Д.ЭНХЭЭ
Солсберид болсон хэрэг явдалтай холбоотой нууц мэдээллийг Москва хүлээж авчээ. Энэхүү мэдээлэлд дурдсанаар Сергей болон Юлия Скрипаль нар АНУ, Их Британи болон НАТО-гийн орнуудын зэвсэглэлд байдаг BZ хэмээх химийн бодист хордсон, тэдний эдгэрч байгаа клиник шинж төлөв Швейцарийн эрдэмтдийн дүнэлтийг баталгаажуулж байна хэмээн өнгөрсөн бямба гарагт Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавров ярьжээ.
Гадаад болон батлан хамгаалах бодлогын Зөвлөлийн хуралдаан дээр Лавров үг хэлэхдээ Шпиц хот дахь радиологийн болон хими- радиологийн шинжилгээний Швейцарийн төвийн тайлан илтгэлийг Москва нууцлах нөхцөлтэйгөөр хүлээж авсан тухай мэдээлжээ. Энэхүү төвийн мэргэжилтнүүд гуравдугаар сарын 27-нд Химийн зэвсгийг хориглох олон улсын байгууллагаас Солсберид болсон хэрэг явдлын газраас авсан дээжээс тэдэнд ирүүлснийг шинжилж дууссаныг сайд онцолсон гэж “РИА-Новости” мэдээлсэн байна.
ЛАБОРАТОРИЙН ДҮГНЭЛТ
“Химийн зэвсгийг хориглох олон улсын байгууллагад тэдний явуулсан дүгнэлтийг би нэг ч үг гээлгүй эш татъя. “Сорьцуудад хийсэн магадлан шинжилгээний үр дүнд химийн зэвсгийг хориглох тухай Конвенцид заасны дагуу хоёрдугаар ангиллын (категорийн) химийн зэвсэгт хамаарах BZ химийн хорт бодис, түүний дагалдах хэсгийн ул мөр илэрсэн. BZ нь хүнийг түр хугацаанд ухаан мэдрэлгүй болгодог тархи мэдрэлийг хордуулагч бодис мөн. Үүнийг хэрэглэсний дараа гучаас жаран минутын дараа сэтгэцийг хордуулах үр дагавар илэрч, дөрөв хүртэл хоног үргэлжилнэ. Ийм жороор бүтээсэн бодис АНУ, Их Британи болон НАТО-гийн орнуудын зэвсэглэлд байсан. ЗСБНХУ болон ОХУ-д химийн ийм нэгдлийг боловсруулах ажил хийгдэж байгаагүй” хэмээн Лавров мэдэгдэв.
Үүний зэрэгцээ Швейцарийн төвийн мэдээлснээр, Солсберигээс ирүүлсэн сорьцуудаас тархи мэдрэлийг хордуулдаг А234 хэв шинжийн бодис “эх төлөвөөрөө, түүний задралын хэсгүүд, нэлээд өндөр концентрацитайгаар илэрсэн” болохыг сайд тодотгосон байна.
“Мэргэжилтнүүдийн дүгнэлтээр, А234-ийн олж тогтоосон өндөр концентраци гарцаагүй шууд үхэлд хүргэх байсан, хордуулсан, сорьц авсан цагийн хооронд нэлээд урт хугацаа өнгөрсөн болохоор Шпиц хотын төвийн мэргэжилтгүүдийн олж илрүүлсэн энэхүү бодис цэврээрээ, эх төлөвөөрөө, эх концентрацитайгаа байгаа нь амархан дэгдэмхий шинж чанартай энэ бодис маш их эргэлзээ төрүүлж байгаа” хэмээн Лавров онцлон тэмдэглэжээ.
МОСКВАГИЙН АСУУЛТУУД
Сергей болон Юлия Скрипаль нарын клиник төлөв байдал BZ химийн бодис ашигласан тухай Швейцарийн лабораторийн дүгнэлттэй дүйцэж байна хэмээн сайд онцлов.
“Юлия Скрипаль болон цагдаагийн ажилтан эмнэлгээс аль эрт гарсан, Сергей, Юлия нартай огт уулзуулалгүйгээр бидэнд өгсөн британчуудын мэдээллээр Сергей Скрипалийн биеийн байдал дээрдэж байгаа зэргийг анхааралдаа авч үзэх юм бол тэдний клиник төлөв байдал чухамхүү BZ хордуулагч бодис хэрэглэхтэй дүйцэж байна” хэмээн Лавров онцлов.
