Д.ОЮУНЧИМЭГ
“Монголын эдийн засгийн чуулган-2018” өчигдөр Төрийн ордонд эхэллээ. “Хүчээ нэгтгэе” уриатай энэ удаагийн чуулганаар төр, хувийн хэвшил хамтран эдийн засагт тулгамдаж байгаа асуудлуудаа ярилцан гарц, шийдэл хайж, бодит үр дүнд хүрэхийг зорьж буйг зохион байгуулагчид хэлэв. Энэ үеэр “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”, “Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх бодлого”-ын талаар хэлэлцэв. Түүнчлэн “Хариуцлагатай уул уурхай ба хүртээмжтэй өсөлт”, “Аялал жуулчлал ба агаарын тээвэр”, “Санхүү, хөрөнгийн зах зээлийн өнөөдөр ба ирээдүй”, “Мега төслүүд ба төрийн өмчит компаниуд”, “Сайн засаглал ба хувьчлалын бодлого”, “Бидний үнэт зүйлс, ёс зүй ба нийгмийн зөвшилцөл”, “Улаанбаатар хотын эдийн засаг ба хөрөнгө оруулалт” сэдвээр салбар хуралдаан болж хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Бид өмнөх алдаа оноогоо дэнсэлж, цаашид бодлогоо тогтвортой авч явах тухайгаа ярилцаж дотооддоо ойлголцон, шийдлүүдээ хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй. Олон жил улстөржиж, талцан хуваагдсанаас болж эдийн засаг, нийгмээ савлуулсаар өдий хүрлээ. Итгэл үнэмшил арилж, эргэлзээнд цэг тавих цаг болсон. Өрсөлдөх чадвар бүхий эдийн засагтай, хамгийн сүүлийн үеийн техник, технологийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн, манлайлж алхах нь туйлын чухал байна” гэлээ. Тэрээр бизнесийн таатай орчин бүрдүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, татварын орчныг илүү сайжруулах, шударгаар татвар төлөгчийг дэмжин татварын зардлыг бууруулна. Бид ХҮЧЭЭ НЭГТГЭЖ хамтдаа энэ бүхнийг хийх болно хэмээн чуулганы индэрээс хэлсэн юм. Хоёр өдөр үргэлжлэх “Монголын эдийн засгийн чуулган-2018” хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ, Санамж бичигт гарын үсэг зурснаар өндөрлөх юм байна.
ГУРВАН ЖИЛД 113 ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ
Монгол Улс ирэх гурван жилд буюу 2021 он хүртэл 113 төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. “Хөрөнгө оруулалтын хөтөлбөр” нь “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-д тусгагдсан хөрөнгө оруулалтын томоохон төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх төсөв, санхүүгийн тооцоог эх үүсвэртэй нь уялдуулан нарийн төлөвлөжээ. Тодруулбал, “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ын Нийгмийн бодлогын хүрээнд 1.4 их наяд төгрөгийн 19 төсөл, Засаглалын бодлогын хүрээнд 1.3 их наяд төгрөгийн 17 төсөл, Олон тулгуурт эдийн засгийн бодлогын хүрээнд 25.5 их наяд төгрөгийн 77 төсөл хэрэгжүүлэхээр тусгажээ. Хөтөлбөрийн төсөлд улсын төсөв, гадаад зээл, тусламж, концессын гэрээ, хувийн хэвшлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх тус бүр нь 30 тэрбум төгрөгөөс дээш хэмжээний төсөвт өртөгтэй нийт 38.3 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай аж. Дээрх төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчныг гадаад дотоод гэж ялгаварлахгүйгээр тогтвортой байлгана. Хөрөнгө оруулагчдын нийтлэг эрх зүйн баталгааг тодорхойлж, эдийн засгийг төрөлжүүлэх зорилгоор бүс нутаг болон салбараар хуваана хэмээн Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар хэлсэн. Харин 21.86 их наяд төгрөгийн санхүүжилтийг үндсэндээ босгочихсон. Тиймээс одоо том төслүүдээ хөдөлгөх, эдийн засгийн үр ашгийг нь хүртэхэд төр, хувийн хэвшлийн түншлэл нэн ач холбогдолтой хэмээн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар онцлов. Нөөц баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд төр-хувийн хэвшлийн түншлэл маш чухал. Ойрын хоёр жилд эдийн засгийн өсөлтийг 6-7 хувь байна гэсэн өөдрөг төсөөлөл бий. Энэ тооцооллыг хэрэгжүүлэхийн тулд татварын орлого, нийтийн санхүүжилтийн ил тод байдлыг хангах шаардлагатай хэмээн эдийн засгийн форумд оролцогчид онцолж байв.
ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛ
Монгол Улсын Засгийн газар нь уг хэлэлцүүлгийн хамтын ажиллагааг хэрэгжүүлж эхлэн Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хороог өнгөрсөн оны арванхоёрдугаар сард байгуулжээ. Өнөөдрийн хэлэлцүүлгээр Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар болон Дэлхийн банк группийн Олон улсын санхүүгийн корпорацитай Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчдад илүү таатай эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар Монгол Улсын эдийн засгийг тэлэх, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилт тавьсан. Хэлэлцүүлгийг нээж модератор Б.Мөнхсоёл Төр, хувийн хэвшлийн харилцан үл ойлголцлыг төрүүлж буй хүчин зүйлсээр улс төрийн тогтворгүй байдлыг нэрлээд энэ оны байдлаар төрд нийт 152 гомдол ирсэн тухай хэллээ. Оюутолгой компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрес “Манай компани 2010-2018 он хүртэл Монгол Улсад нийт 7.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Тодруулбал, үндэсний аж ахуйн нэгжүүдэд хийсэн төлбөр 73 хувь, ажилчдын цалин зургаан хувь, татвар, нийгмийн даатгал, хураамж ба бусад төлбөр 21 хувийг эзэлнэ” гэв. Ийнхүү төр хувийн хэвшлийн зөвшилцлийн механизм бий болсон нь харилцан үл ойлголцлын асуудлыг шийдвэрлэх гол арга зам гэж болох юм. Түүнчлэн “Төр хувийн хэвшлийн хувьчлал өмчийн харилцааг дээдлэх ёстой. Тухайлбал, “Монгол шуудан” компанийн 34 хувийг хувьчилсан. Үндэсний хөгжлийн газрын дэргэд “Тинк Танк” байгуулсан бөгөөд удахгүй Эдийн засгийн хүрээлэн байгуулах тал дээр ажиллаж байна” гэдгээ Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар хэлэв. Харин Б.Лхагважав түүнтэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж “Монгол Улсын хөрөнгө оруулалтын эрсдэл баялгийн салбарт давамгайлдаг. Түүнийгээ дагаад улс төрийн оролцоо ч энэ салбарт их байна. Монгол Улс гаднын хөрөнгө оруулагчидтай 1949 онд Төмөр замын гэрээ, дараа нь “Эрдэнэт”, “Монголросцветмет”, Оюутолгой гэхчлэн олон томоохон гэрээ байгуулсан. Иймд төр нь зангаа хувиргаад байж болохгүй. Оюутолгой төсөл дээр гэхэд 320 хүн шалгалтад орчихлоо” хэмээв.
Дэлхийн банк группийн Макро эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын газрын Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн хөрөнгө оруулалтын бодлогын асуудал эрхэлсэн захирал Завиер Форнерис “Дэлхийн банк төр, хувийн хэвшлийн зөвшилцлийг олон жил дэмжиж ажилласан. Бидний өмнө яг одоо тулгараад байгаа хоёр том асуудал бий. Үүнд шинэчлэлийн болон орчны чанар хамаарна. Эдийн засгийн форумаар дамжуулан төр, хувийн хэвшлийн харилцаа сайжирсан жишээнээс дурдвал Вьетнамын бизнесийн форумын үр дүнд 100 хууль, дүрэм журмын төслийг боловсруулж, 73 нь батлагдсан. 693 асуудал хөндөгдөж, 227 асуудал шийдэгдсэн” гэсэн юм.
