Т.Мөнхнаран: ЭЕШ-д уран зохиолын хичээлийн агуулгыг нэмэх хэрэгтэй

2024-11-11
Нийтэлсэн: Админ
 10 мин унших

Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

 

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор МУБИС-ийн НХУС-ийн утга зохиолын тэнхимийн багш, доктор Т.Мөнхнаранг урьж, ярилцлаа.

 

УРАН ЗОХИОЛЫН ХИЧЭЭЛИЙН ЦАГ ДЭЭР МОНГОЛ ХЭЛНИЙ ХИЧЭЭЛ ОРЖ БАЙГАА НЬ СУДАЛГААГААР ТОГТООГДСОН

 

Дэлхий нийтээр зүрх сэтгэлийн боловсролыг чухалчилж байна. Тэгвэл хүнд суурь хүмүүжлийг олгодог гурван гол хичээл бол дүрслэх урлаг, дуу хөгжим, уран зохиол. Сүүлийн үед уран зохиолын хичээлийг үгүйсгэх хандлага их болсон. Түүнийгээ дагаад тус хичээлийн цаг намтар хуулж, дасгал ажилладаг, багш нарын ангийн ажил ярьдаг эсвэл хоцрогдсон хичээл нөхдөг цаг болж хувираад байна. Уг нь хичээлийн хөтөлбөрт уран зохиол болон Монгол хэлний хичээлийн цаг ижил байгаа. Гэтэл байгаа цагаа зөв ашиглаж чадахгүй байна. Үүнээс үүдэж уран зохиолын хичээл завсардаж байна. Уг нь ЕБС-д орж байгаа судлагдахуун болгон өөр өөрийн үүрэгтэй. Гэвч зарим тохиолдолд багш болон судлаачид манай судлагдахуун чухал, танай судлагдахуун чухал биш зэргээр бие биенээ үгүйсгэдэг. Тухайлбал, биеийн тамир бол маш чухал хичээл. Зарим багш нар хүүхдийг “Чи бөмбөг хөөж яах гээд байгаа юм. Наадхаараа хоолоо олж иднэ гэж байхгүй” гэх зэргээр ханддаг. Гэтэл хичээлийн хөтөлбөрт орсон судлагдахуун болгон өөрийн гэсэн ач холбогдолтой.

Манай Монгол хэл, уран зохиолын багш нарт тохиолддог хүндрэлтэй зүйл нь гурван судлагдахууныг сурагчдад хүргэдэг. Тодруулбал, Монгол хэл, Уран зохиол, Үндэсний бичиг. Үүнтэй холбоотойгоор ЕБС-д хамгийн олон цаг зааж, хүүхэдтэй хамгийн олон цагаар харьцдаг онцлогтой. Нэг хүн гурван хичээл орохоор нэг аль нэг хичээлийг орхигдуулах, цагийг нь багасгах тохиолдол их. Өөрөөр хэлбэл, уран зохиолын хичээлийн цаг дээр монгол хэлний хичээл ордог нь судалгаагаар батлагдсан. Энэ нь багшийг үнэлэх үзүүлэлт болох шалгалт, хөндлөнгийн үнэлгээтэй нь холбоотой байна.

 

ЯМАР Ч ШАЛГАЛТАД УРАН ЗОХИОЛЫН ХИЧЭЭЛИЙН АГУУЛГЫН ЭЗЛЭХ ХУВЬ БАГА БАЙНА

 

Элсэлтийн ерөнхий шалгалт бол сурагчдын хувьд хамгийн чухал шалгалт. Гэвч тус шалгалтад эзлэх уран зохиолын хичээлийн хувь маш бага байгаа нь энэ хичээлийг орхигдуулах нэг шалтгаан болж байна. 2006 оноос хойш ЭЕШ-ийн Монгол хэлний шалгалтад үндэсний бичгийн агуулгын эзлэх хувь маш бага байсан. 2015 онд хос бичигтэй болох Ерөнхийлөгчийн зарлиг гарч, эх хэлний тухай хуульд “Монгол хэлний шалгалтын 25-аас доошгүй хувь нь Үндэсний бичиг байна” гэж заасан. Үүнээс үүдэж Үндэсний бичгийн цаг завсарддаг байсан нь багассан. Өөрөөр хэлбэл, багш сурагчгүй үндэсний бичигт бэлдэх шаардлагатай болсноор хичээлийн цагаа үр бүтээлтэй өнгөрүүлдэг болсон. Нөгөө талдаа уран зохиолын хичээлийн эзлэх хувь буурч хамгийн багадаа таван хувь хамгийн ихдээ 13 хувь байна. Уран зохиолын хичээл бол шалгалт өгөхөд зориулсан хичээл биш. Урлагийн хичээл юм. Гэтэл механикаар буюу шалгалтын нөлөөгөөр багш нар уран зохиолын хичээлийн цагаараа Монгол хэлний хичээлээ илүү давтдаг байгаа юм. Харин уран зохиолын хичээл дээр намтар хуулж, агуулгын хураангуй уншиж, дасгал ажилладаг болж хувирсан. Мөн багш нар ангийн ажил зэргийг уран зохиолын цаг дээр хийдэг гэдгээ хэлдэг. Ийм л үнэ цэнгүй болсон. Өмнө нь бол ямар нэг зохиол дээр жүжигчилсэн тоглолт хийх, агуулгын талаар ярилцах зэргээр ач холбогдол өгч ордог байсан шүү дээ.

 

ТИК ТОК ЗЭРЭГ ТЕХНОЛОГИЙН ШИЙДЛИЙГ АШИГЛАХ ЦАГ НЬ БОЛЖЭЭ

 

-Сүүлийн үед багш нар хүүхдүүд уншихаа больсон гэж ярих болсон. Энэ нь багш нар сурах бичгээ хэт барьдагтай холбоотой. Одоо хэрэгжиж байгаа хөтөлбөр бол чадварт суурилсан цөм хөтөлбөр. Нэг үгээр, тэр цөм хөтөлбөрт байгаа чадварыг хүүхэд мэдэж л байвал заавал сурах бичгээ барих албагүй. Гэтэл зарим багш нар заавал сурах бичгийнхээ дагуу хичээл орох ёстой гээд ойлгочихсон. Одоогийн сурах бичиг дээр сонирхолгүй, үг яриа нь холдсон зохиолууд орсон байдаг. Уншиж сураагүй хүүхдүүдэд уншихад хүндрэлтэй зохиолууд байгаа юм. Есдүгээр ангийн багш “Арай гэж Гэсэр, Жангарынхаа ард гарлаа” гэж байгаа бол Арваннэгдүгээр ангийн багш нар “Чүү ай гэж Маха бахарата зохиолыг уншиж дуусгалаа” гэж байна шүү дээ. Багш, сурагч аль аль нь ингэж зовж нэг зохиолыг дуусгаж байна. Харин үүний оронд хүүхдүүдийн дуртай зохиолыг, богино хэмжээтэйгээс нь эхлэн уншуулж сургах хэрэгтэй. Уншаад сурсан хүүхэд том хэмжээний зохиолыг хүнээр хэлүүлэлгүй уншдаг.

Мөн хүүхдийн орчинд нь таарсан зохиолуудыг уншуулах хэрэгтэй байна. Учир нь одоогийн сурах бичиг нэг л стандартаар хэвлэгдсэн. Нийслэл болон орон нутагт өссөн хүүхэд уран зохиолыг мэдрэх мэдрэмж нь өөр өөр байдаг. Тухайлбал, Д.Нямсүрэн гуйн Дөрвөн цаг гээд шүлэгт “Сайхан” гээд олон мөртүүд байдаг. “Холоос гийчэн ирэх сайхан” гэдэг мөрт дээр нийслэлийн 97-дугаар сургуулийг сурагч “Холоос гийчэн ирэх юу нь сайхан байдаг юм. Шавар шавхай чирээд төвөгтэй шүү дээ” гээд уурлаж байгаа байхгүй юу. Яг үүн шиг морь мэдэхгүй хүүхдэд “Аранзал зээрд”-ийг ярихаар ойлгохгүй шүү дээ. Мөн хангай газар өссөн хүүхэд говийн хүүхэд шиг нарийн торгон мэдрэмжгүй байдаг. Тиймээс багш тухайн орчиндоо таарсан уран зохиолын сантай болсноор хүүхдүүдийн унших сонирхол нэмэгдэнэ. Мөн сонирхолтой байдлаар хичээлээ орох хэрэгтэй байна гэж хардаг. Тухайлбал, хүүхдүүдийн сонирхолд нийцүүлэн “Тик ток” ашиглах, подкаст хэлбэрээр сонсгох гээд олон арга байна. Ингэснээр хүүхдүүд уран зохиолын хичээлдээ дуртай болно. Мөн багш нар уран зохиолын хичээлийн цаг дээрээ тус хичээлээ л орох хэрэгтэй. Үүнийг сургуулийн зүгээс ч шаардах нь зүйтэй гэж боддог. Эдгээрийг хэрэгжүүлснээр уран зохиолын хичээл эрээд сэргэж эхэлнэ.

 

ЭЕШ БОЛ УРАЛДААНТ ШАЛГАЛТ

 

Жил бүр элсэлтийн ерөнхий шалгалтын дараа боловсролын үнэлгээний төвөөс статистик гаргадаг. Тэгвэл энэ тоо, баримтыг зарим нэг хүмүүс аймаг, сумаар нь жагсааж тэр аймаг монгол хэлдээ муу, математиктаа муу гэдэг зүйлийг бий болгодог. ЭЕШ бол массын сургалтыг хэмждэг зүйл биш. Уралдаант шалгалт. Гэтэл аймаг, сумдаар нь байр эзлүүлдэг болсноор хүүхдүүдийг ЭЕШ өгөх хичээлээр нь боож, хаадаг болгосон. Тодруулбал, хүүхдүүдийг гурваас дээш хичээлээр шалгалт өгөхийг хориглодог болсон. Мөн “Чи математиктаа муу байж шалгалт өгөх хэрэггүй. Сургуулийн оноо доош татна” гэх зэргээр багш нар ханддаг. Дээрх статистик тоо бол Боловсролын үнэлгээний газраас гаргаж буй тоо болохоос хэн нэгнийг үнэлэх албан ёсны үнэлгээ биш гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй байна. Харин ЭЕШ-аар өндөр оноо авсан оюутнуудад мөнгөн урамшуулал олгодог нь зөв. Харин сүүл мушигсаныг нь ур чадвараа сайжруул гэх зэргээр дарамт үүсгэдэг нь буруу.

Манай сургуулийн хувьд оюутнууддаа уран зохиол бол урлаг гэдгийг ойлгуулдаг. Гэтэл ажил дээр нөгөө л нэг хэв маягт шилжсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Монгол хэл илүү чухал гэж ойлгодог болчихсон байдаг. Саяхан манай сургуулийн багш нар Дорнод аймагт ажилласан. Тус аймгийн нэг сургуульд зургаан жил ажиллаж байгаа оюутантайгаа уулзахад уран зохиолыг ингэж ордог билүү. Бүр яаж ордог гэдгээ мартсан байна шүү дээ гэж байгаа юм. Учир нь ЭЕШ-ад бэлтгэхийн тулд уран зохиолын цаг дээрээ намтар хуулуулж үлдсэн цагт нь Монгол хэл ордог байсан.

Тиймээс манай тэнхимээс Монгол хэл бичгийн шалгалтад эзлэх уран зохиолын хичээлийн хувийг нэмэгдүүлэх тал дээр анхаарч байна. Тодруулбал, МУБИС-ийн НХУС-ийн утга зохиолын тэнхимийн багш нар Боловсролын үнэлгээний төвтэй хамтран 2018 оноос хойш монгол хэлний ямар ч шалгалтад уран зохиолын хичээлийн эзлэх хувийг нэмэгдүүлсээр байгаа. Удахгүй 25 хувьд хүргэнэ. Ингэснээр үндэсний бичгийн хичээл шиг ач холбогдол бүхий болох байх хэмээн найдаж байна. Эцэг, эх, багш нар уран зохиолын хичээлд анхаарч эхлэх байх.

Мөн уран зохиолын хичээлийн талаар ЭЕШ-ад оруулахдаа түүхийнх ч юм шиг асуулт оруулахаа болих цаг болсон. Арванхоёрдугаар анги төгсөж байгаа хүүхдүүд дараах 100 зохиолыг уншсан байхад л хангалттай хэмжээнд асуултууд оруулдаг болгохоор санал гаргаад явж байна. Ингэхдээ энэ аль зохиолын аль хэсэг вэ гэх зэргээр уншсан байхад л хариулж чадах хэмжээний асуултуудыг оруулах нь зүйтэй гэж үзсэн. Ингээд дээрх 100 зохиолыг уншсан хүүхэд номын амтанд орж, улам шимтдэг болно. 

 

ХҮҮХДИЙН НОМЫН СОНГОЛТ ДЭЭР АНХААРАХ ХЭРЭГТЭЙ

 

Монгол Улсын хэмжээнд бага ангийн сурагчдын дунд унших бичих чадварын судалгаа авахад маш муу үнэлгээтэй гарсан. Уншиж ойлгохгүй байгаа хүүхэд бичиж чадахгүй. Хүмүүс бодохдоо уншиж, бичих асуудлыг хэл бичгийн багш нарын асуудал юм шиг ойлгодог. Гэтэл математикийн өгүүлбэртэй бодлогыг бодохын тулд уншиж ойлгодог чадвартай байх ёстой шүү дээ. Тиймээс уран зохиол унших чадвар бол зайлшгүй анхаарах ёстой зүйл. Өнгөрсөн пүрэв гарагт унших бичигтэй болохыг сэргээх шийдвэр гарсан. Энэ бол маш зөв шийдвэр. Хүүхдэд хэрэггүй ном уншуулснаас огт уншуулаагүй байсан нь дээр гэж үг бий. Монголчууд бид ном унших дургүй юм уу гэхээр үгүй. Номын худалдаагаар эцэг эхчүүд хүүхдэдээ ном худалдаж авч өгөхөөр явж байгаа харагддаг. Гэтэл ямар ном худалдаж авах уу гэдэг дээр хүндрэл үүсдэг. Өөрөөр хэлбэл, сүүлийн үед үг ярианы баялаг ядмаг, хэт хэлбэрт анхаарсан зохиолууд их болсон. Өөрөөр хэлбэл, хэн зохиосон нь үл мэдэгдэх олон тоогоор хэвлэгдсэн үлгэрүүдийг сонгох бус албан ёсны буюу Шинжлэх ухааны академиас гаргасан эмхэтгэлийн түүвэр үлгэр авч өгөх нь зөв. Энэ нь найруулга, утга санааны хувьд авах зүйл ихтэй. Нөгөө талдаа уран зохиолын комик номууд орж ирж байна. Энэ нь богино өгүүлбэрээр, зураг дүрслэл ихтэй байдаг. Үүнийг дагаад хүүхдүүд урт ном унших дургүй болж байна. Тодруулбал, дан тексттэй номноос илүү үнэртэй, салхи сэвэлздэг, 3D зурагтай номд дуртай болж байна. Тиймээс ном үйлдвэрлэгч нар ч гэсэн үүнд анхаарах хэрэгтэй.

 

УРАН ЗОХИОЛ БОЛ УРЛАГ ГЭДГИЙГ ОЙЛГОХ ХЭРЭГТЭЙ

 

Хүний анхдагч хэрэгцээ бол дулаан байр, хоол байдаг. Тэгвэл яагаад хүн төрөлхтөн урлаг руу тэмүүлээд байдаг вэ гэхээр оюун ухаант хүн гэдгийг нь ялгаж өгдөг болохоор тэр. Сүүлийн үед бид уншихаа больж, сэтгэхээ больж байна. Уран зохиолын үүргийн тухай ярихаар нилээн өргөн цар хүрээг хамардаг. Фрейдийн онолын дагуу бол урлагийн хамгийн гол үүрэг бол хүний тархинд хуримтлагдсан зүйлсийг гадагшлуулах гол арга гэдэг. Бид яагаад аймшгийн кино үздэг вэ гэхээр тэр мэдрэмжийг авахын тулд байдаг. Түүн шиг уран зохиолын хичээл маань мэдрэмж авах хичээл байтал Ц.Дамдинсүрэн гуай хаана хэдэн онд төрсөн бэ гэдгийг мэдэхгүй сурагч бол муу сурдаг болж таараад байгаа юм. Өөрөөр хэлбэл, уран зохиолын хандлага, чиглэл маань буруу тийшээ хөгжиж байна гэсэн үг. Тэгвэл бид уран зохиол буюу урлагаараа дамжуулж Монгол хүний үнэт зүйл, үнэ цэнээ олж авах нь зүйтэй. Монгол үндэстний дархлаа бол уран зохиол. Уран зохиолын хичээл яагаад чухал вэ гэхээр өнөөдөр бид мэдээллийн хязгааргүй урсгал дунд амьдарч байна. Тэгвэл уран зохиол нь аливаа зүйлд дүн шинжилгээ хийх чадвартай болгодог. Өөрөөр хэлбэл, уран зохиол уншиж өссөн хүүхэд аль нь дайсан эсвэл сайн тал гэдгийг мэддэг болдог. Мөн аливаа зүйлд олон ургальч байдлаар хандах нь уран зохиолын хичээлийн гол зорилго. Түүнээс хэн хэдэн онд төрсөн, ямар шүлэг бичсэн зэрэг бол дараагийн асуудал юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 11. ДАВАА ГАРАГ. № 218 (7462)

 

энэ зөв санаачлага шүү, эх хэл гэдэг бол ямагт чухал гэдэгийг хүн бүр ойлгож мэдэх өөрийн чадах чинээгээрээ хамгаалах ёстой үүрэгтэй
ШААРДЛАГА

ШААРДЛАГА

18 цаг 12 мин
“Чингис хаан” нисэх онгоцны буудал дэлхийн “ТОП” буудлуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Агаарын хилийн боомт, Монгол-Японы хамтарсан “Чингис хаан” олон улсын

21 цаг 30 мин
П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компанийн хүмүүсийг хараарай, дандаа улстөрч байгаа

П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компаниудын хүмүүсийг хараарай, дандаа улстөрчид байгаа

23 цаг 59 мин
Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Өчигдөр 13 цаг 03 мин
Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй  хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Өчигдөр 13 цаг 01 мин
Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарч, 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай байлаа, үүний 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Өчигдөр 12 цаг 54 мин
Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Өчигдөр 11 цаг 42 мин
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

Өчигдөр 10 цаг 52 мин
Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Өчигдөр 10 цаг 41 мин
“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

Өчигдөр 09 цаг 54 мин