С.УЯНГА
Иргэдийг орон сууцжуулах төрийн бодлого хүлээлт үүсгэж байна. Зах зээл дээрх 35 мянган сул орон сууц, хэзээ олгогдох нь тодорхойгүй ипотекийн зээлийн талаар төрөөс тодорхой, уян хатан шийдвэр нэхэж буй юм. Тиймээс өнөөдөр чуулганы хуралдаан дээр хийх Ерөнхий сайдын мэдээлэл барилгын салбарынхан төдийгүй иргэдэд тун чухал байна. Ерөнхий сайдын хийх “Гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах хөтөлбөрийн талаар” бодлого шийдвэрээс барилгын салбарын гацаа гарах уу, гэр хорооллын утаа арилах уу гэдэг хамаарна гэсэн үг юм.
Ерөнхий сайдын мэдээллийн өмнө төрийн орон сууцжуулах бодлогын талаарх мэдээллийг тоймлон хүргэе.
Төр, түмэн олон гэлтгүй мөнгөндөө “баригдчихаад” байгаа ч зах зээл дээр илүүдээд буй орон сууцнууд эрэлттэй байна. Учир нь ганц энэ өвөл биш сүүлийн 10 гаруй жил төр, засгаас оновчтой шийдвэр нэхсэн утаанаас салах арга нь гэр хорооллыг орон сууцжуулах гэдэгтэй маргах хүн үгүй. Үе үеийн төр засгийн алсын бодлого, чиглэл нь ч энэ байв. Гэвч хувь, хувьсгал хоёулаа барилгын компаниудад гаргаад өгөх бэлэн мөнгө, ядаж урьдчилгаа 30 хувиа төлж чадахгүйгээс нэг талдаа барилгын салбар гацаж, нөгөө талдаа орон сууцанд амьдрах хүсэл дүүрэн иргэдийн эрэлт хий дэмий “хөөсөрсөөр” байгаа юм.
Одоогийн байдлаар зах зээл дээр бэлэн болсон 35 мянган айлын орон сууц бий. Үүний 26 мянга нь энгийн бусад нь тансаг, бизнес зэрэглэлийнх. Үүнээс 35 мянган орон сууцыг худалдан авах нөхцөл боломж нь бүрдэхгүй байгаагаас төрийн бодлого, иргэний нуруун дээр эзэнгүй барилгууд хаанчилсаар байна. Энэ хаанчлал хэзээ зогсох, үүнийг дагаад утаа хэзээ арилахыг хэлж мэдэхгүй ч төр засгийн зүгээс “бодсон” зүйл бий аж.
20 МЯНГАН АЙЛЫГ ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ОРУУЛАХАД 1.3 ИХ НАЯД ТӨГРӨГ ШААРДЛАГАТАЙ
Эзэнгүй орон сууцны эрэлтийг хангаж, барилгын салбарыг тэжээх нэг бодлого нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан 20 мянган айлыг түрээсийн орон сууцаар хангах зорилт гэнэ. Энэ талаар Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан “Засгийн газрын зорилтын хүрээнд асуудлыг ярьж болно. Хамгийн гол нь хөрөнгийн эх үүсвэр хэрэгтэй. 20 мянган айлыг түрээсийн орон сууцанд оруулахад 1.3 их наяд төгрөгийн хөрөнгө шаардлагатай. Орон сууц бэлэн байна. Авах иргэд ч бэлэн байна. Гагцхүү хөрөнгө мөнгөний асуудал тулгарч байна. Гадаадаас зээл, тусламж авах, бонд гаргаж хөрөнгө босгох хувилбар байгаа ч эцсийн шийдвэрийг Засгийн газар гаргана. Өөрөөр хэлбэл, ипотекийн зээл, барилгын салбарын бодлоготой холбоотой ямар ч шийдвэр гараагүй” гэсэн юм. Гэхдээ салбарын яамны зүгээс барилгын компаниуд орон сууц барихын тулд банкнаас өндөр хүүтэй зээл авсан учраас 1.3 их наяд төгрөг гаргаад 20 мянган айлыг түрээсийн орон сууцанд оруулах нь олон талын ашигтай гэж үзэж байгаа аж. Ингэснээр яндангийн тоо буурч, гацаанд орсон барилгын салбар хямралаас гарна гэж тооцжээ. Засгийн газар ирэх жилүүдэд зорилтот бүлэгт чиглэсэн орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд 120 тэрбум төгрөгийг 2018 оны төсөвт суулгажээ.
