Х.МОНГОЛХАТАН
Энэ оны эхнээс хэрэгжиж эхэлсэн татварын нэмэгдлийн талаар Санхүү эдийн засгийн их сургуулийн багш, татварын мэргэшсэн зөвлөх, судлаач Ж.Ариунболдтой ярилцлаа.
-Долоон төрлийн татвар нэмэгдэж, хэрэгжиж эхэллээ. Та судлаач хүний хувьд татварын нэмэгдлийг тодорхой тайлбарлаж өгөөч?
-Олон улсын валютын сантай Монгол Улсын Засгийн газар гэрээ хийсний үндсэн дээр татварууд нэмэгдлээ. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа 38 мянган аж ахуйн нэгжийн 600 мянган хүн нийгмийн даатгалын шимтгэл төлж байна. Тэр дотроо 300 мянган төгрөгөөс дээш хөдөлмөрийн орлоготой нийт хөдөлмөр эрхлэгчдийн 85 хувь нь буюу 540 мянган хүн нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлийг төлөхөөр байна гэсэн үг.
-Энэ нэмэгдэл татвар нь хувь хүнд хэрхэн тусч байгаа вэ?
-Тэр 10 орчим хувь нь манай дундаж орлоготой иргэд. Дундаж орлоготой иргэд гэдэг нь өөрийн гэсэн ажилтай, байртай, машинтай л хүмүүс юм. Ийм хэмжээний цалинг үнэ цэнэ, баялаг бүтээж байгаа бизнесийн салбарынхан юм уу, уул уурхайн салбарт ажиллагсад авдаг. Эдгээр хүмүүс нь нэг сая 500 мянган төгрөгөөрөө ар гэрээ тэжээхээс гадна, ипотекийн юм уу, хэрэглээний зээлтэй байдаг учраас татварын нэмэгдэл тэдэнд дарамт болж байна.
-Харин татварын нэмэгдэл эдийн засагт нэмэр болох уу?
-Эдийн засагт нэмэр болно гэхээсээ илүү татварын шатлалаар нэмэгдэл төлөхгүйн тулд аж ахуйн нэгж байгууллагууд нэг сая 500 мянган төгрөгөөс доош цалингаа тогтоож, илүүг нь өөр хэлбэрээр олгох маягаар татварын орлогоо дарагдуулж далд эдийн засаг үүсэх юм. Далд эдийн засгийн нөлөөгөөр Монгол Улсын урд нь олж байсан хувь хүний орлогын албан татварын өсөлт буурна. 1993 оноос өнөөдрийг хүртэл хувь хүний орлогын албан татварыг дөрвөн удаа өөрчилж шинэчилж байсан ч татварын хэмжээ өсөлттэй явж ирсэн нь судалгаагаар харагддаг.
-Компаниудын ажилчиддаа өгч буй цалингийн талаар хийсэн судалгаа бий юу. Ер нь аль салбарт ажилладаг хүмүүс өндөр цалин авч байна вэ?
-Монгол Улсын аж ахуйн нэгж байгууллагын ажилтны тоог бүлгээр нь авч үзвэл 1-9 ажилтантай байгууллагын сарын дундаж цалин 610 мянган төгрөг, 10-49 ажилтантай бол 767 мянган төгрөг, 50-99 ажилтантай бол 887 мянга, 100-199 ажилтантай бол нэг сая 20 мянган төгрөг, 200 болон түүнээс дээш ажилтантай байгууллагын сарын дундаж цалин нэг сая 200 мянга орчим байгаа юм. Эндээс харахад уул уурхай, барилгын салбарын ажилчид хамгийн өндөр цалин авч байна. Харин хөдөө аж ахуй, загас агнуур гэх мэт салбарынхан ойролцоогоор 400 мянган төгрөгийн цалинтай ажиллаж байна.
Засгийн газрын энэхүү буруу шийдвэр, алдааг засах гэж цаашид Монгол Улс татварын системтэйгээ хамт хуулийн өөрчлөлт, иргэдийн татварын боловсролыг дээшлүүлэх ажилд олон жилийн хөрөнгө оруулалтын зардал гаргахаар харагдаж байна.
Аж ахуйн нэгж байгууллагуудын орлогыг шатлалаар нь хамааруулж гурван тэрбум хүртэлх орлоготой бол 10 хувь, түүнээс дээш бол 25 хувийн татвар ноогдуулдаг болсноос хойш манай компаниуд жижигрээд эхэлсэн. Үүнтэй адилаар нэг сая 500 мянган төгрөгөөс дээш орлоготой иргэдээс хувьчлаад татвар аваад эхлэхээр компаниуд орлогоо нуун дарагдуулахын тулд ажилчдынхаа тоог бууруулж, цалингаа нууж, бүтэц нь жижигрээд ирэх юм.
-Татвар нэмхээс өөр боломж бий юу?
-Бидэнд үүнээс өөр боломж бий. Татварын бааз болон суурийг өргөтгөх хэрэгтэй. Татвараа авч чадахгүй байгаа аж ахуйн нэгж байгууллагууд байна, татвар төлөхгүй байгаа иргэд байна. Мөн хөдөө орон нутагт олон мянган малтай малчид малын хөлийн татвар авах ёстой. Давхар татварын гэрээг олон улсын байгууллагуудтай хийх ёстой. Одоогоор 30 гаруй оронтой хийсэн байна. Цаашид дэлхийн улс орнуудтай давхар татварын гэрээг хэрэгжүүлэх хэрэгтэй.
Татварын үндсэн стандарт гэдэг зүйлийг Монгол Улсад нэвтрүүлмээр байна. Бид өнөөдөр татварын орчин маань тодорхойгүй байдалтай байлаа. Хууль эрхзүйн орчноо бодитой бөгөөд тогтвортой хийж өгөөгүй цагт татварын асуудал байнга яригдах болно. Америк, Япон, Солонгос гэх мэт өндөр хөгжилтэй орнуудын үндэсний нийт бүтээгдэхүүний 60-70 хувь нь ард иргэддээ буцаад хөдөлмөрийн орлого болж очдог. Тиймээс татварын нэмэгдэл гарсан ч асуудалгүй төлдөг. Харин манай үндэсний нийт бүтээгдэхүүний 20-25 хувь нь иргэддээ хөдөлмөрийн орлого болж очиж байгаа юм. Ийм нөхцөлд дахин татварын нэмэгдэл үүрүүлнэ гэдэг жинхэнэ дарамт болж байна. Эндээс бид хөдөлмөрийн зах зээлийн тухай ярих ёстой. Эхний ээлжинд ажилтай иргэнээ яаж ажлын байрыг нь хэвээр хадгалж, цалинг нь өсгөх үү, ажилгүй иргэдээ яаж ажилтай болгох уу гэдэг зарчмыг олж чадах ёстой. Монгол Улсын хөдөлмөрийн зах зээл нийтээрээ ажилтай болчихвол татвар асуудал үүсгэхгүй.
Ибаримт буюу НӨАТ-ын хэрэгжилтийг улс орон даяар улам нэмэгдүүлэх хэрэгтэй. Монгол Улсад татварын орлого нэмэгдэнэ. Энэ жилийн гүйцэтгэлээр манайх татварын орлого давуулан биелүүлсэн байна лээ. Үүний шалтгаан нь НӨАТ-ын баримт байсан.
Өнөөгийн нийгэмд ажил хийгээд баялаг бүтээгээд ажилчиддаа цалин олгож байгаа захирлууд ямар хүнд нөхцөлтэй байгааг нийтээрээ мэдэрч байна. Хамгийн сайн ажилтандаа ур чадварыг нь үнэлж өндөр цалин өгч байсан бол одоо татварын шатлалаас болоод цалинг нь багасгана. Үүний үр дүнд ажилтанд ч, аж ахуйн нэгж байгууллагуудад ч сөрөг байдал үүснэ.
Татварын эрсдэлийг тооцоололгүй нэмсэнээрээ дундаж давхаргад ачаалал үүсгэж, ипотекийн болон хэрэглээний зээлээ төлж чадахгүйд хүрвэл Монголын банк санхүүгийн салбарт хүндрэл учирна.
Монголын эдийн засаг хоёр түвшинд ангилагддаг. Өвөл хөлдөж, хавар болохоор гэсдэг. Энэ нь 3, 4 дүгээр сараас байгууллагуудын үйл ажиллагаа сэргэж ирдэг. Энэ сэргэх үед нь дээрх татваруудаар дарамт үзүүлээд эхлэхээр аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа нь хумигдаж хүнд байдал үүснэ. Тиймээс хэзээ, ямар үед татвартай холбоотой шийдвэр гаргахаа бодож байхгүй бол эдийн засаг нь хөлдөж байгаа энэ үед татварын эрсдэлтэй шийдвэр гаргах юм бол манай улсын эдийн засаг улам жижгэрсээр байх болно.
-Олон улсын валютын сангийн шахалтаар татвар нэмсэн гэж байгаа. Гэвч татварыг өндөр болгосон шигээ цалин хөлсийг нэмэх ёстой гэж иргэд үзэж байна. Ер нь манайд нэг сая 500 мянган төгрөг өндөр цалинд тооцогдох уу?
-Нэг сая 500 мянган төгрөг гэдэг ойролцоогоор 560-570 ам.доллар юм. Энэ бол хөдөлмөрийн орлого олж байгаа хүмүүсийн хувьд маш бага мөнгө. Тэд цаанаа дор хаяж 4-5 хүн тэжээж байна. АНУ зарим гэр оронгүй ажилгүй хүмүүстээ сард 1000 ам.долларын тэтгэмж олгодог. Гэтэл манай төр засгийн өндөр гэж үзэж байгаа нэг сая 500 мянган төгрөг Америкийн тэтгэмжээс ч бага орлого юм.
-Ажилчидаас гадна байгууллагууд хоёр тайланд шилжих, жижгэрч үүд хаалгаа хаах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байгаа?
-Монгол Улсын Засгийн газар 2008-2012 онд бүртгэлийн төгөлдөршил гэдэг зүйлийг гаргаж ирсэн. Энд хамгийн гол зүйл нь санхүүгийн тайлангийн ил тод байдал байсан. 2011, 2014 онуудад өршөөлийн хууль зарлаж, Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 50 орчим хувьтай тэнцэх хэмжээний орлого нуун дарагдуулсан байсан нь ил болсон. Тэгвэл одоо энэ байдал дахин давтагдахаар боллоо. Ингэж далд эдийн засаг үүссэнээр нягтлан бодох бүртгэлийн бодлогогүй болж маш доод түвшинд очсоноор олон улсын стандартын дагуу тайлагнахгүй болдог.
Энэ нь улс оронд хүндрэлтэй байдал үүсгэнэ. Үүний ганцхан жишээ хэлэхэд манайд 130 мянган аж ахуйн нэгжийн 30 мянга нь л нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар төлдөг. 100 мянга нь алдагдалтай, татвар төлдөггүй Х тайлан гаргаж явдаг. Тэгэхээр татварын дарамт 30 мянган аж ахуйн нэгжид ирснээр, Х тайлантай байгууллагуудын тоог нэмнэ. Ингэсээр манай улсын бүртгэлийн төгөлдөршил гэдэг зүйл алдагдаж татвар санхүүгийн эмзэг системтэй болж муу үнэлгээ авах суурь тавьж байна. Монгол Улсын нягтлан бодох бүртгэлийн стандартын нэвтрэлт сайжирч байна гэсэн тоо мэдээлэл дээр хийсэн судалгаа байдаг бодит байдал дээр эрс муудаж байна. Бид одоог хүртэл учрын ололгүй бүдэрсээр л байна. Нийгэм эдийн засаг, хүмүүсийн амьдрал ямархуу байна, ажил олгогч, иргэдийн нуруу нь хэр тэнийж байна гэдгийг нягтлан бодох бүртгэлээр дамжуулан харж болдог. Одоогоор бид нягтлан бодох бүртгэлийн стандартын нэвтрэлт, Аудитын олон улсын стандартын жишиг хэлбэрийг нь сайн нэвтрүүлж чадаж байгаа ч агуулга мөн чанарын таг мартсан. Би юу хэлэх гээд байна вэ гэхээр Сангийн яам, Татварын ерөнхий газар, компанийн захирлууд нягтлан бодох бүртгэлийн ач холбогдлыг ойлгодоггүй, зүгээр тайлангаа тушааж л байвал бараг сайн гэж үзээд яваад байна. Нягтлан бодох бүртгэлийн тоо болгоны цаана хүмүүсийн амьдрал, ажилгүйдэл, ядуурал, орлого, эдийн засгийн өсөлтийг хэмжих нэгжүүд бүгд байдаг.
-Бидэнд үүнийг өөрчлөх ямар гарц байна?
-Татварынхаа хувийг хуучин хэвэнд нь оруулахгүй бол хүссэн хүсээгүй далд эдийн засаг цэцэглэнэ. Хэчнээн соён гэгээрүүлээд, татвараа төлөөч гэж шаардаад нэмэргүй. Ингээд 3-4 жилийн дараа дахин өршөөлийн хууль батлагдана гээд компаниуд хүлээнэ.
Зөв гарц нь бол татварынхаа шатлалыг зөв тогтоох нь чухал байна. Татварын шатлалыг 500 мянгын зөрүүтэй бус нэлээд хол зайтай байхаар зохицуулах ёстой. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 240 мянган төгрөгийг 10-15 дахин нэмэгдүүлсэн хөдөлмөрийн орлогыг шатлал нэмэх эхний босго гэж үзэх хэрэгтэй. 5, 10, 15, 20 сая төгрөгөөс дээш орлоготой иргэдээс тодорхой хувь хэмжээгээр татвар авч болох юм. Гэхдээ Монгол Улсад таван сая төгрөгнөөс дээш цалин авдаг дөрвөн зуун гаруй хүн хоёр саяаас дээш цалинтай мянга долоон зуу орчим байна.
Нягтлан бодох бүртгэл талаас нь авч үзвэл 100 мянган төгрөгийн цалинтай 10 хүний цалинг 10 хувиар нэмэгдүүлэх, сая төгрөгийн цалин авдаг хүний цалинг 10 хувиар нэмэгдүүлэх нь адилхан ойлголт боловч эдийн засаг талаасаа бол өөр ойлголт юм. Тайлбарлавал, 100 мянган төгрөгийн цалингаа 10 хувь нэмэгдүүлсэн хүмүүсийн орлого дотоодын худалдан авалтад зарцуулагддаг бол хоёр, гурван саяаас төгрөгөөс дээш цалинтай хүний нэмэгдүүлсэн 10 хувь гадны худалдан авалт, чинээлэг хэрэглээнд зориулдаг. Тэгэхээр бид бага орлоготой иргэдийнхээ цалин өсгөж чадвал улс орны үндэсний нийт бүтээгдэхүүнийг өсөж, баялаг бүтээгчдээ дэмжинэ. Мөн энэ татварын нэмэгдэл аж ахуйн нэгж байгууллагуудын дундах өрсөлдөөний тэнцвэргүй байдлыг үүсгэж байгаа юм. Одоогоор манай аж ахуй нэгжүүд татвараа төлөөд сурч байна. Зарим аж ахуй нэгжийн удирдлагууд бид татвараа шударгаар төлдөг харин манай өрсөлдөгч нар татвар төлөхгүй байна гэсэн гомдол хэлдэг энэ бол үнэхээр зөв асуудал, бид татвараа эхлээд тэгш шударгаар аваад сурчихая, дараа нь шатлалаа зөв тогтоогоод аваад явахад болохгүй зүйл байхгүй. Бид эдийн засаг сэргээд хүмүүсийн орлого өсөөд, ядуурал ажилгүйдэл буураад ирвэл аяндаа татварын шатлалтай болно. Одоо арай эрт байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ж.Ариунболд: Татварын нэмэгдэл нь иргэд, аж ахуй нэгжүүдэд хүнд тусч байна
2018-01-25
Нийтэлсэн: Админ
 1 мин