Ц.БАЯР
Манай улсад сүүлийн 10 жилд дунджаар 475 мянган жуулчин ирдэг. Өнгөрсөн онд 404 мянган жуулчин ирж жилийн дунджаас 10 хувиар буурсан үзүүлэлтэй байна. Энэ нь жуулчид манайд ирмээр байдагч агаарын тээврийн үйлчилгээний даац 450 мянгаас хэтрэхгүй жуулчин хүлээж авах хүчин чадалтайг илтгэж байна. Жуулчдын ихэнх нь Хятад, ОХУ, БНСУ, Япон, АНУ-аас ирдэг аж. 2015 онд Хятадаас 131.312, ОХУ-аас 85.578, БНСУ-аас 57.587 Японоос 19.950, АНУ-аас 15.860 жуулчин иржээ. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд урд, хойд хөршийн жуулчдын тоо буурсан. Тухайлбал, Хятадынх 84 мянгаар, ОХУ-ынх 11 мянгаар буурсан бол Солонгосынх 14 мянгаар, Японых 2000, ХБНГУ-ынх 1500, Казахстаных гурав дахин, Францынх 2700-гаар нэмэгдсэн. Харин Английн жуулчид 600-гаар буурсан бол Австралийнх 1200-гаар нэмэгджээ. 2007 онд АНУ-аас жилд 12700 жуулчин ирдэг байсан бол өнгөрсөн онд гурван мянгаар нэмэгдсэн. Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас гаргасан судалгаагаар Ази Номхон далайн улс орнуудад өнгөрсөн онд 209 сая жуулчин зорьсон бол энэ тоо 2026 он гэхэд 539 сая болж нэг дахин нэмэгдэнэ гэжээ. Хэдийгээр 10 жилийн хугацаанд манайд ирэх жуулчдын тоо буурсан ч бодит байдалд эргэлзээтэй гэж Олон улсын аялал жуулчлалын салбарын шинжээчид онцолсон байна. Өөрөөр хэлбэл, ирээдүйд техник технологи, дэд бүтцийн давуу байдлаар аялал жуулчлалыг хөгжүүлсэн орноос илүүтэй байгалийн онгон төрхөөрөө байгаа Монголын нүүдэлчин ардуудын энгийн амьдрал өөрөө аялал жуулчлалын бүтээгдэхүүн болно гэж дүгнэжээ.
МОНГОЛ 2026 ОН ГЭХЭД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛААС 2.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ОРЛОГО ОЛНО
Жуулчдын 33 хувь нь үзэсгэлэнт байгаль, амьтдыг харахаар ирдэг бол 30 хувь нь Монгол уламжлал, ёс заншил, соёлтой танилцахаар ирдэг хэмээн хариулсан байна. Харин нийт жуулчдын 13 хувь нь Монголын түүхийг судлах гэж ирдэг. Мөн 10 орчим хувь нь адал явдал, үлдсэн нь өөр зорилгоор ирсэн хэмээн Монголбанкны тайланд дурджээ. Аялал жуулчлалын салбараас орсон орлого сүүлийн 10 жилд 201 саяас 312.08 сая ам.долларын хооронд хэлбэлзэж байгаа юм. Сүүлийн хоёр жилд аялал жуулчлалын салбарын орлого 277.02 сая төгрөгт хүрсэн байна. Харин энэ орлогын хэмжээ өнгөрсөн онд 31.208 сая ам.доллар болсон. Гадаадын жуулчид төлбөрийнхөө 75 хувийг ам.доллараар, 25 хувийг монгол төгрөгөөр хийжээ. Аялал жуулчлалаас ДНБ-нд 1.2 тэрбум төгрөгийн орлого оруулсан нь дотоодын эдийн засагт оруулсан нийт бүтээгдэхүүний 5.3 хувийг эзэлж байна. Харин сүүлийн хоёр жилд 5.4 хувь болж бага зэрэг өссөн байна. Цаашид аялал жуулчлалын салбараас ДНБ-нд үзүүлэх нийт нөлөөлөл нэмэгдэж 6.4 хувьд хүрнэ гэв. Ингэж өссөөр 2026 он гэхэд нийт 2.4 тэрбум төгрөгийн орлого олно гэсэн эерэг төсөөлөл гарчээ.
АЖИЛЛАГСДЫН ТОО ЖИЛД 4000-ААР НЭМЭГДСЭН
2015 онд аялал жуулчлалын салбарт 54 мянган хүний ажлын байр хадгалагдаж байсан бөгөөд энэ нь зах зээл дэх нийт ажлын байрны тав орчим хувийг эзэлж байна. Харин 2016 оны статистик мэдээгээр 58 мянган хүн ажиллаж байгааг хэлж байна. 2015 онд манай улсад ирсэн жуулчдын 82.4 хувь нь амралт зугаалгын зорилгоор ирж аялалдаа мөнгө зарцуулсан бол 17 хувийг бизнес аяллаас олсон ашиг эзэлж байна.
ЖИЛД 600 ХӨТӨЧ, ОРЧУУЛАГЧ БЭЛТГЭХ ШААРДЛАГАТАЙ
Аялал жуулчлалын сургуульд элсэх оюутны тоо сүүлийн жилүүдэд нэмэгдсэн ч аялал жуулчлалын талаарх ойлголт тааруу байна. Гадаад хэлний бэрхшээл, эх орноо илүү таньж мэдсэн, туршлага зэргээр дутмаг. Түүнчлэн маркетинг, менежментийн талаар илүү мэргэших шаардлагатай. Ирээдүйд манай улсыг зорих жуулчдын тоо нэмэгдэх учраас жилд 600 мэргэжилтэн бэлтгэснээр энэ салбарын хэрэгцээг хангана гэж салбарын мэргэжилтэн С.Уянга ярьж байна. Аялал жуулчлал улс орны нэг буюу хоёрдугаар эдийн засгийн болзлыг хангадаг салбар. Тиймээс ирээдүйд хамгийн эрэлт хэрэгцээтэй мэргэжил, ажлын байр гэдгийг аялал жуулчлалын салбарын үзэсгэлэнд оролцож буй их, дээд сургуулийн багш нар ярьж байв. Тус салбар хөгжихөд дэд бүтэц хүндрэлтэйгээс гадна орчуулагч нь жуулчдын хэрэгцээг хангалттай гүйцэтгэж чаддаггүй. Тиймээс аялал жуулчлалын чиглэлээр мэргэшиж хэлээ сайжруулах шаардлага гарч байна.
ЖУУЛЧДЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАЖ ЧАДАХГҮЙ БАЙНА
Монголын аялал жуулчлалын бүтээгдэхүүний нэгдсэн брэнд нь төлөвшөөгүй, жуулчдад зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээ хангалтгүй. Бүс нутгийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн өөр хоорондоо ялгаа багатай буюу ижил төстэй. Аялал жуулчлалын үйл ажиллагаанд мэдээллийн технологийн хэрэглээ эхлэл төдий. Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд болсон байгалийн гамшиг, халдварт өвчин, терроризмын халдлага, улс төр, эдийн засгийн тогтворгүй байдал, үйлчилгээ ба тээврийн хэрэгслийн техникийн доголдлоос шалтгаалан жуулчдын аюулгүй байдлыг хангах асуудал учир дутагдалтай байна.
Аялал жуулчлалын орлого ДНБ-ий 5.4 хувийг бүрдүүлж байна
2017-09-29
Нийтэлсэн: Админ
 1 мин