Э.Болормаа: Халзан бүрэгтэйн ордыг ашиглах асуудлыг стратегийн түвшинд ярьж шийдэх ёстой

2024-11-01
Нийтэлсэн: Админ
 10 мин унших

Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

УИХ-ын гишүүн Э.Болормаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Халзан бүрэгтэйн ховор металлын ордыг ашиглах төслийн үйл ажиллагаа Ховд аймагт нэлээд эрчимжиж байна. Хайгуулын ажлыг эхлүүлэх дээр та ямар байр суурьтай байна вэ. Энэ талаар яриагаа эхэлье?

-Ховд аймгийн Мянгад суманд байрлах Халзан бүрэгтэйн ордын хайгуулын үйл ажиллагаа нэлээд идэвхжиж байгаа гэсэн мэдээлэлтэй байна. Би аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа багагүй хардалт, сэрдэлтэд өртөж байсан. Гэсэн ч иргэд олон нийтийнхээ эрх ашгийн талд зогсож ирсэн.

Одоо ч энэ итгэл үнэмшил минь хэвээрээ байна.  Өнгөрсөн хугацаанд энэ ордтой холбоотой жагсаал цуглаанд оролцож, иргэдийнхээ байр суурийг сонсож, аймгийн онцгой комиссын шийдвэрээр ордын хайгуулын ажлыг зогсоож байсан.  Гэвч тэр шийдвэр маань шүүх дээр очоод унасан.  Ингээд Засгийн газрын түвшинд асуудлыг тавьж, үйл ажиллагааг нь зогсоосон байдаг.   Харин намайг Засаг даргын ажлыг өгснөөс хойш энэ ордын хайгуулын ажил нэлээд хурдацтай сэргэж байх шиг байна.   Энэ асуудлаар салбарын сайд Ц.Туваанд асуулга тавьсан.  Газрын ховор элементийн хайгуулын асуудал дээр салбарын яам нэн тэргүүнд бодлогоо тодорхой болгож оруулж ирэх ёстой. Түүнээс биш Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр дээр байгаа “Газрын ховор элементийг бодлогоор дэмжинэ” гэсэн ганц өгүүлбэрээр төслийг явуулж болохгүй л дээ.  Бодлогоор дэмжих асуудал тодорхой байх ёстой.  Энэ төрлийн төсөл хэрэгжсэнээр ямар эрсдэлтэй юм.   Газрын ховор элементийг дагаад цацраг идэвхт бодис ялгардаг нь үнэн юм уу.  Энэ нь үнэн бол төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс эрсдэлээ яаж тооцсон юм.   Энэ төсөл Мянгад суманд, Ховд аймагт,  Монгол Улсад ямар хувь нэмэр оруулах юм. Газрын ховор элемент гэдэг алт, нүүрс, зэс, уран ч биш. Тэгэхээр төрийн оролцоо энэ төсөлд яаж явах юм.   Энэ мэтчилэн эрсдэлтэй асуудлууд болон төслийн үр өгөөжийг тодорхой болгох хэрэгтэй. Үүний дараа бид нэгдмэл байр суурьтай болно. Түүнээс биш хотод байгаа хэдэн хүмүүс нь тэр төсөл явах ёстой гээд хөдөө эсэргүүцэж байгаа хүмүүсийг харанхуй бүдүүлэг мэтээр харж болохгүй.  Нутаг усандаа эзэн болоод сууж байгаа хүмүүсийн байр суурийг заавал сонсож, үр өгөөж нь хэнд, яаж очих нь маш тодорхой байх ёстой. Миний байр суурь ийм л байгаа.  Ер нь өнгөрсөн 30 жилийн хугацаанд байгалийн баялгаас цөөн хэдэн хүн хүртэж, баяжиж байгааг улсаараа харж байна.  Үүнтэй тэмцэх гэж Засгийн газар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталж, реформыг ч эхлүүлсэн гэж ойлгож байна.

- Тэгэхээр газрын ховор элементийг ашиглах бодлогоо тодорхой болгочихвол төслийг явуулж болно гэсэн үг үү?

