Т.БАТСАЙХАН, Х.ОЮУНБОЛД
АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын түүхэн уулзалт Сингапурын Сентоса аралд өчигдөр өглөө 09:00 цагт эхэллээ. Удирдагч нарын уулзалт 12 секунд гар барилтаар эхэлж, халуун дулаан уур амьсгалтайгаар үргэлжлэв. Удирдагчид орчуулагчгүйгээр хоёулхнаа 45 минут халз ярилцаж, энэхүү үйл явдал яах аргагүй дэлхийн нийтийн анхаарлын төвд байв. “ТВ-9” телевиз удирдагч нарын уулзалтыг шууд дамжуулж, олон улс судлаач, тоймч нарын тайлбартайгаар хүргэлээ.
ТРАМП, КИМ НАРЫН ЗООГ
Тэд 45 минут халз ярилцсаны дараа таван одтой “Капелла” зочид буудлын ресторанд үдийн зоогонд оров. Мөн Трамп өөрийн хөлөглөдөг Лимузин автомашинаа Кимд танилцуулсан. Тус Лимузин нь бусад Төрийн тэргүүн нарын машинаас их содон. Хүнд мотортой, тусгай тоноглол олон гэдгээрээ онцлог юм. Зоогийн ширээнд суухдаа Дональд Трамп уулзалт бодож байснаас хамаагүй сайхан боллоо, бидний дунд сайхан харилцаа тогтлоо гэдгийг хэлж байв.
ӨРГӨТГӨСӨН ХУРАЛ
Цаг хагас үргэлжилсэн хоёр дахь уулзалтад АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, Цагаан ордны тамгын газрын дарга Жон Келли,Үндэсний аюулгүй байдлын Жон Болтон нар оролцжээ. Харин Хойд Солонгосын талаас удирдагч Ким Жон Ун, Хөдөлмөрийн намын орлогч дарга Ким Ён Чол, Гадаад хэргийн сайд Ри Ён Хо, Гадаад хэргийн сайд асан Ри Су Ён нар оролцсон байна. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун хамтарсан гэрээнд гарын үсэг зуржээ. Энэ үеэр Ким Жон Ун “Бид түүхэн уулзалт хийлээ. Өнгөрсөн бүхнийг бид ардаа үлдээхэд бэлэн байна. Бүгд энэ их өөрчлөлтийг харах болно” гэжээ.
Д.Трамп: ӨМНӨД СОЛОНГОСТОЙ ХАМТРАН ЯВУУЛДАГ ЦЭРГИЙН СУРГУУЛИЛТАА ЗОГСООНО
Ерөнхийлөгч Дональд Трамп хамтарсан гэрээнд гарын үсэг зурсны дараа хэвлэлийн хурал хийсэн. Тэрээр энэ үеэр Өмнөд Солонгостой хамтран Солонгосын хойгт явуулдаг цэргийн сургуулилтаа зогсооно гэв. Үүнээс гадна ерөнхийлөгч Дональд Трамп Пхеньянд айлчлахаа амлажээ. Мөн удирдагч Ким Жон Ун Цагаан ордонд айлчлахыг урьсан урилгыг нь зөвшөөрсөн байна. Дональд Трамп Хойд Солонгост тавьсан 300 хоригийг хойшлуулсанаа мэдэгджээ.
БУСАД ОРНЫ ТӨРИЙН ТЭРГҮҮНҮҮД ТҮҮХЭН УУЛЗАЛТЫГ ЮУ ГЭЖ ДҮГНЭВ
Японы Засгийн газар Сингапурт хийсэн түүхэн айлчлалын дараа улс төрийн бодлогоо өөрчилнө гэж найдаж байгаагаа илэрхийлжээ. Японы Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ёшиде Суга “Би ерөнхийлөгч Дональд Трамп, удирдагч Ким Жон Уны хийсэн уулзалтын талаар дүгнэсэн мэдэгдэл хиймээргүй байна. Гэхдээ энэ түүхэн уулзалтын дараа Хойд Солонгос олон улсын нийгэмлэгийн гишүүн орны хувиар улс төрийн бодлогоо өөрчилнө гэж найдаж байна” гэв. БНХАУ-ын удирдагч Д.Трамп, удирдагч Ким Жон Ун нар энэ уулзалтаараа хоёр орны хоорондын зөрчилдөөнийг шийдвэрлэж чадахаас гадна Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох талаар тохиролцож чадна гэж найдаж байна гэж Хятадын Гадаад хэргийн сайд Ван И мэдэгдсэн байна. Мөн Солонгосын хойгт энхтайван тогтоох арга механизмыг бий болгоно гэдэгт итгэж байна гэв.
Ийнхүү нэгэн зуунд тохиолдож байгаа хоёр гүрний удирдагч нарын уулзалт өндөрлөв. “ТВ-9” телевиз удирдагч нарын уулзалтыг шууд дамжуулж, олон улс судлаач, тоймч нарын тайлбартайгаар хүргэлээ. Нэвтрүүлэгт оролцсон тоймч судлаач нарын байр суурийг хүргэж байна.
Тоймч Ш.Гантулга: ТРАМПЫНХ БИШ ШИ ЖИНЬ ПИНИЙ ЯЛАЛТ БОЛЛОО
-Ким Жон Ун Д.Трамптай уулзахын тулд БНХАУ-тай ямар нэгэн яриа хэлэлцээр хийхээс өөр аргагүй байгаа юм. Энэ уулзалт Трампын ялалт гэхээсээ илүү БНХАУ-ын удирдагч Ши Жинь Пиний ялалт юм. Учир нь Ши Жинь Пин зөвшөөрсөн учраас энэхүү уулзалт боллоо. Д.Трамп Сингапурт уулзана гэж шийдчихсэн учир Ким Жон Ун тэнд байрлах үедээ аюулгүй байдлаа хэрхэн хамгаалах вэ гэдэг нь хүнд асуудал юм. Үүнээс гадна БНХАУ Ким Жон Уны Сингапурт байрлах аюулгүй байдлыг хангахаас гадна удирдагчийг эзгүй байх үед Хойд Солонгосын аюулгүй байдлыг хамгаалах асуудлыг хариуцлаа. Мөн уулзалтаас найм хоногийн өмнө Солонгосын Ардын армийн зэвсэгт хүчний командлагч, жанжин штабын дарга, улс төрийн газрын дарга нарыг албан тушаалаас нь халж, өөр хүмүүсийг томилсон. Өөрийг нь эзгүйд тэд яаж ч магадгүй гэж айсан байж болзошгүй. Иймд энэ уулзалтад оролцсон нь Ким Жон Уны хувьд маш эрсдэлтэй алхам байлаа.
Судлаач Д.Баярхүү: ЭНЭ УУЛЗАЛТ ДЭГЛЭМИЙГ НУРААХ БАЙДАЛД ХҮРГЭЖ МАГАДГҮЙ
-Энэхүү уулзалт маш сайн зуучлалын хүчинд боллоо. Хойд Солонгос, АНУ тохироод уулзаж байгаа юм биш шүү дээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Өмнөд Солонгосын удирдагчтай зэвсэггүй бүсэд уулзсан. Дараа нь Хятадад хоёр удаа очлоо. Энэ уулзалтын хамгийн том зуучлагч нь Хятадын ерөнхийлөгч байх өндөр магадлалтай байна. Мөн ОХУ энэ уулзалтаас хоцорсонгүй, Гадаад харилцааны сайдаа Хойд Солонгост явуулж яриа хэлэлцээ хийлгэлээ. Энэ мэтчилэн энэ түүхэн уулзалт олон зүйлийн зангилаан дээр боллоо. Хатуу хүчний бодлогыг Хойд солонгос явууллаа. Цөмийн зэвсгийг гол тулгуураа болгож хөгжиж ирлээ. Одоо дэглэлээ солих уу үгүй юу гэдэг нь анхаарал татаж байна. Одоо тус улс хориглолтын дараагийн үед хүссэн хүсээгүй орно. Энэ хэлэлцээ дэглэмийг нураах байдалд хүргэж болно.
МУИС-ийн багш, судлаач Ж.Баттөр: ЭНХИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЧИХВАЛ МАШ ТОМ АЛХАМ БОЛНО
-Хоёр удирдагчийн уулзалтын үр дүнг ярихад эрт байна. Энэ бол зүгээр үйл явц үүний араас олон алхам хийгдэнэ. Гэхдээ уулзалтыг эерэгээр харж байна. Юуны түрүүнд дайны гал зогсоосон гэрээг энх тайваны гэрээ болгон өөрчлөх байх гэж харж байна. Мөн Хойд Солонгосын хүсээд байгаа аюулгүй байдлын баталгааг гаргах, дэглэмээ авч үлдэх асуудал дээр тэд хатуу байр суурьтай байх болов уу. Мөн энэ процессээр явах юм бол хойдууд Өмнөд Солонгос Японтой дипломат харилцаа тогтооно. Ер нь энэ уулзалтын зорилго нь юун түрүүнд цөмийн зэвсэггүй орон болгоход л чиглэх хэрэгтэй. Хоёрдугаарт энэ хоёр улс энхийн гэрээ байгуулчихвал маш том алхам болно. Мөн хойдууд үүд хаалгаа нээгээд эдийн засгийн хөрөнгө оруулалтаа татаад эхлэх юм бол тэдний хувьд ялалт юм. Гэхдээ одоохондоо томоохон гүрнүүд нэгдэхэд том алхам боллоо гэж ярихад арай эрт байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин