Ц.БАЯР
“Монгол Улс ба Евроазийн эдийн засгийн холбоо-2017” бизнес чуулга уулзалт өчигдөр “ Blue Sky”-д боллоо. Монголд анх удаа болж байгаа энэхүү уулзалтыг Монгол Улсын Гадаад харилцааны яам, Евразийн эдийн засгийн комисс болон МҮХАҮТ хамтран зохион байгуулж байна. Чуулга уулзалтад, Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил, Евроазийн эдийн засгийн комиссын Техникийн зохицуулалтын асуудал эрхэлсэн сайд В.Н.Корешков, Эрчим хүч, дэд бүтцийн асуудал эрхэлсэн сайд А.О.Жунусов тэргүүтэй төлөөлөгчид, Монгол Улсын ЗТХЯ, ЭХЯ, СХЗГ, МХЕГ, МЭҮГ, Үндэсний хөгжлийн газрын удирдлага, төлөөлөгчид оролцов. Мөн ОХУ, Беларусь, Казахстанаас, Монгол Улсад суугаа Элчин сайд нар, бизнес эрхлэгч 200 гаруй төлөөлөгч оролцлоо. Монгол, Орос, Хятадын “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийг өнгөрсөн онд гурван улсын төрийн тэргүүн нар байгуулсан. Хөтөлбөр нь гурван улсын бараа эргэлтийг нэмэгдүүлээд зогсохгүй. Ази, Европ бүс нутгийн хөгжил, дэд бүтцийн орчин сайжирч, манай бизнес эрхлэгчид бүтээн байгуулалтад оролцох боломж нээгдэх ач холбогдолтой.
Евроазийн эдийн засгийн холбоо /ЕАЭЗХ/ нь олон улсын байгууллага. Тус байгууллагыг 2014 оны тавдугаар сарын 29-нд Астана хотод үүсгэн байгуулсан бөгөөд 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс гэрээ нь хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Тус байгууллагад Орос, Беларусь, Казахстан, Армени, Киргиз улс багтдаг. Одоо Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев Евроазийн эдийн засгийн дээд зөвлөлийг даргалж байгаа юм.
Евроазийн эдийн засгийн комиссын Техникийн зохицуулалтын асуудал эрхэлсэн сайд В.Н.Корешков “Одоогоор Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 40 компани, хөнгөн үйлдвэрийн 18 аж ахуйн нэгж ЕАЭЗХ-ны зах зээлд бараа бүтээгдэхүүн нийлүүлэх зөвшөөрөл авсан. Манай холбооны таван улс, Монголын талаас бараа бүтээгдэхүүн авах, танайхаас нийлүүлэх хүсэл сонирхол нэг байгаа. Тиймээс бидний ажил урагшилна гэдэгт найдаж байна” хэмээн онцоллоо. Манай улсын экспорт, импортын барааны нэр төрөл, тоо хэмжээ буурч байгаа нь худалдаан дахь хориг саад их байгаатай холбоотой аж. Тухайлбал, Евроазийн эдийн засгийн холбооноос Монголын гол нэр төрлийн экспортын бараа, бүтээгдэхүүнд 15-20 хувийн гаалийн татвар, 12-20 хувийн нэмүү өртгийн албан татварыг тус тус ногдуулдаг. Түүнчлэн мал эмнэлэг хорио цээрийн тусгай нөхцөл, стандарт техникийн хатуу зохицуулалт, тээвэр ложистикийн зардал зэрэг Монголын бараа, бүтээгдэхүүн, дээрх зах зээлд гарахад олон саад бэрхшээл бий. Мөн Монголын үйлдвэрлэгчид, аж ахуйн нэгжүүд бараа бүтээгдэхүүнийхээ чанар, сав баглаа, боодолд Евроазийн эдийн засгийн холбооноос тавигдаж буй техникийн шаардлага, стандартад нийцүүлж үйлдвэрлэж чаддаггүй явдал ч байгаа аж. Эдийн засгийн чуулга уулзалтууд болж байгаа нь сайн ч, үр дүн нь Монголын эдийн засагт эерэгээр нөлөөлж байх ёстой. Тиймээс энэ удаагийн чуулга уулзалтаар санамж бичиг байгуулан саад бэрхшээлийг арилгахад хамтарч ажиллахаар санал нэгдэж байгаа нь нэг том үр дүн болж байгааг талууд тэмдэглэж байна.
