
ХИС-ийн профессор, шинжлэх ухааны доктор Д.Уламбаяртай геополитикийн асуудлаар ярилцлаа.
-Саяхан зохиогдсон Мюнхений аюулгүй байдлын бага хурлын энэ жилийн онцлогийг та юу гэж харж байна?
-ХБНГУ-д 61 дэх удаагаа зохиогдсон Мюнхений аюулгүй байдлын бага хуралд дэлхийн 130 гаруй улс орон, олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцжээ. Хурлын үеэр геополитик, олон улсын аюулгүй байдлын орчны нарийн түвэгтэй байдал, тухайлбал, Орос-Украины дайн, АНУ-ын энхийн төлөвлөгөө, их гүрнүүдийн худалдаа, эдийн засаг, технологийн өрсөлдөөн зэрэг асуудлууд хэлэлцсэн нь анхаарлын төвд байлаа. Дэлхий ертөнц шилжилтийн үед байна уу, эсвэл дэлхийн дэг журам нэг туйлт уу, эсвэл олон туйлтай байна уу. Ер нь олон улсын харилцаанд дэг журам гэж байгаа юм уу. Өнөөгийн хуваагдмал дэлхий ертөнц ардчилсан болон автократ дэглэмүүдийн хооронд явагдаж буй шинэ хүйтэн дайн биш үү, эсвэл эмх замбараагүй анархи ертөнц үү. Туйлгүй болох цаг үе ирсэн биш гэж үү, олон туйлшлалтай ертөнцөд бид хэрхэн хамтран ажиллавал зохилтой вэ гэхчлэн олон асуудлууд хөндөгдөж байсан. Олон улсын харилцаа бол сонгодог физикийн термодинамикийн үүднээс авч үзвэл энтропи буюу эмх замбараагүй анархи төлөв байдал юм. Нөгөө талаар олон улсын харилцаа нь геополитикийн орон зай, цаг хугацаа, таталцлын хүчний нөлөөгөөр улс орнуудын хооронд явагдаж буй interaction буюу харилцан үйлчлэл юм. Тиймээс хэн жин дарж байна, тэр чанга дуугарах боломжтой гэсэн үг юм.
“Туйл” буюу “polarity” гэдэг нь физикийн шинжлэх ухаанд эерэг, сөрөг цахилгаан цэнэгийн хуваагдал юм. Энэ утгаараа эсрэг тэсрэг цэнэгт суурилсан “олон туйлт дэлхийн шинэ журам” буюу “new multi-polar world”-ыг цогцлоох боломжгүй. Яагаад гэвэл тэдгээр нь хоорондоо байнга зөрөлдөж байдаг гэсэн үг юм. Харин голлох нөлөө бүхий гүрнүүд, холбоодын тэгш оролцоог хангаж, “олон талт хамтын ажиллагаа” буюу “multilateralism”-ыг цогцлоох үндсэн дээр дэлхийн шинэ дэг тогтолцоог журамлах боломжтой.
Гадаад бодлогын шийдвэр гаргалтад улс төрийн удирдагчийн бихевиоризм буюу зан төлөв хичнээн чухал хүчин зүйл болдгийг дэлхий дахинд дахин харуулсаар байна. Энд А.Гитлер, И.В.Сталин, Мао-Зэдун, Садам Хусейн, В.Путин гээд олон хүнийг дараалан нэрлэж болно. Улс төрийн бодлогыг дан гагц бизнесийн өнцөгөөр харж, мөнгөөр хэмжих боломжгүй.
-Д.Трампын гадаад бодлого олон зүйлийг өөрчилж байх шиг байна л даа. Энэ байр суурь НАТО-гийн Батлан хамгаалахын сайд нарын уулзалт, Мюнхений бага хурал дээр тодорхой харагдлаа шүү дээ.
- Болж буй үйл явдалд урьдчилсан шатны шинжилгээ хийх боломжгүйгээр үйл явц асар хурдацтай өрнөж, мөн ч талуудын байр сууриуд ч асар хурдацтай хувиран өөрчлөгдсөөр байгааг бид харж байна. Д.Трампын гадаад бодлогын шинэ параметр ихээхэн болгоомжлолыг дагуулсаар байна. Түүнийг урьдчилан таамаглах боломжгүй хувь хүн гэж янз бүрийн түвшинд тэмдэглэсээр ирсэн бөгөөд тэрээр эхний бүрэн эрхийнхээ хугацаанд АНУ-ыг лав л “дахин аугаа болгож чадаагүй” нь үнэн бөгөөд ямар ч байсан цар тахлаас шалтгаалан АНУ хамгийн өндөр буюу 1092 сая иргэд амь насаа алдсанаар дэлхийн хэмжээнд нэгдүгээрт орсон нь бодиттой баримт юм. Харин хоёрдугаарт, Бразил 687 мянга, гуравдугаарт, Энэтхэг 531 мянга, дөрөвдүгээрт, ОХУ 392 мянган иргэд амь насаа алдсан байдаг. АНУ-ын шинэ засаг захиргааны төлөөлөгчид Европт урьд өмнө байгаагүй байр суурь илэрхийлж эхэлсэн. АНУ-ын Батлан хамгаалахын сайд сайд Пит Хегсет Украины газар нутаг 2014 оны өмнөх байдалд эргэж очих магадлал 0 хувьтай, АНУ-ын дэд ерөнхийлөгч Жеймс Вэнс АНУ, Европын трансатлантикийн харилцаа үеэ өнгөрөөсөн, Европын аюулгүй байдалд Орос биш харин өөрсдийнх нь дотоод дахь хүчин зүйл гол заналхийлж буй мэтээр ихээхэн гэнэн зүйлсийг мэдэгдсэн. Тэрээр В.Зеленский, Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмейертэй уулзсанаас гадна ЕХ-г баруун төвийн намуудтай хамтран ажиллахгүй байна хэмээн буруутгахыг оролдож, Бундестагийн сонгуульд дээгүүр эрэмблэгдэж буй Германы хэт баруун төвийн Альтарнатив намын тэргүүнтэй уулзалт хийсэн. Гэвч тэр хоёрын уулзаж буй гэрэл зургийг Өрнөдийн аль ч хэвлэл нийтэлсэнгүй. Жеймс Вэнсийн зэмлэлийг германы дотоод хэрэгт оролцож буй үйлдэл хэмээн Германы канцлер Олаф Шольц хурцаар шүүмжлэв. Трампын Орос-Украины асуудал эрхэлсэн тусгай элч Кейт Келлогг өмнө нь Украины асуудлыг олон оролцогчтой шийдвэрлэх гэж оролдсон нь асуудал үүсгэсэн, тиймээс одоогийн шатанд ЕХ-нд гаргах илүү суудал байхгүй гэж мэдэгдсэн нь Украин, ЕХ болон Их Британийн ихээхэн эгдүүцлийг төрүүлж, тэд Парист яаралтай уулзалт зохион байгуулав. Мюнхений бага хуралд В.Зеленский “Европын нэгдсэн зэвсэгт хүчин” байгуулах цаг нь болсон, учир нь АНУ Европыг дэмжинэ гэдэг итгэл алдарлаа” гэсэн. Украины удирдагч “Украин бидний оролцоогүйгээр бидний араар хийсэн хэлэлцээрийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй, ижил дүрэм бүх Европт үйлчлэх ёстой” гэж Зеленский хэлээд “Америк Европ хэрэгтэй гэж нэг ч удаа Трамп хэлээгүй” гэж нэмж хэлсэн байна. Бүр Д.Трампын эхний бүрэн эрхийн хугацаанд АНУ-тай санал зөрөлдөж эхэлсний дараа 2017 оны арваннэгдүгээр сард АНУ-ын тэргүүлсэн НАТО-гаас тусдаа Европын холбооны гишүүн орнуудын зэвсэгт хүчнийг интеграцчлах үндсэн дээр нэгдсэн бүтэц буй болгох зорилгоор ЕХ-ны 28 орноос 23 орны Гадаад хэргийн болон Батлан хамгаалахын сайд нар болон Европын холбооны Гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлогын Дээд төлөөлөгч Федерика Могерини тэргүүтэй төлөөлөгчид “Байнгын бүтэцтэй хамтын ажиллагаа”-г (PESCO) байгуулах тухай хэлэлцээрт Брюссель хотноо гарын үсэг зурсан байдаг. Удалгүй арванхоёрдугаар сард Ирланд, Португаль улсууд PESCO-д нэгдсэн. Харин Украинд ОХУ түрэмгийлсэнтэй холбоотойгоор ЕХ-ны гишүүн, НАТО-гийн гишүүн Дани улс дээрх бүтцэд 2022 оны зургаадугаар сард нэгдсэн. Эдүгээ Мальт улсад ч PESCO-д нэгдэх асуудлаар өргөн хүрээнд хэлэлцүүлэг өрнөөд байгаа юм. ЕХ-ны интеграцчлалд ороогүй байсан гагц салбар бол гишүүн улсуудын батлан хамгаалахын хамтын ажиллагаа байсан. Тиймээс тус тусдаа үйл ажиллагаа явуулж байсан ЕХ-ны гишүүн орнуудын үндэсний батлан хамгаалах чадавхыг нэгтгэн зангидах, интеграцчлах, зэвсэг техникийн худалдан авалт, хөрөнгө оруулалт, судалгаа шинжилгээний нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх, ажиллагааны чадавхыг шинэ шатанд гаргах, бэлэн байдал ба онцгой байдлын үеийн удирдлагын шуурхай байдлыг хангах, кибер орон зайд цэргийн ажиллагааг үр ашигтай явуулах, кибер орон зайн аюулгүй байдлыг баталгаатай хангах явдал тулгамдсан асуудал болон тавигдсан.
Гол нь Украин, ЕХ Трампыг Оросыг буруутгасан ганц ч үг ган хийхгүй байгаад ихээхэн бухимдаж байна. ЕХ-ны комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лайен “Европ нэгдүгээрт” гэсэн томьёолол гаргаж ирсэн.
НАТО-гийн гишүүн орнууд батлан хамгаалах зардалд ДНБ-ий тав хүртэл хувийг зарцуулах Трампын шаардлага нь ОХУ-ын хувьд санаа зовоох асуудал болов. Зүүн Украиныг Оросын мэдэлд үлдээх Трампын бодол санаа нь Панамын суваг, Гренландыг Оросын эсэргүүцэлгүйгээр өөрийн мэдэлд авах эчнээ санаархалтай нь холбоотой байж болзошгүй гэж үзэх хэсэг байна.
ОХУ-ын Өрнөдийг чиглэсэн геополитикийн ил, далд санаа нь НАТО-г хагалан бутлах, Европын холбоог задлах, АНУ-Европын хоорондын холбоотны түншлэлд ан цав гаргах явдал юм хэмээн барууны аюулгүй байдлын шинжээчид үзсээр ирсэн.
-Саудын Арабт болсон Орос-Америкийн уулзалтыг үр дүнтэй болсон гэж үзэж байна. Энэ талаар та юуг онцолмоор байна.
-Тиймээ. Юуны өмнө Саудын Арабт болох уулзалтын өмнө АНУ-ын Төрийн департмент Украины асуудлаарх Орос, Америкийн уулзалтад Украин, ЕХ-г оролцуулахгүй гэсэн байр сууриа өөрчилсөн явдал юм. Саудын Арабын нийслэл Эр-Рияд дахь Дирия ордонд дөрвөн цаг гаруй үргэлжилсэн уулзалтын дүнд АНУ, ОХУ-ын дипломат албаны тэргүүн нар гурван зарчмын тохиролцоонд хүрсэн гэж Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио мэдэгдсэн байна лээ. Тэдгээр нь: Нэгд, Вашингтон, Москва тус тусын Дипломат Төлөөлөгчдийн газрын үйл ажиллагаа, орон тоог сэргээх, хоёрт, Украины мөргөлдөөнийг оролцогч бүх талуудад хүлээн зөвшөөрөгдөхүйц, тэсвэр тэвчээртэй байхаар хэлэлцээ хийж, шийдвэрлэхэд туслах дээд түвшний багийг томилох, гуравт, Украины мөргөлдөөнийг зогсоосны үр дүнд бий болох геополитик, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар ярилцаж, бодож, судалж эхлэх эдгээр болно гэжээ. “Уулзалт их хэрэгтэй байсан гэж бодож байна. Бид сонсоод зогсохгүй бие биенээ сонссон” гэж С.Лавров мэдэгдсэн байна лээ. Путины гадаад харилцааны зөвлөх Ю. Ушаков Россия-1 сувагт хэлэхдээ, дээд түвшний уулзалтын тов хараахан товлоогүй байгаа ч ирэх долоо хоногт болох магадлал багатай гэжээ. С.Лавров, Э.Блинкен нар 2023 оны намар Энэтхэгт болсон Их Хорийн уулзалтын үеэр товч уулзсаныг эс тооцвол Орос-Украины дайн эхэлснээс хойш Америк-Оросын өндөр албаны төлөөлөгчид уулзсан нь энэ юм. В.Путин уулзалтын өмнө Украин Европын холбоонд элсэх нь тусгаар улсын хувьд тэдний бүрэн эрхийн асуудал, харин НАТО-д элсэх нь Оросын бүрэн эрх, аюулгүй байдлыг ноцтой хөндөж байгаа тул энэ нь тэс өөр тусдаа асуудал болно гэснийг Д.Песков уламжилжээ. Д. Трамп В. Зеленскийг дайн эхлүүлэхийг зөвшөөрсөнд буруутгаж, түүнийг дайныг зогсоох хэлэлцээ хийхэд “хурдан хөдөлсөн нь дээр”, эсвэл удирдан чиглүүлэх үндэстэнгүй болох эрсдэлтэй “дарангуйлагч” гэж тодорхойлсонтой холбогдсон тогтоолын төсөл гарч байгаа энэ юм. В.Зеленский хариуд нь Трампыг Орост үйлдвэрлэсэн “худал мэдээллийн орон зайд” амьдарч байна гэж мэдэгдсэн.
-Конгрессын сенатын танхим дахь Бүгд найрамдах намын хэсэг гишүүд АНУ-ыг НҮБ-ын гишүүнчлэлээс гаргахаар ажиллаж эхэлсэн байна. Та энэ талаар тодруулна уу?
-Энэ бол ноцтой асуудал бөгөөд өнгөрсөн баасан гаригт Конгрессын сенатын танхим дахь Бүгд найрамдах намын нэлээд хууль тогтоогчид АНУ-ыг НҮБ-аас гаргах үйл явцыг эхлүүлжээ. Юта мужаас сонгогдсон сенатч Майк Ли пүрэв гарагт “Америк нэгдүгээрт” мөрийн хөтөлбөрт нийцэхгүй байна гэж санаа зовсны улмаас АНУ-ыг НҮБ-аас гаргах асуудлыг эхлүүлж байна гэсэн байна. АНУ-ын гадаад бодлого дэлхийн их гүрнээс Монрогийн номлолд шилжиж буй мэт сэтгэгдэл төрж буй. Европын аюулгүй байдал, АНУ-ын аюулгүй байдал салшгүй нэгдмэл тухай номлол, Америк, Европын холбоотны харилцаанаас ухарч, ганцхан Израиль л АНУ-ын холбоотон юм шиг байр суурь илэрхийлж, уламжлалт гадаад бодлогын залгамж шинжийг өөрчлөх оролдлого хийж эхэллээ. АНУ-ын үнэт зүйл болсон ардчилал, хүний эрх эрх чөлөө, сайн засаглал, хэвлэлийн эрх чөлөөг дэмжих бодлого хойш тавигдаж эхэлсэн гэж хэлж болно.
Украины асуудлыг шийдвэрлэх хамгийн боломжит хувилбар бол ОХУ Украины зүүн 4 мужаас цэргээ гаргах, АНУ, Европын холбооны Оросын эсрэг эдийн засгийн хоригоо үе шаттай сулруулах, Украиныг НАТО-д гишүүнээр элсүүлэх асуудлыг урт хугацаанд хойшлуулж, тэдэнд олон улсын аюулгүй байдлын найдвартай эрхзүйн баталгаа гаргах, Крымийн хойгийг ОХУ-ын нутаг дэвсгэр гэдгийг хүлээн зөвшөөрөх зэрэг асуудал байж болох юм гэж боддог. Харин Монгол Улсын гадаад бодлогод хоёр хөрштэй тэнцвэр харилцах, “гуравдагч хөрш”-ийн бодлогын дунд тэнцвэр барих асуудал шинээр гарч ирж байсан бол эдүгээ “гуравдагч хөрш”-ийн бодлогын дотор ч тэнцвэр барих шаардлага шинээр гаргах магадлал байгааг үгүйсгэж үл болохоор харагдаж байна.
-Өнгөрсөн баасан гарагт АНУ НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолын төслийг өргөн барьжээ. Үүний гол агуулга нь юунд оршиж байна вэ?
-Өнгөрсөн баасан гарагт Оросын цэргийг Украины нутаг дэвсгэрээс нэн даруй гаргахыг шаардсан Европын мэдэгдлээс хол зөрсөн НҮБ-ын тогтоолын төслийг АНУ санал болгосон. Тогтоолын төслийн талаарх санал хураалт өнгөрсөн Даваа гарагт болж, Украинд Орос түрэмгийлсний гурван жилийн ойтой давхцав. АНУ-ын санаачилсан маш богино хэмжээний тогтоолын төсөлд “Орос-Украины мөргөлдөөний үеэр хүний амь нас хохирсон эмгэнэлт явдалд харуусал илэрхийлж, мөргөлдөөнийг хурдан зогсоож, Украин, Оросын хооронд тогтвортой энх тайвныг тогтоохыг уриалж байна” гэжээ. ОХУ “үндсэн шалтгааныг арилгах замаар” гэсэн өгүүлбэрийг нэмэхийг санал болгосон тул АНУ-ын тогтоолын төслийн сүүлчийн мөрөнд “мөргөлдөөнийг хурдан зогсоохыг, тэр дундаа түүний үндсэн шалтгааныг арилгахыг шаардаж, Украин, Оросын хооронд тогтвортой энх тайван тогтоохыг уриалж байна” гэжээ. АНУ-ын тогтоолын төсөлд “Орос, Украин дайн” гээгүй “мөргөлдөөн” гэжээ. Үүний эсрэгээр, Европын холбооны болон Украины талууд тогтоолын төсөлд “ОХУ Украиныг бүрэн хэмжээгээр түрэмгийлсэн” тухай дурдаж, “Украины эсрэг түрэмгийллийн хариуд баталсан” Ерөнхий Ассамблейн өмнөх бүх тогтоолыг хэрэгжүүлэх шаардлагатайг сануулж, Ерөнхий Ассамблейн зүгээс Оросыг “олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хилийн хүрээнд Украины нутаг дэвсгэрээс бүх цэргийн хүчээ нэн даруй, бүрмөсөн, болзолгүйгээр гаргах” шаардлагыг онцолж, бүх дайсагналыг нэн даруй зогсоохыг шаардсан байна. Аюулгүйн Зөвлөл ОХУ-ын хоригийн улмаас гацчихаад байгаа тул Ерөнхий Ассамблейн Украины асуудлыг хариуцсан НҮБ-ын хамгийн чухал байгууллага болсон. Ерөнхий Ассамблейн тогтоолын төсөл нь Аюулгүйн зөвлөлийн хоригоос ялгаатай нь албадлагын шинжтэй бус хэдий ч дэлхийн улс орнуудын үзэл бодлын барометр гэж анхааралтай ажигладаг.
Санал хураалтаар АНУ анх удаа ОХУ, Хойд Солонгос, Беларусь, Никарагуа зэрэг улсуудын талд саналаа өглөө. ОХУ-ыг Украины дайнд буруушаасан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолын эсрэг санал өгөхөөр АНУ ОХУ-той нэгдэв. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Москваг түрэмгийлэгч хэмээн нэрлэж чадаагүй АНУ-ын саналыг няцааж, Оросыг нэн даруй гаргахыг шаардсан Ерөнхий Ассамблейн дэмжлэгтэй тогтоол тийнхүү батлагджээ. Монгол Улс урьдын адил түдгэлзсэн санал өгсөн нь зөв байр суурь юм. Энэ бол ОХУ-ын Украиныг түрэмгийлсэн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн долоо дахь тогтоол юм.
-Трампын тарифын бодлого олон улсын худалдаанд томоохон асуудал үүсгэх төлөвтэй байна.
-Тиймээ. Трамп гадаад худалдааны тарифыг гадаад бодлогын шууд арга хэрэгсэл болгож байгааг ч бид харж байна. АНУ-д нийлүүлж буй ган, хөнгөн цагаанд 25 хувийн импортын татвар ногдуулсан шийдвэр гэхэд л америкийн аж үйлдвэрүүдэд томоохон хүндрэлийг буй болгож, бүтээгдэхүүний өөрийн өртөгийг мэдэгдэхүйц өсгөж, хуванцарын хэрэглээг үлэмж нэмэгдүүлэх боломжтойг өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Гадаад харилцааны зөвлөлөөс эрхлэн гаргасан судалгаанд тод томруун харуулсан байна лээ. Тарифын зохицуулалт бол ДХБ-ын олон талт хэлэлцээрээр хүлээсэн үүргийн дагуу талууд ширээний ард сууж, олон үе шаттай хэлэлцээний үр дүнд харилцан ашигтай тохиролцоонд хүрэх зөвшилцөл юм. Трампын нэг талыг барьсан худалдааны бодлогын үр дагавар Монголд шууд болон шууд бусаар нөлөөлж эхэлсэн. Түүний эхний зарлигуудын дараахан Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр голлох хувьцааны ханш унаж, ам. долларын ханш чангарсан зэрэг нь дэлхийн дийлэнх орнуудад нөлөөлсний дотор Монголд ч төгрөгийн ханш сулрахад нөлөөлсөн.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 27. ПҮРЭВ ГАРАГ. № 40, 41 (7536, 7537)