Барилгын салбарыг уналт, гацаанаас гаргах бас нэгэн хувилбарыг ТОСК-ийнхан ярьж буй. Энэ талаар ТОСК-ийн Ерөнхий захирал Ж.Хичээнгүй “Гэр хорооллын дахин төлөвлөлт, банкны шалгуур шаардлагыг хангахгүй, байрны урьдчилгаанаас хуримтлал үүсгэх боломжгүй иргэд гацаж байна. Эдгээр зорилтот бүлгийн иргэдэд зориулсан төрийн бодлого бол түрээсийн хөтөлбөр юм. Үнэ ханшийн хувьд ч боломжтой. Нэг ёсондоо бага өртгөөр түрээсэлж хуримтлал үүсгэх байдлаар урьдчилгаа 30 хувийг бүрдүүлж болж байна. Барилгын компанитайгаа тохиролцоод график төлөлт хийж байгаа иргэд ч байна. Үүн дээр нэмээд шинэ схемийг зах зээлд нэвтрүүлэх хэрэгтэй. Энэ бол 20 жил тогтвортой түрээсэлснийхээ үр дүнд орон сууцаа өөрийн болгох буюу эзэмшилд шилжүүлэх боломж бүрдэнэ. Түрээсийн орон сууцыг өмчлөх асуудалд бид хоёр гарцыг олж харсан. Нэг нь орон сууцны урьдчилгаа төлбөрийг бүрдүүлээд ипотекийн зээлд хамрагдах. Нөгөө нь урт хугацаат эх үүсвэр олсон нөхцөлд хугацаагаар түрээсээ төлж өөрийн эзэмшилд шилжүүлж болно. Энэ хоёр гарцыг нээлттэй болгоно. Ингэснээр ипотекийн одоогийн найман хувийн зээлийн хүү аажимдаа буурах боломжтой” гэсэн байр суурийг илэрхийллээ.
ЗАХ ЗЭЭЛ ДЭЭРХ ИЛҮҮДЭЛ ОРОН СУУЦЫГ ТӨР ХУДАЛДАЖ АВНА
Нөгөө талаас зах зээл дээр сул байгаа 35 мянган орон сууцыг боломжит нөхцлөөр иргэдэд борлуулах төрийн бас нэгэн бодлого бий. Тэр бол төр орон сууцыг худалдан авч иргэдэд хөнгөлөлттэй нөхцлөөр худалдах юм. Өөрөөр хэлбэл, барилгын салбар тэр дундаа орон сууцны борлуулалт зогсонги байдалд орсон учраас төр тендер зарлаж, зах зээл дээр бэлэн байгаа орон сууцыг худалдаж авах боломжтой гэнэ. Нэгэнт борлогдохгүй байгаа орон сууцнуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, компаниудын орлого буурсан учраас төр хямд өртгөөр худалдаж авч, дараагийн барилгаа барих боломжийг нь барилгынханд олгох ажлыг судалж байгаа талаар холбогдох албаныхан хэлж байна.
Төр хямд өртгөөр бэлэн орон сууцуудыг худалдаж авбал иргэдэд түрээслүүлэх, урьдчилгааг нь төлөх, бууруулах боломжийг судалж байгаа гэнэ. Барилга, хот байгуулалтын яам ажлын хэсэг байгуулжээ. Ингэж зах зээл дээр борлогдохгүй орон сууцыг төр хямд үнээр худалдаж авах ажлыг эхлүүлэхээр бол хөрөнгийн эх үүсвэрийг гаднын зээл, тусламжаар санхүүжүүлэх боломжтой талаар шийдвэр гаргагчид ярилцаж байгаа аж.
Засгийн газар ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөрт хамрагдсанаар Монголбанкаар дамжуулан олгож байсан ипотекийн зээлийг Засгийн газарт шилжүүлэх шийдвэр гаргасан юм. Одоогоор ямар журмаар хэрхэн олгох нь тодорхойгүй байгаа ч ирэх жилүүдэд урьдчилгаа төлбөр төлөх боломжгүй, залуу гэр бүл, эмзэг бүлгийн иргэдэд чиглэсэн зорилтот хөтөлбөр хэрэгжүүлэх бодлого баримтална. Ипотекийн зээл илүү боломжит хувилбараар үргэлжилнэ гэдгийг Барилга хот байгуулалтын яамнаас өгч байгаа юм. Харин 2018 онд төсөвт тусгасан 120 тэрбум төгрөгийг ипотекийн зээлийн одоогийн загвараар үргэлжлүүлбэл 1765 иргэн, Монголбанкинд эргэн төлөгдөх 180 тэрбум төгрөгөөр 2650 иргэн буюу энэ онд нийтлээ 300 тэрбум төгрөгөөр 4415 айлын хүсэлтийг шийдвэрлэх тооцоог ч албаныхан хийгээд байна.
Мөн иргэдийг орон сууцжуулах бас нэгэн хувилбар нь агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллын 36 байршилд дахин төлөвлөлт хийхээр ажиллаж байгаа аж. Төслийн хүрээнд баригдах орон сууцны метр квадрат нь 999 мянга. Энэ нь зөөвхөн орон сууцны байшин барих бус дэд бүтэц сургууль, цэцэрлэгийг цогцоор нь шийдэж өгөх төсөл аж.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Орон сууцжуулах бодлогыг тэлэх төрийн шийдвэр юу байх вэ
2018-01-05
Нийтэлсэн: Админ
 1 мин