Ц.ТОГОС
“Монголдоо бүтээцгээе” булангийнхаа энэ удаагийн зочноор “Мишээл Амазонка” загварын салоны дизайнер Ч.Мишээл, гүйцэтгэх захирал Ж.Мөнхжаргал нартай уулзаж ярилцлаа.
-Олны танил хүмүүсийн гоёлын даашинз хувцаслалтаас “ Мишээл Амазонка” брэндийг хүмүүс мэдэх болсон. Тансаг зэрэглэлийн хувцасны зах зээлд хэзээнээс танигдаж эхэлсэн талаар яриагаа эхлэе?
-Ж.Мөнхжаргал: Компани маань Мишээл, Аманзонка нэртэй эгч дүү хоёр дизайнерын нэрээр 2015 оны хоёрдугаар сараас албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Дизайнерууд маань анх тус тусдаа уран бүтээл хийж байгаад, 2013 оны “Ulaanbaatar fashion1” загварын шоунд хамтдаа коллекц хийн оролцсон. Оёсон хувцас нь хүмүүст таалагдаад захиалга нь ч нэмэгдээд ирэхээр, гэр гэртээ тусдаа оёдог байсан дизайнерууд маань нэгдэж бүтээлээ хийх болсон. Цаашлаад хүмүүсийн хандалт ч нэмэгдэж, хоёулаа эрэлтээ дийлэхээ байснаас, компанийн зохион байгуулалтад орж туслах ажилчид авсан.
Ч.Мишээл: Анх өөрсдийн хоббигоороо бүтээл хийж мөрөөдлөө биелүүлж байна гэж боддог байлаа. Дуртай мэргэжлээрээ ажиллаж байгаа учраас бид өөрсдийн гэсэн үйлчлүүлэгчидтэй болж чадсан. Тиймээс Монголын хувцас загварын түүхийн нэгэн үеийг бичилцэнэ гэсэн том зорилгыг өмнөө тавин ажиллаж байна. Алсдаа ажилчдынхаа ур чадавхийг сайжруулж, дэлхийн болоод дотоодын соёлыг шингээсэн, хамгийн шилдэг гэсэн нано технологийг бүтээлдээ ашиглан хүмүүст хүргэхийг хүсч байна. Мөн үндэсний өв соёл үнэт зүйлийг эрхэмлэн хэрэглэгчиддээ хүргэхийг хичээж байгаа.
-Хувцас загвар хөгжихийн хэрээр хүмүүс өөрийн гэсэн имиж бүрдүүлэхийг хичээдэг болж. Цор ганц даашинз хийлгэх зэргээс эхлээд өөрийн нэрээ сийлсэн костюм пальто өмсдөг болсон. Үүний үнэ цэнэ нь эргээд ажил амжилтад нь ч нөлөөлдөг гэх юм билээ?
- Ч.Мишээл: Хүн болгон өөрийн гэсэн имижтэй байх ёстой. Сайхан хувцаслана гэдэг нь өөрөө урлаг юм л даа. “Хувцасаар нь угтаж, ухаанаар нь үднэ” гэсэн ардын үг бий. Хувцас бол өөрийгөө бусдад мэдрүүлэх гол зэвсэг төдийгүй, өөртөө итгэх итгэлийг төрүүлдэг учраас хүний амжилтад нөлөөлж байдаг. Гоё сайхан хувцаслаад явж байгаа хүнд ямар ч хүн хүндэтгэлтэй ханддаг шүү дээ. Өөрийгөө болон уулзаж байгаа хүнээ хүндэлж байгаа маш чухал зэвсэг юм. Хэчнээн ур чадвартай байлаа ч гадаад өнгө төрхөө орхигдуулбал тэр хүний хүрч чадах амжилтын хэмжээ бага. Тэгэхээр өөрийн дотоод мөн чанарыг гадаад үзэмжтэйгээ хослуулж чадвал улс орныхоо түвшинд, цаашлаад дэлхийн түвшинд ч танигдах боломж өндөр байдаг. Тэгэхээр хүнд имиж байх ёстой. Бүр амьдралынх нь салшгүй нэг хэсэг байх ёстой.
-Гоёлын даашинз захиаллаа гэхэд хэд хоногт багтаж гардаг вэ?
- Ж.Мөнхжаргал: Захиалагчийн хүсч байгаа загвар хийцээс хамаараад хугацаа нь янз бүр байдаг. Үйлчлүүлэгчид маань ийм загвартай, ийм чимэглэлтэй хийлгэмээр байна гэсэн өөрийн төсөөлөлтэй ирдэг л дээ. Гар ажиллагаа ихтэй бол долоо хоногоос хоёр сар үргэлжлэх нь ч бий. Захиалагчийн биеэс хэмжээ аваад явцын дунд хоёр ч удаа өмсгөж тааруулж байгаад хийнэ. Дараа нь гоёл чимэглэлээ хийнэ. Цаашлаад ямар үйл явдалд зориулж өмсөх, зургаа хэрхэн авахуулах гэх зэргээр бүтэн стилийг нь цогцоор нь зөвлөдөг.
-Ямар нэг арга хэмжээнд давтагдашгүй цор ганц дэгжин хувцас өмсөхийн давуу тал нь юундаа байх вэ?
- Ч.Мишээл: Хувцас өөрөө үнэ цэнэтэй зүйл. Тэр үнэ цэнийг ямар агшинд хэрхэн хэрэглэх вэ гэдэг нь цаг үеэ дагаад нэг төрлийн ухаан болж байна л даа. Олны танил хүн байлаа гэхэд, тухайн хувцсыг нэг л удаа өмсдөг. Тэгээд зурган дээр хамгийн гоёороо гарах гээд нэг талын маркетинг юм. Манай бүтээлүүд энгийн гэхээсээ илүү ёслолын тусгайлсан арга хэмжээнүүдэд зориулж хийгддэгээрээ онцлог байдаг. Тухайн цаг үедээ үнэ цэнээ өгөхөөс гадна, эдлэгээ хадгалалт зөв бол үр хүүхдэдээ ч өвлүүлэх боломжтой. Нэг ёсондоо насан туршийн том хөрөнгө оруулалт гэдгээрээ үнэ цэнээ хадгалсаар байдаг.
-Монголчууд ер нь их гангарах дуртай хүмүүс. Харин эрс тэс уур амьсгалаас шалтгаалаад гангарах улирал бага байдаг байх?
- Ж.Мөнхжаргал: Жилийн дөрвөн улиралтай болоод ч тэрүү Монголчууд их хувцас сольдог. Хамгийн гол нь дулаан явж эрүүл байх нь чухал. Гэхдээ дулаан явж байна гээд пөөнийсөн юм яваад байж болохгүй. Донжтой имижтэй хувцасыг сонгоод өмсч чаддаг байх хэрэгтэй.
-Тансаг зэрэглэлийн зах зээлээс илүүтэй олон нийтэд чиглэсэн коллекц гаргавал илүү үр ашигтай юм биш үү. Энэ талаар бодсон зүйл байгаа юу?
- Ж.Мөнхжаргал: Монгол Улс маань харьцангуй бага зах зээлтэй. Олон нийтэд чиглэсэн өдөр тутмын хувцас Солонгосоос, урд хөршөөс импортоор их хэмжээгээр орж ирж байна л даа. Энэ чиглэлийн хувцасны зах зээл өрсөлдөөн ихтэй ерөнхийдөө ханасан байна.
Харин цөөн тоогоор гардаг тансаг зэрэглэлийн хувцасны зах зээлд өрсөлдөх боломж бидэнд байна. Тэгэхээр аль болох ур хийц шаардсан, захиалсан хүндээ яг тохирсон загваруудыг бүтээх нь бидний ажлын зорилго.
-Монголд түүхий эд нь элбэг байдаг ноос ноолуур нэхийгээр хувцас хийх бодол байдаг уу?
-Ч.Мишээл: Байлгүй яахав. Энэ сарын сүүлээр танилцуулах коллекцдоо нэхийгээр хийсэн хэд хэдэн загвараа танилцуулна. Монголдоо 100 хувь боловсруулсан сайн чанарын нэхийгээр хийж байгаа. Цаашлаад ноос ноолуураар бүтээгдэхүүн хийх бодол бас байна. Хамгийн гол нь тэр чиглэлээр хийх тоног төхөөрөмж, ажиллах мэргэжлийн боловсон хүчин хэрэгтэй байна. Тэгэхээр эхний нэг чиглэлээ баттай болгосны дараа алгуур алгуурханаар бусад чиглэл рүү орох бодолтой байна. Ямар ч судалгаа шинжилгээгүй дутуу дулимаг эхлэхийг хүсэхгүй байна.
-Нью-Йорк, Парисын загварын долоо хоног зэрэг томоохон олон улсын загварын шоунуудад оролцдог уу. Гаргасан амжилтуудаасаа дурдвал?
-Ч.Мишээл: Загварын 5-6 шоунд оролцож байсан. ОХУ, Хятад Солонгост болсон олон улсын загварын арга хэмжээнд оролцсон. Хятдад болсон шоунаас хоёр ч удаа шагнал авч байсан. Олон улсад бидний загварыг сонирхдог хүмүүс их байдаг. Тухайн үед үйлдвэрлэлээ шийдээгүй байсан болохоор хүмүүсийн захиалгуудыг хийх боломж байгаагүй. Цаашид үйлдвэрлэлээ өргөжүүлээд гадны зах зээлд борлуулах боломжтой болсны дараа үзэсгэлэн худалдаа томоохон арга хэмжээнүүдэд оролцох болно.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ж.Мөнхжаргал, Ч.Мишээл: Бид Монголын хувцас загварын нэгэн үеийн түүхийг бичилцэнэ
2017-10-06
Нийтэлсэн: Админ
 1 мин