Бэлтгэсэн Д.ЭНХЭЭ
Гуравдугаар сарын 18-нд ОХУ-д Ерөнхийлөгчийн сонгууль болж, өдгөөгийн төрийн тэргүүн Владимир Путин улиран сонгогдлоо.
“Орос орон урагш давших хэрэгтэй, үүнийг хийж гүйцэтгэх хүчин чадал улс оронд бий” хэмээн сонгуулийн штабын өөрийн байранд хэлсэн үгэндээ Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэв. Сонгуульд ялалт байгуулж байгаа төрийн тэргүүн тэрээр дараачийн бүрэн эрхийн хугацааны төлөвлөгөө, бусад улс оронтой харилцах асуудал болон тагнуулын албаны экс хурандаа Сергей Скрипалийг Британд хордуулсан талаар гээд олон асуудлаар сонгуулийн ялалтын дараа юу гэж хэлснийг www.ria.ru агентлагийн мэдээллээс тоймлон хүргэж байна.
“БҮХ ХҮНИЙ ХҮЧИН ЧАРМАЙЛТЫГ НЭГТГЭХ”
Путины хэлснээр Оросын өмнө нарийн түвэгтэй зорилтууд тулгарч байна. Тэрээр “Эдгээр зорилтыг бид ердийн журмаар шийдвэрлэх төдийгүй, харин ч урагш давшилт, үсрэлт хийх хэрэгтэй, ингэж авч үзэх, тийм үр дүнд хүрэх бүхий л үндэслэл бидэнд байгаа, энэ тухай би илгээлтдээ (Холбооны хуралд явуулсан) зүгээр ч нэг хэлээгүй” гэв.
Түүний үзэж байгаар Орос орны өмнө асар том сорилтууд тулгарч байна. “Эдгээр сорилтыг бид давж туулах, улс орны зорилтуудыг шийдвэрлэх ёстой. Энэ ажлыг бид та бүхэнтэй хамтарч үргэлжлүүлнэ хэмээн гүнээ итгэж байна” хэмээн онцолж тэмдэглэв.
“ДАВШИЛТ ХИЙХ”
Путин Орос орны зорилтуудын талаар В.Путин илгээлтэд хэлсэн үгээ дахин сануулав. “Би чимэг болгож ярьсан ч юм биш. Бид өөрсдийнхөө хөгжлийг урагшуулахын тулд шийдвэртэй үсрэлт хийх хэрэгтэй байна. Үүнийг бид хийж чадна ийм үсрэлт хийж чадах тийм түвшинд бид хүрсэн” хэмээн хэлэхдээ тэр инфляц урьд өмнө байгаагүй доод түвшинд хүрснийг сануулж, энэхүү түүхэн боломжийг ашиглахыг уриалав.
ДЭЛХИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛҮҮД ПУТИНЫ ЯЛАЛТЫН ТАЛААР
Асар том дэмжлэг хийгээд залгамжлагчийн тухай асуулт Оросын бүрэлдэхүүнд Крым дахиж нэгдсэний ойд зориулан Манежийн талбайд зохион байгуулсан цуглаанд оролцохдоо В.Путин “Бид манай агуу их Эх орны ирээдүйн тухай, бидний үр хүүхдийн ирээдүйн тухай тунгааж бодох болно. Ингэж ажилласнаар бид гарцаагүй амжилтад хүрнэ” гэж хэлэв.
Тэрээр “Эрхэм нөхөд минь, энэхүү эв нэгдлээ хадгалж хамгаалах, бусад нэр дэвшигчдийн төлөө саналаа өгсөн хүмүүсийг ч өөртөө татах явдал маш чухал, эв нэгдэл бидэнд урагш ахиж дэвжихэд маань хэрэгтэй, харин урагшлахын тулд бид улс орныхоо иргэн нэг бүрийн гар, сэтгэлийн дэмжлэгийг хүртэж, мэдрэх хэрэгтэй шүү” хэмээн нэмж хэлэв.
НЭР ТӨРТЭЙ АМЖИЛТ
Путин сонгуулийн штабт ажилласан сайн дурынханд талархал илэрхийлж, түүний баг сонгуульд нэр төртэй амжилт үзүүлснийг мэдэгдэв. Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ “Хүмүүс та нарын үг яриа чин сэтгэлээсээ гэдэгт итгэхүйцээр бүх ажлыг хийж гүйцэтгэх явдал туйлын чухал бөгөөд та нар үүнийг хийж чадлаа“ хэмээн онцлов.
“Миний бодлоор бид цөмөөрөө нэг баг, гэхдээ зөвхөн энд байгаа хүмүүс төдийгүй, талбайд цугларсан, Москвад, нийт улс орон даяар сонгуульд санал өгсөн бүх хүн бүгд нийлээд нэг баг, тэдгээр хүмүүсийн байр суурь энэхүү маш нэр төртэй амжилтад хүргэлээ” хэмээн тэрээр тэмдэглэв.
ШИНЭ БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦААНЫ ТУХАЙ
Шинэ бүрэн эрхийн хугацаанд өөрчлөгдөх үү гэсэн асуултад ерөнхийлөгч Путин эртний Грекийн гүн ухаантан Гераклитийг эшлэж: “Бүх зүйл урсаж байна, бүгд өөрчлөгдөж байна ... Бид бүгдээрээ өөрчлөгдөж байна” гэж хариулав.
Оросын төрийн тэргүүн 2030 оны сонгуульд оролцох боломжийг инээдэмтэй хэрэг хэмээв. “Таны яриа надад яльгүй инээдтэй санагдаж байна. Хамтдаа тоолцгооё, би 100 хүртлээ энд сууна гэж үү? Үгүй дээ.” хэмээн 2030 онд 77 нас хүрэх Путин хэлэв.
Засгийн газрын ирээдүйн талаар Путин Засгийн газарт хийх өөрчлөлт сэлгээг тангараг өргөсний дараа болно гэж тайлбарлаад “Одоо би юуг, яаж хийх талаар бодох болно. Энэ нь ерөнхий сайдад нэр дэвшигчийг ч хамаарна. Үндсэн хуульд шинэтгэл хийх талаар төлөвлөөгүй байна” хэмээн тэмдэглэв.
Тэгэхдээ ойрын жилүүдэд түүний баг хэвээр байна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв. “Дөнгөж сая би Манежийн талбайд очоод ирлээ. Цуглаанд оролцогч нэгэн надад “Бид танай баг шүү” гэж хэлсэн. Үүнийг сонсоход надад үнэхээр сайхан байсан, тэгээд би түүнд “Би ч манай том багийн гишүүн. Ойрын жилүүдэд Орос орныхоо сайн сайхны төлөө үр ашигтай ажиллахын тулд манай баг хэвээр үлдээсэй гэж би хүсч байна. Танд баярлалаа.” гэж хариулсан гэлээ.
Бусад улс оронтой харилцах талаар Ерөнхийлөгч Путин “Орос улс бүх тивийн бүх улс оронтой харилцахдаа нааштай хөгжихийг сонирхох болно” гэв. Тэрээр улс орон гадаад түншүүдтэй харилцах харилцаан дахь аливаа хүндрэл бэрхшээлийг давж туулахад бэлэн гэдгийг онцлов. “Хүндрэл бэрхшээл их байгаа ч, хамтран ажиллахад, аливаа асуудлыг хэлэлцэж, давж туулахад бид бэлэн” хэмээв.Хятад улс бол Оросын стратегийн түнш, энэхүү түншлэлийг Москва хүндэлж эрхэмлэхийн сацуу түүнийг улам эрчимжүүлэх болно хэмээн Оросын ерөнхийлөгч онцлов. Тэрээр “Си Жиньпин (БНХАУ) дарга өөртөө болон улс орны өмнө Хятадыг хөгжүүлэх маш том зорилтуудыг дэвшүүлж байна. Хятадын удирдлага, хятадын ард түмэнд бид эдгээр зорилтыг шийдвэрлэхдээ амжилт олохыг хүсч байна” гэлээ.
Скрипалийн хэргийн талаар Тагнуулын албаны экс хурандаа Сергей Скрипалийг хордуулсан хэрэгт Орос улсыг буруутгаж байгаа нь огт утгагүй зүйл, тэр тусмаа сонгууль, хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө хэн ч ийм зүйл хийхгүй хэмээн Путин онцлон тэмдэглэв. Тэрээр “Ерөнхийлөгчийн сонгууль, хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө Орост хэн нэгэн иймэрхүү зүйл хийхгүй, энэ бол огт дэмий хоосон зүйл гэдгийг эрүүл саруулаар сэтгэж боддог ямар ч хүн ойлгоно гэж бодож байна. Энэ бол санаанд багтахгүй зүйл” гэж тэмдэглэв.
Хэрэв Скрипалийн эсрэг байлдааны хордуулах бодис хэрэглэсэн бол түүнээс гадна ойр тойрны хүмүүс ч шууд амь үрэгдэх байсан хэмээн Оросын төрийн тэргүүн мэдэгдэв.
Скрипалийн хэргийг мөрдөн шалгахад Москва хамтарч ажиллахад бэлэн байна, гэхдээ үүний тулд нөгөө талын сонирхол байх ёстой хэмээн Ерөнхийлөгч онцлон тэмдэглэв. Зарим улс орноос ялгаатай нь Орос улс химийн бүх зэвсгээ устгасан болохыг тэрээр сануулав. Украинд санал хураалтыг тасалдуулсан тухай Украинд оросууд санал хураалтад оролцоход нь саад учруулсныг В.Путин эмх замбараагүй явдал гээд, Москва энэ асуудлаар хариу арга хэмжээ авахгүй гэв. “Бидний хувьд Украины ард түмэн бол ахан дүүс ард түмэн, энэ тухай би өмнө нь хэлж ярьсан” гээд украинчууд Орост төрсөн гэртээ байгаа юм шиг байхад бүхнийг хийх болно хэмээн нэмж хэлэв.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Орост Ерөнхийлөгчийн сонгууль хэрхэн болж өнгөрөв
2018-03-21
Нийтэлсэн: Админ
 1 мин