
Төмөрбаатарын БАТСАЙХАН
“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаа УИХ-ын гишүүн О.Батнайрамдалыг урьж, ярилцлаа.
Блиц:
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
-1998 онд Ховд аймгийн арван жилийн 2 дугаар дунд сургууль
-2001 онд Монгол-Туркийн хамтарсан ахлах сургууль
-2004 онд Дэлхийн нэгдсэн коллеж, олон улсын бакалаврет (Норвеги Улс)
-2008 онд Макалестер коллеж, эдийн засагч, бакалавр (АНУ)
-2015 онд Харвардын Бизнесийн сургууль, Бизнесийн удирдлага, магистр (АНУ)
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
-2009-2010 онд “Чоно корпораци” хөрөнгө оруулалтын менежер
-2010-2011 онд Прайс Вотерхаус Күүперс Монголиа, Консалтант (PwC Mongolia)
-2011-2013 онд “Рескап” ХХК, дэд ерөнхийлөгч
-2015-2017 онд Банк оф Америка, Уул уурхай хөрөнгө оруулалтын банкир (Нью Йорк, Сидней хотуудад)
-2018 онд “Эрдэнэс таван толгой” ХК, IPO, Хувьцаа хариуцсан дэд захирал
-2019-2020 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, даргын зөвлөх
-2020-2023 онд Уул уурхай, Хүнд Үйлдвэрийн Дэд сайд
-2023-2024 онд Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга
-2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
-Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдаж, энэ хуулийн дагуу баялагийн дахин хуваарилалт явагдаж байна. Хуульд Монголын нийт ард түмэн байгалийн баялагийнхаа үр ашгийг тэгш хүртэх ёстой гэсэн үзэл санааг илүү ойлгомжтой тусгаж өгсөн. Харин хэрэгжүүлэх явц амаргүй байх шиг байна. Нийгэмд талцал, хуваагдал нэлээд байна. Та энэ процессыг хэрхэн харж байна вэ?
-Монгол Улс өнөөдөр тэг цэгийн эхлэл дээр ирсэн байна гэж би хэлнэ. Яагаад гэхээр баялагийн хуваарилалт гэдэг зүйл 30 жил Монголын улс төр, эдийн засгийг тодорхойлж ирсэн.
Улс төрийн тогтворгүй байдлуудын үндэс болж, бүр тодорхой хэлбэл үүний төлөө Монголын улстөрчид зодолдож иржээ. Харин өнөөдөр Үндэсний баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр цаг хугацааны болоод хөгжлийн замналын хувьд бид тэг цэгийн эхлэл дээрээ ирлээ. 126 гишүүнтэй шинэ парламент энэхүү тэг цэгийн эхлэлийг эргэлтийн цэг рүү хөдөлгөж чадсан. Одоо баялагийн шударга хуваарилалтыг хийж чадах уу, үгүй юу гэдэг асуудал маш чухал. Та бүхэн ажигласан бол одоо нийгэмд баялгийн төлөөх маргаан ид өрнөж байна. Хоёрдугаарт, сүүлийн таван жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засаг маш амжилттай тэлсэн. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн бараг 50 гаруй хувь нэмэгдсэн. 2024 оны жилийн эцсийн дүнгээр нэг хүнд ногдох хэмжээ 4000-6800 болж өссөн байна. Энэ бол чамлахааргүй амжилт. Гэтэл эдийн засгийн энэ өсөлт, экспортын орлого 3.5 сая иргэний түрийвчинд хэр мэдрэгдсэн бэ гэхээр яг үнэндээ инфляц нь илүү мэдрэгдсэн байна. Баялгийн орлого, эдийн засгийн өсөлт иргэндээ хүрч чадахгүй байгаа биз. Тэгэхээр уул уурхайн баялагтай орон баялагийн шударга хуваарилалт хийхгүй л бол томрох тусам баян хоосоны ялгаа улам нэмэгдэнэ. Уул уурхай орд лиценз эзэмшсэн хүмүүс нь рекорд эвдэж баяжаад гол нийт иргэдийн дийлэнх олонх нь ядуураад л. Ийм байж болохгүй учраас Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилт болоод одоогийн тэг цэгийн эхлэл маш чухал байгаа юм.
-Таны хэлээд байгаа тэг цэгийн эхлэлийг бид тавьж чадах эсэхээс Монголын ард түмэн байгалийн баялгаа тэгш хүртэх нь эсэх нь шалтгаалах юм байна. Тийм үү?
-Яг тийм. Бид энэ талаар олон жил ярилаа шүү дээ. Баялгийн хуваарилалт, баялгийн хараал гээд л тойрч хэрэлдэж ирсэн. Хэрүүл маргааны гол бай болоод байгаа “Тавантолгой” бүлэг орд дээр жишээ авъя л даа. Энэ орд бол Монголын уул уурхайн баялаг, ордуудын хамгийн том нь, нэг ёсондоо үүц нь өрөм нь юм. Найман тэрбум тонн нүүрсний баталгаажсан нөөцтэй. Сүүлийн арван жилийн хугацаанд энэ орд л Монголын ард түмнийг тэжээсэн. Ирээдүйн 30 жил ч Тавантолгойн нүүрс биднийг тэжээх болно. Тавантолгойн бүлэг орд дээр 2010 оноос хойш “Эрдэнэс Тавантолгой” ХК төрийн өмчит компани ажиллаж, төсвийн хамгийн том орлого бүрдүүлэгч болоод явж байна. Мөн “Энержи Ресурс” зэрэг хэд хэдэн компани үйл ажиллагаагаа явуулж байна. “Энержи Ресурс”-ийн хувьд 2010 онд Хонгконгийн хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргасан. Монголын компани гаднын томоохон хөрөнгийн биржээс хөрөнгө босгож, томоохон бүтээн байгуулалтуудаа эхлүүлж, өнөөдөр Үндэсний хэмжээний томоохон компани болтлоо хөгжсөн байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд “Энержи Ресурс” нэг тэрбум.ам долларын орлогыг давсан. Өөрөөр хэлбэл, орлогын рекордоо эвдсэн. Энэ бол уул уурхайн салбарыг дараагийн шатанд гаргасан гавьяа мөн үү гэвэл мөн. Гэхдээ Монгол Улс Үндсэн хуульдаа баялгийн шударга хуваарилалтыг яаж хийх талаар маш ойлгомжтой зааж өгсөн. Үндсэн хуулийн 6.2-т “Газрын хэвлийн баялаг төрийн нийтийн өмч буюу газрын доорх баялаг ард түмний өмч” гээд заачихсан. Тэгэхээр ард түмэн “Яагаад бидэнд баялгийн ашиг шим нь ирэхгүй байна аа” гээд бухимдах нь аргагүй шүү дээ. Хоёрдугаарт, байгалийн баялгаас орж ирж байгаа орлогыг Үндэсний баялгийн санд төвлөрүүлнэ гэж Үндсэн хуульд заасан. Үндэсний баялгийн сан бол байгалийн баялгийн орлогыг ард түмэн рүү чиглүүлэх гол механизм байх юм. Гуравдугаарт, стратегийн ач холбогдол бүхий орд ашиглах л юм бол нийт өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдоно гэдгийг мөн Үндсэн хуульдаа заасан. Тэгэхээр нэг талдаа хэл амтай мэт боловч Үндсэн хуулиа л хэрэгжүүлэх гээд байгаа юм шүү дээ. Үндсэн хуулийн энэ заалтуудыг хэрэгжүүлж байж бид баялгийн шударга хуваарилалтыг хийж чадна. Тэгсний дараа 3.5 сая монголчууд бүгд алгаа ташаад зогсоно. Асуудал бол ердөө л энэ шүү.
-Нэгэнт уул уурхайн зөвшөөрөл аваад үйл ажиллагаагаа явуулж байгаа компаниуд өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалах нь тодорхой байх. Ер нь хууль хэрэгжүүлэхэд хувийн хэвшилтэйгээ яаж учраа олох ёстой юм бол оо. Үнэхээр тэднийг татан унагах гэж байна уу?
- Орд эзэмшиж байгаа хэсэг бүлэг хүмүүс өөрсдийн эрх ашгийн төлөө зогсож байна. Тэд бухимдалтай байна. Улс төрийг эргүүлэх гэж оролдож байна. Хэдэн залуу гишүүдийн тархийг угааж байна. Гэхдээ бид асуудалд ингэж хандаад л байвал улс оронд баян хоосны ялгаа улам бүр нэмэгдэнэ. Үүнийг хувийн хэвшил рүүгээ дайрсан, тэднээс баялгийг нь булааж авах гэж байгаа оролдлого гэж харж болохгүй. Тухайлбал, “Энержи Ресурс” дээр жишээ авъя л даа. Стратегийн ач холбогдол бүхий орд эзэмшиж байна. Тухайн ордыг хувийн хэвшил эсвэл төр эзэмших нь хамаагүй. Стратегийн ач холбогдол бүхий орд бол Үндсэн хуулиараа нийт өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдоно гэсэн заалттай. Энэ заалт хэрэгжиж чадахгүй бол баялгийн шударга хуваарилалт хийж чадахгүй, баян хоосны ялгаа хэзээ ч арилахгүй. Яагаад гэхээр, Монгол Улс уул уурхайгаас орлогынхоо дийлэнх хувийг олсоор ч байх болно. Үүнийг нь шударга хуваарилж чадахгүй бол улс төр нь тогтворгүй, хөрөнгө оруулалт орж ирэхгүй. Ард түмэн нь уур бухимдалтай ийм л байдалтай байсаар байна. Үүнийг л Үндэсний баялгийн сангийн хуулиар зөв шийдэлд хүргэх юм. Түүнээс биш төр нь хувийн сектор руу дайраад байгаа асуудал огт байхгүй. Хувь нь байна уу, төр нь байна уу стратегийн орд эзэмшиж л байгаа бол Үндсэн хуулиа хэрэгжүүлж, Баялгийн сандаа олсон орлогынхоо тодорхой хувийг буюу 34 хувийг төвлөрүүлнэ гэсэн ийм л зарчмын зүйл ярьж байна. Тэр төвлөрүүлсөн орлого нь ард түмэнд эрүүл мэнд, боловсрол, орон сууц болж очно гэсэн үг. Энэ нь буцаад хөрөнгө оруулалтын, улс төрийн тогтвортой орчин бий болгоно. Ингэж шударга хуваарилалтыг хийж чадахгүй л бол Монголын зовлон хэзээ ч дуусахгүй. Бид 30 жил алдсан алдаагаа давтаад л. Тэр алдаа нь бүр улам томроод яваад байна. Тэр ч утгаараа би тэг цэгийн эхлэл гэж хэлээд байгаа юм.
-Өнгөрсөн 30 жилийн алдаа гэж их ярьдаг. Үнэхээр алдаа байсан юм уу, эсвэл баялагтай орнуудын хувьд туулах ч ёстой зам юм болов уу. Үүнийг та юу гэж хардаг вэ?
-30 жилийн алдаа гэхээс илүү бид өнгөрсөн хугацаанд баялгийн хуваарилалтыг янз бүрээр туршиж үзэж явсаар өнөөдөрт ирсэн байна. Тавантолгойн бүлэг орд дээр гэхэд IPO хийх гэж хэдэн удаа үзээд чадаагүй. 2010 онд хийгээд гаргачихсан байсан бол өнөөдөр Монгол Улс хэдэн тэрбум ам.доллар босгоод ямар хэмжээнд хүрэх байсныг хэн ч мэдэхгүй. Тэр боломжоо алдсан. Нүүрс ямар үед хамгийн их орлого олдог вэ гэхээр төмөр замтай үед шүү дээ. Гэтэл тэр төмөр замыг 16 жил улстөржилт гацаасан байна. Сая л хоёр улсын Засгийн газар гэрээгээ үзэглэж чадлаа. Тэгэхээр бид өнгөрсөн 30 жилийн алдаагаа буруутгах гэхээс илүү тэндээсээ суралцах ёстой. Хамгийн гол нь илүү сайжрах хэрэгтэй. Үндсэн хуулийнхаа амин чухал заалтыг амилуулах хэрэгтэй. Яг үнэндээ өнөөдөр стратегийн хэдэн ордыг хэдхэн хүн л эзэмшиж байна. Тэд өрмийг нь өөрсдөө авч баяжаад хусмыг нь ард түмэнд нэртэй татвар, АМНАТ-аар дамжуулан Улсын төсөвт төвлөрүүлдэг. Тэр мөнгө нь юу болж, хаана орсон нь ч мэдэгддэггүй. Харин одоо уул уурхайн баялаг баялагийн сангаар дамжиж олон нийтэд хүрнэ. Хөгжилд хүрсэн улс орнууд ч ялгаагүй энэ зарчмаар хөгжиж ирсэн байна. Норвеги, Саудын араб гээд олон сайн жишиг олон улсад байна. Харин үүнийг хийж чадаагүй орон яах вэ гэхээр баялгийн хараал болоод л дуусдаг нь харамсалтай.
-Стратегийн орд эзэмшиж байгаа компаниудтай зөвшилцөл хийх асуудал яригдаж байна. Энэ асуудал ямар шатандаа яваа бол?
- Ер нь бол нэг л зарчим ярьж байгаа. Тэр нь “Үндсэн хуулийнхаа заалтыг хэрэгжүүлээч ээ” гэдэг асуудал. Түүнээс биш хэн нэгэнтэй үзэлцэж, тэмцээд булааж авах гээд, ялах гээд байгаа зүйл огт биш. Үндсэн хууль хэрэгжүүлэхэд хувийн хэвшил төр гэсэн ялгаа байхгүй. Гадаадын хөрөнгө оруулагч орж ирсэн ч хууль дээрээ 34-51 хувийг төр авах заалттай. Гэсэн атлаа авахгүй байгаад байвал, ойлгомжгүй биз дээ. Тэгэхээр одоогийн Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль дээр стратегийн ач холбогдолтой ордын хайгуулыг төр, хувийн хэвшил хийснээс үл хамааран 34 хувийг Баялгийн санд төвлөрүүлнэ. Ингэхдээ энгийн хувьцаа эзэмшил байх уу, АМНАТ-өөр оруулах уу, тусгай АМНАТ гаргаж ирэх юм уу, эсвэл давуу эрхийн хувьцаа байх юм уу гээд янз бүрийн шийдлүүд санал болгож болно. Сая баталсан “Орана”-гийн гэрээн дээр бид 34 хувийн эзэмшлийн оронд 10 хувийн давуу эрхтэй, тусгай АМНАТ-өөр оруулах хувилбарыг баталсан. Яг үүн шиг Засгийн газар стратегийн орд эзэмшигч бүртэй хэлэлцээрийн ширээний ард сууж, харилцан ашигтай хувилбар дээр гэрээ хийгээд явах бүрэн боломжтой. Одоогоор Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу “Оюутолгой”, Францын “Орона” гээд хоёрхон гэрээ л хэрэгжиж байна.
-Төмөр замын холболтын гэрээнд хоёр улсын Засгийн газрын тэргүүн нар гарын үсэг зурлаа. Одоо парламент баталгаажуулна гэж ойлгосон зөв үү?
-Энэ хаврын чуулганаар илүү нарийвчилсан гэрээнүүд орж ирж батлагдана.
-Үндэсний баялгийн сангийн хууль батлагдаж, томоохон төслүүд хөдөлж эхэлж байгаа нь Хамтарсан Засгийн газар байгуулсны үр дүн гэж зарим хүн дүгнэж байна. Үүнтэй та санал нийлэх үү?
-Тийм ээ. Монгол Улсын Үндсэн эрх ашиг энд хадгалагдаж байгаа. Түүнээс биш нэг нам, нэг улс төрийн хүчний асуудал биш. Тэгэхээр үндсэн эрх ашиг дээр намууд нэгдэж байна. Ямар ч гэсэн Үндэсний баялгийн сангийн хуулиа баталлаа. Энэ Хамтарсан Засгийн газар, 126 гишүүнтэй анхны парламент эхлэл цэгийг хатгаж чадлаа. Удахгүй эргэлтийн цэгийг нь хийж чадна гэдэгт найдаж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 24. ДАВАА ГАРАГ. № 36 (7532)