- Энэ бол стратегийн хэмжээний орд учраас асуудал нь стратегийн түвшинд яригдах ёстой.  Түүнээс биш хэзээ яаж лицензээ авсан нь тодорхойгүй хувийн хэвшлийн нэг компаниар хязгаарлаж, асуудлыг явуулж болохгүй. Төслийг эхлүүлээд өөрсдөө үр өгөөжөө хүртээд ард иргэд эрсдэлийг нь үүрээд үлддэг жишээ олон бий.  Газрын ховор элементтэй холбоотой төрийн бодлогыг тодорхой болгох шаардлагыг би Засгийн газрын холбогдох яаманд хүргүүлсэн. Байнгын хорооны хурлын үеэр Ц.Туваан сайдад хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тэгэхээр цаашид Халзан бүрэгтэйн ховор металлын ордыг ашиглах асуудалд бодлого боловсруулж хэрэгжүүлэх нь чухал.  Түүнээс биш “Газрын ховор элементийг бодлогоор дэмжинэ” гэдэг ганц өгүүлбэр дээр дөрөөлж энэ төсөл хэт яаран зүтгүүлэх учиргүй.  Ер нь цаашдаа эдийн засгийн үр өгөөжтэй гээд л бүх төслүүдийг заавал явуулна гэдэг ойлголт байж болохгүй. Байгалийн баялаг бол зөвхөн одоо цаг үед амьдарч бидний өмч ч биш. Ирээдүй хойч үеийн ч гэсэн өмч шүү дээ.  Тэгэхээр бид байгалийн баялгийг ашиглах асуудалд маш нухацтай хандах ёстой.

-Засгийн газраас ирэх жилүүдэд 14 мега төсөл хэрэгжүүлнэ гэдгээ зарлаад байна.  Энэ төслүүд дээр та ямар байр суурьтай байна вэ?

-14 мега төслийг бүгдийг нь улсын төсвөөс санхүүжүүлэх боломжгүй.  Төр хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар, гадаадын хөрөнгө оруулалт, зээл тусламжаар хэрэгжүүлнэ. Одоогоор 14 төслийн санхүүжилтийн эх үүсвэр тодорхой болсон нь ч байна. Тодорхой болоогүй төслүүд ч бий.  Ер нь хүмүүс ярьж, шүүмжилдэг л асуудал шүү дээ.  Төсөв мөнгөө ингэж олон зүйл рүү тарамдаж байхаар нэг үйлдвэр бариач ээ гэдэг.  Улс орон үйлдвэржих ёстой. Эдийн засгийн хувьд дараагийн шатанд гарах ёстой. Яг энэ үзэл баримтлалуудыг шингээсэн төслүүд орж ирсэн. Тухайлбал, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Эгийн голын усан цахилгаан станц, Нефть боловсруулах үйлдвэр, Гангийн үйлдвэр гэт мэтчилэн стратегийн чухал ач холбогдолтой төслүүд багтсан. Миний хувьд дэмжиж байгаа.

- Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барих асуудалд та өнгөрсөн хугацаанд нэлээд идэвхтэй ажиллаж ирсэн.  Ер нь ажлын явц ямар байгаа вэ?

-Монголын талаас хийгдэх ёстой ажлууд ерөнхийдөө болсон.  Засгийн газраас өгсөн мэдээллээр энэ оны сүүлч гэхэд хоёр орны хамтын ажиллагааны бүх шаардлагатай баримт бичгүүдэд гарын үсэг зурагдана гэж ойлгосон.  Орон нутагт гэхэд нүүлгэн шилжүүлэх арга хэмжээнүүдийг авч, Засгийн газраас нөхөн төлбөрүүдийг олгосон. Бэлтгэл ажил ер нь хангагдсан гэж ойлгож болно.

-Удахгүй парламент ирэх оны төсвөө батална. Төсөв тойргийн хуваарилалт ярихгүй том төслүүдээ явуулна гэсэн гол концепцтэй орж ирсэн. Гэвч хэлэлцүүлгийн явцад гишүүдэд мөнгө хуваарилах санал орж ирсэн гэж ойлгосон. Та ямар мэдээлэлтэй байна вэ?

