1. НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНД 4613.9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ОРЛОГО ТӨВЛӨРЛӨӨ
2024 оныг “Нийгмийн даатгалын хамралтыг нэмэгдүүлэх жил” болгон зарласнаар 1.117.000 даатгуулагч даатгуулж, нийгмийн даатгалын санд 4613.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, 663.6 мянган хүний тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, зардалд нийт 4211.0 тэрбум төгрөг зарцуулж үйлчилгээ үзүүллээ.
2. НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлснээр 0-3 насны хүүхдээ асарч байгаа сайн дурын даатгалд даатгуулагч 16.1 мянган эхийн төлөх шимтгэлийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд ногдох хэсгийн 50 хувь буюу 3.7 тэрбум төгрөгийг тэтгэмжийн даатгалын сангаас, 7.8 тэрбум төгрөгийг улсын төсвөөс, нийт 11.5 тэрбум төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа сайн дурын даатгалд даатгуулагч 3.3 мянган эх /эцэг/-ийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд ногдох тэтгэврийн даатгалын шимтгэлд 9.7 тэрбум төгрөг, сайн дурын даатгалд даатгуулсан 47.9 мянган малчны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд ногдох тэтгэврийн даатгалын шимтгэлд 22.2 тэрбум төгрөгийг улсын төсвөөс тус тус хариуцан төлж, эдгээр иргэдийг нийгмийн даатгалд хамруулав. Мөн өндөр насны тэтгэврийн тусгай зохицуулалтад 2226 тэтгэвэр авагч хамрагдлаа.
3. ДААТГУУЛАГЧИЙН НЭРИЙН ДАНСНЫ МӨНГӨЖҮҮЛСЭН ОРЛОГЫГ ТЭТГЭВРИЙН НӨӨЦ САНД БАЙРШУУЛЖ ЭХЭЛЛЭЭ
Тэтгэврийн хуваарилалтын тогтолцооноос хуримтлалын тогтолцоонд үе шаттай шилжих зорилгоор даатгуулагчийн нэрийн дансны мөнгөжүүлсэн орлогыг байршуулж эхэллээ. Тэтгэврийн нөөц санд 2024 оны эхний 8 сарын байдлаар 973.0 мянган даатгуулагчийн 212.2 тэрбум төгрөгийг байршуулаад байна.
4. НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ХӨРӨНГӨ 55 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ӨСӨХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээс найдвартай, үр өгөөжтэй, хариуцлагатай, ил тод, хараат бус байх зарчмыг баримтлан 300.0 тэрбум төгрөгийг Засгийн газрын үнэт цаасанд байршууллаа. Үүний дүнд сангийн хөрөнгө 55.0 тэрбум төгрөгөөр өсөх боломж бүрдлээ.
5. ТЭТГЭВЭР АВЧ БАЙГАА 500.6 МЯНГАН ХҮНИЙ ТЭТГЭВРИЙГ 100.0 МЯНГАН ТӨГРӨГӨӨР НЭМЭГДҮҮЛЭВ
Засгийн газрын шийдвэрээр нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа нийт 500.6 мянган хүний тэтгэврийг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 100.0 мянган төгрөгөөр нэмэгдүүллээ. Үүний үр дүнд бүрэн тэтгэврийн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээ 650.0 мянган төгрөг, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээ 540.0 мянган төгрөг болж, дундаж тэтгэвэр 785.6 мянган төгрөгт хүрлээ.
6. НИЙГМИЙН ДААТГАЛЫН НЭЭЛТТЭЙ МЭДЭЭЛЛИЙН САРЫГ 21 АЙМАГ, ЕСӨН ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛСАН
Нийгмийн даатгалын нээлттэй мэдээллийн сарыг 2 удаа зохион байгууж, 21 аймгийн төв, 176 сум, 9 дүүргийн нийт 341 байршилд зохион байгуулж, 2514 малчны хот, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн ажлын байранд хүрч ажиллаж, 16.7 мянган иргэнд зөвлөгөө, мэдээлэл өглөө. Мөн нийт 22 удаагийн live /шууд дамжуулалт/ хийж давхардсан тоогоор 5.1 сая хүн үзэж, 6.7 мянган шэйр хийн түгээсэн байна. Нийгмийн даатгалтай холбоотой мэдээллийг иргэдэд хялбар хүргэх зорилгоор нэвтрүүлсэн “цахим хөтөч”-өөс 5352 хүн мэдээлэл авчээ.
7. МЭДЭЭЛЛИЙН ШИНЭ СИСТЕМИЙГ НЭВТРҮҮЛСНЭЭР ҮЙЛЧИЛГЭЭ ЦАХИМЖИВ
Нийгмийн даатгалын шинэ систем нь орчин үеийн ORACLE өгөгдлийн санд суурилсан найдвартай, аюулгүй бөгөөд бодит цагийн горимоор ажиллаж байна. Түүнчлэн нийгмийн даатгал аппликэйшний 2.0 хувилбарыг нэвтрүүлснээр 212 мянган хүн хэрэгцээтэй мэдээ, мэдээлэл, үйлчилгээг аваад байна.
8. ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЛЭЭ
Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/-аас хамтын ажиллагааны хүрээнд Нийгмийн даатгалын ерөнхий газрын сургалтын танхимыг 25,340 ам долларын үнэ бүхий тоног төхөөрөмжөөр тохижуулж, сургалт явуулах таатай орчин нөхцөлийн бүрдүүлэхэд дэмжлэг үзүүллээ. Бүгд Найрамдах Казахстан Улсын Хөдөлмөр, хүн амын нийгмийн хамгааллын яамтай “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийн хүрээнд хоёр талын хэрэгжүүлэгч байгууллага хэрэглэх маягтын загварыг эцэслэн боловсрууллаа.
Дэлхийн банкны зөвлөхтэй тэтгэврийн тогтолцооны шинэчлэл, шимтгэл төлөлт, сангийн орлого, зарлагын хэтийн тооцооллын талаар хийсэн судалгааны дүн, мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллахаар боллоо.
9. ГАМШГААС ХАМГААЛАХ КОМАНД ШТАБЫН СУРГУУЛЬД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Онцгой байдлын ерөнхий газраас Хүн ам, нийгмийн хамгааллын улсын албаны хүрээнд гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгуулж, уг сургуульд анх удаа НДЕГ болон 9 дүүрэг, 21 аймгийн Нийгмийн даатгалын газрын албан хаагчид оролцож 48 цагийн турш газар хөдлөлтийн гамшгийн үед хэрхэн ажиллах, бэлтгэл, бэлэн байдлыг хангах талаар дадлага сургуулилалт хийлээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 6. БААСАН ГАРАГ. № 236 (7480)