Л.Бумандорж: зүрх сэтгэл минь 18 настай хэвээрээ байна

2024-11-18
Нийтэлсэн: Админ
 11 мин унших

Пүрэв-Очирын ЛХАГВАЖАРГАЛ

 

Зураач хүн өнгө дүрсээр урлана. Зохиолч хүн үг хэллэгээр урлана. Өөр хоорондоо төстэй ч нэг нэгнийгээ орлож чаддаггүй. Тэр тусмаа нэг хүн аль алиныг нь баруун солгойгүй хийчихдэг ажил биш. Гэтэл зурсан мөртлөө бичсэн  юм шиг бичсэн мөртлөө зурсан юм шиг бүтээл туурвидаг нэгэн байх ажээ. Тэр бол авьяасаар дүүрэн, сэтгэлгээгээр баян зураач Лхагваагийн Бумандорж хэмээх идэрхэн нэгэн болой. Түүнийг жигдхэн гишгэдэлтэй хос морины эзэн гэдгийг 1997 оны сүүлчийн өдрийг хүртэл анзаарсангүй. Ийнхүү “Дал” сонины нэгэн нүүрт   Л.Түдэв гуай өгүүлсэн байдаг. Тэрхүү нийтлэлийн баатар Л.Бумандоржийг “Амьдралын тойрог” буландаа бид онцолж байна.

1997 он. "Дал" сонинд

Энгүй тал мэт эрх чөлөөт сэтгэлгээ, энэ орчлонд баригдахгүй эрэл хайгуул хийх уран бүтээлчийн амьдрал хосгүй ажээ. Үргэлж өөрийгөө шинээр илэрхийлж, шинэ содон бүхнийг туршиж, суралцаж, уран бүтээлийн төрөл зүйлээ арвидан үржүүлж түүнийхээ хэрээр түмэнд түгээж явдаг эрхэм бол манай нийтлэлийн гол баатар Лхагваагийн Бумандорж юм. Бид энд түүний уран бүтээлийг хүүрнэх гэсэнгүй. Гагцхүү тэр олон агуу бүтээлийг туурвисан дотоод сэтгэлээр аялахыг зорилоо. Гэхдээ л зураач хүнийг уран бүтээлээс нь яахан ангид үзэж болох билээ.

 

Тамирчин эсвэл зураач болох хоёр сонголт байсан

Гэр бүлийн хамт.

Эцэг өвгөд, ижий аавынх нь нутаг арын сайхан хангай нутаг. Бага балчир насандаа гэр бүлийн хамт Азийн цагаан дагина Улаанбаатарт суурьшжээ. Түүний ижий, аав хоёр эрдэм мэдлэгтэй, олноор хүрээлүүлсэн нэртэй төртэй багш хүмүүс байв.  Гэвч Л.Бумандорж гуайг гуравдугаар ангийн сурагч байхад аав нь улс төрийн хэргээр хэлмэгдэж, Москвагийн коммунист намын сургуулиасаа хөөгдөн Шарын голын уурхайд нутаг заагдан амьдрах болжээ. Он цагийн урсгалаар аавынх нь хорио суларч нийслэлд орох эрхгүй ч Дархан хотод нэвтрэх боломжтой болов. Ийнхүү Л.Бумандорж гуай Дархан хотод долоо, наймдугаар ангиа дүүргээд Улаанбаатар хотыг зорьж, 1970 онд Дүрслэх урлагийн сургуулийн уран зургийн ангид элсжээ. Тэрээр энэхүү шийдвэрээ хэнтэй ч зөвлөлдөөгүй бөгөөд радиогоор элсэлтийн мэдээ сонссон даруйдаа шийдвэрээ гаргасан байдаг.

Түүнд хүүхэд байхаасаа сонирхсон хоёрхон зүйл байв. Бага байхаасаа хүсэж, төсөөлж, хөдөлмөрлөж байсан зүйлийнх нь нэг мэдээж дүрслэх урлаг. Харин нөгөө нь спорт юм. Урин дулаан цагт нь сагс, гар бөмбөг, хөл бөмбөг, теннис. Хүйтэн үед цан, тэшүүр, хоккей гээд бүх л төрлийн спортоор хичээллэнэ. Хэрэв тэрээр уран бүтээлчийн замналыг сонгоогүй бол нэр алдар нь түгсэн тэшүүрийн тамирчин болох байжээ. Наймдугаар ангийн сурагч бүсийн аварга шалгаруулах тэшүүрийн тэмцээнд түрүүлж, Улаанбаатар хотод улсын аваргад оролцохоор ирсэн байдаг. Арван жилийн хүүхэд Баянгол зочид буудалд улсын зардлаар байрлаад, урдаа барьдаг тамирчидтай эн тэнцүү өрсөлдөж БНМАУ-ын гуравдугаар зэргийн тамирчин болж байв. Зураг, спорт хоёроо нэгэн зэрэг үргэлжлүүлж чадахгүй тул аль нэгийг нь хобби хэлбэрээр үлдээжээ. 1970 онд тэшүүрийн спортын зэрэг хүртсэн ч зурах хүсэл нь түүнийг дэндүү ихээр хөтөлжээ.

Насан туршийн амьдралыг шийдэх мэргэжил сонголт гэдэг хүний амьдралын чухал шийдвэр байдаг. Л.Бумандорж гуай энэ шийдвэрээ хэнтэй ч зөвлөлгүй гаргажээ. Энэ нь түүний гэр бүлийн хүмүүжил, эцэг эхийн  хүүхдээ дэмжих сэтгэл, итгэлтэй холбоотой ажээ. Тэрээр таван дүүтэй. Өнөр гэр бүлийн том ах. Аав ээж нь хүүхдүүдийнхээ үзэл бодлыг дэмжсэн, уужуу тайван, ухаалаг хүмүүс байв. Бусдын хүүхдийн зам мөрийг чиглүүлсэн багш хүмүүс атлаа өөрийн хүүхдийн амьдралд оролцдоггүй байсан нь сонирхолтой. Ээжээс нь нэгэн сурвалжлагч “Та багш хүн, хүүхдүүдээ хэрхэн хүмүүжүүлдэг вэ” гэхэд “Миний хүмүүжүүлнэ гэж юу байх вэ, арын хайрхан руу л бэлчээчихдэг юм” гэжээ. Л.Бумандоржийн энэ замнал түүний дүү Л.Хишигдоржийн амьдралд мөн тусгалаа олжээ. Дүү Л.Хишигдорж нь балетчин мэргэжилтэй бөгөөд сургуулиа төгсөөд кино урлагт хөл тавьжээ. “Гул Аранжин” киноны гол дүр оюутан залууд тоглохын сацуу туслах найруулагчаар ажиллаж байв. Мөн “Аянгат цагийн дууль” УСК-ны найруулагч юм. Лхагваа гуайн гэр бүлээс хоёр хүн урлагийн замыг сонгосны нэг нь зураач, нөгөө нь найруулагч ажээ.

 

Герман хэлтэй зураач Монголын маркийн урлагт хэрэгтэй болсон

1974 онд Дүрслэх урлагийн сургуулиа төгсөөд хойд хөршид дахин сурахаар шалгалт өгтөл тэнцэв. Ийнхүү Эрхүү хотод хэлний бэлтгэлд суралцахаар очсон боловч бие нь чилээрхэж, нутаг буцжээ. Эх орондоо ирээд  Улаанбаатар болон Дархан хотын урчуудын салбарт ажиллаж, уран бүтээлээ туурвисаар 26 насандаа дахин шалгалт өгөхөд Герман улсын хуваарь таарсан гэдэг. Хэрэв ганц жилээр хойшилсон бол сурах боломжоо алдах байв. Учир нь тухайн үед 27-оос доош насныхан суралцдаг, насны хязгаартай байжээ. Зүүн Герман улс социалист орнууд дотроо эдийн засгийн хөгжил сайтай, шинэ ертөнц байв. Ахлах сургуулиа төгссөн залуу хүүхдүүдтэй мөр зэрэгцэн суралцаж, зургаан жилийг үджээ. Тэрээр “Манай улсын сургалтын систем сайн байсан гэдгийг Германд очоод анх мэдэрсэн. Ахлах сургуулиа дөнгөж төгссөн залуучууд их сургуулийн тоог шууд бодож германчуудыг алмайруулдаг байлаа. Хэлний бэлтгэлээ төгсөөд зургийн сургуульд ороход ур чадвар бусад улсаас илүү юу гэхээс дутуу байгаагүй. Бид чөлөөт сэтгэлгээ, дүрслэлийн олон урсгал чиглэлийн аргыг Германаас суралцсан. Харин одоо уламжлал шинэчлэлийг хослуулж, өөрийгөө шинээр эрэлхийлж байна. Тэр тусмаа  байгалийн гоо сайхны илүүтэй мэдрэхийг хичээж байна” хэмээсэн юм. Урлан бол дөрвөн хананы дунд орших орон зай. Харин байгаль хязгааргүй. Тэнгэр нь дээвэр, уул ус нь хана туурга, үзэмж төгөлдөр байдал нь цонх. Үнэ төлбөргүй, дахин давтагдашгүй, сурч ханамгүй урлаг ажээ. Гэрэл зурагчны дуранд алдаж боломгүй  алтан хором гэж байдгийн адил уран зураач хүнд өглөө, орой өнгө, гэрэл сүүдрийн хугарал, нугарал онцгой байдаг гэв. 

Тэрээр Урчуудын эвлэлийн хорооноос Герман улсыг зорьсон боловч эх орондоо ирээд ажиллах хуваарь нь Холбооны маркийн товчоонд гарсан байв. Энэ нь Төв хорооны шийдсэн бодлого байв. Учир нь герман хэлтэй зураач Монголын маркийн урлагт хэрэгтэй болж. Тиймээс Урчуудын эвлэлийн хороотой Холбооны яам тохироод үзэл суртлын хэлтсээр хэлэлцээд н.Норовжав сайдын тушаалаар ажилд оруулжээ. “Намайг урчуудын эвлэлийн хорооноос шилжүүлэх болсон гол үндэслэл нь маркийн үйлдвэрлэлээс болсон. Манай улс анх Унгарт хэвлүүлдэг байсан. Энэ нь тодорхой шалтгааны улмаас ашиггүй болж Герман улсад хэвлүүлэхээр болсонтой холбоотой. Ийнхүү маркийн урлагтай холбогдсон” хэмээн дурсан ярина.

 

Анхны үзэсгэлэн минь хашаа байшин болон сүндэрлэсэн

 

Германд сургуулиа төгсөж ирсэн дараагаас ажлынхаа хажуугаар уран бүтээлээ хослуулсаар анхны бие даасан үзэсгэлэнгээ 1999 онд гаргасан байдаг. Анхны тодотголтой юм бүхэн хүний амьдралд тод үлдэх нэгэн зурвас ажээ. Дүрслэх урлагийн сургуулийн оюутан байхаасаа хамтарсан үзэсгэлэнд оролцох их хувийг эдэлж байсан түүнд анхны бие даасан үзэсгэлэн ч сайхан зүйлийг дагуулжээ. Ур ухаанаа шингээсэн урлагийн бүтээлээ үнэлүүлж, үр өгөөжийг нь хүртэх юутай зүйрлэм. Тэрхүү үзэсгэлэнгээс бүтээлүүд нь зарагдаж, Гачууртад хашаа байшин болон сүндэрлэжээ. Мөн өөртөө урлан барихаас гадна ногооны талбайтай болжээ. Өөрийн хөдөлмөрөөр тордож ургуулсан ногоогоо хүнсэндээ хэрэглэхийн зэрэгцээ сургуулийн багш нартаа тарааж, үлдсэнийг нь “Далай ээж” зах дээр тавьдаг байжээ. Л.Бумандорж гуайн анхны үзэсгэлэн цэл залуу насных нь уран бүтээл туурвих урам зориг, хөшүүрэг болж, урлагийн сайхан амтыг мэдрэхэд нөлөөлсөн гэдэг. Түүний хувьд эх орондоо бие даасан болон хамтарсан 30 гаруй үзэсгэлэн гаргахаас гадна олон улсад нэр нь түгсэн уран бүтээлч юм. Мөн Югослав, Хятад, Австри, Норвег, Франц, Япон, Солонгос тэргүүтэй улсуудад бүтээлээ толилуулж байжээ. Харин ирэх онд Польш улсад үзэсгэлэнгээ  гаргахаар төлөвлөөд байна. “Олон улсад үзэсгэлэн гаргахад улсын нэр нэгдүгээрт дурдагдана. Үүний зэрэгцээ монгол уран бүтээлч олон улсад хэр хэмжээнд явж байгаагаа мэдрэх шалгуур болдог. Солонгос улсын Сөүл хотын урлагийн төвд гэр бүлийн хүний хамт 1996 онд үзэсгэлэнгээ гаргасан юм. Тэр үед солонгос уран бүтээлчдээс ур чадвар, сэтгэмжийн хувьд доор нь орохгүй гэдгээ мэдэрсэн. Харин эдлэл хэрэгсэл, урлан зэрэг ахуйн талаасаа биднээс илүү байсан л даа. Гадаадад явж байхад энэ мэт харьцуулагдах зүйл тулгараад байдаг” хэмээсэн юм. Түүний уран бүтээлийн дээжис Монголд төдийгүй олон улсад түгэн хадгалагдаж байна.

 

Уран бүтээлийн эрх чөлөөг тэтгэвэрт гараад мэдэрсэн

Дүрслэх урлагийн сургуулийн урилгаар 2000 оноос багш, уран сайхны удирдаачаар ажиллаж байгаад 2003-аас 2013 буюу гавьяаны амралтад гартлаа захирлаар ажиллажээ. Уран бүтээлч хүний хувьд ажил, амьдралын хажуугаар уран бүтээл туурвина гэдэг амаргүй. Түүний хувьд тэтгэвэрт гарсан хойноо л уран бүтээлийн эрх чөлөөг мэдэрсэн гэдэг. Одоо тэрээр гэр бүлийнхээ хүний хамт байгаль багшаас суралцаж явна. “Хоёулаа Монголын төдийгүй олон улсын сайхан багш нараас их зүйл сурлаа. Гэвч хүн төрөлхтөн унаган байгаль, эх дэлхийгээсээ холдоод байна. Тиймээс байгаль багшаас суралцъя” гэж ярилцсаны үндсэнд эх орныхоо 21 аймгаар тойрсон байна. Байгалиас суралцсан шинэхэн бүтээлээрээ эхнэр Ч.Нармандахын хамт “Бидний ертөнц” үзэсгэлэнгээ гаргасан билээ. Энэ үеэр гадаадын олон куротар ирж, Европт үзэсгэлэн гаргах урилга хүлээн авчээ. Жилийн дөрвөн улирал тутам урт хугацаанд тойрон аялахад дүрслэх урлагийн туурвилаас гадна шүлэг яруу найргийн шинэ санаа төрдөг гэнэ. Л.Түдэв гуайн дурдсанчлан тэрээр тун сайн шүлэгч юм. Хэрэв шүлгийн түүврээ хэвлүүлбэл бүтэн ном болох хэмжээний урын сантай.

Тэрээр нэгэн хэвд цутгасан мэт амьдрахыг хүсдэггүй ажээ. Тосон будгийн зураг дотроо гэхэд гэр хороолол, байгаль, хөрөг, болон хийсвэр төрлөөр бүтээл туурвина. Мөн модон бар, чулуун бар, төмөр бар зэргээр графикийн мэргэжлээ ашиглана. Үүний хажуугаар марк, номын чимэглэл, фото арт, шаазангийн урлал зэрэг олон төрлөөр өөрийгөө хөгжүүлдэг ажээ. “Нас дал ч зүрх сэтгэл минь 18-тай” гэх үгнээс нь түүнийг харж болно. “Тэтгэвэрт гарахаас хүмүүс их айдаг. Харин миний хувьд уран бүтээлээ туурвих эрх чөлөөг олсон” гэв.

 

Гэр бүлийн хос уран бүтээлч

 

Түүний гэр бүлийн хүнийг Цүлтэмийн Нармандах гэдэг. Ардын зураач Н.Цүлтэмийн охин. Тэд Герман улсад суралцахаар шалгалт өгч байхдаа танилцжээ. Ц.Нармандах монгол зургийн ангид харин Л.Бумдорж уран зургийн ангид суралцаж ирээд Дүрслэх урлагийн сургуульдаа хамтдаа ажилласан байдаг. Л.Бумандорж гуайг Дүрслэх урлагийн сургуулийн захирал хийж байхад гэргий Ц.Нармандах нь Монгол зургийн тэнхимийн эрхлэгчээр ажиллаж, дотоод гадаадын олон оюутныг амьдралын их далайд гарах сэлүүр урлаж өгчээ. Зорилго, мөрөөдөл, сонирхол нэг тэд одоо Монгол орноороо хамтдаа аялж, уран бүтээлээ туурвиж байна. Залуу идэр насандаа эхнэрийнхээ хийсэн хоолыг идэж, эрхэлж явсан тэрээр харин одоо эхнэртээ гарын хоолоо хийж өгөх дуртай сайн тогооч болжээ. Амьдралын эрхээр цай чанаж, цөл буцалгахаас эхэлж сурсан ч одоо хийж чадахгүй хоол үгүй гэнэ.  Гэр бүлийн хос уран бүтээлчид маань хоёр хүүтэй. Л.Бумандорж гуай хоёр хүүгээ уран бүтээлч болох бүрэн нөөцтэй хэмээнэ. Учир нь аав, ээж, өвөөгөөс нь гадна  Ц.Энхжин, Ц.Мөнхжин нагац ах нар нь мөн зураач ажээ. Уран зургийн ур ухааны удмын хэлхээ хэлхээ болсон тэднийг хожим хойно зураач болохыг үгүйсгэхгүй. Харин одоо том хүү нь хуульч, бага хүү нь бизнесмен ажээ. Л.Бумандорж “Биеийг нь төрүүлдэг, бодлын төрүүлдэггүй гэж ардын үг үнэн юм байна. Хэзээ нэгэн өдөр тэр хоёрыг зураач болж магадгүй гэж боддог. Дэлхийн алдартай зураачдад ийм тохиолдол цөөнгүй. Түүний нэг нь Поль Гоген. Сүүлийн үед мэргэжлийн сургууль төссөн нэгэн уран бүтээлч болдог онол хуучирсан байна. Ур чадвараа уран бүтээлээрээ илэрхийлдэг болсон” хэмээсэн юм.

Түүний хөдөө явахтай адил хобби болсон зүйл нь мэргэжлийн бус хүмүүст дүрслэх урлагийн боловсрол олгох явдал юм. Үүний хүрээнд “Бум арт” галерейг байгуулж, уран зураг, дүрслэх урлагт татагдаж, бүтээл туурвих болсон мэргэжлийн бус уран бүтээлчдийг үзэсгэлэн гаргах нээлттэй боломжоор хангадаг ажээ. Ажлынхаа чөлөөт цагаар уян хатан хуваариар зураачийн туслах хийж бодит мэдлэг чадвар үнэ төлбөргүй эзэмшдэг. Түүний хамгийн бяцхан шавь есөн настай бол ахмад нь 69 настай ажээ. Энэхүү сургалтад хамрагдаад өөрийнхөө шинэ өнцгийг нээж зураач болсон түүх байхад амьдралдаа өөр өнгө будаг оруулж, урлагийн багахан ч болтугай мэдрэмжтэй болж, мэдрэмж сэтгэхүйн өөрчлөлтэй учирсан нэгэн байна. Ямартай ч хүссэн нэгэнд нь дүрслэх урлагийн боловсрол үнэгүй олгож явна.  

“Би үргэлж эрх чөлөөтэй амьдрахыг эрмэлзсэн. Нэг мэдэхэд далан нас хүрсэн байна. Үхэх төрөх нь үнэн хорвоод гуниг баяр хослуулж амьдарчээ. Өөрийнхөө үзэл бодлоор амьдралыг туулсан, туулж яваа тийм л уран бүтээлч байна. Цаашид дахин өөрийгөө шинээр илэрхийлж, эрэлхийлэх болно” гэж далан жилийн амьдралаа дахиад туулах ирээдүйтэйгээ хүүрнэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 18. ДАВАА ГАРАГ. № 223 (7467)

 

Нэр нөлөө бүхий албан тушаалтнууд сэтгүүлзүйн салбарыг гүтгэн доромжилж байна

Сэтгүүл зүйн хараат бус байдалд халдах, ажил үүргээ гүйцэтгэсэн сэт

10 цаг 38 мин
"Тархины ялзрал" хэрхэн Оксфордын шилдэг үг болсон тухай

Оксфордын их сургуулийн хэвлэл 2024 оны оны шилдэг үгээ "Тархины ялзрал" гэж албан ёсоор нэрлэжээ.

11 цаг 22 мин
“Тогтвортой хөгжлийн төлөө тэмүүлье: Нүүдэлчдийн өв, Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон бэлчээр”

“Тогтвортой хөгжлийн төлөө тэмүүлье: Нүүдэлчдийн өв, Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон бэлчээр”

11 цаг 52 мин
С.Бямбацогт: УИХ түүхэндээ анх удаагаа ийм хүнд байдалд орчихлоо

С.Бямбацогт: УИХ түүхэндээ анх удаагаа ийм хүнд байдалд орчихлоо

11 цаг 58 мин
Д.Амарбаясгалан: Чуулгандаа тогтмол оролцдог гишүүдэд урагшаа суух боломжийг нээж өгнө

Д.Амарбаясгалан: Чуулгандаа тогтмол оролцдог гишүүдэд урагшаа суух боломжийг нээж өгнө

12 цаг 9 мин
Голомт банк, LIME виртуал оператор хамтран Natur Bucks клубийг дэмжин ажиллаж байна

Голомт банк болон LIME виртуал оператор хамтран хүүхэд, залуучуудын дунд волейб

12 цаг 53 мин
"Тавантолгой транс” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Дагвадорж уяачдын холбоог тэргүүлнэ

Монголын Морин спорт, уяачдын холбоо (ММСУХ)-ны VIII их хурал өчигдөр болж ш

16 цаг 6 мин
Аудит: Нийслэлийн төсөв батлагдаагүй байхад зарим зардлуудыг гаргасан зөрчил илэрсэн

Аудит: Нийслэлийн төсвийн зардлыг 16.2 тэрбумаар бууруулах шаардлагатай

16 цаг 14 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "COP -16"-д оролцож байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "COP -16"-д оролцож байна

16 цаг 24 мин
Дээд хэмжээний уулзалт: Тажикстан Афганистаны хилийг бэхжүүлэх тухай баримт бичгүүдийг баталлаа

Оросын шинжээчид Астанад болсон дээд хэмжээний уулзалтыг өндрөөр үнэлэв.

19 цаг 18 мин