Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН
“Ховд багшийн дээд сургууль”-ийг 1979 онд байгуулж байв. Тиймээс манай сурвалжлах баг тус сургуулийн орчин нөхцөл, үйл ажиллагаа ямар байгаа талаар сурвалжилсан юм.
Сургуулийн үүдээр орвол гадуур хувцастай хүүхдүүд сууж байв. Хичээл нь таржээ хэмээн бодсоор цааш алхлаа. Хоёр давхарт гарч эхний ангиар шагайвал оюутнууд мөн л гадуур хувцастайгаа хичээллэж байв. Зөвхөн энэ анги ийм хүйтэн юм уу гэтэл дараагийн анги ч ижил байсан юм. Тодруулбал, гадаах температур -16 градус байхад сургууль дотор температур -6. Ийм орчин нөхцөлд өнөөдөр Ховд их сургуулийн 1500 оюутан хичээллэж байна.
Оюутнууд өвөлдөө 3-4 удаа ханиад хүрдэг
Сургууль хүйтэн учраас өвлийн улиралд 3-4 удаа ханиад хүрч, хатгаа авах нь энгийн үзэгдэл болжээ. Б.Бат-Өлзий Ховд их сургуулийн Биеийн тамирын багшийн дөрөвдүгээр ангийн оюутан. Их сургуулийн дөрвөн жилийн хугацаа гэдэг хүний хамгийн дурсамж дүүрэн мөчүүдийн нэг. Гэтэл хатгаа авч эмнэлэгт хэвтсэн, ханиад хүрсэн дурсамжтай болж байна. Хэрэв ийм хүйтэн гэдгийг нь мэдсэн бол Улаанбаатарт сурах байсан юм гэж тэрээр ярив. “Биеийн тамирын ангийнхан спорт зааланд ихэнх цагийг өнгөрөөдөг. Гэхдээ бид үргэлж гадуур хувцастайгаа хичээлдээ суудаг. Гар бөмбөг болон сагсан бөмбөг тоглох тохиолдолд аргагүй эрхэнд пүүзээ сольж өмсдөг. Сургууль хүйтэн болохоор өвөлдөө 3-4 удаа ханиад хүрэх нь энгийн үзэгдэл болсон. Хатгаа авчихгүй л бол гэж боддог. Одоо ч гэсэн би ханиадтай байна. Нэг удаа эм авахад 70-120 мянган төгрөг зарцуулна. Энэ тухай сургуулийн захиргаанд хэлэхээр цаанаас ирж байгаа халаалт нь л ийм байна гэдэг” хэмээн оюутан Б.Бат-Өлзий бидэнд хэлэв.
Ховд аймагт хоёр дулааны цахилгаан станц бий. Тус сургуулийн халаалтыг “Бадамлах дөл” ХХК хариуцдаг. Тус компаниас халаалт муу байгаа шалтгааныг нь Ховд их сургуулийн дулааны шугам сүлжээтэй холбоотой гэсэн учраас сургуулийн зүгээс 300 сая төгрөгөөр шинэчлэл хийжээ. Гэсэн хэдий ч дулаан нь сайжраагүй байна. Энэ талаар сургуулийн захирал н.Пүрэвсүрэнгээс тодруулахад “Миний өрөө хүйтэн учраас халаагуур асаагаад сууж байна” гэсээр биднийг угтав. Гэсэн хэдий ч өрөө нь гадуур хувцасгүй суух боломжгүй, хүйтэн байсан юм.
Сургуулийн дулааны талаар Ховд их сургуулийн захирал н.Пүрэвсүрэн “Манай сургууль хоёр жилийн өмнөөс Засгийн газрын тогтоолоор Монгол Улсын баруун бүсийн сургууль гэдэг статустай болсон. Өнөөдрийн байдлаар манай сургууль 1500 оюутан, 147 багш ажилтантай үйл ажиллагаа явуулж байна. Дулааны асуудал бол манай сургууль төдийгүй Ховд аймгийн хэмжээний асуудал болсон. Дулааны эх үүсвэр муутайгаас болж бид гэртээ болон ажлын байран дээрээ байнгын гадуур хувцастайгаа ажиллаж байна. Гэхдээ “Бадамлах дөл” ХХК-д дулааны төлбөрөө 100 хувийн сэтгэл ханамжтай байна хэмээн бүрэн төлдөг. Сэтгэл ханамжгүй байна гээд төлбөрөө төлөхгүй бол тус компани шүүхэд өгдөг. Шүүхийн шийдвэр нь компанийн талд гардаг. Хоёр жилийн өмнө тус компанийн захиралтай уулзаж дулааны асуудлын талаар хэлэлцсэн. Компанийн зүгээс танай дулааны шугам сүлжээ асуудалтай байгаа учраас дулаан муу очиж байна гэсэн. Тиймээс бид 300 сая төгрөгөөр дулааны шугам сүлжээгээ засварласан. Гэтэл нөхцөл байдал сайжраагүй. Иймээс бид хэрэглээгээрээ төлбөрөө төлмөөр байна гэдгээ хэлж, дулааны тоолуур тавиулах санал тавьсан. Тоолуур тавиулахад, сургуулийн удирдлага, аймгийн мэргэжлийн хяналтын дулааны байцаагч, компани гурав байж байгаад тоолуур байршуулах ёстой. Гэтэл “Бадамлах дөл” ХХК-иас тоолуур тавиулахыг эсэргүүцэж, ирдэггүй. Ингээд задгайгаар өндөр төлбөр төлөхөөс гадна багш, ажилчид, сурагчдынхаа эрүүл мэндээр хохирч байна. Энэ асуудлыг шийдэх гэхээр үнэхээр хүч хүрэхгүй байна” гэсэн юм.
Биднийг очиход сургуулийн анги танхимуудын хана, тааз нь хагарч, цана цохисон байдалтай байсан юм. Анги танхимдаа жил бүрийн зун засвар хийдэг ч өвөл нь цан цохиж, хөлдсөний улмаас хийсэн засвар нь үр дүнгүй болдог тухай багш ажилчид учирлаж байлаа.
Халаалт муу байгаа нь элсэлтэд сөргөөр нөлөөлдөг
Ховд их сургууль есдүгээр сард 4.5-5 сая төгрөгийн тогны мөнгө төлдөг. Харин өвөл хүйтрэх үед энэ зардал өсөж 10-12 сая төгрөг болдог байна. Учир нь багш нар нэмэлт тень залгадаг учраас ингэж өсдөг тухай Ховд Их сургуулийн багш Отгонбаатар “Сургууль хүйтэн учраас 3-4 давхар цамц өмсөж ирдэг. Нэмэлт тень залгахгүйгээр ажиллах боломжгүй нөхцөл байдалтай байна. Та өөрөө ч харж байгаа байх. Гадуур хувцсаа тайлвал шууд даарч байгаа биз. Ийм л нөхцөлд ажиллаж байна” гэсэн юм.
Төрийн зүгээс их сургуулиудыг орон нутаг руу нүүлгэх талаар жил бүрийн намар ярьдаг. Тухайлбал, 2010 онд “Их сургуулиудыг хотхоноор хөгжүүлэх чиглэл” баталж байв. 2017 онд их сургуулиудыг мэргэжлийн чиглэлээр нь зааглаж хотоос гаргахыг судлах ажил эхэлж байсан. Тухайлбал, Дархан, Эрдэнэт хотууд болон газар тариалангийн бүс нутаг Сэлэнгэ аймаг, Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүдэд шилжүүлэн байршуулах арга хэмжээ авах нь зүйтэй гэсэн байна.
Мөн энэхүү албан бичигтээ Хотын дарга их, дээд сургуулиудыг хотоос гаргах ажлыг судалж санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам хамтран ойрын хугацаанд байгуулахыг хүсэж, ажлын хэсгийн талаарх саналыг ч боловсруулан хүргүүлсэн байдаг. 2019 онд судалгааны ажил эд өрнөж, энэ онд нүүлгэлтийг ХААИС-аас эхлүүлэхээ зарлаж байлаа. Мөн сүүлийн гурван жил ч их сургуулийг нүүлгэхтэй холбоотой тогтоол, шийдвэр тасарсангүй.
Гэвч орон нутгийн сургуулиуд нь оюутны анхан шатны хэрэгцээ болох тав тухтай орчинд хичээллэх боломжгүй байгаа нь Улаанбаатар хот руу суралцахаар явахаас аргагүй байдалд хүргэж байгаа юм. Энэ талаар Ховд их сургуулийн захирал Д.Пүрэвсүрэн “Манай сургууль 45 жил багш бэлтгэж ирсэн.
Монгол Улсын хэмжээнд өнөөдөр багшийн дутагдал маш их байна. Тэгвэл энэ асуудлыг шийдэхээр байгуулагдсан сургууль нь халаалтгүй. Энэ нь элсэлтэд нөлөөлдөг. Тухайлбал, намар элсэлт авч байхад хүмүүс танайх хүйтэн гэж хүнээс сонслоо. Тиймээс хүүхдээ Улаанбаатар луу сургуульд элсүүлэхээр боллоо гэсэн олон тохиолдол бий. Элсэлт бага учраас санхүүгийн дарамттай нүүр тулж байна” гэлээ.
Өнөөдрийн байдлаар Ховд их сургууль дулааны төлбөрт тэрбум гаруй төгрөгийн өртэй үйл ажиллагаа явуулж байна. 2017-2019 оны хооронд дээд боловсролын хуульд БСШУЯ сургуулийн тогтмол зардлыг төлдөг байжээ. Гэтэл энэ хугацаанд яамнаас мөнгийг нь өгөөгүй байна. Үүнээс үүдэж дулааны төлбөрөө төлж чадахгүй байгаагаа сургуулийн захирал хэлж байлаа.
Энэ жил ус, дулааны үнийг төрөөс бодлогоор нэмсэн. Ирэх жилүүдэд тог дулааны үнэ нь нэмэгдэх нь тодорхой. Тэгвэл сургуулийн зүгээс дээрх өрийг төлөхийн тулд сургуулийн төлбөрөө нэмэхээс өөр аргагүй байдалд хүрээд байгаа аж. Гэтэл төрөөс их дээд сургуулийг сургалтын төлбөрөө нэмж болохгүй гэдэг. Өөрөөр хэлбэл, төрийн шийдвэр, төлбөрийн өрийн дарамт дунд баруун бүсийн их сургууль арга мухарджээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 20. БААСАН ГАРАГ. № 246 (7490)