© РИА Новости / Ольга Липич
Д.ЭНХЭЭ
Буддистуудын оюун санааны тэргүүн XIV Далай лам өндөр албан тушаалтан, ядуу зүдүү хүмүүсийг ялгаварладаггүй бөгөөд цагдаа нар түүний наргианыг ойлгож инээмсэглэхгүй бол тэднийг егөөдөж үгээр гижигддэг хэмээн Энэтхэгийн Дарамсала хот дахь өргөөндөө Оросын эрдэмтэдтэй хийсэн уулзалтын үеэр өгүүлжээ..
"Миний хувьд хаад ноёд, Римийн папууд, лам хуврагууд, ядуу зүдүү хүмүүс, цэрэг цагдаа бүгд адилхан” хэмээн Далай лам хэлсэн талаар РИА-Новости мэдээлсэн байна.
Тэрээр бүгдийг инээлгэхийг хичээдэг хэмээн тэмдэглээд цагдаа нарыг ч гэсэн егөөдөж наргидаг хэмээн буддистуудын тэргүүн сэтгэлээ хуваалцжээ.
Хүний хийгээд нийгмийн эрүүл мэндэд сэтгэл хөдлөл нөлөөлөх тухай сэдэв Оросын болон Далай ламаар ахлуулсан буддын эрдэмтдийн хамтарсан “Ертөнцийг ойлгохуй” бага хурлаар хэлэлцсэн үндсэн асуудлын нэг байв. Нейробиологи, физиологи, квантын физик, генетикийн салбарын асуудлаар хөндсөн сэдвүүд нарийн түвэгтэй байсан хэдий ч хурлын уур амьсгал маш халуун дулаан байж, Далай ламын наргиантай яриа үе үе танхимыг хөгжөөж, шинжлэх ухааны эрдэмтэд, буддын лам нар түүний дэмжиж байжээ.
Хурлын модератор Оросын ШУА-ийн жинхэнэ гишүүн, оросын тэргүүлэх нейробиологич Константин Анохин ажилласан байна. Уулзалт ярианд Оросын ШУА-ийн Ерөнхий генетикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний удирдагч Николай Янковский, Хүний тархи судлалын хүрээлэнг удирдаж байсан, нэрт физиологич,академич Святослав Медведев, Философийн хүрээлэнгийн мэргэжилтэн профессор Давид Дубровский, профессор Виктория Лысенко, Дээд мэдрэлийн үйл ажиллагаа болон нейрофизиологийн хүрээлэнгийн захирал профессор Павел Балабан, Ерөнхий генетикийн хүрээлэнгийн хувьслын геномикийн лабораторийн эрхлэгч, профессор Евгений Рогаев, Москвагийн Их сургуулийн биологийн факультетийн нейрофизиологийн болон нейрокомпьютерийн интерфейсийн лабораторийн эрхлэгч, профессор Александр Каплан, мөн сургуулийн философийн факультетийн дэргэдэх Ухамсар судлалын Москвагийн төвийг үндэслэгчдийн нэг Дмитрий Волков болон ОХУ-ын нэртэй мэргэжилтнүүд оролцжээ.
Өнгөрсөн долоо хоногт Дарамсалад болсон “Ертөнцийг ойлгохуй” бага хурал бол “Суурь мэдлэг: Орос, буддын эрдэмтлийн харилцан яриа” төслийн хүрээнд “Үзэл баримтлалын гүүр” бий болгох хоёр дахь туршлага ажээ. Анхны ийм уулзалтыг 2017 оны наймдугаар сард Дели хотноо ухамсрын сэдвээр зохион байгуулсан аж. Уулзалт, харилцан яриаг Москва дахь Түвдийн соёл, мэдээллийн төв, “Түвдийг хадгалъя” сан, ОХУ-ын ШУА-ийн Философийн хүрээлэн, Москвагийн Их сургуулийн философийн факультетийн дэргэдэх Ухамсар судлалын Москвагийн төвийн дэмжлэгтэй Далай ламын сан зэрэг байгууллага зохион байгуулжээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин