Т.САЙХАН
Өнөөдрөөс /01.01/ гурван төрлийн татвар нэмэгдэж байна. Засгийн газар зарлагаа нэмж, 2.4 их наядын алдагдалтай төсөв батлуулсан хэрнээ энгийн иргэдийнхээ нуруун дээр эдийн засгийн хямралыг үүрүүлж байгаагийн нэгэн жишээ нь татварын нэмэгдэл юм. Ингээд өнөөдрөөс эхлэн нэмэгдэж буй татварыг танилцуулж байна.
Архи, тамхины онцгой албан татвар
2018 оноос 10 хувиар,2019 оноос 5 хувиар, 2020 оноос эхлэн таван хувиар тус тус нэмэгдэх юм. Ингэснээр архины хэрэглээ буурна гэж Сангийн сайд тайлбарласан ч эсрэгээрээ “шагийн архи”, хуурамч архины хэрэглээ ихсэх эрсдэл гэж зарим шинжээчид үзэж байгаа.
Хувь хүний орлогын албан татвар
Хувь хүний орлогын албан татварын шатлалыг цалин хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод 10-25 хувиар дөрвөн шатлал бүхий татвар ногдуулна. Ингэснээр өндөр орлоготой иргэдийн татварын ачаалал нэмэгдэхээр байна. Тухайлбал, сарын 2.5 сая төгрөгийн орлогод 11.2 хувиар, сарын дөрвөн сая төгрөгийн орлогод 15.1 хувиар татвар ногдож байна.Одоогоор 900 мянга орчим татвар төлөгч бүртгэлтэй байгаа бөгөөд нийт татвар төлөгчдийн 92 орчим хувь нь 10 хувиас бага татвар төлөхөөр, үлдэх найм гаруй хувь нь татварын шатлалд хамрагдаж 10 хувиас их татвар төлөхөөр байгааг Сангийн сайд мэдээлсэн.Тус татвараас төсвийн орлого 2018 онд 51.5 тэрбум төгрөгөөр нэмэгдэх ажээ. Түүнчлэн, хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт одоогийн хуулиар 84 мянган төгрөг байгааг 2018 онд 120 мянган төгрөг, 2019 онд 160 мянган төгрөг, 2020 онд 200 мянган төгрөг, 2021 онд 240 мянган төгрөг болгон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан үе шаттай нэмэгдүүлэхээр болсон. Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийн хэмжээг 240 мянган төгрөг болгож нэмэгдүүлснээр сарын 1.8 сая төгрөгийн цалин болон түүнтэй адилтгах орлоготой иргэдийн татварын ачаалал буурах бөгөөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжиж байгаа иргэд татвар төлөхгүй юм байна.
Нийгмийн даатгалын сангийн шимтгэл нэмэгдэнэ
Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг 2017 онд тус бүр 7 хувь, 2018 онд тус бүр 8 хувь, 2019 онд тус бүр 8.5 хувь, 2020 онд тус бүр 9.5 хувьтай байхаар хуульчилсан. Харин сайн дурын даатгуулагчийн тэтгэврийн даатгалд сард төлбөл зохих шимтгэлийн доод хэмжээ нь 2017 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувиас, 2018 онд 11 хувиас, 2019 онд 11.5 хувиас, 2020 онд 12.5 хувиас багагүй байхаар өөрчлөлт оруулсан.
Эх сурвалж:www.polit.mn