Ц.МЯГМАРБАЯР
Ази, Номхон далайн орнуудын судалгааны байгууллагуудын IX чуулган Улаанбаатарт боллоо. Судалгааны зөвлөх үйлчилгээний тэргүүлэгч “Эм Эм Си Жи” компанийн санаачилга, дэмжлэгтэйгээр энэхүү чуулган Монгол Улсад анх удаа болж буй гэдгээрээ онцлог байв. Улс орон компани, хүн бүрт өөрийн зорилго мөрөөдөл байдаг. Бид хүнд хэрэгтэй хүлээн зөвшөөрөгдсөн зүйлийг хийж, бүтээн хөгжил дэвшил, өсөлтөд тэмүүлсээр. Өсөлт хөгжлийн төлөө ганцаараа биш олууллаа, хамтдаа өсөлтөд зорин ажиллавал илүү амжилтад хүрч чадна гэдгийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч буй билээ. Улаанбаатар хотноо болсон чуулганаар бизнесийн өсөлтийг хамтдаа эрэлхийлж мэдлэг туршлагаа хуваалцахаар есөн орны 50 гаруй төлөөлөгч, манай улсын бизнес эрхлэгч 100 гаруй компанийн 260 төлөөлөгч оролцсон. Хоёр өдөр үргэлжилсэн чуулганаар судалгаатай хөгжье, өсөлтийг ангуучлах гэсэн сэдвийн хүрээнд Австрали, Япон, Солонгос, Хятад, Тайланд, Тайвань, Англи, Голланд, Монгол Улсын зах зээлийн судалгааны байгууллагын төлөөлөгчдийн 11 итгэлийг танилцуулав.
“MMCG” компанийн гүйцэтгэх захирал Ч.Даваасүрэн “Өсөлтийг хамтдаа хайх нь” сэдвийн дор энэ удаагийн чуулганыг зохион байгуулснаар бизнесийн байгууллагууд, бизнес эрхлэгчдийн зөвлөх компаниуд, брэндинг, PR, маркетингийн судалгааны байгууллагуудтай хамтран хэрэглэгчдэд үнэ цэнэтэй, хүсч байгаа бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох замаар амжилтад хүрч болно гэдэг санааг өгөх зорилготой. Өөрөөр хэлбэл, бизнесийн байгуулагууд зах зээлийн судалгаанд үндэслэн үйл ажиллагаагаа явуулбал илүү ашигтай, амжилттай ажиллаж болно гэдгийг ойлгуулах үүднээс гаднын мэргэжилтнүүдийг урьж илтгэл тавиулж байгаа. Чуулган нь зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойшхи маркетингийн чиглэлээр Монгол Улсад зохиож буй анхны томоохон үйл ажиллагаа гэж хэлж болно. Идэвхтэй оролцож байгаа Монголын бизнесийн байгууллагуудад баярлалаа”гэв. Одоогоор Монголд хийж байгаа маркетингийн судалгаа энгийн төвшинд явагдаж байгаа аж. Жишээлбэл, хэн, хаана худалдан авалт хийж юу худалдан авч байна гэсэн энгийн асуултаар хариулт авах замаар дата мэдээллийг боловсруулж байна. Дэлхий ертөнц маш хурдацтай өөрчлөгдөж буй энэ цагт Монголын зах зээл ч мөн ялгаагүй өөрчлөгдөх учраас маркетингийн байгууллагууд үүнд хурдан зохицож ажиллах шаардлага гарна гэж Аi.Agency-ийн Стратеги хариуцсан захирал Dave Mccaughan онцолж байв. Хүмүүст санал болгож байгаа бүтээгдэхүүн үйлчилгээгээ хэн хамгийн түрүүнд хурдтай өөрчилж бизнесийн үйл ажиллагаагаа болон зах зээлээ өсгөн тэлж, гурван сая биш 4.5 тэрбум хэрэглэгчтэй Ази Номхон далайн орнуудын зах зээлд гаргаж чадсан нь өрсөлдөөнд үлдэнэ. Өнөөдрийн чуулган үүнд зориулагдан хийж буй нь ч тодорхой. Маркетингийн арга хэлбэр зөвхөн бараа зарах биш, хүний зүрх сэтгэлд зориулж хийх нь чухал. Дэлгүүрийнхээ лангууг өөрчилж, сав баглаа боодлыг шинэчилж, үнээ хэрхэн өсгөх чадвартай байлгах тухайд төлөвлөж маркетинг хийлээ гэж тайвширч болохгүй. Энэ бол хийх ёстой маркетингийн дөнгөж 30 хувь нь. Үлдсэн 70 хувьд нь хүний сэтгэл хөдлөлийн үнэ цэнэд /emotsnial/ сууриалан хийдэг зүйл. Брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хэрхэн үнэ цэнэтэй болгох вэ гэдэгт олон зүйлийг бодох шаардлагатай. Өнөөдөр нийгмийн үнэ цэнийг брэнд бүтээгдэхүүнээрээ хэрхэн бий болгох вэ гэдэгт анхаарах ёстой. Брэндээрээ байгаль орчинд, соёлын үнэ цэнэд хэрхэн ялгарлыг бий болгож дижитал өөрчлөлтүүдийг хурдацтай хийж чадсан нь бизнест үлдэж чадна гэж “Эм Эм Си Жи”-компанийн гүйцэтгэх захирал Д.Бум-Эрдэнэ “ Өсөлтийг хамтдаа хайх” нь илтгэлдээ онцолсон нь олны сэтгэлийг ихэд татаж байв. Харвардын судалгаагаар зүрх сэтгэлийг хөдөлгөж чадсан хэрэглэгч, сэтгэл ханамжтай хэрэглэгчээс 74 хувиар илүү үнэнч, 2.5 дахин илүү их борлуулалтыг тухайн компанидаа хийдэг гэжээ. Хүний зүрх сэтгэл хязгааргүй олон хувиралттай. Тэр хувиралтыг эерэг талаас нь хөдөлгөж чадсан бүтээгдэхүүн, үйлчилгээ, тоон баримт дээр түшиглэсэн технологиос илүү гэдгийг харуулсаар байна. Тоон технолги хэчнээн өөрчлөгдсөн ч хүн хүнээрээ байна. Хүн, нийгэмд зориулж бүтээгдэхүүн, үйлчилгээг хийж байгаа гэдгээ ямагт санаж байхыг энэ чуулганы илтгэл бүрт дурдагдаж байв. Байгаль орчны асуудалд брэндүүд маш хүчтэйгээр анхаарлаа хандуулж эхэлсэн байна. Энэ нь брэндээ бусад бүтээгдэхүүнээс ялгаруулах өөрчлөлт юм. Тухайлбал, есдүгээр сарын 1-нд модон харандаа хийдэг “Кастел” компани харандааг үйлдвэрлэж буйгаас эхлээд зарах хүртэлх үйл явцыг хүүхэлдэйн киноны баатруудаар харуулснаар хүүхдүүд, ээж аавуудын зүрх сэтгэлийг татсан рекламыг хийж чадсан аж. Тухайн компани өөрийнхөө тарьж ургуулсан модоор харандаагаа үйлдвэрлэдэг нь байгаль орчинд ээлтэй гэдгээр бусдаас ялгарч 600 мянган хүн аплекэйшныг нь татаж, 776 сая хүн үзэж 4.6 сая ам.долларын борлуулалт хийсэн. Тус реклам Каннын маркетингийн холбооны шагнал хүртсэн ажээ. Энэ нь сошиалд цааш нь өөрийн эрхгүй түгээх, сэтгэл хөдөлгөсөн зар сурталчилгааг уламжлалт аргатай хослуулсан маркетинг чухал болсныг илтгэнэ. Шинэ үеийнхэн үргэлж шинэ зүйл рүү тэмүүлж хурдтайгаар өөрчлөгдөж байна. Цахим худалдан авалт, үйлчилгээ хямд, үр өгөөжтэйг мэдрүүлэх шаардлага гарч байна.
Ялангуяа, 1985 оноос өмнөх хэрэглэгч, үйлчлүүлэгчдээ шинэ хэлбэрийг хэрэглэхийг ятгаж санал болгож хэрэгжүүлбэл хямд гэдгийг ойлгуулах чухал болсон гэж “GFK” глобал судалгааны Азийн сангийн захирал Andy Znao, “Datawaya Horizon”-ийн захиралVictor Yuan Yue нар илтгэлдээ тэмдэглэн хэлсэн.
Өөрөөр хэлбэл, интернэтийн эрин үе хүмүүсийн зан чанар, бодол, хандлагыг өөрчилж байна. Үүнийг дагаад маркетингийн чиг хандлага дэлхийн бүх оронд өөрчлөгдөж байна. Хэрэглэгчдийг ерөнхий хоёр төрөлд хувааж болно. Залуу үе, дундаж болон түүнээс дээш насныхан. Иймд бизнесийн байгууллагууд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ энэ хоёр төрлийн насны ангилалд зориулж гаргах хэрэгтэй гэв. Есдүгээр сарын 28-нд Ази, Номхон далайн судалгааны холбооны ерөнхийлөгч Петро Харрис “Маркетинг хэрэглэгчидтэй харилцах үйл ажиллагааг оновчтой болгох шийдлүүд”, дэлхийд тэргүүлэгч брэндинг, сурталчилгааны МакГэн группын Стратеги хариуцсан захирал Дэйв Макгаухан “Хэрэглэгчид биш хүнд зориулж бүтээ. Брэндинг коммуникацийн шинэ чиг хандлага” сэдвээр 140 орчим бизнес эрхлэгчид сургалт хийжээ.
Олон улсын нэр хүндтэй судлаач, төлөөлөгчдийн тавьсан илтгэл туршлага нь Монгол Улсын бизнесийн салбарт чухал хувь нэмэр оруулаад зогсохгүй олон улсад таниулах чухал арга хэмжээ болсон гэж зохион байгуулагчид ярьж байв.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин