Х.ОЮУНБОЛД
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд хийсэн хэвлэлийн хурлын үеэр “Вашингтон 2015 онд Ирантай гарын үсэг зурж байгуулсан гэрээнээсээ гарч байна”. Бид Иранд эдийн засгийн хамгийн хатуу хоригийг тавина” гэв. Тэрээр “Энэ гэрээг үргэлжлүүлэхийг зөвшөөрвөл Ойрхи Дорнодод зэвсэгт хүчний өрсөлдөөн гарна. Мөн Иран өөрийн зэвсэгт хүчнээ бэлэн байдалд байлгах үед дэлхийн бусад орнууд ч зэвсэгт хүчнээ бэлэн байлгахыг хүсэх болно” гэсэн байна. Түүнчлэн Ираны дэглэм нь “Алан хядлагыг дэмжигч гол Засгийн газраас гадна Тегераныг Ойрхи Дорнодод мөргөлдөөн гаргах зорилгоор өдөөн хатгаж байна. Алан хядагч Хамас, Аль Кайда, Хизболла бүлэглэл болон талибанчуудыг дэмждэг” хэмээн буруушаажээ. Тэрээр хэлэхдээ Иран болон түүний төлөөлөгчид олон жилийн турш элчин сайдууд, АНУ-ын цэргийн баазууд болон олон америк цэргүүдийн амь насыг хөнөөж, барьцаалан хорьж байсан. Мөн АНУ-ын иргэдийг тамлаж, тарчлааж байсан гэжээ.
ТЕГЕРАН ГЭРЭЭГЭЭР ХҮЛЭЭСЭН ҮҮРГЭЭ ҮРГЭЛЖ БИЕЛҮҮЛЖ ИРСЭН
Харин Ираны ерөнхийлөгч Хасан Рохани АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын гаргасан шийдвэрийг шүүмжилжээ.
Тэрээр Тегеран гэрээгээр хүлээсэн үүргээ үргэлж биелүүлж ирсэн. Цаашид үргэлжлүүлэн биелүүлэх болно хэмээн онцлов. Үүнээс гадна Дональд Трамп гэрээг орхих шийдвэр гаргасны дараа телевизээр хийсэн мэдэгдэлдээ “Вашингтон үргэлж Иран болон Ойрхи Дорнодын бусад орнуудад дайсагнаж ирсэн” гэж онцолсныг Ираны “IRNA” агентлаг уламжилсан байна. “Ройтерс” агентлаг ерөнхийлөгч Дональд Трампын гаргасан шийдвэр нь Ираны хувьд түүхэн сургамж боллоо. АНУ хэзээ ч өгсөн амлалтаа биелүүлж байгаагүй гэж ерөнхийлөгч Хасан Рохани хэлснийг мэдээллээ. Тэрээр “Иран гэрээнд гарын үсэг зурсан бусад орон БНХАУ, ОХУ, Франц, Их Британи болон Германд гэрээгээр хүлээсэн зорилгоо биелүүлэх боломж олгохын тулд гэрээгээ сахина” гэж мэдэгджээ. Энэ гэрээ нь олон талт гэрээ хэлэлцээр болохоос биш зөвхөн АНУ, Ираны хооронд хийсэн гэрээ биш гэсэн байна. Мөн НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл энэ гэрээг баталсан болохыг онцлон тэмдэглэжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Трамп Ираны цөмийн гэрээнээс гарснаа мэдэгдлээ
2018-05-10
Нийтэлсэн: Админ
 1 мин