаас хамаарахгүй байх. Тэгэхээр бохироо дамжуулдаг шугам хоолойн асуудал ямар байгаа вэ?

- Техник, технологи нь муудсан, ил задгай байдаг нь цэвэрлэх байгууламж ямар байгааг хүмүүс харж болно. Үүнээс гадна хөрсний бохирдол бас бий. Би дээр дурдсан 170 км шугам хоолой бий. Үүнд олон янзын шугам бий. Тухайлбал, вааран, шилэн, төмөр хоолой, ган гээд олон төрөл байдаг. Шугам хоолой болон бетон хийцүүд муудсан. Техник технологийн хувьд илт хоцрогдсон. Хөрсөнд бохир ус нэвчих нөхцөл бүрдсэн.  Үйлчилгээний компаниудын хувьд бетон хийцүүд, техникийг сайжруулж болно гэдэг. Гэвч би итгэхгүй байна. Зөвхөн бетон байгууламж маань маш хүнд нөхцөлтэй болсон байна. Тийм болохоор шинэ байгууламж барих шаардлага зайлшгүй тулгарч байна. Хэдийд шугам хоолой задарч, бетон хийц нь эвдэрч хот бохиртоо холилдох бол гэдгээс айж байна. Тиймээс бидний өмнө тулгарч буй зайлшгүй даруй шийдвэрлэх шаардагатай асуудал нь цэвэрлэх байгууламж, шугам хоолой. Гэтэл энэ бүгдийг хариуцдаг Ус сувгийн удирдах газар нь жилдээ 11 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байна.

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

5 цаг 38 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

5 цаг 38 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

5 цаг 38 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

20 цаг 21 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

21 цаг 44 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

21 цаг 53 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

22 цаг 2 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Өчигдөр 10 цаг 44 мин