-Би тойргийн мөнгө гэдгийг эрс эсэргүүцэж байна. Үүнийг нь л засах гэж парламентын сонгуулиа холимог тогтолцоогоор явуулж, 126 гишүүнтэй болсон. 76 гишүүн төсвөө хувааж аваад тойргоо тойглодог бус бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж, жалга довын үзлээсээ салъя гэсэн ийм зорилтыг дэвшүүлсэн.  Одоогийн парламентын 126 гишүүний 81 нь буюу 64 хувь нь анх удаагаа сонгогдсон гишүүд байна.  Тойргийн санхүүжилт гэдэг зүйл зарим тойрогт эерэг зүйл авчирсан байж болно.  Үүнийг би үгүйсгэхгүй.  Гэхдээ ямар сөрөг талтай вэ гэдгийг аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа биеэрээ мэдэрсэн. Хаанаас ч юм гишүүний төсөв гэдэг зүйл орж ирээд л өөрөө хувиасаа, халааснаасаа гаргаж байгаа юм шиг машин техник, компьютер тараадаг. Энэ бодлогын түвшинд болохгүй асуудал. Яагаад гэхээр УИХ-ын гишүүн бол төсвийн ерөнхийлөн захирагч биш.  Төсвийн зарцуулалтын бодлогын яамд, салбарын сайдууд, аймаг, дүүргийн Засаг нар хариуцдаг.  Монгол Улсын хэмжээнд бид төсвийн буруу төлөвлөлтөөс болж, шаардлагагүй газар нь хоёр сургууль барьж байна. Энэ төсвөөрөө өөрийн тойрон хүлээгчид, нам дагасан хүмүүстэй тендер өгдөг ч юм уу.  Ийм буруу жишигтэй явж ирсэн.  Үүнээс нэн тэргүүнд салах хэрэгтэй.   Одоо ч аливаа оролдлогуудыг хийж байна. Гэхдээ шинэ, залуу гишүүд минь тэр бүхнийг дуу нэгтэйгээр эсэргүүцэж байна. Өмнө нь олон жил  тогтож ирсэн тойргийн мөнгөний асуудлыг зогсооно гэдэг чамлахааргүй шинэчлэл юм даа. Одоо төсөв батлагдтал бид маш няхуур байж, хяналтаа сайжруулах ёстой. 

-Шинээр сонгогдсон гишүүд асуудлыг янз бүрийн түвшинд гаргаж тавьж байна. Та саяхан нийгмийн даатгалын дарамт, тансаг хэрэглээний татварын асуудлыг хөндөж, Сангийн сайдад асуулга хүргүүлж байсан.  Ер нь аливаа асуудлыг ярьдаг, үр дүн хэр байна вэ?

-Нийгмийн даатгалын шимтгэлийн дарамт, татварын шударга тогтолцооны асуудлыг ярих ёстой юу гэвэл ярих ёстой. Иргэд болон аж ахуй нэгж дээр татварын асар их дарамт байгаа нь үнэн шүү дээ. Мөн тансаг хэрэглээний татварын бодлогыг хэрэгжүүлэх цаг хугацаа нь болсон байна. Ер нь би Засгийн газрын татварын реформыг хангалттай хэмжээнд байна гэж харахгүй байна. Татвар гэдэг бидний хамгийн том бодлогын хэрэгсэл. Нэг төрлийн орлогын дахин хуваарилалт шүү дээ.  Эдийн засгийг бараг бүхэлд нь уул уурхайгаас хараат байна гэдэг.  Экспортын 80-90 хувийг уул уурхай эзэлдэг.  Манай төсвийн орлогын 31 хувийг уул уурхайн салбар бүрдүүлж байна. Гэтэл татварын орлогын 20 гаруй хувь нь НӨАТ-аас орж ирж байгаа шүү дээ.  Бараг л уул уурхайтайгаа дүйцэхүйц байгаа биз. Ийм байж болох уу. Энэ шударга татварын систем мөн юм уу.  Үүнээс татварын дарамтыг хэн үүрээд байна вэ гэдэг нь харагдаж байна.  Тэгэхээр татварыг авах ёстой газраас нь авч, хөнгөлөх ёстой газраас нь хөнгөлөх ёстой.  Энэ бол дэлхийн аль ч капиталист улсын татварын  системд байдаг тогтолцоо. Татварын систем өөрөө хэзээ ч төгс байдаггүй л дээ. Дандаа л сайжруулах шаардлагатай байдаг. Тэгэхээр миний хувьд татварын шинэчлэлийг хойшлуулшгүйгээр хийх ёстой гэж үзэж байна. Тухайлбал, ухаалаг татварыг бид нэвтрүүлэх цаг үе болсон.

Эрүүл мэндийн даатгалын сан өртэй байна, дампуурах гэж байна гэдэг зүйлийг яриад байгаа. Тэгвэл архи тамхины зохисгүй хэрэглээг хязгаарлаж, татварын бодлого хэрэгжүүлж болно.  Импортын архи, тамхинаас татвар авч энэ мөнгөө Эрүүл мэндийн даатгалын санд оруулъя л даа. Зам засварын мөнгийг зам ашиглаж байгаа хүмүүс нь өгдөг байя. Түүнээс биш алхдаг, дугуй унадаг хүн энэ төрлийг татвар төлөх шаардлагагүй шүү дээ.  Бусад оронд шатахууны хэрэглээнээс нь хамаараад зам ашигласны татвар авдаг. Яг үнэндээ шатахуун их авч байгаа хүн зам их ашиглаж байгаа шүү дээ.  Энэ мэтчилэн татварыг илүү ухаалаг болгох шаардлагатай. Тэгэхгүй нэг сав руу л бүх мөнгөө хийгээд эргээд тэр савнаасаа бүх мөнгөө гаргаад байвал сайжрахгүй.  Татварын шинэчлэлийг би илүү зоригтой, илүү ухаалаг хийгээсэй гэж хүсэж байна.  Мэдээж сайжирч, алхам алхмаар урагшилж байгаа асуудлууд бий.  Гэхдээ хамтарсан Засгийн газар зоригтой өөрчлөлтүүдийг хийнэ гэсэн учраас бид дэмжсэн.  Тэр чинээгээрээ зоригтой төсвийн шинэлчлэлүүдийн алхмуудыг хийгээсэй гэж үүн дээр байр сууриа илэрхийлж байгаа юм.

-Та тансаг хэрэглээний татварын асуудлыг хөндөж байсан.  Ер нь энэ төрлийн татварын бодлого манайд яаж хэрэгжиж байсан юм бэ?

- Өнөөдөр Монгол Улсад бага орлоготой иргэн дээр татварын дарамт илүү өндөр байна. Өндөр орлоготой хүмүүс дээр илүү олон боломж, гарц гаргалгаа байгаад байдаг.  Тухайлбал,   Хөрөнгийн эзэн маань автомашинаа, үл хөдлөх хөрөнгөө компанийн нэр дээрээ бичүүлээд компанийн зарлага мэт бичилт хийж байна. Цаашлаад аж ахуй нэгжийн орлогын албан татвараасаа хасуулчхаж байна гэсэн үг. Тэгэхээр татварын дарамт нь бараг хасах руу орчиж байгаа биз.  Эдийн засагт хөдөлмөрийн өгөөж, хөрөнгийн өгөөж гэсэн хоёр ойлголт бий. Манай улсад хөдөлмөрийн өгөөж нь хөрөнгийн өгөөжөөсөө нь бага байгаад байна. Бид хөдөлмөрлөж байгаа хүмүүсээсээ л татвар аваад байна. Хөрөнгөнөөс ч тэр чинээгээрээ татвар авах ёстой шүү дээ. Хөрөнгө ч гэсэн нийгмийн харилцаанд орж л байдаг.  Ингээд ярихаар баячуудыгаа үзэн ядаж байна гэж өрөөсгөлөөр ойлгоод байдаг. Үгүй юм. Энэ бол нийгэм тэгш, шударга хөгжих суурь бодлого шүү дээ. Иргэн баян бол улс баян.  Гэхдээ үүн дээр шударга татварын систем байж иргэд баяжих боломжийг нээх ёстой. Зөвхөн баячууд нь баяждаг, бусад нь татварын дарамтнаас болж баяжих боломжгүй нийгэм байж болохгүй. Төсвийн орлогын 31 хувийг уул уурхай бүрдүүлээд 20 гаруй хувийг  НӨАТ бүрдүүлнэ гэдэг миний хувьд шударга биш.  Иргэдийн түгээмэл унаж амьжиргаагаа залгуулдаг “Зruis” автомашин дээр тавьдаг татвар “Land-300” дээр тавьдаг татвараас өндөр байна шүү дээ.  Энэ тэгээд шударга юм уу.  Тэгэхээр илүү шударга, ухаалаг татварын бодлогыг хэрэгжүүлж байж бид шударга нийгэм бүтээх ёстой гэж харж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 1. БААСАН ГАРАГ. № 212 (7456)

 

bas neg hurgan pop
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

1 цаг 8 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

5 цаг 28 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

5 цаг 32 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

5 цаг 41 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

5 цаг 46 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

5 цаг 58 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

6 цаг 0 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

6 цаг 21 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

6 цаг 23 мин
Н.Хангайцэцэг: Дахин ашиглахгүй бол Монгол Улс усны хангамжаа нийлүүлж чадахгүйд хүрнэ

Энэ удаагийн “Start up” буландаа бохир усыг цэвэршүүлэн дахин ашиглах төслийг хэрэгжүүлж буй “Түмэн амгалан ордон” ХХК-ийн Төслийн менежер Н.Хангайцэцэгтэй ярилцлаа.

14 цаг 37 мин