“Шпиц хотын лабораторийн мэргэжилтнүүдийн дүгнэлтийг тусгасан мэдээлэл эцсийн тайлангаас яагаад хасагдсаныг тодруулахаар бид химийн зэвсгийг хориглох олон улсын байгууллагад хандаж байна” хэмээн Лавров нэмж хэлжээ. Шпиц хотын лабораторийн мэдээллийг ашигласнаа химийн зэвсгийг хориглох олон улсын байгууллага үгүйсгэсэн тайлбар хийхийг “сонсвол сонирхолтой” байх болов уу гэж тэрээр “хошигносон” байна.
Гуравдугаар сарын 4-нд Британийн Солсберид Их Британид ашигтай тагнуул хийсэн хэргээр шүүгдсэн тагнуулын ажилтан асан Сергей Скрипаль, түүний охин Юлия нар хордсон бөгөөд энэ нь олон улсын томоохон дуулиан болсон юм. Эцэг, охин Скрипаль нарыг А234 бодисоор хордуулсанд ОХУ холбоотой гэж Лондон буруутгасан бөгөөд Москва үүнийг эрс эсэргүүцэж байгаа билээ.
Скрипаль нарын халдлагад химийн хорт бодис хэрэглэсэн байна гэдгийг химийн зэвсгийг хориглох олон улсын байгууллагын шинжээчид тодорхойлсон. Тайлан дүгнэлт бичсэн шинжээчид химийн бодис элдэв хольцгүй цэврээрээ байсан гэдгийг онцолж тэмдэглэсэн. Мөн түүнчлэн тайлангийн баримт бичигт “Илрүүлсэн химийн хорт бодисын нэр, бүрэлдэхүүний талаар зөвхөн байгууллагын гишүүд үзэх боломжтойгоор нарийн бичгийн дарга нарын газрын маш нууц илтгэлд байгаа” болохыг дурдсан.
Химийн зэвсгийг хориглох олон улсын байгууллагын хийсэн шинжилгээний үр дүн “Солсберид химийн хорт бодисын улмаас гурван хүн хордсон тухай Нэгдсэн Вант улсын дүгнэлтийг баталгаажуулж байна” хэмээн уг баримт өгүүлсэн байна.
ШВЕЙЦАРИЙН ЛАБОРАТОРИ BZ ХИМИЙН БОДИСЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ТАЙЛБАРЛАХААС ТАТГАЛЗАВ
АНУ, Их Британи болон НАТО-гийн орнуудын зэвсэглэлд байдаг химийн зэвсгийн ул мөр Солсберид болсон хэрэг явдалтай холбоотой химийн бодисыг магадлан шинжлэх явцад илэрсэн тухай Москва шударгаар нийтэд ил болгосонд Швейцарийн Шпиц хотын лаборатори булзамхай хариу үзүүлэв.
Хийсэн шинжилгээний талаарх мэдээллийг бие дааж тайлбарлах боломжгүй, зөвхөн химийн зэвсгийг хориглох олон улсын байгууллага энэ мэдээллийг тайлбарлах боломжтой хэмээн тус лабораторийн төлөөлөгчид мэдэгдсэн байна. Британийн Портон -Дауны лаборатори ч гэсэн “Новичок” байгааг тогтоосон гэдэгт эргэлзэхгүй байна хэмээн тэд онцолсон байна. “Портон -Даун, Шпиц хоёр бол химийн зэвсгийг хориглох олон улсын байгууллагаас томилогдсон лабораториуд. Нягтлан шалгах стандартууд маш хатуу чанд болохоор гарсан дүгнэлтэд итгэж болно” хэмээн “Twitter”-т байрлуулсан мэдээнд дурджээ.
Химийн зэвсгийг хориглох олон улсын байгууллага Солсберид эцэг, охин Скрипалийг хордуулахад химийн хорт бодис хэрэглэсэн болохыг баталгаажуулсан магадлан шинжилгээний тайланг өнгөрсөн пүрэв гарагт нийтлүүлсэн. Гэхдээ хордуулагч бодисын нэр, гарал үүслийн талаар тайланд дурдаагүй ажээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин