Д.АРИУН
БНСУ-ын Ерөнхийлөгч Мүүн Жэ-ин ОХУ-д хийсэн гурав хоногийн төрийн айлчлалаа дуусган энэ ням гариг /2018.06.24/-т эх орондоо ирлээ гэж Yonhap агентлаг мэдээллээ. ОХУ-д хийсэн төрийн айлчлалаар Ерөнхийлөгч Владимир Путинтэй хэлэлцээ хийж, Хойд Солонгосыг цөмийн зэвсэггүй болгох асуудал болон эдийн засгийн хамтын ажиллагааны талаар хэлэлцсэн байна.
Ерөнхийлөгч Мүүн, түүний гэргий хатагтай Ким Жон-сүүк нар айлчлалын сүүлийн өдрөө Донын Ростов хотноо очиж, Үндэснийхээ шигшээ багийн Мексикийн эсрэг хийсэн тоглолтыг үзэж сонирхсон байна.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч ОХУ-д дээд хэмжээний айлчлал 1999 онд хийж байсан бөгөөд түүнээс хойш анх удаа хийж байгаа төрийн айлчлалын үеэрээ Мүүн Жэ-ин өөрийн эхлүүлсэн Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох үйл ажиллагаанд ОХУ-тай хамтран болон хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх асуудлыг авч хэлэлцсэн байна.
Ерөнхийлөгч В.Путинтэй баасан гаригт хийсэн дээд хэмжээний уулзалтын үеэр хоёр лидер Солонгосын хойг болон Зүүн хойд Азид энх тайвныг тогтооход хамтран ажиллах талаар тохиролцжээ. Мөн тэд хоёр улсын хооронд чөлөөт худалдааны гэрээ байгуулах хэлэлцээг эхлүүлэхээр тохиролцсон байна.
“2020 он хүртэл худалдааны эргэлтийг 30 тэрбум ам.долларт хүргэх, хоёр улсын хооронд зорчигчдын тоог нэг саяд хүргэх зорилго тавьсан бөгөөд хоёр улсын хамтын ажиллагаа нь хоёр орны ард түмэнд бодитой ашигтай байдлаар хамтран ажиллах талаар удирдагч нар тохиролцлоо” гэж Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн ордноос мэдээлжээ. Дээд хэмжээний уулзалтын үеэр хойд Солонгосыг оролцуулсан хил дамнасан эрчим хүчний төслүүдийг талаар хамтарсан судалгаа хийхээр тохиролцсон байна. Тэд, эрчим хүч, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх санамж бичгүүдэд мөн гарын үсэг зуржээ.
Айлчлалын хүрээнд өнгөрсөн пүрэв гариг 2018.06.21/-т БНСУ-ын Ерөнхийлөгч Мүүн Жэ-ин ОХУ-ын төрийн Думын доод танхимд үг хэлсэн. Тэрээр хоёр талын хамтын ажиллагааг улс орнууд болон бүс нутгийн хувьд “энх тайван ба хөгжил цэцэглэлтийн тулгын чулуу” гэж нэрлэсэн байна.
ОХУ-д болж байгаа ДАШТ-ын F хэсэгт багтсан Мексик-БНСУ-ын багийн тоглолт Донын Ростов хотын цэнгэлдэх хүрээлэнд 2018.06.23-нд болж 2:1-ээр өндөрлөсны дараа Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүүн Жэ-ин багийн шилдэг тоглогч Сон Хён-минийг тайвшруулж байгаа. (FIFA World Cup at Rostov Arena in Rostov-on-Don, Russia, on June 23, 2018. Yonhap)
Эх сурвалж: www.polit.mn
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөв
2018-06-24
Нийтэлсэн: Админ
 1 мин