
Ардчилсан хувьсгалын 35 жил, Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 24 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаан боллоо. Тус барилдаанд Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, улсын заан Д.Хүдэрбулга түрүүлж, Завхан аймгийн Яруу сумын харьяат, улсын заан М.Лхагвагэрэл үзүүрлэв.
Дөрөвт Булган аймгийн Орхон сумын харьяат, улсын начин Э.Сумъяабат, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-ний 326-р анги, "Нэгдэл" клубын бөх, сумын заан Д.Төгс-Эрдэнэ нар шалгарлаа. Харин наймд улсын начин Х.Цогтгэрэл, улсын начин Э.Батмагнай, улсын начин Э.Мөнхжаргал, улсын начин Л.Энхсаруул нар шалгарав.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу "Зориг" ардчиллын хүрээлэнгийн “Зоригтон” хэмээх анхны шагналаа сумын заан Д.Төгс-Эрдэнэд гардуулав. Тэрбээр нэгийн даваанд улсын арслан Б.Орхонбаярыг, хоёрын даваанд дархан аварга Н.Батсуурийг, гурвын даваанд улсын харцага Л.Лха-Очирыг, дөрвийн даваанд улсын арслан Ц.Бямба-Отгоныг, тавын даваанд улсын начин Э.Батмагнайг тус тус давсан юм. Тус шагналыг 3.000.000 төгрөг дагалдаж байгаа аж. Мөн "Уран барилдааны шагнал"-ыг сумын заан Д.Төгс-Эрдэнэд гардуулсан юм.
Эх сурвалж:www.polit.mn