ЭРҮҮЛ АХУЙН ХОРИГ СААД, СТАНДАРТ ИТГЭМЖЛЭЛТЭЙ ХОЛБООТОЙ САНАМЖ БИЧИГ
Худалдаан дахь эрүүл ахуйн хориг саад болон техникийн зохицуулалттай холбоотой асуудлыг нэн даруй цэгцлэх шаардлагатай байгаа. Энэ үүднээс “Монгол Улсын МХЕГ болон Евроазийн эдийн засгийн комисс хоорондын мал, эмнэлэг, ургамлын хорио цээрийн хяналтын салбарт хамтран ажиллах тухай санамж бичиг, Монгол Улсын стандарт хэмжил зүйн газар техникийн зохицуулалт, итгэмжлэлийн салбарт мөн хамтран ажиллах тухай санамж бичгийг тус тус байгуулав.
Энэ нь ЕАЭЗХ-ны гишүүн орнууд хоорондын худалдааны харилцаан дахь үнийн бус хориг саадыг бууруулах ажлын эхлэл болж буйгаар онцлог аж Ингэснээр үнэ тарифын бус хориг саадыг бууруулах ажлын хүрээнд мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторийн шинжилгээний дүнг харилцан хүлээн зөвшөөрөх, мах махан бүтээгдэхүүн, арьс ширэн болон ноос, ноолууран бүтээгдэхүүний стандартыг харилцан нийцүүлэхэд хамтрах боломж нээгдэж байна. Түүнчлэн гаалийн хяналт, шалгалтын дүнг харилцан зөвшөөрч давтан шалгалт хийхгүй байх, худалдаанд үндэсний тохирлын тэмдэг, гэрчилгээг давтан тохирлын үнэлгээнд хамруулахгүй байх боломжийг бий болгохыг ГХС-ын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил ЕАЭЗХ-нд хандаж хэлэв.
ЕВРОП-АЗИЙГ ХОЛБОСОН ДӨТ ЗАМЫГ АШИГЛАН ТЭЭВЭРЛЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЭВ
Энэ үеэр Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Ганбат ЕАЭЗХ-ны Эрчим хүч, дэд бүтцийн асуудал эрхэлсэн сайд А.О.Жунусов нар 2017-2018 онд Зам, тээврийн салбарт хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурав. Хамтран ажиллах төлөвлөгөөнд тээвэр ложистик, гаалийн үйлчилгээг хөнгөвчлөх, харилцан мэдээлэл солилцож, уялдаа холбоотой ажиллах зэрэг цогц ажил багтсан байна. “Энэхүү төлөвлөгөөг баталгаажуулснаар манай орны дамжин өнгөрөх тээврийн хэмжээ нэмэгдэж байгаа давуу талыг Европын орнуудын хамтын ажиллагаатай уялдуулах, Евроазийг холбосон дөт замыг ашиглан тээвэрлэлтийг нэмэгдүүлэх боломж бүрдэж байна. Мөн Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудтай зам, тээврийн салбарт хамтран ажиллах нөхцөл бүрдэнэ” гэж Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Ганбат онцлов. Худалдаан дахь хориг саадын тухай болон тээвэрлэлтийг нэмэгдүүлэх асуудлаар сүүлийн зургаан жил ярилцсаны эцэст ийнхүү дэвшил гарч байгааг тэрээр тэмдэглэв.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Монголын үйлдвэрлэгчид Евроазийн зах зээлд бүтээгдэхүүнээ гаргана
2017-10-05
Нийтэлсэн: Админ
 1 мин