“Монгол Улс домог болсон хуучин төслүүдээ бүгдийг нь дуусгах ёстой”

2024-11-11
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Х.МОНГОЛХАТАН

 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт БНХАУ-д ажлын айлчлал хийгээд ирсэн. Айлчлалын гол арга хэмжээнүүдийг тоймловол, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар албан ёсны уулзалт хийж, найман баримт бичигт гарын үсэг зурж баталгаажуулсан нь хамгийн чухал үр дүн байлаа. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтыг дүгнэж ярихдаа “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл нь 1964 оноос эхэлсэн. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2019 онд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа зээлийн хэлэлцээрт оруулсан. Гэвч байгаль орчны үнэлгээ, малчдын эсэргүүцэл, зарим хүний шууд илэрхийлсэн байр суурь зэргээс болж улс төрийн гацаа үүссэн. Өнөөдөр хамтарсан Засгийн газрын 14 мега төслийн нэг “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц”-ын зээлийн хэлэлцээр батлагдлаа. Олон жилийн турш яригдсан төслүүд гараанаас гарахын дохио.

Дараагийн ярилцах төсөл бол 16 жил гацсан Гашуунсухайт-Ганцмодны боомтын төмөр зам юм. Бид очоод Засгийн газраас УИХ руу оруулна. БНХАУ-ын тал болон Чайна Энержи компани байр сууриа нэгтгэсэн. Уг төмөр замыг барьсны дараа Хангимандал-Шивээхүрэн боомтыг холбоход бэлэн байна гэж Хятадын талаас хэллээ.

16 жилийн турш гацсан Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг Монголын тал өргөн, Хятадын тал нарийн царигаараа холбох эцсийн тохироо эцэслэн хийгдсэн. Аль намаас сонгогдсон хэн байх нь хамаагүй. Хоёр улсын Ерөнхийлөгч нар гэрээ зурж хэлэлцээрийг эхлүүлсэн. Дараа нь УИХ дээр уг хэлцлийг хүчингүй болгосон.

Тэгэхээр уг төсөл нь гаднын улс орноос бус Монгол Улсын улс төрийн бодлогын тогтворгүй байдлаас болж зогссон. Бид энэ ондоо багтаан уг гэрээг хийнэ. Намайг 10 дугаар анги, оюутан байхад яригдаж байсан төслүүд одоог хүртэл дуусаагүй байна. Монгол Улс домог болсон хуучин төслүүдээ бүгдийг нь дуусгаж, шинэ эдийн засаг, хиймэл оюун ухаан, дэвшилтэд технологи, хот байгуулалтын салбарт шинэ төсөл ярьж эхлэх ёстой. Энэ удаагийн айлчлал их үр дүнтэй боллоо” гэсэн юм.

Айлчлалын баг Шанхайн хот төлөвлөлтийн үзэсгэлэнгийн танхимд зочлов. Энэхүү үзэсгэлэнд Хятад улс эдийн засгийн нээлттэй бодлого хэрэгжүүлж эхэлснээс хойш загас агнуурын жижиг тосгоноос дэлхийн том хот болж хөгжсөн Шанхай хотын бүхий л бүтээн байгуулалт, хөгжлийн явцыг дэлгэн харуулсан байв.

Шанхай хот нь БНХАУ-ын Төрийн зөвлөлийн шууд харьяа дөрвөн метрополис хотын нэг, 24.8 сая хүн амтай. Тус улсын төр засгийн зүгээс Шанхай хотыг далайн боомтод тулгуурлаж үсрэнгүй хөгжүүлэх бодлогыг 1990 оноос тогтвортой, идэвхтэй хэрэгжүүлснээр Хятадын санхүү, эдийн засгийн төв болж хөгжжээ.

Энэхүү үзэсгэлэнгийн танхим нь “Эхлэл танхим”, “Хүмүүнлэг хот”, “Инновац хот”, “Эко хот” хэмээх дөрвөн танхимд Шанхай хотын түүхэн хөгжил, өнөөгийн байдал, ололт амжилт, ирээдүйн төлөвлөлт, хөгжлийн зорилтыг дэлгэн харуулсан байна.

БНХАУ-д ажлын айлчлал хийж буй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Жөжян мужийн Ханжөү хотод очиж, дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтууд болох Чяньтан мөрний хоёрдугаар гүүр буюу Пөнбү гүүр, Шиху нуурын дүүрэгт байрладаг Зыжы туннелийн байгууламжтай танилцлаа.

Пөнбү гүүр нь хүчтэй урсгалтай мөрөн дээр баригдсан, авто зам, төмөр замыг тусгаарласан байдлаар хослуулан шийдсэн инженерийн бүтээл гэдгээрээ дэлхийд алдартай. Голын 40 км/ц хурдтай ширүүн урсгалыг тэсвэрлэхийн тулд Хятадад анх удаа ган татлагат аргыг тус гүүрэнд ашиглажээ. БНХАУ-ын Төмөр замын яамны Хятадын зүүн хэсгийг төвтэй холбох төсөлд тус гүүр багтдаг, төмөр замын үндсэн сүлжээний чухал хэсэгт тооцогддог аж. Төмөр зам, авто замын хоёр үндсэн хэсэгтэй. Төмөр замын хэсэг нь хоёр шугамтай, 11.4 метр өргөн, 2.8 км урт, 120 км/цаг хурдны хязгаартай бол авто замын хэсэг нь 19.5 метр өргөн, дөрвөн урсгалтай, 1.3 км урт, 100 км/цагийн хурдны хязгаартай зорчино.

Барилгын төлөвлөгөө батлагдсанаас хойш зургаан жилийн дараа буюу 1992 онд ашиглалтад орсон Пөнбү гүүр инженерийн онцгой шийдэлтэйгээс гадна бүс нутгийг холбодог, төвлөрлийг сааруулахад ихээхэн үүрэг гүйцэтгэж, эдийн засгийн хөгжилд том хувь нэмэр оруулдаг гүүр ажээ.

Харин Зыжы туннел нь Ханжөү хотын хурдны замын “Дөрвөн босоо, таван хэвтээ” төслийн чухал хэсэг. Тээврийн хөдөлгөөнийг хурдан, үр ашигтай болгох зорилготой. Энэхүү туннел үзэсгэлэнт Шиху нуурын доогуур хийгдсэн. Шиху нуур нь дэлхийн өвд бүртгэгдсэн, тус улсын түүхэн дурсгалт, тусгай хамгаалалттай газруудын нэг. Туннелийг байгаль орчинд сөрөг нөлөөгүйгээр барьжээ. Туннел нь техникийн өндөр үзүүлэлттэйгээс гадна Ханжөү хотын авто замын ачаалал ялангуяа, Шиху нуурын үзэсгэлэнт газрын замын түгжрэлийг багасгахад чухал хувь нэмэр оруулдаг талаар тус хотын Барилгын хөгжлийн төв, Зам, гүүрний группийн удирдлагууд танилцуулав.

Туннелийн барилгын ажил 2013 онд эхэлж, 2016 онд ашиглалтад оржээ. Нийт 14.4 км урт, 21 метр өргөн уг туннел нь хоёр талдаа гурван урсгалтай авто зам бүхий томоохон бүтээн байгуулалт аж. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян бүтээн байгуулалтын энэ үед Жөжян мужийн даргаар ажиллаж байжээ.

Монгол Улсын Засгийн газрын 20 минутын хот Үндэсний хорооноос хэрэгжүүлэх бүтээн байгуулалтуудын чухал хэсэг болох Туул гол дээгүүр тавигдах “Өөдөө тэмүүлэх Монгол” ган татлагат гүүр, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулах зорилтын дагуу Богдхан уулын Хүрхрээгийн амаас Номтын ам хүртэл нүхэн гарц бүхий 15.3 км автозам, гүүр, гүүрэн байгууламж барьж байгуулахаар яригдаж байна.

Хэрэв энэ төслүүдийг амжилттай хэрэгжүүлбэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, хүн амын төвлөрлийг сааруулахад томоохон түлхэц үзүүлнэ гэдгийг мэргэжилтнүүд хэлж буй.

“Өөдөө тэмүүлэх Монгол” ган татлагат гүүрэн байгууламжийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс Богдхан уулын Хүрхрээн ам хүртэлх ган татлагатай 6 эгнээ бүхий 4.7 км авто зам, 900 метр урт гүүр, 80 метр урт нүхэн гарц бүхий бүтэцтэй байхаар төлөвлөсөн. Гүүрийн байгууламжийг бүтээн байгуулалтын хүрээнд Туул голын эргийг иргэдийн амралт, аяллын зориулалтаар тохижуулах төслийн бүрэлдэхүүнд багтана. Тус төслийн зураг төсөл, ТЭЗҮ-д шаардлагатай 28.6 тэрбум төгрөгийг Зам тээврийн сайдын багцад тусгасан.

Харин “Хөшигийн хөндийн туннел” төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх ажлын хүрээнд гүүрэн байгууламжийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсвийн санхүүжилтэд шаардлагатай 55.3 тэрбум төгрөгийг ч мөн Зам тээврийн сайдын багцад тусгасан. Хөшигийн хөндийн туннел нь 15.2 км урт бүхий 2 эгнээтэй хос туннел бөгөөд Богдхан уулын Их тэнгэрийн амнаас Богдхан уулсын Номтын ам руу барихаар төлөвлөсөн юм.

Энэ талаар Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан ярихдаа “Эндхийн туннелийн гүн 17 метр бөгөөд дундаа нэг ил гарч байна. Харин манайх өндөр уултай учраас хамгийн багадаа 300 метрийн гүнд байна. Мөн хоёр талаасаа ил гардаг байхаар төлөвлөж байгаа. Агааржуулалт, гэрэлтүүлэг, галын аюулгүй байдал, гаднын агаараас битүүмжлэх асуудал дээр онцгой анхаарах ёстой гэдгийг тус улсын албаныхан ихээхэн анхаарууллаа. БНХАУ нь 2014-2017 оны хугацаанд энэ тунеллийг барьсан байна. Тэр үетэй харьцуулахад технологи сайжирсан. Бидний хувьд хамгийн хурдан арга буюу тэсэлгээг сонирхон судалж байна” гэж байв.

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой энэ онд тохиож буй. Хоёр улсын худалдааны эргэлт 2023 оны байдлаар 17.6 тэрбум ам.долларт хүрээд байна. Ирэх жилүүдэд 20 тэрбумд хүргэхээр зорьж буйг айлчлалын үеэр тэмдэглэсэн.

Ийнхүү арваннэгдүгээр сарын 4-7-ны хооронд БНХАУ-д айлчилсан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн айлчлал үр өгөөжтэй, амжилттай болж өндөрлөлөө.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 11. ДАВАА ГАРАГ. № 218 (7462)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин