Авто замчид 95 жилийн ойгоо тэмдэглэв

2024-10-28
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

Монгол Улсад авто замын салбар үүсэж хөгжсөний түүхт 95 жилийн ой энэ онд тохиож байна. Зам дагаж хөгжил ирнэ гэдэг. Энэхүү түүхэн хугацаанд нийслэлийг 21 аймагтай саадгүй зорчих 10 мянга орчим км авто зам, 17 мянга орчим урт метр төмөр бетон гүүрийг улсын төсөв, гадаадын зээл, тусламж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулсан нь улс, орны нийгэм эдийн засгийн хөгжлийг хурдасгахад чухал нөлөө үзүүлсэн нь дамжиггүй. Манай орны алсдагдсан аймгууд авто замд холбогдоогүй үед иргэд 2-3 хоног явж нийслэлд ирдэг байсан. Энэ дурсамжийг өгүүлэх тээврийн жолоочид, замчид өнөөдөр 95 жилийн ойгоо тэмдэглэж хөл газар хүрэхгүй баярлан сууна. Ойн арга хэмжээний нээлт өнгөрөгч Баасан гарагт Монгол Улсын авто замын сүлжээний эхлэл цэг дээр хүндэтгэл үзүүлснээр эхэлсэн юм. Нээлтэд Зам тээврийн яамны Авто замын бодлого, зохицуулалтын газрын дарга Ч.Сугармаа, Монголын авто замчдын холбооны ерөнхийлөгч З.Батбаяр, Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын захирал Х.Пүрэвжаргал болон авто замын салбарын үе үеийн ахмадууд, салбарын хөгжилд хамтын хүчээр бүтээн байгуулалтыг цогцлоож буй төр, хувийн хэвшлийн түншлэгч байгууллагууд, аж ахуйн нэгж, инженер, техникийн ажилтан албан хаагч нар  хүрэлцэн ирсэн байв.

Улмаар ойн баярын хурал “Корпорэйт конвеншн центр”-т  үргэлжилж, ажил үйлсээ дүгнэсэн, алс хэтээ төлөвлөсөн ажил хэрэгч байдлаар үргэлжилсэн юм. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан баярын хуралд илгээсэн мэндчилгээндээ “Хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Бүсчилсэн хөгжлийн бүтээн байгуулалтыг дэмжиж, эдийн засгийн дэд бүтцийг байгуулах зорилтын хүрээнд “Шинэ сэргэлтийн таван тойрог” төслийг хэрэгжүүлж, таван босоо, гурван хэвтээ тэнхлэгийн авто замын олон улсын коридорыг байгуулж, аймгийн төвүүдийг хооронд нь болон ойролцоох хилийн боомттой холбох, аялал жуулчлалыг хөгжүүлэх 4440 км хатуу хучилттай авто зам барих томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн” гэдгийг дуулгалаа. Мөн Монгол Улсын Засгийн газраас анх удаа 2025 оны төсвийг бүсчилсэн хөгжил рүү чиглүүлэн боловсруулж, эдийн засгийн өндөр ач холбогдолтой дэд бүтцийн томоохон төслүүдэд хөрөнгө оруулалт хийхээр УИХ-д өргөн барьсан.

Энэ ажлын хүрээнд эдийн засгийн ач холбогдолтой томоохон авто зам болох Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын эдийн засгийн коридор, Азийн авто замын сүлжээний АН-3 чиглэлийн тээвэрлэлтийн хамгийн өндөр үр ашигтай хэсэг болох Хөшгийн хөндий-Налайх-Чойр-Замын-Үүд чиглэлийн тусгай зориулалтын авто замыг төр- хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлнэ” гэдгийг цохон тэмдэглэлээ. 

Ирэх таван жилд авто замчид  “Шинэ сэргэлт” болон “Боомтын сэргэлт”-ийн хүрээнд 21 аймаг 330  сумаа хооронд нь авто замаар холбох өргөн их бүтээн байгуулалтын жилүүд байна гэдгийг онцолж байна. Баярын хуралд авто замын салбарт ажил амьдралаа зориулсан ахмад үеийнхэн, бүтээн байгуулалтын их ажлыг ид цогцлоож буй дунд үеийнхэн, ирээдүйд авто замын салбарт хүч түрэн орж ирж улс орны хөгжлийг түүчээлэх оюутан залуус, инженер техникийн мэргэжлийг сонирхон сонгож буй ахлах ангийн сурагчид гээд өнөр олуулаа  хүрэлцэн ирсэн байв.

ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд

Баярын хурлын эхэнд “ Хамтарсан Засгийн газрын шийдвэр бүсчилсэн хөгжлийн суурийг тавьж, аймгийн төвүүдийг хооронд нь болон хилийн боомтуудтай холбохын тулд ирэх дөрвөн жилд 4440 км орчим авто зам барихаар төлөвлөсөн. Үүнээс ирэх жил зүүн бүсэд 865 км орчим авто замын төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа” гэдгийг  ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд хэлсэн юм. Түүнчлэн бүтээн байгуулалтын ажлыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд Монгол Улсын Засгийн газрын зүгээс төр-хувийн хэвшлийн түншлэлийг онцгойлон анхаарч дэмжин ажиллана гэдгийг ЗТЯ-ны Зам тээврийн яамны Авто замын бодлого, зохицуулалтын газрын дарга Ч.Сугармаа тодотгон хэллээ. 

Хөдөлмөрийн баатар Н.Лхагвадорж

Зам, гүүрний  тухай буюу Монголын авто замын салбарын түүхийг ярихад хамгийн эхэнд ой тойнд буудаг хүн бол Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Лхагвадорж юм. Автозам хэмээх улсын хөгжил, дэд бүтцэд хэрхэн анхааран ажиллаж байгааг харуулдаг том салбараас 95 жилийн хугацаанд гурван баатар төрсний хоёр дахь нь Н.Лхагвадорж. Ойн баярын үер түүний сэтгэгдлийг сонсон юм. Тэрээр “Юуны өмнө авто замын салбарын ойн баярын мэндийг бүх замынхандаа өргөн дэвшүүлье. Би энэ салбартаа 54 жил ажиллаж байна. Манай компани өнөөдөр Хэнтий аймгийн Хэрлэн гол дээр 265 км гүүрний бүтээн байгуулалтын ажлыг хийсэн амжилтаар ойгоо угтаж байна. Манай салбар техник, технологийн дэвшлээр хурдтай хөгжиж байна. Тухайлбал, анх бидний  хэрэглэж байсан хэмжих багаж сүүлийн үеийнхээр солигдож маш нарийвчлалтай болж ирсэн. Ингэснээр зам, гүүрний чанар сайжирч байна. Мөн тухайн үед модон гүүрний барилгын бэлдцийг хөрөө, сүх барин бид өөрсөө бэлтгэж барьдаг байв. Тэгвэл одоо бэлэн бэлдцээр барьдаг болсон. Түүнчлэн бетон гүүр барихад 4-5 метрийн худаг нь суурийг  хийхдээ усыг нь соруулж улмаар нь дотор нь орж хүрзээр шороог нь хийж кранаар өргөж гаргах байдлаар гар аргаар хийдэг байлаа. Өнөөдөр том техникээр өрөмдөгдөн суурьтай гүүр хийдэг болсон. Энэ бол авто замын салбарын хөгжлийн дэвшил” гэлээ.

ШУТИС-ийн оюутан Б.Энхмэнд

Мөн энэ үеэр гүүрний инженер мэргэжлээр амжилттай суралцан төгсөж буй ШУТИС-ийн оюутан Б.Энхмэндтэй уулзсан юм. Тэрээр “ Би II курст байхдаа Солонгос улс руу явах завшаан тохиосон. Гүүрийн бүтээн байгуулалтыг хараад гайхаж байсан. Хан мөрнийг дагаад хэдхэн метрийн зайд маш олон гүүртэй байсан. Өөрөөр хэлбэл, гүүрэн барилгын сүлжээ нь хэдэн давхар. Тойрог хэлбэртэй. Энэ нь тус улсын түгжрэлгүй байх гол шийдэл. Гүүр болгон өөрсдийн үүрэг, онцлогтой. Тэр үед Улаанбаатар хотоо яг ийм гүүртэй болговол утаа, түгжрэл буурах боломжтой гэсэн бодол төрж энэ мэргэжилдээ улам ихээр татагдсан. Монголдоо олон улсын стандартад нийцсэн гүүрэн байгууламжийг  барихад хувь нэмрээ оруулах чин хүсэлтэй” хэмээсэн юм.

Авто замын салбарын хөгжилд  оруулсан хувь нэмрийг үнэлж олон замчид болон байгууллага хамт олныг алдаршуулж хүндэт дэвтэрт бичихийн зэрэгцээ төрийн одох медалиар шагнаж байв. Тэдний нэг нь авто замын сургалт, судалгааны компани болох “Айроуд” ХХК. Тус компанийн захирал батламжаа гардаж аваад хэлэхдээ “ Авто замын салбар хурдацтай хөгжиж байна. Бид цаашид замыг эдийн засгийн эргэлтэд оруулах тооцоо судалгаа,ТЭЗҮ -д чиглэж ажиллаж байна. Ирэх жилүүдэд боомт руу чиглэсэн авто замын ажилд Засгийн газраас чиглэж ажиллаж байна. Үүнд манай компани болон салбарынхан өөрсдийн хувь нэмрээ оруулах ажиллах болно” гэсэн юм. Монгол Улсын хөгжил, дэвшил, ард иргэдийнхээ сайн сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлэх алтан шар замын сүлжээ бол улс орны хөгжлийг түүчээлэгч гол салбар  билээ. Монголын авто замчдын алдар, ажлын амжилт үеийн үед батжин хөгжих болтугай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 29. ДАВАА ГАРАГ. № 208 (7452)

Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

35 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

40 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

49 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

54 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

1 цаг 6 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

1 цаг 8 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

1 цаг 29 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

1 цаг 31 мин
Н.Хангайцэцэг: Дахин ашиглахгүй бол Монгол Улс усны хангамжаа нийлүүлж чадахгүйд хүрнэ

Энэ удаагийн “Start up” буландаа бохир усыг цэвэршүүлэн дахин ашиглах төслийг хэрэгжүүлж буй “Түмэн амгалан ордон” ХХК-ийн Төслийн менежер Н.Хангайцэцэгтэй ярилцлаа.

9 цаг 45 мин
“Трафигура” групп 500 сая доллараа Монгол Улсаас хайж байна

Ийм мэдээллийн гаднын томоохон мэдээллийг агентлагууд, тухайлбал “Ройтерс” цацсан байна.

9 цаг 45 мин