Бид бусдын сайн жишгийг нутагшуулахад анхаарах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг эрчимжүүлэх, зөв зохистойгоор хэрэгжүүлэх учиртай. Түншлэл гэхээр төр нь бизнесийнхэнтэй зэрэгцэн алхахыг хэлэхгүй гэдгийг ч мөн эдийн засагчид сануулж байлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд “Бид хөрөнгө оруулалт татахаас илүү эх орныхоо болж бүтэхгүй байгааг засахад анхаарах ёстой. Өнгөрсөн арваад жилд гадаадад суралцсан монгол залуус эх орондоо олон зүйл хийснийг бид мартаж болохгүй. Ирээдүй бүрхэг байна гэж хэт туйлширч болохгүй. Манай хүн амын 70 хувийг залуус эзэлдэг. Гэтэл бид ажилгүйдэл, ядуурлын туйлд хүрч байгаатай эвлэрэх хэрэгтэй. Үнэн хэрэгтээ төр, хувийн хэвшил хоорондын итгэлцэл огт байхгүй. Тиймээс энэ бүхнийг засч, зөв голдиролд оруулсныхаа дараа, ямар алхам хийх тухайгаа ярих нь илүү үр дүнтэй” гэв. Мөн хэлэлцүүлгийн үеэр эдийн засагч Д.Сүх-Эрдэнэ нээлттэй санал хэлэхдээ хууль хэрэгжихээр хувийн хэвшлийн үйл ажиллагааг боомилдог явдлыг гаргуулахгүй байх тал дээр анхаарахыг санууллаа. Хэлэлцүүлгийн үр дүнд оролцогчид бодит итгэлцэл, байнгын хамтын ажиллагаа төр, хувийн хэвшлийн харилцаанд чухал бөгөөд нэгэнт шийдсэн хуулийн орчноо сахин баримтлах ёстой гэсэн дүгнэлтэд хүрсэн юм.
САНХҮҮ, ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ӨНӨӨДӨР БА ИРЭЭДҮЙ
Хөрөнгийн зах зээлээс эх үүсвэр татах зорилгоор хувьцаа гаргасан компаниуд нийлүүлэлтээсээ хэд дахин давсан захиалга хүлээн авч байна. Тиймээс макро эдийн засгийн тогтвортой байдал, татварын таатай орчин бүрдүүлж, дэд бүтцийг оновчтой шийдэж чадвал аж ахуйн нэгжүүд санхүүгийн зах зээлээс хямд эх үүсвэр татах, хөрөнгийн зах зээл хурдацтай хөгжих боломжтой хэмээн эдийн засагчид ярив. Тиймээс бизнесийн орчныг ээлтэй болгох, хөрөнгө оруулагчдыг дэмжих чиглэлээр хийж буй татварын хуулийн шинэчлэл, санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэхээр төлөвлөж буй стратеги, хөрөнгийн биржийн хөгжил зэрэг асуудлыг энэ салбар хуралдаанаар хөндлөө.
Сангийн дэд сайд Х.Булгантуяа “Зах зээл дээр бодлогын тогтвортой, тодорхой байдал чухал. Монголд хөрөнгө оруулах гадны хөрөнгө оруулагчдын сонирхол их байдаг ч татварын тодорхойгүй байдал тэдэнд саад учруулдаг. Үүнийг арилгахад манай төрийн татварын бодлого их нөлөө үзүүлнэ. Иймд бид гадаад, дотоод гэж ялгалгүй хөрөнгө оруулагчдад таван хувийн татвар суутгах болсон юм. Түүнчлэн манайд хөрөнгийн зах зээлд оролцох хүмүүсийн сонирхол их байдаг. Гэвч санхүүгийн мэдлэг дутуу байдаг нь нэг дутагдал болж байна. Өнгөрсөн онд манай оронд ОУВС-гийн санхүүжилтээр бага хүүтэй, урт хугацааны зээл авах боломж бүрдсэн. Өдгөө бид эдийн засгийн хувьд уналтад орсон ч, бүс нутгийн эдийн засгийн өсөлт сайжирсантай холбогдуулан манай эдийн засаг тогтворжих хандлага бий гэдгийг цохон хэлэх нь зүйтэй” гэсэн юм. Харин УИХ-ын гишүүн Б.Жавхлан “Уул уурхайн салбарын өсөлтөөс шалтгаалж хөрөнгийн зах зээл хөгжиж эхэлсэн боловч банкны зах зээл одоо хүртэл тэлсэнгүй. Бид улс төрийн тогтворгүй байдлаас болж дунд, урт хугацааны хөрөнгө оруулалтыг татаж чадахгүй байна. Төр инфляцийг нам дор барьж чадахгүй байгаагаас санхүүгийн зуучлалын суурь өртөг буурч чадахгүй байгаа юм” хэмээн байр, сууриа илэрхийллээ. Тэрээр энэ удаагийн форумаас “Манай улсын эдийн засаг уул уурхайгаас хамааралтай гаж бүтэцтэй байгаа хэдий ч зөв хэлбэрээр хөгжүүлэхийн тулд бусад эдийн засгийн салбараа тэндээс гарах өгөөжөөр дэмжих хэрэгтэй. Уул уурхай төр болон гадны зах зээлээс хамааралтай байх тусам төрийн оролцоо буурахгүй. Тэгэхээр энэ салбараас орж ирж байгаа хөрөнгийг хөдөө аж ахуй, цахим зах зээл болон бусад салбар руу оруулснаар хувийн хэвшлийг дэмжих хөшүүрэг болно. Ингэснээр хөгжлийн загварыг зөв тодорхойлж эдийн засгийн гаж бүтцийг задлах гарцыг энэ удаагийн форумаас гаргах учиртай” гэсэн юм.
Харин ОУВС-гийн суурин төлөөлөгч Нэйл Сакер “Засгийн газар хадгаламжийн тогтолцоог сайжруулж, барааны экспортын хэт хамаарлаас болгоомжлохын сацуу капиталын зах зээл дээр мөнгөний шилжилтийн механизмыг сайтар хангаж, хөрөнгө оруулалтын нөхцөлийг бий болгох шаардлагатай” гэв. Хэлэлцүүлгийн үр дүнд Монгол Улсын санхүү, хөрөнгийн зах зээлийн хөгжлийн өнөөгийн байдал, ирээдүйн хөгжлийн талаар ойрын болон дунд хугацаанд баримтлах бодлогод тусгах чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил болон эрдэмтэн, судлаачид, иргэний нийгмийн төлөөллөөс гаргасан санал, санаачлагыг дэмжихийг хүссэн юм.
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ БА АГААРЫН ТЭЭВЭР
Энэ хуралдаанаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Монголын аялал жуулчлалын гол чиглэл Эмх цэгцтэй, нэмүү өртөг шингээсэн, ажлын байр бий болгосон шинэ салбарыг бий болгох үндсэн зорилготой. Нийт ажлын байрны 4.8 хувийг энэ салбараас бий болгоно. Цаашдаа энэ тоог өсгөнө. Одоогоор сайшаалтай зүйл энэ салбарт тун бага. Хөрөнгө оруулалтыг тодорхой болгохын тулд гол чиглэлүүдээ ил тод ойлгомжтой болгох ёстой” гэсэн юм.
Аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж манай улсад бий. Гэхдээ хөрөнгө оруулалт, дэд бүтцийн асуудал тулгамдаж байгааг салбар хуралдаанд оролцогчид ярьж байв. Бид өргөн уудам тал, байгалийн үзэсгэлэнт газар болон малчин ахуйгаа эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой хэдий ч тодорхой бодлого, дэмжлэг дутагдаж байгааг салбарынхан хэлдэг. Аялал жуулчлалын салбар 16 дэд салбараас бүтдэг тул хамтын ажиллагаа зайлшгүй шаардлагатай гэдгийг Үндэсний аялал жуулчлалын байгууллагын тэргүүн Б.Индра хэлэв. Манай улс жуулчин авахаар 167 оронтой өрсөлддөг. Тэд нэг жуулчинд 5.15 ам.доллар зарцуулдаг бол бид 60 цент л зарцуулж байна. Тэгэхээр өрсөлдөх чадвар сул байгаа нь энэ салбарын хөгжилд сөргөөр нөлөөлж байгааг мэргэжилтнүүд ярив. Түүнчлэн IT-гийн салбарыг аялал жуулчлалын салбартай уялдуулж хөгжүүлэх гарц байгааг дуулгасан. Өнгөрсөн жил хийсэн судалгаагаар манай улс 266700 жуулчин хүлээн авах боломжтой гэсэн мэдээлэл гарчээ. Нэг сая жуулчин авдаг болохын тулд оновчтой маркетинг хийх шаардлага бий. Энэ үеэр салбарын сайд Н.Цэрэнбат “Бид сая жуулчин авч чадахгүй гэж хэлмээргүй байна. Хүчээ нэгтгээд, сая жуулчныг хүлээн авч чадахын төлөө ажиллацгаая” хэмээн салбар хуралдааны индэрээс уриалсан юм.
САЙД, ДАРГА НАРЫГ ИДЭВХИТЭЙ ОРОЛЦОН “ХҮЧЭЭ НЭГТГЭХ”-ИЙГ УРИАЛЛАА
Чуулганы хуралдааны төгсгөлд зохион байгуулагчид мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр “Ярихаасаа илүү хийж, бүтээ” гэж хэлсэн Ерөнхий сайдын даалгаврыг биелүүлнэ гэдгээ тэд илэрхийлэв. Төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах, “Хүчээ нэгтгэх”-ийг зорьж байгаа чуулганы ирц хангалтгүй байгааг хэвлэлийнхэн анхааруулсан. Тиймээс оролцоог тэгшитгэх талд зохион байгуулагчид анхаарлаа хандуулан хуралдааныг даргалагч Монгол Улсын Ерөнхий сайдаар уламжлуулан төрийнхний оролцоог нэмэгдүүлэхээ амлалаа. Түүнчлэн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хамгаалалттай болгох, сурталчлах гэх мэт байнга ярьдаг сэдвээ ярьж байгаа мэт боловч шийдэлд хүртэл нь эдгээр асуудал тэдний анхаарлын төвд байх болно гэдгийг бизнесийнхэн онцолсон юм.
Монголын төр засгийн тогтворгүй байдал хөрөнгө оруулагчдыг үргээдэг ч олон улсын байгууллагын зүгээс тодорхой үр дүнд хүргэхийн төлөө явна гэдгээ илэрхийлснийг энэ үеэр дуулгалаа. Тиймээс энэ удаагийн эдийн засгийн форум дээрх асуудлыг шийдвэрлэх гарц байх учиртай.
“Нийт 1400 гаруй оролцогчтой байсан. Төртэй хамтарч байгаа гэдэг үүднээс асуудлыг зөвшилцөж байгаа. Төр давамгайлсан тал ажиглагдсаныг хүлээн зөвшөөрч байгаа тул маргааш /өнөөдөр/-ийн хуралд тэгш оролцоог хангах талд анхаарлаа хандуулна гэдгийг онцлон тэмдэглэе” хэмээн Монголын эдийн засгийн форумын нарийн бичгийн дарга Ч.Ганхуяг хэлсэн юм. Мөн модератор В.Ганзориг “Хувийн хэвшлийн оролцоо миний төсөөлж байснаас бага ирцтэй байгааг хүлээн зөвшөөрч байна. Бүх хувийн хэвшилд урилга хүргүүлсэн гэхдээ идэвхгүй хандаж байгаа нь хуралдааны явцаас харагдаж байна” гэлээ. Нөгөөтэйгүүр маргааш /өнөөдөр/-ийн хуралдаанд сайд, дарга нарыг идэвхитэй оролцон “Хүчээ нэгтгэх”-ийг зохион байгуулагчдын зүгээс уриаллаа. Эдийн засгийн чуулган өнөөдөр үргэлжилнэ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төр, хувийн хэвшлийнхэн шийдэлд хүртэл асуудлаа хэлэлцэнэ
2018-05-22
Нийтэлсэн: Админ
 1 мин