Ерөнхийлөгчийн “Тэрбум мод” санаачилгыг дэмжиж уриалга гаргасан МӨСТ сум

2024-11-08
Нийтэлсэн: Админ
 10 мин унших

Ц.ЭНХМАА

 

Ховд аймгийн Мөст сум. Улаанбаатар хотоос 1300-гаад км алс. Мөнх цаст уулсаар хүрээлүүлсэн байгалийн үзэсгэлэн өвч бүрдсэн нутаг.

Мөст сумын нэгэн гайхамшиг өвөрмөц тогтоцтой Шавагтын нуур. Сумын төвөөсөө холгүй, буйдхан хонхор дунд дув дугуйран байх тус нуурыг 300 гаруй жилийн түүхтэй гэж нутгийнхан ярих. Амин хайртай нуур, хүсэл биелүүлэх шидтэй, тахилгатай нуур гэх ажээ. Гаднаас ямар нэг тэжээл авахгүй хэрнээ яг л энэ хэмжээндээ оршсоор өнөөг хүрч. Харин сүүлийн хэдхэн жилд огцом багасаж, нуур эргээсээ 2-3 метр хумигджээ.

Нуурын зах элсгүй байсан, элстэй болсон. Хаанаас нүүдэллэж ирсэн бүү мэд. Элсний нүүдлийг хааж, мөнгөн аяга шиг нуураа тойруулан Мөст сумынхан мод тарилаа. Нутгийн нуураа л хамгаалж байгаа аминчхан үйл мэт боловч эх нутаг, байгаль дэлхийгээ хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх их ажлын эхлэл билээ.

Шавагт нуурыг Цэцэг нууртай холбоотой гэх домогтой. “Ард Аюуш” кинонд гардаг даа, Цэцэг нуурын дугуйлан гэж. Тэр нуур аж. Хоёр нуур 20 гаруй км зайтай ч хүйн холбоотой. Шавагт нуур луу холбоотой хоёр бяруу ороод Цэцэг нуураар гарч ирсэн гэдэг юм гэж нутгийнхан яриад Шавагт нуураа хамгаалахад Цэцэг нуур ч хамгаалагдана гэсэн итгэлтэй байна.

“Шавагт нуурыг хамгаалж эрэг дагуу нь тойруулан хашаа татаж, навчит болон хайлаас мод 1400 гаруйг тарилаа. Ирэх жил нөхөн тариалалт хийж үргэлжлүүлнэ. Манай компани сүүлийн үеийн технологитой.  Тухайлбал, хээрийн болон татмын ойжуулалт хийхэд дуслын систем ашигладаг. Нэг тн-ын ёмкост тавиад, шалаанк явуулж, мод болгонд ус дусаж байдаг технологийг энд хэрэглэнэ гэж “Ховд Сафари” компанийн захирал Ш.Түвшинбат ярилаа.

...Би энэ нутгийн унаган хүүхэд, Ховд аймгийн Мөст сумандаа төрж, өссөн. Сум маань Алтайн нурууны мөнх цаст дөрвөн оргилын дунд байгаа юм. Бид хэзээнээсээ Боорж голоосоо ундаалж ирсэн. Энэ сайхан мөнх цаст уулын салаа болгоноос горхи, булаг урсана. Баатрын нуруунаас эх авсан Мухрын гол, Цагаан бургасны гол Боорж голд минь нийлж, Цэцэг нуурт цутгадаг. Боорж голоор ачааны том тэрэг гарч чаддаггүй, суучихдаг байлаа шүү дээ. Одоо тэр булаг, горхинууд ширгэж, гол тачирхан, урсгал нь багасчээ. Мод тарьж байгаа энэ ажил байгаль дэлхий, хүн ардын сэтгэлийг сэргээхэд их чухал. Ургаад эхлэхэд нь иргэдийн сэтгэл тэнийж, сум, орон нутгийн үзэмж нэмэгдэнэ. Гол нь мод тариад хаячихдаггүй, арчилж тордож ургуулдаг нутгийн компани энэ төслийг хариуцаж, гүйцэтгэж байгаад тун талархалтай байна. Арчилгаатай нь хамт хийж байгаа энэ цогц ажил их үр дүнтэй болно гэж хөөрөн баясаж, сэтгэл их хөдөлж явна.

Манай сумын үе үеийн дарга нар мод тарих гэж оролдсон, ургасан нь ч бий, ихэнх нь ургаагүй. Арчилгаа дутсан уу, сэтгэл дутсан уу, технологи нь дутсан уу, мэдэхгүй. Тарьсан модоо арчилж тордоно гэдэг нялх хүүхэд асрах дүнгийн, хүүхдээ цэрэгт явуулах дүнгийн сэтгэл, халамж хэрэгтэй. Хашаа хороотой, устай газар, сэтгэлтэй газарт мод гэдэг эрдэнэс цэцэглэдэг, ургадаг юм байна гэдгийг Мөстийн Засаг дарга, манай Баасандоржийн тарьсан хэдэн гацуураас харагддаг. “Ховд Сафари” компани яг ийм сэтгэлтэй байгаад, Төмөрөө дүүгийн санаачилгыг миний нутгийн ард түмэн бүгд дэмжиж байгаад их баяртай байна гэж Улаанбаатар дахь Ховд аймгийн нутгийн зөвлөлийг төлөөлж энэ төслийн нээлтэд оролцсон Т.Лхагваа хуучлав. Нэг мод тарихад мянган зул барьсантай тэнцдэг гэдэг. 6000 гэдэг асар их мод доо. Цэцэглэсэн сайхан сум болоорой, энэ сайхан буян дэлгэрч явах болтугай гэж ерөөлөө.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Мөст сум нэгдэж, энэ намрын тариалалтын үеэр Шавагт нуур, Бооржийн гол, сум, орон нутагтаа мод тарилаа. Гол, нуурын эрэг дагуу цэвэрлэгээ хийлээ. Мод тарих хүсэлтэй иргэдэд жимсний суулгац тараалаа. Эх дэлхий, уул усаа аргадаж аргадах шашны үйл бас хийлээ.

“МӨСТ СУМАА ОЙЖУУЛЬЯ-ЭРҮҮЛ АГААР, ЦЭНГЭГ УС, ЭРҮҮЛ ХҮНС” төслийг Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Я.Төмөрбаатар санаачилж, сумын удирдлага дэмжиж, баялаг туршлагатай компани гүйцэтгэгчээр ажиллаж байна.

20 гаруй жилийн түүхтэй “Ховд сафари” компанийн үүсгэн байгуулагч Б.Лхамжав “Мод тарьж ургуулахад тэнгэр, газар дэлхий баярладаг буянтай ажил. Манай компани анх ямар ч усгүй, хатуу хөрстэй Зэрэг суманд мод тарьж байлаа. Тав, арвын бидоноор ус зөөнө, жилийн дараа худаг гаргасан. Одоо тус сумын  баруун хөвөөнд сайхан ногоон байгууламж бий болсон. Тарьсан модоо бие дааж амьдрах чадвартай болтол тордох чухал” гэв.

Мөст сумын Улаантолгой багийн дарга “Бидний тарьсан мод ургахгүй юм аа, та ургуулж чадах уу” гэж хандсан. Гурван жил дараалан тэнд мод тарьсан. Манай ойжуулагч, манаач маш сайн арчилсан. Мөст суманд мод ургах юм байна гэсэн итгэл өгсөн гэж байна. Байгаль орчны гавьяат ажилтан, ойжуулагч Б.Лхамжав гуайн тухай “Цөлжилтийг чөдөрлөгч” гэж хөрөг нэвтрүүлэг арваад жилийн өмнө хийснийг үзэж бахархахын сацуу цөлжилтийг чөдөрлөх ээжийнхээ үйлсийг үргэлжлүүлэхээр төрийн ажлаа орхиж, компаниа удирдан буй хүүгээр нь бахдав. Охин Ш.Түвшингэрэл мөн л компанидаа менежер хийж, дүүгийнхээ дутууг гүйцээж дундуурыг дүүргэн арын албыг нь бат даадаг ажээ. Тэд энэ хугацаанд 6000 орчим га-д ойжуулалт хийж, хоёр сая гаруй мод тарьж ургуулжээ. Мод үржүүлгийн талбай нь навчит, шилмүүст, гоёлын, жимснийх гээд 500 гаруй мянган модны нөөцтэй. Ховд аймгийн Зэрэг, Мөст, Буянт, Мөнххайрхан, Эрдэнэбүрэн зэрэг 17 сум, Баянхонгорын Богд, Өвөрхангайн Арвайхээр, Дорнодын Баяндун, Дорноговийн Хатанбулагт гэхчлэн монгол орноо ойжуулахад хөрөнгө оруулалт хийж яваа. Орчин үеийн шийдэл, шинэ технологиос гадна чин сэтгэлтэй ажилчдынхаа хичээл зүтгэлээр тарьж ургуулдаг. Тус компани иргэдэд мод хэрхэн тарьж ургуулах, арчлах талаар сургалт хийлээ. Ойн инженер Ч.Гантуяа гэж залуу бүсгүйн сургалтаас “Үндэс томтой мод ургах чадвар илүү. Намар тарьсан мод хавар тарьснаас давуу талтай, ургана. Хавар, намрын цэнэг усалгаа сайн хийгээрэй, 40-60 литр усаар услаарай” гэсэн зөвлөгөө тод үлджээ. “Мод бол барилга байшингаас том хөрөнгө оруулалт гэж ярих Түвшинбат захирал “За Бааска дарга аа, Шавагт нуур, Боорж голын дагуу тарьсан модыг арчлах хоёр хүн олж өгөөрэй. Бид цалинжуулна, нийгмийн даатгалыг нь төлнө. Модонд хайртай, туршлагатай, сэтгэлтэй хүн хэрэгтэй шүү” гэж захих ажээ.

Өндөр уул шигээ нөмөртэй, нутгийн цөлх өвгөдийн ярих нь... Дээхэн үед бороо шивэрч ордог байлаа. Одооны бороо ус ихтэй, ширүүн орно гэж. Хувингаар асгаж байгаа юм шиг л цутгадаг болсон. Шингэж амжихгүй үер болж байна. Манай нутагт тошлой, сонгино ихтэй битүү ургадаг. Нүүдэл дунд хоолны сонгиноо түүчихдэг, одоо байхгүй. Мөнх цаст уулсын цас багасаж байна. Уур амьсгалыг зөөллөх, бороо хур нэмэгдүүлэхэд энэ мод тарих ажил нааштай байх болов уу. Манайх өндөр уулын фён салхи ихтэй, ус, хөрс муутай. Гэсэн ч мэргэжлийн энэ хүүхдүүд ургуулах байх гэсэн хүлээлттэй байна.

Ерөнхийлөгчийн санаалчилсан “Тэрбум мод” хөдөлгөөн өрнөснөөр аймаг, сум бүрд, байгууллага, аж ахуйн нэгж болгон, иргэн бүр мод тарьж, арчлах сан гэдэг болжээ. Энэ бол том дэвшил. Байгаль хамгаалах ажилд иргэдийг уриалсан том хөрөнгө оруулалт юм. Ховд аймаг “Тэрбум мод” хөдөлгөөнд нэгдэж 2030 он гэхэд 20 сая мод тарьж ургуулах амлалт авсан, хоёр сая гаруйг нь тарьсан.  Мөстөд 40 гаруй мянган мод тарьсан статистик байна.

“Мод тарих, арчлах сургалт хийж байгаа нь зүйтэй. Сургалт, мэдлэг арга зүйгүйгээр үр дүн гарахгүй. Иж бүрэн, цогцоороо явж байгаа нь Мөстийн төсөл амжилттай хэрэгжихийн үндэс” гэж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, Усны газраас төлөөлж төслийн нээлтэд оролцсон албаны хүмүүс ярилаа. Бороо хуртай өдрийн тоо багасаж, шуургатай, салхитай, хэт халуун өдрийн тоо нэмэгдлээ. “Арга хэмжээ авахгүй бол болохгүй нь ээ” гэж байгаль өөрөө дохио өгөөд байна.  Цөлжилт гэгч “мангас” монгол орныг, ялангуяа, говийн болон баруун бүс нутгийг залгих нь ээ. Монголын газар нутгийн 70-аас дээш хувь цөлжилтөд өртөхөөр боллоо гэсэн судалгаа гарч. Энэ өөрчлөлтийг энэ эрчээр нь явуулбал бүр эрчимжинэ. Цөлжилтийг бууруулах хамгийн гол  зам бол мод тарих, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх билээ.

Байгалиа хамгаалах төсөл санаачилж, мод тарьж, гол нуураа цэвэрлэж, цөлжилтөөс сэргийлэх ажилд төрсөн нутгийнхантайгаа нэгдэж байгаадаа баяртай байна гэж Я.Төмөрбаатар зөвлөх ярилаа. Байгаль дэлхийдээ хайртай, сэтгэлтэй хүмүүс олон байвал нутаг орон минь цөлжилтөөс аврагдах боломж байна. Хүний амьдралдаа заавал хийх ёстой үйлийн нэг нь мод тарих. Нэг мод тарихад мянган зул өргөсөнтэй тэнцэнэ гэдэг. Тиймээс Ховд аймаг, Мөст сумынхан Монгол Улсынхаа 21 аймаг, 330 сумын нутгийн зөвлөлд “Нутаг орондоо мод тарьцгаая” гэж уриалж буйг тэр мэдэгдлээ. Айл өрх, албан байгууллагууд тэмдэглэлт өдрөөрөө, ангийн найзууд уулзалтаараа, аймаг, сум ойгоороо мод тарьж хэвшье. Эх дэлхийнхээ төлөө, үр хүүхэд маань амьдрах энэ сайхан нутаг орондоо мод тарьцгаая, түүх бүтээе. Нутаг нутгийн зон олон, бизнесмэнүүд энэ санаачилгыг дэмжээрэй гэж тэрбээр уриалж байна.

Мөст сумын иргэд мод тарих чин хүсэлтэй байна аа, илт. Жимсний мод авлаа, нүхээ ухаад бэлдчихсэн. Одоо очоод шууд суулгана. Цэнэг усалгаа хийнэ. Манайх хашаандаа чацаргана голдуу 400-гаад модтой. Ковидын жилээс тарьж эхэлсэн дээ. Чацарганаа түүгээд борлуулж байгаа гэж А.Чулуунбаатар бардам ярилаа.

Б.Одонцэцэг “Манай төгсөлтийнхөн уулзалтаараа мод тарьж, цэцэрлэг байгуулсан. Сумандаа байгаа тул арчлах үүрэг нь надад оногдсон. Төгсөлтийн уулзалтаараа модоо эргэж, дурсамжаа ярьж уулздаг” гэлээ.

Мөст сумын Засаг дарга С.Баасандорж гэж бас мод тарих, модонд хайртай хүн байна. Тэр “Мөст сумандаа анх удаа шилмүүст мод тарьсан, 2015 онд. Сумын Засаг дарга байлаа. Тамгын газрынхан оролцоод уулнаас бор шороон хөрс авчраад, хашлага хийж тарьсан. Одоо мод маань надаас өндөр болжээ. Мод ургана гэсэн итгэлийг олон хүнд өгч байгаа юм. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэж. Засаг даргын ажлаа өгсөн хугацаанд моддыг маань услахгүй байх шиг хар төрөөд, ус зөөж ирж усалдаг байсан. Дахин Засаг даргаар сонгогдоод сэтгэл амар усалж байгаа” гэж мод авахаар Соёлын төвийн гадаа цугласан олноо хөгжөөж харагдав. Сумын төвд Бааска даргынх гэж овоглосон 10 гаруй гацуур байх ажээ. Гацуурынхаа дэргэд гоёлын мод тариулах хүсэлтээ “Ховд сафари” компанийн ойн инженерт уламжилж, Ч.Гантуяа инженер монос тарьж өгөөд буцжээ. “Засаг даргыг ...Монос цэцэглэх цагаар би чамтайгаа...гэж дуулаад алхаарай” гэж захиад явсан хэмээн гэж зарим хүн хачир нэмэх.

Тийм ээ, тарьсан мод бүхэн түүхтэй, дурсамжтай.

Эмнэлэгт удаан хэвтсэн аав минь гэнэт “Эмнэлгээс гараад зусландаа очъё” гэхэд нь би гайхаж билээ. “Хэдэн модоо хармаар санагдаад байх юм” гэсэн нь санаанаас гарахаа байжээ. Олон жил олон мод тарьсан, их зүтгэсэн, ашгүй сүүлийн жилүүдэд модод нь сайхан ургаж байгаам. Аав минь таягаа тулан явж моддоо нэг бүрчлэн “шалгаад” сэтгэл нь амарсан сан. Мод эзнийхээ сэтгэлд үр хүүхдүүдээс нь дутахааргүй том орон зай эзэлдэг юм билээ. Мод амьтай гэж бодохдоо тарих гэж зүтгэж, хичээж буй Мөст сумынхнаар бахархан байснаа энд тэмдэглэн үлдээе. Уншигч Та ч гэсэн мод тариарай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 8. БААСАН ГАРАГ. № 217 (7461)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

19 цаг 14 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

20 цаг 53 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Өчигдөр 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Өчигдөр 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Өчигдөр 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Өчигдөр 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Өчигдөр 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Өчигдөр 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Өчигдөр 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Өчигдөр 14 цаг 13 мин